Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 87

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Хохирогч: С.Батбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгч: Д.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Дэндэвийн Баттулгад холбогдох 201620000250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэлжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт  оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Хошууд овогт Дэндэвийн Баттулга /РД:ОО73121112/,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдснаар/ Шүүгдэгч Д.Баттулга нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гашууны голын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахмад С.Батбаярын албан ёсны шаардлагыг эсэргүүцэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, мөн албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн зохицуулагч С.Анхбаярын тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  

           1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал /, 

           2. Хохирогч С.Батбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүэгт өгсөн: “Би 2016 оны 9  дүгээр сарын 26-наас 27-ны өдрийг хүртэл малын гоц халдварт өвчин гарч онц байдал тогтоосон байгаа тул хуваарийн дагуу Гашууны голын постон дээр үүрэг гүйцэтгэж хоносон юм. 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 15 минутын орчимд постон дээр үүрэг гүйцэтгэж байтал  Улаангом сумын чиглэлд 5440 УВХ улсын дугаартай бор өнгийн УАЗ-3962 пургон маркийн автомашин ирсэн юм. Би жолоочийн бичиг баримтыг шалгаж мал малын мах байгаа  юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн машиныг үзэхэд арын зааланд 1 амьд хонь 1 хайрцагтай мах байсан. Жолооч нь “би архи уучихсан байна. Чи намайг явуул. Би Мадааг дуудах юм уу Дэмбэрэлнямбууг дуудах юм уу. Би тэр замын цагдаагийн тасгийн чинь үдэлтийн цайнд ирж байна” гэх зэргээр хэлсэн. Би түүнд тэр хүмүүс надад хамаа байхгүй, албан үүргээ гүйцэтгэж байна гэж хэлээд түүний машиныг замаас чөлөөлж зогсоогоод жолоочийг постны байранд оруулж бичиг баримтыг шалгаад машинд суучих цагдаагийн газар дээр очиж хууль дүрмээр нь шалгах ёстой гэхэд “чи ял өгдөг юм уу?. Би 380000 төгрөг төлөөд гарчихдаг юм” гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж машинд сууж өгөхгүй байсан. Улмаар миний шаардлагыг эсэргүүцэж миний дагз орчимд 2 удаа цохиод дахин хавирч хатуу хучилттай зам дээр унагаад толгой дээрээс цохиод байсан. Намайг надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албаны ажилтан Л.Батболд, мал эмнэлэгийн ажилтан Л.Хөтөө нар салгаж авсан. Жолооч машиндаа суугаад зугатаад явчихсан юм. Уг автомашинд жолоочоос гадна 3 хүн сууж явсан. Миний духны баруун хэсгээр хавдаж шалбарсан. Баруун хөлийн өвдөг орчимоор болон баруун хавирга орчмоор эмзэглэлтэй өвдөж байна. Баруун гарын алга зүүн гарын ар хэсгээр шалбарч зулгарсан, дагз орчимоор хөндрүүлэж байна. Би тэр өдрөөс хойш 3 хоног ажилдаа явж чадаагүй. Тариалан суманд 2 удаа очиж бариулсан. Мөн өвчин намдаах зорилгоор гэрээр эмчилгээ хийлгэсэн. Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад зодуулж хохирсондоо гомдолтой байна. Надад мөнгө төгрөгний хохирол учирсан боловч энэ хүнээс мөнгө төгрөг нэхэмжлэхгүй./ хх-ийн 12-14 тал/, ...Хуулийн дагуу шаардлага Д.Баттулгад тавихад миний шаардлага эсэргүүцэж Д.Баттулга надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тэр өдрөөс хойш 60 хоногийн хугацаанд надтай огт ирж уулзаагүйд гомдолтой байна. Эр хүний хувьд миний буруу байсан гээд хэлсэн бол гомдолгүй гэж би Д.Баттулгыг уучлах байсан” гэв.

