Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/ШШ2024/0019

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Э нам

Хариуцагч: СЕХ

Гуравдагч этгээд Ү нам, С нам, И нам, М нам, С нам, А нам, Г нам, М нам, М нам, Д нам

Нэхэмжлэлийн шаардлага: СЕХны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн намуудад олгогдсон тогтоол, батламжуудын ҮҮ нам, С нам, И нам, М нам, С нам, А нам, Г нам, М нам, М нам, Д намуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э намын дарга Ш.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

Гуравдагч этгээд Г намын дарга Б.Б

Гуравдагч этгээд И намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

Хэргийн индекс: 221/2024/0024/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э намаас тус шүүхэд хандан СЕХ-д холбогдуулан “СЕХны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн намуудад олгогдсон тогтоол, батламжуудын Ү нам, С нам, И нам, М нам, С нам, А нам, Г нам, М нам, М нам, Д намуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

2. Нэхэмжлэгч Э нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дээрх нэр бүхий улс төрийн намууд нь өөрсдийн үйл ажиллагаа явуулахдаа Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлан төлөөллийн байгууллагаараа намын даргаа сонгож хуулийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй нь төрийн сонгуульд оролцох гэж байгаа нь шударга бус төдийгүй намын болон гишүүдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Монгол улсын сонгогчийн бүртгэлд бүртгэгдсэн бусад сонгогчдын нэгэн адил төрөө сонгон байгуулах эрх бүхий Э намын мянга, мянган гишүүд, дэмжигчдийн сонгох эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг, мөн Э намын гишүүд, дэмжигчдийн Монгол улсын Үндсэн хууль болон сонгуультай холбогдох бусад хуулиар баталгаажсан, эвлэлдэн нэгдэж, сонгуульд оролцох замаар сонгогдох эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тус тус зөрчиж байна.

...Нэр бүхий 10 намуудад хууль зөрчиж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн тогтоолыг үндэслэн батламж авсан нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахиагүй үйл ажиллагаа олон нийт, сонгогчдын эрх ашгийг СЕХ зөрчсөн байна.

Дээрх намууд нь Улс төрийн намын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.2, 17.5, 17.6-д заасан төлөөллийн байгууллагаа сонгоно эсхүл батламжилна гэснийг илэрхий зөрчиж, намын даргын бүртгэлгүй байхад СЕХ Сонгуулийн тухай хуулийн 26.3.9, 26.2-т заасныг тус тус зөрчиж батламж олгосон байна” гэв.

3. Хариуцагч СЕХны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.9-д энэ зүйлийн 26.2-т заасан сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байх шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагааг СЕХ-д ирүүлэх зохицуулалттай. Нэхэмжлэлд дурдсан намуудын тухайд, Улсын дээд шүүхийн лавлагаанд намын үүсгэн байгуулагч /намын дарга/-аар ... бүртгүүлсэн байна гэж ирүүлсэн.

Харин Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3.7-д тус тус зааснаар намын даргаар сонгогдсон гишүүн, түүний дэлгэрэнгүй мэдээллийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлж, бүртгүүлэхээр хуульчилсан байна. Гэхдээ энэхүү зохицуулалт нь Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжилтийг хангах, нийцүүлэх арга хэмжээ авах хугацааг тусгайлан тогтоож хуульчилсан байна.

Иймд СЕХ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан шаардлага хангасан нам, эвслийг хуульд заасны дагуу бүртгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Гуравдагч этгээд Г нам шүүхэд  гаргасан тайлбартаа:

“Г нам нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** тоот Монгол Улсын Дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоолоор улсын бүртгэлд бүртгэгдэж нийтэд мэдээлэгдсэн болно.

Г нь Монгол улсын тусгаар тогтнол, шударга ёс, эв нэгдэл, иргэдийн язгуур эрх ашгийг эрхэмлэн, Монгол улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, холбогдох хууль тогтоомж, намын дүрэм заасныг үйл ажиллагаандаа удирдлага болгон иргэдийн сайн сайхны төлөө тэдний эрх ашгийг хамгаалж, улс төрийн үйл ажиллагааг явуулсаар ирсэн.

Г нам нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гишүүд, дэмжигчдийнхээ оролцоотойгоор санал хүсэлтийг нь тусгаж, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050-д нийцүүлж, Олигархигүй Монгол мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлж, холбогдох хуулиудад нийцсэн учраас Монгол улсын СЕХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолоор Г намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тогтоол гарсан болно. 

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлд заасны дагуу мөрдлөг болгон ажиллаж байна” гэв.

5. Гуравдагч этгээд И нам шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийн ерөнхий шаардлагад “...СЕХны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн намуудад олгосон тогтоол, батламжуудын ...И Нам...-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” гэж тодорхойлсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг гаргах 14 үндэслэлийг зааж зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “...холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах” гэсэн заалт дээрх хэсгүүдэд заагдаагүй байна.

...Улс төрийн намын тухай хууль нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлагдсан. Уг хуультай дагалдан мөн өдөр батлагдсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна.

