Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2224000000065 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1985 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл-3 ээж ахын хамт Завхан аймгийн Цагаанчулуут сумын Арц багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг сумын төвд согтуугаар *******той маргалдаж, улмаар түүнийг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг сумын төвд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч *******той маргалдаж, улмаар түүнийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын тамгын газрын нийт 17 ажилчдын хамт Баян-Өлгий аймгийн Алтай таван богд руу аялахаар 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Цагаанчулуут сумаас гарсан. Аялаад буцах замдаа 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг Нөмрөг суманд орой 23 цагийн үед очоод зочид буудлын хашаанд нэг гэр аваад зарим хүмүүс нь хашаан дотор майхан бариад тэндээ хоноглохоор болсон. Хоноглох газраа байгууллагын хамт олноороо нийт 8 шил 0.750 граммын архи ууцгаасан. Тэгээд өглөө 05 цагийн үед би унтах гээд мишок аваад очсон. Тэгсэн Дамдинпүрэв нь Лхагвадоржийг хэвтэж байхад нь очоод хэд хэд цохиод авсан. Тэгэхлээр нь би очиж *******ийг салгах гээд дийлэхгүй 2 цохиод авсан. Тэгээд ******* гэр лүү явсан. Удаагүй намайг хэвтэж байхад ******* 1 хутга барьж ирээд миний мөр хэсэг, нүүр хэсэг, гар хэсэгт хутгаар зүсчихсэн. Тухайн үед нүүр, мөр, гар хэсгээс их цус гарсан тул би дараад зогсож байхад *******ийг 1-2 хүн цааш холдуулсан. Хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна Лхагвадорж, Гаваасүрэн нар байсан гэж бодож байна. Тэгээд Нөмрөг сумын эрүүл мэндийн төв орсон. Ороход хүн байхгүй болохоор нь Тэлмэн сумын эмнэлэгт ирсэн. Яг тэр үед би ямар хутга байсан талаар хараагүй харин дараа нь харахад цэнхэр /хөх/ өнгийн бариултай эвхдэг хутга байсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-18/

Гэрч М.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2022 оны 07 дугаар сарын 21-нд амарч зугаалах зорилгоор яваад 2022 оны 7 дугаар сарын 25-ны орой Завхан аймгийн Нөмрөг суманд амрах гээд буусан. Тэгээд амарч байсан газраа 4, 5 шил архи уугаад амрах гээд орондоо орчихсон байсан гэтэл Дамдинпүрэв ирэхээр нь одоо явж амар гэж хэлтэл нүүрэн тус газар маань нэг удаа цохисон. Тэгтэл Гаваасүрэн, салгаад тэндээс Дамдинпүрэв гэр лүү орсон тэгээд эргээд амрах гээд хэвтээд 20-30 минутын дараа Дамдинпүрэв буцаж гарч ирээд Цолмонг дарчихсан дээр нь сууж байсан. Гэтэл Цолмон гарт нь хутга байна гэхээр нь босож ирээд хойш нь дарж унагаагаад гарт нь байсан хутгийг Гаваасүрэн авсан, тэгтэл Цолмон намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бусад гэр, майханд байсан хүмүүс гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 20/

Гэрч Э.Гаваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар хоол ундаа идчихээд ганц нэг архи ууцгаасан. Тэгээд шөнө 04 цагийн үед бид нар амрах гээд унтацгаасан. Би халамжийн мэргэжилтэн Лхагвадоржийн хамт майхны гадаа орондоо ороод хэвтэж байтал Дамдинпүрэв ганцаараа хүрч ирээд юм ярьж байснаа халамжийн ажилтантай муудалцаад ганц нэг цохилцсон. Тэгээд сумын засаг дарга Баярмагнай гарч ирээд тэр хоёрыг салгаад Дамдинпүрэвийг гэр рүү аваад орсон. Тэгсэн чинь Цолмон гээд Дэлгэр багийн дарга бид хоёр дээр ирсэн. Бид хоёртой цуг унтъя гээд юм яриад цуг хэвтээд 20-30 минут болж байтал Дамдинпүрэв гэрээс шууд гарч ирээд Цолмонгийн дээрээс нь мордож суучхаад муудалцсан. Тэгтэл Цолмон хутга барьчихсан байна гээд байсан. Тэгээд тэр хооронд Дамдинпүрэв Цолмонг барьж явсан хутгаараа 3 газарт нь