             3. Хохирогч С.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 08:00 цагт цагдаагийн газар дээр ирж өглөөний рапорт ярианд сууж тараад үргэлжлүүлэн тасгийн ярианд сууж байтал жижүүрээс Гашууны голын постон дээр үүрэг гүйцэтгэж буй эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг саатуулсан байна. Уг этгээд цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд байна гэсэн дуудлага ирлээ. Дуудлагын дагуу алба хаагч явуулах шаардлагатай байна гэж хэлсэн тул замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнхжаргал бид 2-ыг уг газар луу явуулсан юм. Бид 2 замын унаагаар уг зөрчил гарсан газарт очиход уг этгээд болон С.Батбаяр нар байхгүй байсан. Тухайн  газарт үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын ажилтан Л.Батболд, мал эмнэлгийн ажилтан Л.Хөтөө нар нь нэг согтуу жолооч ирээд С.Батбаярыг зодчихоод машинаа унаад зугатаад явсан С.Батбаяр араас нь хувийнхаа машинтай явсан гэж хэлсэн тул бид С.Батбаяртай холбоо барихад нөгөө жолооч Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах Оросын Заяшикын доод талд айлд орчихлоо. Би ойролцоо нь байна гэсэн тул уг газрыг заалгаж очсон юм. Биднийг очиход зөрчил гаргасан этгээд нь бор ногоон өнгийн УАЗ пургон маркын 5440 УВХ улсын дугаартай автомашин жолоодож машинаа айлын хашааны гадна орхиод айлд орсон байдалтай, машин хүнгүй гаднаасаа цоожгүй, С.Батбаяр нь ойролцоо машинтай хараад зогсож байсан юм. Ц.Мөнхжаргал нь С.Батбаяртай уулзаж мэдээлэл авч байх хооронд би уг айл руу ороход гэрт 40 орчим насны согтуу эрэгтэй хүн, гэрийн эзэгтэй бололтой нэг эмэгтэйгийн хамт байсан. Би уг эрэгтэйд хандаж өөрийгөө танилцуулаад дуудлагын дагуу явж байна. Та бидэнтэй хамт яваад цагдаагийн газар очиж, хууль дүрмийн дагуу шалгуулах шаардлагатай гэхэд тэр этгээд би тэр цагдаа руу чинь явахгүй, очиж шалгуулж чадахгүй би айлд амарч байна гэж хэлээд машиныхаа түлхүүрийг өгөхгүй байсан. Улмаар миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж чаддаг юм бол аваад яв банди минь, хогын пиздаанууд та нар хэзээ зүгээр явуулж байсан юм гэж хэлээд над руу нулимж, шүлс, цэрээ хаяж шаардлага эсэргүүцээд байсан, мөн миний баруун шанаад нэг удаа цохиод хувцаснаас татаж зуураад миний дүрэмт хувцасны товчийг тасалсан тул би биеэ хамгаалах зорилгоор түүний гарыг өчих гэтэл тэр эсэргүүцэж миний зүүн гарын шууны дотор хэсэгт хазаж гэмтээсэн юм. Гэрт байсан эмэгтэй тухайн этгээдийг явуулахгүй гэж надтай зууралдаад байсан. Ц.Мөнхжаргал уг эмэгтэйд шаардлага тавьж холдуулсан тул би жижүүр лүү утасдаж жижүүрийн машин дуудаж Д.Баттулга гэгч этгээдийг цагдаагийн газар дээр авч ирсэн юм. Уг этгээд тухайн үед бидэнд машины түлхүүрээ өгөөгүй. Машинд түлхүүр байгаагүй юм. Цагдаагийн газар дээр авч ирээд уг этгээдийг цагдаад хүлээлгэж өгсөн юм. Д.Баттулга нь намайг эсэргүүцэж эхлээд баруун шанаанд гараараа нэг удаа цохисон. Дахин зүүн гарын шууны дотор хэсэгт хазаж гэмтээсэн. Мөн дүрэмт хувцасны товчийг тасалсан байсан. Миний хувьд албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдад хэл амаар доромжлуулж, зодуулж, цохиулсандаа гомдолтой байна. Д.Баттулгаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

