Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2224000700078 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Мухарын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 13.9388 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 2,753,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мухарын ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 13.9388 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 2,753,860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн *******ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 25/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэн ******* гэх залуу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаад ачааны автомашины хэрэг гараад болдоггүй би Рашаант багийн нутаг “Мухартын ар” гэх газраас 2022 оны 8 дугаар сард хэрэглээний шинэс төрлийн 4 метрийн хэдэн мод бэлтгэсэн юм. Би тухайн моднуудаа сумын төв рүү оруулж ирэх гэсэн чинь ачих автомашин олддоггүй та ачааны машинаа өгөөч гэж гуйсан юм. Тэгэхээр нь би Э.Жигмэддавагт чамд автомашин өгч явуулахгүй харин жолоочтой хамт явуулъя гэж зөвшөөрсөн юм. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Татра маркийн 82-52 УНЯ улсын дугаартай автомашинаа Отгонбаатар гэх залуугаар бариулаад Рашаант баг руу явуулсан юм. Тэгсэн Отгонбаатар 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд хөдөөнөөс над руу утсаар залгаад нөгөө хүний мод ачих газар машин орж гарахад их хэцүү газар байна машинаа эвдээд хаячихлаа яах вэ гэхээр нь Отгонбаатарт “буцаад аргалаад хүрээд ир харин мод ачиж болохгүй шүү” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар 2022 оны 8 дугаар сарын 27-ны шөнө сумын төвд манай автомашиныг авчирч өгсөн юм. Хөдөөнөөс ирэхдээ манай автомашинд ямар нэгэн мод ачаагүй хоосон ирсэн юм. Надад тухайн иргэнээс мод худалдан авсан авахаар тохирсон ямар нэгэн асуудал байхгүй. Миний хувьд тэр ******* гэх залууг ачааны авто машинаа өгөөч хөндөөнөөс мод оруулж ирэх гэсэн юм гээд гуйгаад байхаар нь хүнд тус болох санаатай авто машинаа Отгонбаатар гэх залуугаар бариулаад явуулж байсан юм. Түүнээс мод худалдаж авах, авахаар тохирсон зүйл огт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний танил ах Ж.Батчулуун 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр надтай уулзаад чи Рашаант баг руу миний “Татра” маркийн 82-52 УНЯ улсын дугаартай автомашинаар яваад ирээч нэг хүн мод ачаад өгөөч гээд гуйгаад болдоггүй гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд машиныг нь бариад Рашаант баг руу тухайн өдөр явсан. Рашаант багаас нэг уул өөд өгсөөд Жандай гэдэг залуугийн модыг ачих гээд тэр газар нь очтол миний жолоодож явсан автомашины бөгс нь эвдрээд машинаа хээр засаж янзлаад хөдөө хоносон юм. 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр машинаа засаж дуусаад угаасаа мод ачихаа болилоо машины эзнээс нь асууя хүний машин эвдээд өрөнд орчхож магадгүй байна гэж хэлээд Жандай гэдэг хүний гар утсаар сумын төв рүү автомашины эзэн Батчулуун ахтай яриад нөгөө хүний мод ачих газар машин орж гарахад их хэцүү газар байна машинаа эвдээд хаячихлаа яах вэ гэсэн чинь Ж.Батчулуун ах “буцаад аргалаад хүрээд ир харин мод ачиж болохгүй шүү” гэж хэлэхээр нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны орой харанхуй болж байхад буцаад Тосонцэнгэл суманд ирсэн юм. Би хөдөөнөөс Тосонцэнгэл суманд ирэх үедээ автомашин дээр ямар нэгэн мод тээвэрлэж ирээгүй. Тухайн газарт анх очиход 4 метрийн уртаар тайрсан хуурай, шинэс төрлийн моднуудыг бэлтгэсэн байсан. Тухайн газарт миний харснаар ойролцоогоор 100 орчим модыг бэлтгэсэн байсан. Харин өөр ямар нэгэн мод хараагүй. Миний хувьд энэ нутгийн хүн биш учир тухайн мод бэлтгэсэн газрын нэрийг мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл суманд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байгаа. Надаас тухайн иргэн 2022 оны 8 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Иргэн хүн мод бэлтгэхээс өмнө эхлээд мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Тухайн газар сумын ойн санд хамраана. Улсын тусгай хамгаалалтай газар хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 8 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хэрэглээний мод бэлтгэхдээ иргэний зүгээс хувийн өргөдлөө бичээд сумын засаг дарга юм уу аль эсвэл орлогч даргаар цохолт хийлгэсний дараагаар иргэдэд 10 метр куб хэрэглээний модны эрхийн бичиг олгож байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг заавал авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр заасан хугацаанд мод бэлтгэж тээвэрлэх ёстой. Иргэд ойгоос мод бэлтгэхдээ босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ зөвхөн ахуйн зориулалтаар ойн цэвэрлэгээ хийх замаар унасан хуурай мод бэлтгэх ёстой. Огтлолоор босоо модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага бэлтгэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 35/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* 2022 оны 8 дугаар сарын 22-24-ний өдрийн хооронд ойгоос мод бэлтгэсэн талаар тухайн үед надад хэлж байсан. Би тэр үед нөхрөөсөө чи хаанаас