Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2224000000073 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багт байнга оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* регистрийн дугаартай *******.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард Завхан аймгийн Их-Уул сумын Оргих багийн “Доод харгана” гэх газарт байх ******* гэрээс шар манан гаансыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Н.Давааринд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард Завхан аймгийн Их-Уул сумын Оргих багийн “Доод харгана” гэх газарт байрлах хохирогч ******* гэрээс шар манан гаансыг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Норовоо 2021 оны 10 дугаар сарын эхээр нас барсан. Ааваас минь надад шар манан соруултай, төмөр толгойтой гаанс өвлөгдөж үлдсэн юм. Тухайн үед аавын буяны ажил болж байх хойгуур яг өдрийг нь сайн санахгүй байна. Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэвсгэр доод харгана гэх газар байсан манай аавын гэрээс тухайн гаанс хулгайд алдагдсан юм. Тухайн үед аав нас барсан буяны ажилтай байсан тул хэл амнаас татгалзаж араас нь хөөцөлдөөгүй юм. Тухайн үед аавын гаансыг манай аавын ойр зуурын эд зүйлээ хадгалдаг модон хайрцагт хадгалж байсан. Тухайн гаанс нь 25 см орчим урттай соруул нь 5 см урттай шар манан чулуу, урд хэсэг нь төмөр гаанс байсан юм. Хөх өнгийн байсан санагдаж байна. Тамхины ууттай, төмөр цохиуртай гаанс байсан. Тухайн гаансыг манай өвөө эдэлж хэрэглэж байгаад манай аавд өвлөгдөн үлдэж, эдэлж хэрэглэж байсан. Тухайн гаанс манай өвөөгөөс аавд өвлөгдөж ирсэн хуучны гаанс байгаа юм.  Би 2,000,000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед манай үеэл ******* аавын буяны ажилд оролцоод байж байсан. Би тухайн хүнийг сэжиглээд өөртэй нь уулзаж асуухад тухайн гаансыг бусдад зарснаа хэлсэн надад буцааж өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг/хх 23/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Тосонцэнгэл сумын Хайрхан багт байх гэртээ байж байхад манайд Тосонцэнгэл сумын харьяат ******* мотоциклтой ирээд надад нэг гаанс авч ирж үзүүлсэн юм. Хөдөө явах гэсэн бензиний мөнгө хийх гэсэн юм. Энэ гаансыг худалдаад авчхаач гэхэд нь би тухайн үед өөрт байсан 20.000 төгрөгөө өгч тухайн гаансыг авсан. ******* надад өгөхдөө манай өвөөгийн надад өгсөн миний гаанс байгаа юм гэж хэлж хэлсэн. Цагдаагийн алба хаагчид түүнээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан гаансыг хураалгасны дараагаар ******* надад 20.000 төгрөг авчирч өгөөд надаас уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх 27-29/,

Үнэлгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 188 дугаартай “...2021 оны 10 сарын байдлаар иргэн ******* хулгайд алдагдсан гэх гаансны үнэлгээг 700,000 төгрөг гэж тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх 39-41/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын: “...2021 оны намар 10 дугаар сарын сүүлээр би Даваарингийн аав болох Норовоо гэх хүн нас бараад Тосонцэнгэл сумын төвд буян номын ажил болж байсан. Тухайн үед ажил явдлыг нь Тосонцэнгэл сумын төвд байх гэрээс нь эд зүйлүүдийг нь Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэвсгэрт байрлах “Доод харгана” гэх газарт байх Даваарингийн гэр болон талийгаачийн хөдөө гэрт зөөж очин тухайн газар ажил явдлыг нь үргэлжлүүлж байсан юм. Тухайн үед би тамхи хайж явж байгаад Даваарингийн гэрт ороход баруун талын орон дээр Даваарингийн аавын хэрэглэж байсан гаанс байсан тухайн гаансыг би татаж байгаад өвөртөө хийгээд тэр өдрөө Тосонцэнгэл сумын төвд ирж Ганбат гэх хүнд 20,000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд би Ганбат гэх хүнд 20,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь дэлгүүр орж 15,000 төгрөгийн нэгж аваад үлдсэн 5000 төгрөгт нь тамхи аваад хөдөө гэр рүүгээ явсан юм. Би тухайн зарсан гаансаа Ганбат гэх хүнд зарах үедээ би хөдөө явах гэсэн бензиний мөнгөгүй болчихлоо та энэ гаансыг 20,000 төгрөг өгөөд авчих тэхүү гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн орой хөдөө гэртээ очоод унтаж амарсан. 2022 оны намар хэдэн сард гэдгийг нь санахгүй байна Даваарин гэх хүн надаас гаанс авсан юм бол авсан гаансаа өгчих гэж хэлж байсан. Тэгээд би Даваарин гэх хүнд авсан мөн Ганбат гэх хүнд 20,000 төгрөгөөр зарсан гэдгээ бүгдийг нь хэлсэн ...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж ******* гэрээс шар манан гаансыг хууль бусаар хулгайлж авсан болохыг давхар нотолж байна.

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хулгайн гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч *******ын 2021 оны 10 дугаар сард Завхан аймгийн Их-Уул сумын Оргих багийн “Доод харгана” гэх газарт байх ******* гэрээс шар манан гаансыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ...бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан үйл засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  *******т авсан хувийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ӨЛЗИЙХИШИГ