Хуульд заасан энэхүү үүрэг болгосон заалт хэрэгжих хуулийн хугацаа болоогүй байгаа ба хууль тогтоогч сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан намуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, мөн бусад нөхцөл байдлуудыг тооцож, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хэрэгжүүлэх хугацааг тогтоож егснийг нэхэмжлэгч анзаараагүй бололтой

Мөн И намын болон намын гишүүдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн талаар Э намд хандаж хэн нэгэн ямар нэгэн гомдол маргаан гаргаагүй. Гарсан бол манай намд албан ёсоор хувийг хүргүүлээгүй байна. Түүнчлэн аливаа намд ямарваа дотоод маргаан үүсвэл түүнийг өөр нам авч хэлэлцэхгүй байх, тэр тусмаа шүүхээр авч хэлэлцэхгүй байх хуулийн хамгаалалт байдаг бөгөөд энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг дээдэлсэн хэрэг юм гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...Монгол улсын сонгогчдын бүртгэлд бүртгэгдсэн бусад сонгогчдын нэгэн адил төрөө сонгон байгуулах эрх бүхий Э намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн Үндсэн хуулиар болон бусад хуулиар баталгаажсан эвлэлдэн нэгдэж, сонгуульд оролцох замаа сонгох сонгогдох эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж тодорхойлсон байна.

СЕХны албан сайтын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн мэдээ, мэдээлэл гэсэн хэсэгт Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох 25 улс төрийн нам, эвслийг бүртгэж, батламж олгосон талаар мэдээлсэн байна. Уг мэдээлэлд “Бүртгэж, батламж олгогдсон гэх 25 улс төрийн нам, эвслийн жагсаалт”-ын 13 дугаарт “Э нам” гэж бичигдсэн байна. Иймээс тус намыг СЕХ бүртгэж, батламж олгосон гэж үзэхээр байна. Энэхүү батламж олгосон баримт нь Э намаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага оороо үндэслэлгүй болохыг нотолж байна.

Иймээс Э намын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээд Ү нам шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.4-т заасны дагуу Нам нь анх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагчдын хурлаа хийж хурлын шийдвэрээр А.О-ыг намын даргаар томилсон байдаг. Намын даргыг сонгосон учраас Монгол Улсын дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 07 өдрийн дугаар ** тогтоолоор намыг бүртгэх хууль зүйн үндсэн шаардлага хангасан гэж үзсэн болно.

Намыг анх бүртгүүлэх хүсэлт өгөхөд Улс төрийн намын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-т үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл гэсэн хэсэгт намын даргын мэдээллийг бүрдүүлж өгдөг. Нэг үгээр хэлбэл нам үүсгэн байгуулахад намын дарга үүсгэн байгуулагч нь байдаг зохицуулалтай. Намын үүсгэн байгуулахад сонгогдсон даргаас хойш их хурлаар сонгогдох шинэ даргыг бүртгүүлэх боловч манай намын үүсгэн байгуулагч намын дарга шинээр сонгогдоогүй болно. Улс төрийн намын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсантай холбоотой хуульд нийцүүлж намын их хурлыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хийх зохицуулалтай” гэв.

7. Гуравдагч этгээд М нам шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай нам 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Улсын дээд шүүхийн хуралдааны ** дүгээр тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж намын үүсгэн байгуулагч, намын даргаар Х.Б-ыг баталгаажуулсан билээ. Үүнээс хойш намын дүрмийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Намын ээлжит Их хурлуудаар Х.Б-ыг намын даргаар улираан сонгоод байгаа юм. Энэхүү мэдээллийг Улсын дээд шүүхийн албан ёсны веб сайт дээр нээлттэй байршуулсан байдаг.

Энэ тухай ямар нэгэн маргаан үүсгэх нь утгагүй бөгөөд манай нам болон манай гишүүдийг доромжилсон хэрэг болж байна гэж бид үзэж байгаа бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө намын нэр хүндийг унагах бусармаг үйлдэл юм.

Мөн нэхэмжлэлд дурдсан Улс төрийн намын тухай хуулийн зүйл ангиуд нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх хуулийн зохицуулалттайг энд дурдан сануулъя” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Э намын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Э.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.  

2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тамга /тэмдэг/ даран баталгаажуулна”, 26 дугаар зүйлийн 26.3.9-д “энэ хуулийн 26.2-т заасан шаардлагатай холбоотойгоор нам, намын даргын Улсын дээд шүүхийн лавлагаа, тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагаа” гэж тус тус заасан.