хутгалсан байсан. Халамжийн мэргэжилтэн Лхагвадорж бид хоёр хутгийг нь салгаад тэр хоёрыг салгаад майхан гэрт байгаа хүмүүсийг дуудаж сэрээсэн. Тэр ойр орчим хөнжил гудас тэр чигээрээ цус болсон байсан. Бид нар нэг хөнжлийн даавууг нь ураад боолт хийгээд сумын эмнэлэг дээр очсон. Сумын эмнэлэг дээр очсон чинь эмч нар нь байхгүй байна гэхээр нь шууд Тэлмэн сум явъя гээд бид нар бөөнөөрөө Тэлмэн сум явсан. Тэлмэн суман дээр өглөө 10 цагийн үед ирээд эмнэлэг дээр нь очоод боолт хийлгүүлж оёо тавиулсан. Тэгээд эрүүл мэндийн төвийн эмч нь цагдаа дуудаад 2 цагдаа ирээд Дамдинпүрэвээс байцаалт аваад *******ээс хүн хутгалсан гэх хутгийг нь машин дотроос хурааж авсан. Майхан хурааж байсан хүмүүс тухайн хутгийг 00 цаасан ороогоод машин дотор хийсэн байсан. Тэр хутга нь Дамдинпүрэвийн өөрийнх хутга байх, хөх өнгийн иштэй тонгоргон хутга байсан. Зүүн мөрийн дээд хэсэгт нэг удаа, зүүн бугуйн хэсэгт 1 удаа, зүүн хацар хэсэгт 1 удаа тус тус хутгаараа зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 22/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэрт архи ууж байж байгаад би гэрээс гараад машиндаа ороод унтсан. Машиндаа унтаж байтал гадаа хүмүүс орилолдоод, Дамдинпүрэв хүн хутгалчихлаа гээд намайг нэг нь дуудсан. Би хэн дуудсан талаар сайн мэдэхгүй байна. Сэрээд машинаас гараад иртэл Цолмонгийн зүүн гар бугуйн хэсгээр нь боосон, зүүн гарын мөрийг бас цагаан өнгийн даавуугаар боосон, зүүн талын хацраас нь цус гарсан байсан. Тэгээд манай ажилчид Дамдинпүрэв хутгалчихлаа гээд байж байсан. Цолмонг машинд суугаад эмнэлэг явсан. Нөмрөг сумын эмнэлэг ороход эмч, сувилагч нар байхгүй байхаар нь тэндээсээ гараад Тэлмэн сум ороод эмнэлэг дээр нь ирээд анхны тусламж үзүүлээд, нэг эмэгтэй эмч ирээд Цолмонгийн зүүн гар бугуйн хэсэгт, мөрний хэсэг, зүүн талын хацар хэсэгт нийд 11 оёдол тавьсан. Тэгээд эмч юу болсон талаар асуухад “хутгалуулчихсан юм аа” гэж хэлэхэд Тэлмэний цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа, хэсгийн төлөөлөгч нар хамт ирсэн. Тэгээд хутгалсан хүн нь хаана байна гэхээр нь би араас машинтай ирж байгаа гэж хэлэхэд тэд нар хүлээж байгаад Дамдинпүрэвтэй уулзсан. Тэлмэн сумын цагдаа нар хутга хаана байна” гэж надаас асуухад би араас ирсэн хүмүүс дээр очоод хутга нь хаана байна” гэж асуухад машинд байгаа гэж хэлэхээр нь араас ирсэн “Истана” маркийн машин рүү очоод машин руу ороход машины хойд заалны суудлын хооронд байх зайнд цагаан өнгийн маскаар ороосон, эвхэгддэг хутга байхаар нь аваад цагдаад хүргэж өгсөн. Тэгээд цагдаа задлаад үзэхэд цэнхэр өнгийн бариултай *******ийн авч явж байсан эвхдэг хутга байсан. Тэгээд бид нар тэндээсээ гараад Завхан аймгийн Улиастай сум ороод Цолмонг эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 26-ны манай сумын Засаг даргын тамгын газрын хэсэг хүмүүс аяллаар яваад Нөмрөг сумын төвд нэг замын буудлын хашаанд нэг гэр аваад тэр гэртээ хоол цай хийж идээд, бас хажуугаар нь архи тойруулаад уусан. Нөмрөг суманд ирээд авсан гэрийн хажууд би майхан барьсан байсан тэр майхандаа эхнэр хүүхдийнхээ хамт шөнө 3 цагийн орчимд ороод унтсан. Манай нягтлан бодогч Бүрэнжаргал манай майханд орж унтсан. Унтаж байтал өглөө гадна хүмүүс чанга чанга яриад яасан юу болсон гээд байхаар би сэрээд гараад иртэл манайхан босчихсон ихэнх нь гадаа гараад ирчихсэн Дамдинпүрэвийг “чи яах гэж ингэж байгаа юм” гээд байж байсан харин Цолмонгийн зүүн гарын бугуй хэсэг, мөрний хэсгээр нь даавуугаар боосон, зүүн хацар нь исгэгдсэн шархтай байсан. Одоо эмнэлэг явахгүй бол болохгүй гээд Цолмонг аваад явсан. Би хэсэг хүмүүсийн хамт үлдээд майхан саваа аваад араас нь