Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Б.Отгонбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Отгонбатад холбогдох 2224000430072 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Ирээдүй хорооллын 2-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И383031619 регистрийн дугаартай Цагаан гэрүүд овогт Банзрагчийн Отгонбат.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Отгонбат нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт “Toyota prius” маркийн 32-11 УБО улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Д.Чулуундоржийн жолоодож явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж Д.Чулуундоржид хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Отгонбат нь 2022 оны 6 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутагт “Toyota prius” маркийн 32-11 УБО улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Д.Чулуундоржийн жолоодож явсан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж хохирогч Д.Чулуундоржийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Чулуундоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн ах Баянмөнх гэгчээс шинэ мотоцикл худалдаж авч угсраад аавындаа очих гээд Их-Уул сумын Баян-Ухаа баг буюу сумын төв дотор 23 цагийн орчим замын хөдөлгөөнд оролцож байх үедээ манай сумын иргэн Отгонбат гэгчийн жолоодож явсан Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед өөрийн аавынд хүүхдээ үлдээсэн байсан бие гайгүй байх гэж бодоод мотоциклоо босгож унаад яваад өгсөн. Тэгээд гэртээ орж чадалгүй гэрийнхээ үүдэнд ухаан алдаад унасан байсан. Тэр даруйдаа Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг явж зураг авхуулаад яаралтай Улаанбаатар хот явах шаардлагатай гээд хот явж гэмтлийн эмнэлэгт очиж хэвтэн хүзүүний хагалгаанд орсон бөгөөд тухайн эмнэлэгтээ 1 сар гаруй хэвтэн эмчлүүлж гараад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтээд гарсан. Миний Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл шинэ тормоз болон бусад эд анги хэвийн ажилладаг. Би машин эргэх гэж байгааг хараад тормоз гишгээд тормозтойгоо очоод тухайн приусний зүүн урд тал руу мөргөөд унасан. Үзэгдэх орчин хэвийн цаг агаар тогтуун сайхан байсан. Орой харанхуй болж байсан учир тээврийн хэрэгслүүд бүгд гэрэлтэй явж байсан. Би эмнэлэгт хэвтэн хүзүүний 3, 4 дүгээр үеийн хугарлаа хадуулсан, эгэм хугарсан байсан...Надад эмчилгээний зардал болох 2,419,427 төгрөг болон миний мотоциклын толины эвдрэлийн мөнгө болох 50,000 төгрөг, нийт 2,469,427 төгрөгийг бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч Ш.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим манай эхнэр Болормаагийн 88865800 дугаарын утас дугараад эхнэр авах үед Отгонбат эгчээ намайг сая төв гудамжны зам дээр машинтайгаа явж байхад мотоциклтой хүн ирж миний машиныг мөргөчихөөд зугатаачихлаа би явчих уу гэж байна гэхээр нь чи наанаа хөдөлж болохгүй байж бай би цагдаа аваад очъё гэж хэллээ гээд надтай хамт сумынхаа цагдаад мэдэгдээд хамт очсон. Тэгээд цагдаа нарт хэлчхээд төв гудамж Оргил дэлгүүрийн арын асфальтан зам дээр очих үед машиных нь зүүн урд талаас мөргөсөн бололтой гупер нь бага зэрэг хагараад унжсан байдалтай байсан. Хадам дүү Отгонбат эхнэрийнхээ ажил руу явж байсан юм билээ. Оргил дэлгүүрийн арын замаас зүүн гар тийш эргэх гэж байхад нь мөргөлдсөн байсан. Үзэгдэх орчин харанхуй болсон тухайн зам нь бол гэрэлтүүлэгтэй цаг агаар тогтуун сайхан байсан. Орой харанхуй болж байсан учир тээврийн хэрэгслүүд бүгд гэрэлтэй явж байсан. Би машинтай гарсан гэрэл тавиулах хэмжээний харанхуй болсон байсан. Намайг очих үед Оргил дэлгүүрийн арын замаас зүүн тийшээ шороо руу буудаг гарц хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх гэж байгаа бололтой хөдөлгөөнөө эхэлсэн бололтой тээврийн хэрэгсэл нь замын дундах цагаан зураасыг бараг даваад замынхаа гүн рүү ороод зогссон байсан. Эхнэр бид хоёрыг очих үед манай хадам дүү Отгонбат ямар нэгэн шарх сорвигүй байсан. Чулуундорж гэх хүн нь байхгүй байсан. Сүүлд сонсоход эмчилгээнд явсан хүзүү нь хугарсан гэж сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/,

Гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим нэг танихгүй дугаараас миний 88865800 дугаарын утас руу залгаад Отгонбат байна эгчээ намайг сая төв гудамжны зам дээр машинтайгаа явж байхад мотоциклтой хүн ирж миний машиныг мөргөчихөөд зугатаачихлаа би явчих уу гэж асуухаар нь чи наанаа хөдөлж болохгүй байж бай би цагдаа аваад очъё гэж хэлээд нөхөр Мөнхбатын хамт сумынхаа цагдаад мэдэгдээд хамт очсон тухайн үед машиных нь зүүн урд талаас мөргөсөн бололтой гупер нь бага зэрэг хагараад унжсан байдалтай байсан. Манай дүү Отгонбат эхнэрийнхээ ажил руу очиж усны сав авахаар явж байсан юм билээ. Оргил дэлгүүрийн арын замаас зүүн гар тийш эргэх гэж байхад нь мөргөлдсөн асуудал болсон байсан. Үзэгдэх орчин хэвийн гэрэлтүүлэгтэй цаг агаар тогтуун сайхан байсан. Орой харанхуй болж байсан учир тээврийн хэрэгслүүд бүгд гэрэлтэй явж байсан. Оргил дэлгүүрийн арын замаас гарц хэсгээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийх гээд хөдөлгөөнөө эхэлсэн бололтой тээврийн хэрэгсэл нь замын дундах цагаан зураасыг бараг даваад зогссон харагдсан би сайн ойртож хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/,

Гэрч Р.Тэрбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Б.Отгонбат гэр бүлийн дундын хэрэгцээнд ашигладаг тухайн тээврийн хэрэгслийг жолоодож Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах миний ажлын байр болох үсчний газраас усны сав авч гэртээ ус авчрахаар тус багийн нутаг дэвсгэр Ирээдүй хорооллын 2-10 тоотод байрлах өөрийн гэрээс гарч яваад Оргил дэлгүүрийн арын замд мотоциклтой хүнтэй мөргөлдсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 9157 дугаартай: “...Д.Чулуундоржийн биед хүзүүний 3-р нугалмын үе дайрч, ясны сэлтэрхий үүсгэсэн зөрүүтэй далд хугарал, 3-р нугалмын 1-р зэргийн гулсалт, баруун гарын сул саа, баруун мөр, дал, хоёр шуунд зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 65-66/,

Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “...Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Приус маркийн 32-11 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Банзрагчийн Отгонбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэсэн магадалгаа /хх 85-88/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-20/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Отгонбатын “...2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зарт багийн овоо тахилгын наадамд явж ирээд гэр усгүй байхаар нь эхнэрийн ажлаас усны сав авч голоос ус авах гээд орой 23 цагийн орчим Их-Уул сумын төв Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Оргил дэлгүүрийн арын асфальтан замд өөрийн эзэмшлийн Пирус маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож Оргил дэлгүүрийн зүүн талын шороон зам руу эргэх хөдөлгөөн үйлдэж байхад маш их хурдтай мотоциклтой хүн ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн урд гуперийн булан хэсэг рүү мөргөөд замаас гараад даваад унасан. Тухайн үед машинаа зогсоолын байрлалд болгочхоод машинаасаа буугаад тухайн иргэн дээр очтол тухайн мотоциклын жолооч манай сумын иргэн Чулуундорж байсан. Би очоод юу болж байгаа юм бэ? чиний бие зүгээр үү гээд асуутал Чулуундорж толгойгоо бариад амандаа юм хэлээд суугаад байсан. Тухайн ослын газарт бараг 10 минут орчим суусан. Тэгээд намайг чи мотоцикл босгоод өг гэхээр нь цагдаа дуудаад үзүүлэх хэрэгтэй мотоциклоо босгоод яахав гэтэл Чулуундорж би зүгээрээ хүүхдээ авах гээд явж байна буцаад ирнэ гээд байхаар нь би мотоциклыг нь босгоод өгтөл мотоциклоо жолоодоод яваад өгсөн. Чулуундоржийг буцаж ирэх юм байх гээд хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь ах Мөнхбатыг та цагдаа дуудаад ир гэсэн. Цагдаа ирэх үед үнэн учир байдлаа хэлээд машиныхаа зургийг авхуулаад хэсгийн төлөөлөгч машинаа хөдөлгөж болохгүй, осол болсон газрыг орхиж явсан гэх мотоциклыг олж ирж байж үзлэг хийнэ гээд тэгээд өнөө өглөө хэргийн газрын үзлэг гэх зүйлийг манай хэсгийн төлөөлөгч хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримтыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Отгонбатад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Отгонбатын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Отгонбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Д.Чулуундоржийн “...Надад буюу миний биед учруулсан хохирол болох эмчилгээний зардал болон мотоциклын эвдрэлийн мөнгө нийт 2,469,427 төгрөгийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож  байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.

Шүүгдэгч Б.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын эд хөрөнгө битүүмжлэгдсэн тогтоолыг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD /сидийг/ хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Банзрагчийн Отгонбатыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Отгонбатад зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбат нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбат нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг /CD/ хэрэгт хавсарган үлдээж, прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

9.  Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