            4. Гэрч Х.Хөтөө мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймагт малын мялзан өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоож постон дээр мал эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн алба хаагч нар ээлжээр гарч байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл Улаангом сумын Гашууны голын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Надтай хамт цагдаагаар С.Батбаяр, онцгой байдлын албан хаагч Л.Батболд нар хонож ажилласан бөгөөд маргааш өглөө нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 08:00 цаг орчимд урд зүгээс бор ногоон өнгийн пургон машин ирж зогссон. Бид машиныг шалгахад жолооч нь согтуу бууж ирээд мал, мах байхгүй гээд байсан. Машиныг нь үзэхэд нэг амьд мал, хайрцагтай махны хамт байсан. Цагдаа тэр жолоочид шаардлага тавихад жолооч нь эсэргүүцээд уурлаад байсан. Тэгээд явна гэж хэлэхэд цагдаа машиных нь түлхүүрийг авчихсан өгөхгүй байсан. Цагдаа тэр машиныг асаагаад зам чөлөөлж постны байрны хажуу талд зэрэгцүүлээд тавьсан юм. Би машиныг ариутгаж байтал нөгөө жолооч Мадааг дууд чамтай харьцахгүй гэх ухааны зүйл ярьж байсан. Тэгээд цагдаа руу дайраад чи Тэс суманд цагдаа байхдаа ийм байгаагүй шүү гээд цагдаатай вагончикны ар талд барьцалдаад байсан. Би машин ариутгачихаад харахад цагдааг тэр жолооч газарт унагачихсан дээрээс нь дарчихсан байсан. Би хажууд машин зогсоож байсан онцгой байдлын ажилтныг дуудаж очиж салгаач гэж хэлэхэд тэр гүйж очоод салгасан. Цагдаа С.Батбаяр босож ирэхэд харахад гарын алга шалбарч цус болсон байсан. Цагдаа газраас малгайгаа аваад босож ирэх хооронд нөгөө жолооч машиндаа суугаад гүйлгэж асаагаад тэр чигтээ яваад өгсөн юм. Цагдаа араас нь өөрийнхөө суудлын машинтай явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