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 05/**** дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолоор Ү намыг бүртгэж, ..үүсгэн байгуулагчаар А.О бүртгэгдсэн, ...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тамга, тэмдгийн хяналтын ********* дугаар олгосон”,

3.1 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/**** дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаар тогтоолоор С намыг бүртгэж, ..үүсгэн байгуулагчаар Б.Ж бүртгэгдсэн, ...2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тамга, тэмдгийн хяналтын ******** дугаар олгосон”,

3.2 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06/**** дугаар албан бичгээр “И намд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тамга, тэмдгийн хяналтын ********* дугаар олгосон”,

3.3 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05/**** дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Э намыг бүртгэж, ..үүсгэн байгуулагчаар Г.Г бүртгэгдсэн, ...2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/** дүгээр албан бичгээр ашиглаж буй, тамга, тэмдгийн дардас дарж ирүүлсэн, тамга, тэмдгийн хяналтын ********* дугаартай”,

3.4 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 05/**** дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ** дүгээр тогтоолоор А намыг бүртгэж, ... үүсгэн байгуулагчаар Э.Б гэж бүртгэгдсэн”,

3.5 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06/**** дүгээр албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолоор Г намыг бүртгэж, ..үүсгэн байгуулагчаар Б.Б бүртгэгдсэн, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тамга, тэмдгийн хяналтын ************ дугаар олгосон”,

3.6 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 05/**** дугаар албан бичгээр “Улсын дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ** дүгээр тогтоолоор М намыг бүртгэж, ...үүсгэн байгуулагчаар Н.Д бүртгэгдсэн, тамга, тэмдгийн хяналтын ******* дугаартай” тус тус албан бичгийг намуудад хүргүүлжээ.

4. Ү нам, С нам, И нам, М нам, С нам, А нам, Г нам, М нам, М нам, Д намууд нь СЕХ-д Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ, баримтын хамт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “СЕХ сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана”, 28 дугаар зүйлийн 28.2-т “СЕХ сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 28 дугаар зүйлийн 28.6-д “СЕХ нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно”, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5-д “Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийг бүртгэх”, 12 дугаар зүйлийн 12.3-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

6. Монгол Улсын СЕХны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар тогтоолоор “Эх орончдын нэгдсэн намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Иргэдийн Оролцооны нэгдэл намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Ардчилал шинэчлэлийн намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Гэр хороолол хөгжлийн намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дүгээр тогтоолоор “Үнэн ба Зөв намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дүгээр тогтоолоор “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Монгол Консерватив намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дүгээр тогтоолоор “Монголын Социал Демократ намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Монголын хүний төлөө намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, ** дугаар тогтоолоор “Дэлхийн Монголчуудын намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тус тус дээрх намуудыг бүртгэж, батламж олгожээ.

7. Нэхэмжлэгчийн “Улс төрийн намын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.2, 17.5, 17.6-д заасан төлөөллийн байгууллагаа сонгоно эсхүл батламжилна гэснийг илэрхий зөрчсөн, намын даргын бүртгэлгүй байхад СЕХ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.9-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

7.1 Улс төрийн намын тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам-ыг дахин бүртгэхгүй”, 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” тус тус заажээ.

7.2 Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн нам дахин Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүй бөгөөд ийнхүү Шинэчилсэн найруулгатай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлэхээр байна.

7.3 Иймд Улсын дээд шүүхэд 2005-2023 оны хооронд бүртгэлтэй намууд Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор шийдвэрлэж, СЕХ Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь    Улсын төрийн намын тухай хуулийн дагуу гуравдагч этгээд намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлээгүй, ийнхүү бүртгэлгүй намыг Улсын Их Хурлын Сонгуульд бүртгэсэн нь хууль бус хэмээх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.      

            7.4 Ийнхүү бүртгэсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т тус тус заасантай нийцсэн, хариуцагч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.9-д заасныг зөрчөөгүй байна.

8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, хариуцагч СЕХ нь дээрх нэр бүхий 10 намд намын даргын бүртгэлгүй байхад хууль зөрчиж батламж олгосон гэж үзэхгүй бөгөөд СЕХ тогтоол гаргаж дээрх намуудыг бүртгэж, батламж олгосон нь хуульд нийцсэн, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй, СЕХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хэмээн гуравдагч этгээдээр С нам, М нам, М нам татагдсан бөгөөд С намын Х дүүрэг, * дугаар хороо, Х цогцолборын ** байр, *** тоот хаягаар 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулахад “хүлээж авсан”, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр намын ******** дугаарын утас руу холбогдоход “Намын утас биш” гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, гуравдагч этгээд М намын Б дүүрэг, * дугаар хороо, ***** гудамж, ** дугаар байр, * тоот хаягаар 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулахад “хаягт байхгүй”, мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр намын ******* дугаарын утас руу холбогдоход “10 жилийн өмнө зарсан” гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, гуравдагч этгээд М намын даргын ******* дугаарын утас руу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр залгахад “Төлөөлөгч томилоод явуулъя” гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан.

9.1 Тус захиргааны хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэж байгаа тул С нам, М нам, М намд нэхэмжлэлийн хувь гардуулах, тайлбар гаргуулах ажиллагаа хийгдээгүй болохыг дурдаж байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26 дугаар зүйлийн 26.3.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э намаас СЕХ-д холбогдуулан гаргасан “СЕХ-ны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн намуудад олгогдсон тогтоол, батламжуудын Ү нам, С нам, И нам, М нам, С нам, А нам, Г нам, М нам, М нам, Д намуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

       

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