Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 121

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дамбий гэцэл      овогт      Э.У

/РД:.................../, Өмнөговь аймаг Даланзадгад

сум,    Цагаанбулаг  8-р баг  .....................

Хариуцагч:    Дэлгэрмөрөн овогт     Ч.Э     

/РД:................./, Өмнөговь аймаг Даланзадгад

                                ................. буудал  

   Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У , хариуцагч Ч.Э , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энхбат овогтой Э.У  миний бие 2007 онд Чандган овогтой Ч.Э тай танилцан 2009 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010 онд хүү Э.Б  , 2013 онд охин Э.Э  нар төрсөн. Намайг Ч.Э  нь 2016 оны 09 сард зодсон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө зодож бэртээсэн юм. Цаашид Ч.Э тай хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулан, Ч.Э аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Ч.Э  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0147299 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Б  , охин Э.Э  нарт Ч.Э аас тэтгэлэг гаргуулж өгнө үү. Шүүхээс эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж эвлэрүүлэн зуучлал дээр ганцаарчилсан болон хамтарсан уулзалтыг 3 удаа хийсэн. Зодохгүй гээд эвлэрсэн ч хэдэн жилийн дараа нь дахиад зодож болзошгүй учраас нэхэмжлэлээ буцаахгүй гэжээ.

Хариуцагч Ч.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие гэрлэлт цуцлуулах болон хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна Эвлэрүүлэн зуучлал дээр 2 удаагийн хамтарсан 1 удаагийн ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалтын үеэр нэлээд олон удаа би Э.У д эвлэрсэн тохиолдолд 1 жилийн хугацаанд тусдаа амьдарч өөрийнхөө зан байдлыг засаж алдаагаа залруулна гэж хэлсэн боловч нэхэмжлэгч талаас эвлэрэхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Ганцаарчилсан уулзалтын дараа би эвлэрэх саналтай байсан ч хүлээж аваагүй. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулах байр суурьтай байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

         Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Э.У гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.У .Ч.Э  нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Э.Б  , Э.Э  нарын тодорхойлолт, хүү Э.Б  , охин Э.Э  нарын төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох эмчийн тэмдэглэл, 4 ширхэг гэрэл зураг, Хил хамгаалах ерөнхий газар Хилийн 0131 дүгээр ангийн захирагчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай албан бичиг, хариуцагч Ч.Э ы хариу тайлбар, Э.Б  ын саналыг асуусан тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У  нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Ч.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг.

Э.У , Ч.Э  нар нь 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэний бүртгэлийн байгууллагын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0147299 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2010 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Б  , 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Э  төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Шүүхээс шаардлагатай гэж үзэн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр гэрлэгчдэд 2 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авчээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч сэтгэл зүйчтэй хамтарч 4 удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, улмаар гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Б  , Э.Э  нар нь одоо эх Э.У гийн асрамжид байгааг болон нэхэмжлэгч өөрийн асрамжид байлгана гэснийг хариуцагч маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Ч.Э  нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул тусдаа амьдарч байгаа эцгээс  нэхэмжлэгч уг үүргүүдийг шаардах эрхтэй.

Иймд 2010 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Б  , 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Э  нарт эцэг Ч.Э аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Ч.Э ыг 2016 оны 09 сард мөн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө зодож бэртээсэн гэсэн тайлбарыг гаргаж 4 ширхэг гэрэл зураг болон эмчийн тэмдэглэл гэх 1 хуудас баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байх ба эдгээр баримтууд нь тухайлбал эмчийн тэмдэглэлд Э.У д үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй, гэрэл зурагт гарсан гэмтэл бэртэл нь Э.У г хэзээ хэнд зодуулсны улмаас үүссэн гэдэг нь тодорхойгүй байх ба эдгээр баримтууд нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадахгүй байна гэж дүгнэн шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.

Нэхэмжлэгч Э.У  гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 50 873 төгрөг, нийт 121 073 төгрөг төлөхөөс 140 400 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 19 327 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ч.Э аас улсын тэмдэгтийн хураамж  121 073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Д овогт Э.У , Д овогт Ч.Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э аас хүү Э.Б, охин Э.Э  нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.Б  , 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Э  нарыг 18 насанд хүртэл эх Э.У гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

5. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг  зохигчдод мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.У гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э аас улсын тэмдэгтийн хураамж 121 073 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос илүү төлсөн  19 327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.У д олгосугай.

7. Зохигчид эд хөрөнгийн асуудлаар маргаагүй болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