           5. Гэрч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өглөө өглөөний рапорт ярианд суугаад тасгийн ярианд ортол жижүүрээс Гашууны голын постон дээр согтуу жолооч саатуулагдсан байна очих шаардлагатай гэсэн дуудлага ирсэн тул замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч С.Анхбаярын хамт постон дээр очиход цагдаа болон жолооч байхгүй бөгөөд постон дээр ажиллаж буй хүмүүсээс тодруулахад Онцгой байдлын ажилтан Л.Батболд гэх хүн бор ногоон өнгийн пургон машины жолооч согтуугаар ирж постон дээр ажиллаж байсан С.Батбаяр гэх цагдааг зодчихоод машин аа унаад зугатчихсан. С.Батбаяр араас нь хувийнхаа машинтай явсан гэж хэлэхээр нь цагдаагийн ахлах дэслэгч С.Батбаярын 96450999 дугаар луу залгаж асуухад нөгөө жолооч зугатаад гахайн байрны дэргэд явж байна. Би араас нь дагаж байна хүрээд ир гэж хэлсэн тул хаягийг заалгаж очиход хуучин мах комбинатын ойролцоо гэр хороололд айлын хашааны гадна бор ногоон өнгийн 5440 УВХ улсын дугаартай пургон машин зогсож байсан бөгөөд жолооч нь байхгүй С.Батбаяр хашааны ойролцоо хувийн машинтайгаа зогсож байсан. Би С.Батбаяртай уулзаж болсон асуудлыг тодруулах хооронд С.Анхбаяр гэр лүү орж жолоочийг авч гарж ирсэн юм. Бид жолоочид дуудлагын дагуу ирсэн ээ хэлж цагдаагийн газар луу очиж шалгуулах шаардлагатай гэж хэлэхэд жолооч нь согтуу байсан бөгөөд би цагдаа руу очихгүй гэж орилж хашгираад С.Анхбаяртай зууралдаад байсан. С.Анхбаяр түүний хувцаснаас барьж дагуулж явах гэтэл тэр жолооч хувцасаа тайлаад шидчихээд С.Анхбаярын шаардлагыг эсэргүүцээд байсан. Би тэдэн дээр очиж жолоочийг авч явах гэтэл гэрээс нэг эмэгтэй гарч ирээд “наад хүн чинь согтуу байна, би өгч явуулахгүй” гэж хэлээд С.Анхбаярыг татаад зууралдаад явуулахгүй байсан юм. Би тэр эмэгтэйг холдуулчихаад эргээд хартал Д.Баттулга нь С.Анхбаярыг цохисон. С.Анхбаяр дээрээс нь очиж тонгойж гараараа дарсан байсан. Нөгөө эмэгтэй дахин дайрахаар нь би холдуулаад эргэтэл С.Анхбаяр энэ жолооч миний гарыг хазчихлаа гэж хэлсэн. Харахад түүний гаранд шүдний ором орж цус гарч хурж хөхөрсөн байсан. Бид уг газарт хүний машинтай очиж машинаа явуулсан байсан тул жижүүрийн машин дуудаж уг жолоочийг албадан саатуулж жижүүрт хүлээлгэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

             6. Гэрч Д.Лхамжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өглөө гэртээ байж байтал хүргэн ах Д.Баттулга архи уучихсан халамцуу гаднаас орж ирсэн. Тухайн үед Д.Баттулга өөрийнхөө пургон машинтай ирсэн юм. Д.Баттулга цай унд уугаад унтаж амарна гээд сууж байтал нэг цагдаа залуу орж ирээд дуудлагын дагуу явж байна. Таныг цагдаагийн газар дээр аваачиж шалгах шаардлагатай гэж хэлээд түүнийг дагуулаад гарсан юм. Би араас нь гарахад Д.Баттулга явахгүй гээд цагдаа нь авч явна гээд байсан. Миний зүрх өвддөг тул би харгаад унчихна гэж бодоод тэдний ярианд оролцоогүй хэсэг харж зогсож байгаад буцаад орсон. Намайг орсоны дараа машин ирээд Д.Баттулгыг аваад явчих шиг болсон. Манай гэрт хэрүүл зодоон болоогүй харин гэрийн гадна гараад  Д.Баттулга том том дуугараад цагдаагийн эсрэг маргаад байсан юм. Тэр цагдааг Д.Баттулга зодож цохих, хазахыг би хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

            7. Гэрч Д.Сэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10:00 цаг орчимд Тэс сумаас ирсэн хүн над руу утасдаж Д.Баттулгыг цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн тул би цагдаагийн газар дээр ирэхэд түүнийг эрүүлжүүлсэн байсан юм. Тэгэхэд анх Д.Баттулга нь цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн болохыг мэдсэн юм. Маргааш орой нь Д.Баттулга манайд ирээд болсон явдлын талаар ярьж өгсөн юм. Д.Баттулга надад хэлэхдээ постон дээр цагдаа саатуулаад хонь оруулахгүй, согтуу байна гэхээр нь маргалдсан гэж хэлсэн. Бид эцэг эхээс 10-уулаа бөгөөд 6 дахь хүүхэд нь Д.Баттулга байгаа юм. Д.Баттулга нь Тэс суманд өсөж хүмүүжсэн. Ам бүл 7 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэс суманд оршин суудаг бөгөөд сумандаа хувиараа мужаан хийж олсон орлогоороо амьдардаг цөөн тооны малтай, хувьдаа пургон машинтай ар гэрийн хувьд дундаж амьдралтай амьдарлаа болгоод явдаг хүн байгаа юм. 2 хүүхэд нь Улаанбаатар хотод оюутан болсон. Эхнэр нь саяхан амаржсан ой хүрээгүй нялх хүүхэдтэй айл байгаа юм. Д.Баттулга нь яриа хөөрөө сайтай, нутгийн ард иргэдийн дунд нэр хүндтэй, илүү дутуу зангүй, хүнтэй харьцах харьцаа сайтай, хүнтэй маргалдаад байдаггүй өөрийгөө бусдад илэрхийлэх чадвартай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

