| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 179/2019/0229/Э |
| Дугаар | 00040 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 00040
2019 10 16 2019/ДШМ/40
Э.Л-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.О,
Шүүгдэгч: Э.Л,
Хохирогч: Э.М,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б,
Нарийн бичгийн дарга: П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолтой Э.Л-т холбогдох
1838004390270 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.М-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т овогт Э-ийн Л, ..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ........../.
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн нутагт иргэн Э.М-ыг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогт Э-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Л-ыг 500 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Л-оос 453,500 /дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х овогт М-д олгож, бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч хойшид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Л-т оногдуулсан ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Э.М давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Э.Л нь намайг зодож гэмтэл учруулсан үйлдэлд шүүхээс ял оноож 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Надад хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Миний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын дайвар хөндий дэх цусан хураа, зүүн нүдний алим, дээд уруулын дунд хэсгийн салст, доод уруулын баруун хэсгийн салст, дагзны баруун доод хэсэг, духны дунд хэсэг, баруун хөмсөгний баруун хэсэг, зүүн хөмсөгний гадна өнцөг, баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, хүзүүний баруун хэсэг, цээжний баруун дээд хэсэг, дунд хэсэг, зүүн мөрөнд цус хуралт, хамрын нуруу, баруун хацар, хамрын зүүн сувагны доод хэсэг, доод уруулын зүүн хэсэг, хоолойны баруун, зүүн хэсэг, цээжний баруун дээд хэсэг, баруун хөхний толгойн хажуу хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, түүнчлэн шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Э.М-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.М, гэрч Б.Эрдэнэбат, Г.Эрдэнэчулуун, Б.Түвшинжаргал, Ц.Болор-Эрдэнэ, Д.Норовбадам нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Л-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн шалгах болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Хохирогч Э.М нь “...Надад хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ... гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл байх тул шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 333 дугаартай дүгнэлтийг хохирогч Э.М-д танилцуулж, дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дагуу шийдвэрлэхийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд хохирогч Э.М дээрх дүгнэлттэй холбогдуулж гомдол, хүсэлт гаргаагүй байна.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Н.БАЯРХҮҮ