Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00065/И |
Дугаар | 119 |
Огноо | 2019-05-19 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 119
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт Ш.Э /РД:................/, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, .....................
Хариуцагч: ******* овогт Ч.Э /РД:.............../, Өмнөговь аймгийн Ноён сум..............
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э , хариуцагч Ч.Э , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Э той 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлт батлуулсан. Өмнөговь аймгийн Ноён суманд 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Т , 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Э.Б нар төрсөн. Одоо хүү Э.Т нь 13 настай, хүү Э.Б 11 настай. Ч.Э нь сүүлийн жилүүдэд архи ууж ааш зан эвдэрч 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хоёр хүүхдийн асран хамгаалагч байж чадахгүй. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас илгээсэн боловч Ч.Э нь эвлэрүүлэн зуучлах хүсэлтийн дагуу хүрэлцэн ирж уулзаагүй учир 2006 оны 07 дугаар сарын 01-ний гэрлэлтийг цуцалж Э.Т , Э.Б нарт тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн гэр орондоо архи ууж агсан согтуу тавьдаг учраас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Э ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр тусдаа амьдарч байгаа хоёр хүүхдийн тэтгэмж төлөх асуудлыг Ш.Э бид хоорондоо ярилцаж тохирон гэрээ хийсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй би Ш.Э болон хүүхдүүддээ Сэврэй суманд амьдарч байсан 4 ханатай гэр, хашаа газар, 120 гаруй толгой малаа бүгдийг өгсөн. Цаашид бид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдраад удаж байна. Хүлээн зөвшөөрч байна. Тэтгэлэг төлнө. Хамт амьдрах боломжгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүү Э.Т , Э.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Өнө-Орших” өрхий эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Ч.Э , Ш.Э нарын гэрчлэлтийн лавлагаа, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Ч.Э ын шүүхэд гаргасан хариу тайлбар, хүү Э.Т , Э.Б нарын санал, гэрч Д.Цогзолмаа, Н.Энхтуяа нарын гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Ч.Э оос гэрлэлтээ цуцлуулан, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.
Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Ш.Э , Ч.Э нар нь 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн иргэний гэрлэлтийн лавлагаагаар нотлогдож байх ба тэдний дундаас 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Т , 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Э.Б нар төрсөн болох тэдний 0241216, 0146445 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос хойш тусдаа амьдарсан энэ хугацаанд хүү Э.Т , хүү Э.Б нар эхийнхээ асрамжид амьдарч иржээ.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байх боловч Ч.Э нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирж оролцоогүй шалтгаанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Зохигчид цаашид гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Э.Т , Э.Б нарыг эцэг эхийн санал хүүхдүүдийн санал зэргийг харгалзан 18 насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Хариуцагч хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд ... хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй тул 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Т , 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Э.Б нарт эцэг Ч.Э оос хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдүүдийн насны байдлыг үндэслэн тухайлбал Э.Т 12 настай, Э.Б 11 настай байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээтэй байхаар тооцож тогтоох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасныг үндэслэн 11-16 хүртэлх насны хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 86 796 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг.” гэж заасныг үндэслэн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг байх ба нийт 156 996 төгрөг төлөх байжээ.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх...” гэснийг баримтлан дутуу төлсөн 16 596 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Э ээс нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан хариуцагч Ч.Э оос 156 996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э т олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан ******* овогт Ш.Э , ******* овогт Ч.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Э.Т , 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.Б нарыг 18 нас хүртэл эх Ш.Э ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э оос 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүү Э.Т , 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Э.Б нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Э оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Э ээс 16 596 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод, хариуцагч Ч.Э оос улсын тэмдэгтийн хураамжид 156 996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Э т олгохоор шийдвэрлэсүгэй.
7. Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