             8. Гэрч Ш.Дэмбэрэлнямбуугын  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хөдөөнөөс аймгийн төв орж эмчид үзүүлэх зорилгоор манай сумын Д.Баттулга гэх хүний пургон маркын машинаар хөдөлсөн юм. Бид замдаа Шар хөдөө гэх газарт Шагдар гэх айлд хонож тэр айлд Шагдар, Д.Баттулга нар шимийн архи ууж хоносон. Бид нар унтаад өгсөн. Тэгээд өглөө эрт Улаангом сум руу хөдөлж 08:00 цаг орчимд Гашууны голын постон дээр ирэхэд цагдаа болон онцгой, мал эмнэлэгийн хүмүүс зогсоогоод машин ариутгасан юм. Тухайн үед Д.Баттулгын архи гараагүй согтуу байсан тул цагдаа түүнийг саатуулж журамлан гэсэн тэгээд цагдаа нь машиныг жолоодож постны дэргэд зогсоогоод Д.Баттулга, тэр цагдаа хоёр хоорондоо маргалдаад явна явахгүй болоод байсан. Д.Баттулга тэр цагдаад би Мадааг дуудаад гарчихна заавал дуудуулах юм уу гээд байсан. Тухайн үед тэр 2 постны байшингийн цаад талд байсан тул би сайн харж чадаагүй. Тэгж байтал тэр 2 машины хажуу талд ирээд Д.Баттулга тэр цагдаатай барьцалдаж аваад зууралдаж газар унасан тэгэхээр нь бид нар машинаас бууж салгаж авсан юм. Д.Баттулга босож ирээд машиндаа суугаад гүйлгэж асаагаад тэр чигтээ яваад өгсөн юм. Машинд сууж явсан хүмүүс болох би нөгөө 2 залуу постон дээр хоцорсон. Д.Баттулгыг машинаа асаагаад явахад нь араас нь нөгөө цагдаа суудлын машинтай дагаад явсан. Тэд барьцалдаж авсан байж байгаад газарт хамтдаа унахаар нь бид очиж салгасан. Зодож цохихыг нь анзаарч хараагүй. Батбаяр гэх тэр цагдаагийн газрын алга болон ар хэсгээр шалбарч цус гарсан байсан. Өөр гэмтэл бэртэл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

           9. Гэрч Ж.Дэмбэрэлнямбуугын мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Баттулга бид хоёр  1982-1990 оныг хүртэл хугацаанд Тэс сумын дунд сургуульд суралцаж байгаад Д.Баттулга нь 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан. Түүнээс хойш мал дээр гарч мал маллаж амьдарч байгаад одоогоор Тэс сумын төвд амьдарч байгаа. Ачааны машин болон пургон машинаар тээвэр хийх, мужаан хийх зэргээр хөдөлмөрлөж амьдарлаа авч явдаг зүгээр байдаггүй хөдөлмөрч зан чанартай хүн байгаа юм. Ар гэрийн хувьд боломжын амьдралтай дутагдах гачигдах зүйлгүй. Зан чанарын хувьд яриа хөөрөө сайтай алиа хошин зантай, бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар сайн, архи согтууруулах зүйл хаяа зөв зохистой хэрэглэчихдэг, түүний эхнэр нь тува хэл сайн мэддэг Тува Монголын толь бичиг гаргаж байсан хүн байгаа юм. Саяхан эхнэр нь амаржсан ой хүрээгүй хүүхэдтэй байгаа, оюутан хүүхэд ч байдаг юм. Д.Баттулга нь найз нөхдийн дунд нэр хүндтэй, ГАЗ 53 маркийн машинтай түүгээрээ хавар намрын улиралд Тэс сумын айлуудыг нүүлгэдэг нэр нүүртэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

