| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0057/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/58 |
| Огноо | 2022-09-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн 2224000480068 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Их-уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар бургастын хавчиг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.383 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai Porter” маркийн 6804 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,419,494 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар бургастын хавчиг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.383 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai Porter” маркийн 6804 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,419,494 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн *******ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй байх Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн иргэний зүгээс надтай 1 удаа биечлэн уулзаж хохирлоо нөхөн төлөх талаар илэрхийлсэн байгаа. Хохирлын асуудал дээр ******* бид хоёрын зүгээс сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулахаар болж модныхоо хохирлыг барагдуулахаар тохиролцсон байгаа. Одоо бид хоёрын хооронд хохиролтой холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 28/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 6 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж сумын хэмжээнд 2022 онд ойгоос мод бэлтгэх хуваарийг баталсан. Сумын хэмжээнд иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд 2022 оны 06 дугаар сард түлшний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг хуурайшилтын түвшин буурсан үеэс аймаг, сумын засаг даргын захирамж гарсан өдрөөс эхлэн бичиж олгоно. Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой. Босоо модыг огтолж бэлтгэж болохгүй. Иргэн хүн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Иргэн хүн ойгоос унанги модыг цэвэрлэгээний журмаар болон галын түлээнд бэлтгэж болно. Харин босоо нойтон модыг бэлтгэж болохгүй хориотой. Босоо нойтон модыг тусгай зөвшөөрөлтэй ойн мэргэжлийн байгууллага зөвхөн үйлдвэрлэлийн огтлолоор бэлтгэнэ...” гэсэн мэдүүлэг /хх 30/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн орчим Их-Уул сум дахь замын цагдаагийн байнгын постод үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Их-Уул сумын Зарт багаас орж ирдэг замаар Портер маркийн тээврийн хэрэгсэл хөндөөнөөс орж ирэх үед нь зогсоон шалгахад дээрээ мод ачсан байсан. Тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон тээвэрлэж яваа модны бичиг баримтыг шалгах үед тухайн жолооч нь ******* гэсэн жолооны үнэмлэх, 6804 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулаад модны гоожин бичиг баримт байхгүй талаар хэлсэн. Та яагаад мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод тээвэрлэсэн талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй тухайн үед хуурайшилт гээд Их-Уул сумын хэмжээнд мод бэлтгэхийг хориглосон байсан. Би тухайн мод ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулаад цагдаагийн газрын нэгдсэн рапортод гэмт хэргийн талаарх гомдол мэдээллээр оруулж ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх 32/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь шөнө харанхуй болох гэж байх үед манай гэрт ирсэн. Хэдэн мод ачаад явж байна хоол хийгээд өг гээд хоол хийлгүүлж идээд явсан. Модруу явах үед манайд ирээгүй. ******* нь өөрийнхөө портероор дагуу цөөн тооны мод ачсан харагдсан. Тэр модоо манай өвөлжөөний урдаас хийж ачсан гэж сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 37/,
Гэрч мөрлөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* 22 цагийн орчим байх манайд ирсэн. Манайд ирэх үед нь манай эхнэр Болор-Эрдэнэ хоол хийж өгөөд яаж явж байгааг асуухад 2 унанги мод хөрөөдөж ачаад явна гэж байсан. ******* өөрийнхөө хөх өнгийн портер маркийн машинаар мод ачиж явсан яг ямар хэдэн тооны мод ачсан явсныг анзаараагүй. Манай өвөлжөө Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг дэвсгэр Ар бургастын Хавчиг ам гэх газраас модоо бэлтгэж ачсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү ******* нь хаанаас ямар мод хэзээ бэлтгэсэн тал дээр мэдэхгүй байна. 6804 ЗАА дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл манай хүү *******ийн машин байгаа юм аа. Энэ машиныг 2022 оны хавар манай хамаатны Батмөнх гэдэг хүнээс авсан, төлбөр мөнгийг нь бараг төлөөд дуусаж байгаа. Одоо нэг идэшний үхэр өгөөд тооцоо дуусна. Идэшний үхрээ Батмөнх намар идэшний үеэр авахаар болсон. Батмөнх одоо Хэнтий аймагт байгаа ирэх боломжгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,
Завхан аймгийн Тосонцэнгэл дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний нойтон модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 06 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой модны тайралт хуучирсан байна. Ойгоос бэлтгэсэн моднууд 1,383 метр, куб байна. Мод бэлтгэсэн газар болох Зарт багийн нутаг “Хавчиг” гэх газар нь ойн нэгдүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр, куб шинэс нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ 570,216 төгрөг байна. Их-Уул сумын Зарт багийн “Хавчиг” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход шинэс нойтон 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний нойтон модонд 570,216 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,026,388 төгрөг болж, бэлтгэсэн мод 1,383 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,419,494 төгрөг болж байна. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэх дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 46-48/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч *******ийн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Их-Уул сумын Зарт багийн нутаг дэвсгэр нэрийг нь сайн мэдэхгүй нэг газраас мод бэлтгээд тухайн өдрийнхөө шөнө 01 цагийн орчим Их-Уул сумын төв рүү орох гэж яваад цагдаад баригдсан. Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Их-Уул сумын Зарт багийн нутаг дэвсгэрээс дундаж хэмжээтэй, 2 метрийн урттай, 11 ширхэг мод бэлтгэсэн. Би ямар нэг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Эрхийн бичиггүйгээр тухайн моднуудыг ойгоос бэлтгэсэн. Мод ачиж явсан хар хөх өнгийн Портер маркийн 6804 ЗАН улсын дугаартай авто машин бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохиролд 2,200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,058,482 төгрөгийг төлөх талаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ар бургастын хавчиг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 1.383 метр куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү “Hyundai Porter” маркийн 6804 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн 1,383 м3 хэрэглээний нойтон мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,419,494 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,258,482 төгрөгийн хохирол учирснаас 2,200,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, үлдэгдэл 2,058,482 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болох нь иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж зарим хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан шууд хохирол төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, “Hyundai Porter” маркийн 68-04 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө болон тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн. Би уг машиныг 2022 оны хавар Мөнх гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх 76/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-04 ЗАА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл, цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.383 м3 хэрэглээний нойтон 11 ширхэг модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******эд тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-04 ЗАА улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл, цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1.383 м3 хэрэглээний нойтон 11 ширхэг модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 2,200,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн ойн санд учруулсан хохирол 2,058,482 төгрөгийг иргэний нэхэмжлэгчтэй байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд гаргуулж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