хөдөлсөн. Манайх түрүүлж яваад хэд Тэлмэн суман дээр ирж эмнэлэгт үзүүлж байхад бид нар араас нь ирсэн. Араас нь ирээд тэнд байж байгаад Цолмонд эмч оёдол тавиад дараа нь аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд бид нар араас нь яваад аймаг орсон, Цолмонг аймагт эмнэлэгт хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ажлын газрынхан Баян-Өлгий аймаг ороод Алтай 5 богд үзчихээд буцаад 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орой Завхан аймаг Нөмрөг суманд ирсэн. Нөмрөг сумын төв зам дээр замын хажуу талд нэг буудлын газраас нэг гэр авсан. Гэртээ цай хоол хийж идэж уугаад бид нарыг тосоод манай 4 ажилтан ирсэн. Тэр 4 бид нарыг 1 шил архи гаргаад дайлж эхэлсэн. Тэр 4 хүн бид нарт 3 жил архи гаргаж өгөөд бид нар бүгдээрээ уусан. Тэр 3 шил архи дуусаад тамгын газрын зүгээс 3 шил архи гаргасан. Тэр архийг ууж байхдаа бид нар дуу дуулаад хэсэг суусан. Архи ууж дуусаад одоо амрах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан хэсэг хүмүүс гэрт амраад, зарим нь гэрийн гадаа майхан бариад зарим нь гадаа ор засаад амарсан юм байна лээ. Их орой болсон учраас би тэр хүмүүсийг хэн, хаана амарсан талаар мэдээгүй ээ. Би өөрөө гэрт унтсан. Би унтаад удаагүй байтал гэрийн гадаа орилоод эхлэхээр нь босоод гараад очтол *******, Цолмонг хутгалчихлаа гээд байж байсан. Цолмонг хэвтэж байхад нь ******* ирээд дээрээс нь мордож байгаад хутгалсан гэж би сонссон. Яг ямар хэрэг болсон талаар би хараагүй Цолмонгийн хоёр талд Лхагвадорж, Гаваасүрэн нар хэвтэж байсан. Тэр хоёр босоод *******ийг Цолмонгоос салгаад Лхагвадорж хутгийг нь булааж авсан гэсэн. Лхагвадорж гараа зүссэн харагдсан. Тэгээд манай ажилчид Цолмонг аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байтал дахин нэг хүн орилох чимээ гарахаар сэрэхэд гадна Дамдинпүрэв орилж байсан зэрэгцээд Цолмон наадах чинь хутгатай байна шүү дээ, надаас цус гарчихлаа гээд орилоод Лхагвадорж “чи болиоч дээ” гээд орилоод, Гаваасүрэн “наад хутгаа хая, цаашаа бай” гээд орилоод байсан. Би Их нойрмог байсан босож гараагүй. Тэгтэл Цолмон “саяных орчихсон шүү” гээд 2 удаа орилсон тэгэхэд би сэрээд майхнаас гартал майхны гадна Цолмон хөлөө жийгээд суучихсан баруун гараараа зүүн хацраа дарчихсан, зүүн гараа хагас өргөсөн байдалтай байсан. Нүүрнээс нь цус гараад дусалж байсан. Харин Лхагвадорж, Гаваасүрэн 2 Дамдинпүрэвээс хутга авах гээд ноцолдож байсан. Би шууд Цолмон дээр очоод хаана хаана хутга орсон гэж асуухад “зүүн хацраа надад үзүүлээд бас зүүн гар руу 2 удаа” гэж хэлсэн. Тэр үед Дамдинпүрэвийг Лхагвадорж ах 2 удаа цохиход гар нь сулрахад Гаваасүрэн ах гараас нь хутга авч байгаа харагдсан. Би Цолмонгийн цамцыг тайлаад зүүн гарыг нь харахад зүүн гарын бугуйн хэсэгт зүсэгдсэн байсан, мөн зүүн мөрний хэсэгт нь зүсэгдсэн байхаар нь тэнд байсан хөнжлөөр дарсан. Тэгж байтал гэрээс болон майхнаас хүмүүс гарч ирсэн. Тэгээд би боох юм байна уу гээд орилоход Гаваасүрэн ах ирээд нэг хөнжлийн даавууг задлаад тэрүүгээр Цолмонгийн бугуй болон мөрний хэсгийг боогоод, нэг хэсэг даавуугаар хацрыг нь даруулсан. Тэнд хүмүүс бужигналдаж байгаад дарга нар гарч ирээд Цолмонг аваад эмнэлэг явсан...Тэр хутга нь цэнхэр өнгийн бариултай, эвхэгддэг хутга /тонгорог/ байсан...