           10. Гэрч Н.Хишгээгийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би Д.Баттулгын ах Л.Сэдтэй 1993 оноос хойш гэр бүл болж амьдарсан түүнээс хойш нөхрийн дүү Д.Баттулгыг мэдэх болсон. Д.Баттулга нь Тэс суманд мал маллах, хүн ба ачаа тээвэрлэх, гэр нүүлгэх, мужаан хийх зэргээр ажиллаж хөдөлмөрлөж ар гэрийн амьдралаа авч явдаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, 5 хүүхэдтэй 2 оюутан, 2 сурагч, 1 нялх хүүхэдтэй эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байгаа эрхэлсэн тодорхой ажилгүй. Д.Баттулгын хувьд ноогдох хөрөнгө гэвэл Ачааны ГАЗ 53 маркийн машин болон пургон машинтай, цөөн тооны малтай. Ар гэрийн хувьд боломжын амьдралтай дутагдах гашигдах зүйлгүй. Зан араншин яриа хөөрөө сайтай алиа хошин зантай, нээлттэй, найз нөхөдтэйгээ нийлээд хаяа архи уучихдаг. Тэс суманд тээвэр хийдгээрээ нэртэй. Нутгийн ард иргэд Д.Баттулгаар нүүлгүүлэх дуртай байдаг юм. Улаангомд сард 1 удаа хүн, ачаа тээвэрлэж ирдэг. Бусад үед голчлон сумандаа байдаг, ар гэртээ халамжтай, амьдарлын төлөө зүтгэлтэй хүн бөгөөд архи уучихсан үедээ зан араншин нь өөрчлөгдөөд тавьтаргүй болчихдог юм. Эрүүл үедээ маргалдаад байдаггүй алиа хошин зантай инээгээд явж байдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/, 

            11. Шүүгдэгч Д.Баттулгын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 27 тал/,

            12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 504 дугаартай шинжээч эмчийн: “Д.Баттулгын биед гэмтэл учирсан байна. Зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжтлгээ хийлгэх тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 28 тал/,

            13. Хохирогч С.Батбаярын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 32 тал/,

            14. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 503 дугаартай шинжээч эмчийн: “С.Батбаярын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун сарвууны алганд арьс нь хууларсан шарх, дух, дагз, цээжинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэсэн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинжтлгээ хийлгэх тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт / хх-ийн 33 тал/,

             15. Хохирогч С.Анхбаярын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгох тухай 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 37 тал/ 

            16. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 508 дугаартай шинжээч эмчийн: “С.Анхбаярын зүүн гарын шууны хэсэгт 2x1 см хэмжээтэй зулгаралт үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт төдийлөн нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 38 тал/,

            17. Шүүгдэгч Д.Баттулга түүний 5440 УВХ улсын дугаартай УАЗ маркийн пургон машины үнэ ханшийг тогтоолгох тухай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 41 тал/,

          18. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 516 тоот “Автомашин үнэлсэн тухай тайлан”-д УАЗ маркийн 5440 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.250.000 төгрөг болохыг тодорхойлжээ. /хх-ийн 42-43 тал/,

         19. Согтуурал шалгасан магадлагаагаар шүүгдэгч Д.Баттулга 1.69%-ийн согтолтой гарсан байна. /хх-ийн 55 тал/,

            20. Шүүгдэгч Д.Баттулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах шийтгэвэр, мэргэжлийн комиссын хурлын тэмдэглэл  /хх-ийн 59-60 тал/,