мод бэлтгээд байгаа юм бэ гэж асуухад Мухартын араас хэрэглээний 4 метрийн 100 орчим модыг бэлтгэсэн гэж хэлсэн. Харин эрхийн бичиг гоожин авсан эсэхийг би мэдэхгүй. Манай нөхөр ойгоос мод бэлтгэхдээ ганцаараа явж бэлтгэсэн байх учир нь манай гэрт манай нөхөртэй хамт мод хийх хүн байхгүй. Манай нөхөр ******* надад ярихдаа оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрт тус нэмэр болох санаатай мод бэлтгэсэн гэж хэлсэн. Манай нөхөр ******* 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сумын төвөөс хөх өнгийн ачааны автомашин авчраад тухай моднуудаа тээвэрлэх гэтэл автомашин нь эвдрээд ачиж чадаагүй гэж надад хэлсэн. Манай нөхөр ******* 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр надад миний мод бэлтгэсэн асуудлыг цагдаагийн байгууллага мэдээд шалгаж байна би модоо бэлтгэхдээ эрхийн бичгээ авдаг байж гээд ярьж байсан. Манай нөхөр дээрх цаг хугацаанд ойгоос мод бэлтгэнэ гээд явах үедээ өөрийнхөө хээр зүсмийн мориор явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу адуунаасаа хүнээс авмал 2 морио гүйлгэж алдаад тэр мориныхоо араас 2022 оны 8 дугаар сарын 15, 16-ны үед яваад 2022 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гэртээ ирж байсан юм. Намайг гэртээ ирдэг өдөр манай дүү ******* надад Рашаант багийн нутаг “Мухартын ар” гэх газраас 2022 оны 8 дугаар сарын 23, 24-ний үед хэрэглээний 4 метрийн урттай 100 орчим бөөрөнхий модыг бэлтгэсэн гэж хэлсэн. Моднуудаа сумын төв рүү оруулах гээд чадаагүй байгаа гэж надад ярьж байсан. Би 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр адуунд явж байгаад дүүгийнхээ ойгоос бэлтгэсэн гэх моднуудыг очиж үзэхэд хоёр хэсэг газарт хураасан 4 метрийн урттай, хуурай шинэс төрлийн 100 орчим мод байсан юм. Тухайн моднуудыг харин автомашинаар очиж авахад их хүндрэлтэй машин очиход их эвгүй газар бэлтгэсэн байсан. *******ийг мод бэлтгэсэн талаар анх хэлэхэд нь чи мод бэлтгэхдээ эрхийн бичиг авсан уу гэхэд аваагүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 39/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой, модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдөр бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 13,9388 метр, куб байна. Мод бэлтгэсэн газар болох Рашаант багийн нутаг “Мухартын ар” гэх газар нь ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр, куб хэрэглээний хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. Мухартын ар гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2022 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход бүх төрлийн хуурай хэрэглээний шинэс модонд 2-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 13.9388 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,753,860 төгрөг болж байна. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй. Иргэн ******* нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх 42-45/,

Тоолуурын хүснэгт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант “Мухартын ар” гэх газраас бэлтгэсэн газрын тойм зураг /хх 46-48/, Улсын байцаагчийн акт /хх 57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/ зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч *******ийн: “...2022 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Мухарын ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 13.9388 м хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 2,753,860 төгрөгийн хохирол учруулсан. Би ойн санд учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг давхар нотолж байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Мухартын ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 13.9388 м3 хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 13.9388 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 2,753,860 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,261,580 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь, хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Би өөрийн эзэмшлийн улаан шар өнгөтэй цахилгаан хөрөө болон цагаан өнгийн мяндсан уяа, зөв талын гуяндаа “Цан” гэж бичсэн тамгатай их насны хээр морь нь миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Цан” гэж бичсэн тамгатай, их насны хээр морь, Хятад улсад үйлдвэрлэгдсэн 60,000 төгрөгийн үнэ бүхий улаан шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 102 ширхэг, 13.9388 м3 хэрэглээний шинэс модыг тус тус улсын орлого болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 метр 50 см урттай цагаан өнгийн мяндсан уяаг устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 8,261,580 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700,000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Цан” гэж бичсэн тамгатай, их насны хээр морь, Хятад улсад үйлдвэрлэгдсэн 60,000 төгрөгийн үнэ бүхий улаан шар өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 метрийн урттай 102 ширхэг, 13.9388 м3 хэрэглээний шинэс модыг тус тус улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 метр 50 см урттай цагаан өнгийн мяндсан уяаг устгасугай.

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ӨЛЗИЙХИШИГ