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 26-ны орой манай сумын ажилчид аяллаар яваад Нөмрөг суманд ирсэн. Нөмрөг суман дээр бид нар 2 талаасаа уулзаад 20 орчим хүн болоод замын хойд талд буудлын хашаанд нэг жижиг гэр аваад тэр гэртээ ороод хоол цай хийж идээд, бас хажуугаар нь архи тойруулаад суусан. Тэнд бид нар миний мэдэж байгаагаар 3 шил архи лав уусан. Би шөнө 3 цагийн орчим гэрээс гараад майханд ороод унтсан. Өглөө 5 цаг өнгөрч байсан байхаа гадаа хүмүүс шуугаад байхаар сэрээд гараад иртэл Цолмон гэдэг залуугийн нүүр болон хацар хэсэг нь цус болчихсон майхны хажуу талд уйлчихсан сууж байсан, Дамдинпүрэв бас газар суучихсан байсан ба манай ажилчид “чи яаж байгаа юм” гээд байж байсан. Би яг юу болсон талаар сайн мэдээгүй. Тэгээд манай сумын засаг дарга, тамгын дарга гэх мэт хүмүүс Цолмонг аваад эмнэлэг явсан. Харин Дамдинпүрэв тэндээ суугаад үлдсэн. Бид нар үлдээд майхан саваа хурааж аваад араас нь явсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40 /

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 000000402 дугаартай: “...*******гийн биед гэмтэл учирсан байна. *******гийн биед зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт шарх гэмтлүүд учирсан байна. *******гийн биед учирсан гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. *******гийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...Зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 45/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 00000047 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн богино ханцуйтай фудволконд 2 см урттай гэмтэл байна. Хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүсэн байх боломжтой. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтээр /хх 55/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн: “...Бид нар тэр газраас нэг гэр аваад тэр гэртээ хоол цай хийж идээд архи гаргаад тойруулаад суусан. Би ч бас тэр гэрт ажлынхаа хүмүүсийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдэхэд Завхан аймгийн Тэлмэн сумын эмнэлэг дээр ухаан орсон. Тэгэхэд манай ажлын хүмүүс намайг тойроод зогсчихсон “чи Цолмонг хутгалчихлаа шүү дээ яаж байгаа юм бэ” гээд Цагаанчулуут сумын засаг дарга Ч.Баярмагнай, орлогч Бат-Ундрах, манай найз М.Лхагвадорж, Давааням нар намайг загнаад одоо орж уучлалт гуй гээд зогсож байсан. Би аялалд явахдаа мах идэх, хорхог идэх, талх зүсэх зэрэгт хэрэглэхээр цэнхэр хөх өнгийн бариултай эвхдэг хутга /тонгорог/ авч явсан...” гэсэн мэдүүлэг хохирогч *******г хутгаар зүссэн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн хохирогч *******гийн зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт хутгаар зүссэн үйлдэл нь хохирогчийн биед учирсан зүүн хацар, зүүн бугалга, зүүн суга, зүүн гарын сарвуун ар хэсэгт шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдолгүй болох нь “...Миний бие *******ээс 580,000 мянган төгрөгийг хохирол нөхөн төлбөр авсан. Цаашид нүүрний сорвио эмчлүүлэх эмчилгээний төлбөрөө эмчлүүлсний дараа баримтаа гаргаж иргэний шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр *******тэй харилцан тохиролцлоо. Иймд одоогоор нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт 8,5 см, бариул хэсгийн урт 11 см нийт 19,5 см урттай цайвар цэнхэр өнгийн бариултай эвхэгддэг хутга, энгэр дээрээ шар өнгийн бичиглэл бүхий бор өнгийн фудволкийг устгаж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогчийн нүүрний сорвио эмчлүүлэх эмчилгээний төлбөрийг урьдчилан тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, эмчлүүлсний дараа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Анч боржигон овгийн Бямбажавын Дамдинпүрэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 580,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хохирогчид нүүрний сорви эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.                      

8.Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цамц, хутгийг устгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