            21. Шүүгдэгч Д.Баттулгын 384.000 төгрөгөөр торгосон шийтгэвэрийн хуудас, эрх хассан жолоны үнэмлэх. /хх-ийн 61-62 тал/,

            22. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 63-64 тал/

            23. Шүүгдэгч Д.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 67-86 тал/

            24. Хохирогч С.Батбаярын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 89-92 тал/

            25. Хохирогч С.Анхбаярын ажилд шилжүүлэн томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 93-97 тал/

            26. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Хорио цээрийн дэглэмийн үед постонд аймгийн төвд ажиллах алба хаагчдын томилгоо” /хх-ийн 99 тал/,

            27. Эд зүйл хураан авах тогтоол, 1 ширхэг СД-г Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/,

            28. Эд хөрөнгө хураан авч, битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9-11 тал/,

            29. Шүүгдэгч Д.Баттулгын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тэс сумаас Улаангом руу явж байгаад замдаа айлд очиод шөнө нь шимийн архи уусан тул хоноод өглөө эрт Улаангом сумын Гашууны голын постод ирэхэд хяналтын цэг гарчихсан мал эмнэлэг, цагдаа, онцгой байдлын хүмүүс байсан. Тэд нар намайг зогсоогоод мал мах ачиж яваа эсэхийг асуусан. Би мал ачаагүй гэж хэлэхэд тэд нар машин онгойлгож үзээд мал ачиж явааг минь харсан. Тэгээд постны цагдаа намайг оруулаад бичиг баримт шалгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул цагдаагийн газар дээр аваачиж саатуулж шалгана гэхэд нь ...би явахгүй гэж эсэргүүцэж ганц хоёр удаа цохиж самардсан. Сүүлд дүүгийн гэрээс цагдаа нар ирж авахад нь би бас явахгүй гэж хэлээд ноцолдоод нэг цагдаа нь намайг өчихөөр нь түүний гарыг хазчихсан юм. Би цагдаагийн шаардлага эсэргүүцсэнээс энэ бүхэн болсон. Би цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогч С.Батбаяраас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэх /хх-ийн 50-54 тал/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болно.  

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

 

             Шүүгдэгч Д.Баттулга нь согтуугаар 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Увс аймгийн Улаангом сумын 12 багийн нутаг дэвсгэрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Батбаяр болон цагдаагийн зохицуулагч С.Анхбаяр нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, улмаар С.Батбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Батбаяр, С.Анхбаяр, гэрч Х.Хөтөө, Ц.Мөнхжаргал, Д.Лхамжав, Д.Сэд, Ш.Дэмбэрэлнямбуу нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 503, 508 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

            Хохирогч С.Батбаярын “2016 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 15 минутын орчимд Гашууны голын постон дээр үүрэг гүйцэтгэж байтал Улаангом сумын чиглэлд 5440 УВХ улсын дугаартай бор өнгийн УАЗ-3962 пургон маркийн автомашин ирсэн. Жолоочийн бичиг баримтыг шалгаж мал малын мах байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн машиныг үзэхэд арын зааланд 1 амьд хонь 1 хайрцагтай мах байсан. Жолооч нь “би архи уучихсан байна. Чи намайг явуул. Би Мадааг дуудах юм уу Дэмбэрэлнямбууг дуудах юм уу” гэх зэргээр хэлээд ...шаардлага биелүүлэхгүй ...байсан, ...улмаар миний шаардлагыг эсэргүүцэж миний дагз орчимд 2 удаа цохиод дахин хавирч хатуу хучилттай зам дээр унагаад толгой дээрээс цохиод байсан. Намайг надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албаны ажилтан Л.Батболд, мал эмнэлэгийн ажилтан Л.Хөтөө нар салгаж авсан...” гэх /хх-ийн 13-14/ мэдүүлэг, хохирогч С.Анхбаярын “...Би уг эрэгтэйд хандаж өөрийгөө танилцуулаад дуудлагын дагуу явж байна. Та бидэнтэй хамт яваад цагдаагийн газар очиж, хууль дүрмийн дагуу шалгуулах шаардлагатай гэхэд “би тэр цагдаа руу чинь явахгүй, очиж шалгуулж чадахгүй би айлд амарч байна, ...чаддаг юм бол аваад яв банди минь” гэж ...хэл амаар доромжилж, …над руу нулимж, шүлс, цэрээ хаяж шаардлага эсэргүүцээд байсан, ...Д.Баттулга нь намайг эсэргүүцэж эхлээд баруун шанаанд гараараа нэг удаа цохисон. Дахин зүүн гарын шууны дотор хэсэгт хазаж гэмтээсэн. Мөн дүрэмт хувцасны товчийг тасалсан байсан...” гэх /хх-ийн 17-18/ мэдүүлэг, шүүгдэгч Д.Баттулгын “...Постон дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаа намайг саатуулж цагдаагийн газар аваачиж шалгана гэхэд нь би явахгүй гэж эсэргүүцэж ганц хоёр удаа цохиж самардсан. Сүүлд дүүгийн гэрээс цагдаа нар ирж авахад нь би бас явахгүй гэж хэлээд ноцолдоод нэг цагдаа нь намайг өчихөөр нь түүний гарыг хазчихсан юм...” гэх /хх-ийн 51-52/ мэдүүлгээр шүүгдэгч Д.Баттулгын “цагдаагийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” үйлдэл тогтоогдсон, уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч С.Батбаярын бие махбодид тархи доргилт, баруун сарвууны алганд арьс нь хууларсан шарх, дух, дагз, цээжинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн сарвуунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

              Хохирогч С.Батбаяр нь Увс аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр, хохирогч С.Анхбаяр нь мөн газарт цагдаагийн зохицуулагчийн ажил албан тушаал эрхэлдэг, гэмт хэрэг гарсан өдөр хэн аль нь албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь хохирогч С.Батбаяр, С.Анхбаяр нарыг ажилд томилсон тушаал, тэдгээрийн албаны үнэмлэх, ажлын байрны тодорхойлолт, Цагдаагийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Хорио цээрийн дэглэмийн үед постонд аймгийн төвд ажиллах алба хаагчдын томилгоо”, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллах томилгоо” зэрэг хэргийн 89-102 дугаар хуудаст авагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон болно.

             Иймд шүүгдэгч Д.Баттулгыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

              Хохирогч С.Анхбаяр нь хохирол, гэм хорыг арилгасан тул шүүгдэгч Д.Баттулгатай эвлэрсэн гэж шүүхэд “Эвлэрлийн гэрээ” баримтыг ирүүлсэн, хохирогч С.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...надаас уучлалт гуйж байгаа учир гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

            Шүүх шүүгдэгч Д.Баттулгад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх  нөхцөл байдалд тооцож, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн ар гэрийн байдлыг /1 нас хүрээгүй хүүхэд, 2 оюутан хүүхэдтэй/ тус тус харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

              Шүүгдэгч Д.Баттулга энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, урьд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 88 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялтай байдал арилсан учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

             Шүүгдэгч Д.Баттулга нь бусдад төлөх хохирол төлбөргүй учир түүний өмчлөлийн УАЗ фургон маркийн 54-40 УВХ улсын дугаартай, бор ногоон өнгийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргахаар тогтов.

             Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хошууд овогт Дэндэвийн Баттулгыг төрийн албан хаагч эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Батбаяр болон цагдаа зохицуулагч С.Анхбаяр нарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцсэн, С.Батбаярын бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Баттулгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Д.Баттулга нь урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны бусад зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгын эзэмшлийн 54-40 УВХ улсын дугаартай, УАЗ пургон автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Баттулгад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, түүнд 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баттулгад өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БОЛОРТУЯА