| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2021/0054/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/54 |
| Огноо | 2022-09-16 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч Ч.Пүрэвдорж,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2224000000069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ИФ87032619 регистрийн дугаартай, Булган тайж овогт Чойдонгийн Пүрэвдорж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.38 метр куб түлээний хуурай болон нойтон шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Нөмрөг сумын төв рүү тээвэрлэн ойн санд 416.074 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.38 метр куб хуурай болон нойтон мод бэлтгэж, Завхан аймгийн Нөмрөг сумын төв рүү тээвэрлэн ойн санд 416,074 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч Ч.Шошдарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй. Сум ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь сум дундын ойн сангийн шинжээчийн гаргасан 416,074 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 22/,
Гэрч Ц.Баавгайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нөмрөг сумын Баянзүрх багаас мод бэлтгэсэн байна гэх мэдээллийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд хэсгийн цагдаа Н.Нэмэхбаяр, Засаг даргын тамгын газрын жолооч Д.Баярсайхан, иргэн Ч.Пүрэвдорж нарын хамт Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газарт очсон юм. Тухайн газарт бид нарыг очиж үзэхэд ойгоос 1-2 ширхэг шинэс төрлийн унанги мод болон 3 ширхэг босоо модыг огтолж унагаад мод бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн моднуудыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бэлтгэсэн цоо шинэхэн огтлолттой мод байсан юм. “Хөндлөнгийн дөрөлж” гэх газраас тухайн моднуудыг тухайн өдөр бид нартай хамт явсан Хайрхан багийн иргэн Ч.Пүрэвдорж гэх залуу бэлтгэсэн гэж хэлсэн юм. Тэгээд тухайн иргэний биеийн байдал тухайн өдөр муудаад сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гарсан байх тэгээд Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газраас мод бэлтгэсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгах болсон юм. Ойгоос мод бэлтгэхээс өмнө тухайн иргэний зүгээс заавар мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заасан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар хатсан хуурай унанги мод бэлтгэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сумын засаг даргын тамгын газрын автомашины жолоочоор сумын байгаль хамгаалагч Ц.Баавгай, хэсгийн цагдаа Н.Нэмэхбаяр, Хайрхан багийн иргэн Ч.Пүрэвдорж, түүний эхнэр Билгээ нарын хамт хөдөө Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газарт очиж байсан юм. Тухайн өдөр сумын засаг дарга Ч.Шошдар надад байгаль хамгаалагч, цагдаатай хөдөө Баянзүрх баг руу машинаараа яваад ир тэндээс мод бэлтгэсэн юм шиг байна гэж хэлэхээр нь би дээрх хүмүүстэй хамт сумын тамгын газрыг пургон маркийн 23-36 ЗАА улсын дугаартай автомашины жолоочоор явж байсан юм. Бид нарыг тухайн өдөр “Хөндлөнгийн дөрөлж” гэх газарт орой 17 цагийн орчимд очиход тухайн газраас миний харснаар шинэс төрлийн 3 ширхэг босоо модыг унагаж мод бэлтгэсэн хожуул нь байсан юм. Тухайн 3 ширхэг босоо модны нойтон ногоон мөчрүүд нь тухайн газартаа байсан. Тухайн үед байгаль хамгаалагчийн зүгээс тэр 3 босоо модны хожуулыг өөрөө үзэж шалгаж байсан юм. Миний харснаар ямар ч байсан 3 ширхэг босоо модыг унагаж мод бэлтгээд авч байсан хожуулууд нь байсан. Хожуулын тайралт нь шинэхэн тайралттай байсан. Харин өөр мод бэлтгэсэн байсан эсэхийг би хараагүй. Надтай хамт явсан хүмүүс өөрсдөө сайн үзэж шалгаад яваад байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 31/,
Гэрч А.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ч.Пүрэвдорж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед “Хөндлөнгийн дөрөлж” гэх газраас санай ах А.Содномванчигийн модыг ачиж ирнэ гээд өөрийнхөө Хөх өнгийн Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай автомашинаар ганцаараа явсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр гэртээ буцаж ирээд би нөгөө модыг ачих гэсэн чинь ганцаараа дийлэхгүй юм байна чи хамт ачилцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд “Хөндлөнгийн дөрөлж” гэх газарт нөхрийнхөө хамт машинаараа явсан юм. Намайг очиход тухайн газарт 3 ширхэг босоо модыг унагаад мөн 2 ширхэг унанги модноос голын мод тайрч бэлтгэсэн юм. Тэгээд би нөхрийнхөө хамт тухайн моднуудыг машин дээрээ хамт ачилцаж өгөөд Нөмрөг сум руу хамт явсан. Тэгээд сумын төв рүү орох замдаа 17 цагийн үед сумын цагдаа Н.Нэмэхбаяртай төв зам дээр таарч шалгуулсан юм. Тэр үед би Н.Нэмэхбаяр цагдаад наад мод чинь манай мод биш би өөрийн ах А.Содномванчигийн модыг ачиж ирж байгаа юм гоожин нь гэртээ байгаа гэж хэлсэн. Тэгсэн Н.Нэмэхбаяр цагдаа та тэгвэл гоожингоо мөн машиныхаа бичиг баримтыг аваад ир гэхээр нь би өөрийн ах руугаа утасдан та гоожингоо аваад манайхаас очоод манай машины бичиг баримтыг аваад ирээч цагдаа зогсоочихсон шалгаад байна гэж хэлсэн юм. Тэгээд манай ах 30 орчим минутын дараа мотоциклоор өөрийнхөө канондсон галын түлээний гоожингоо манай машины бичиг баримтыг нөхөр бид хоёрт авчирч өгсөн юм. Тэгээд би Н.Нэмэхбаяр цагдаад ахынхаа гоожин машины бичиг баримтаа өгөөд шалгуулсан чинь та нарын мод ачсан гээд байгаа газар очиж шалгана та нар мод хийсэн байна наад мод чинь чийгтэй мод байна гэж хэлээд манай машиныг цагдаагийн хэсгийн хашаанд хийсэн. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад сумын Засаг даргын тамгын газрын Пургон автомашинаар байгаль хамгаалагч Ц.Баавгай, Н.Нэмэхбаяр цагдаа, тамгын газрын жолооч Баярсайхан манай нөхөр Ч.Пүрэвдорж бид нар Хөндлөнгийн дөрөлж гэх газар луу явсан юм. Харин тухайн газар луу явах замд манай нөхөр Ч.Пүрэвдорж надад наад модыг чинь би өнөөдөр ойгоос ганцаараа бэлтгэсэн юм би чамд А.Содномванчиг ахын мод юм гэж худлаа хэлчихсэн юм гэж хэлсэн юм. Тэгээд би нөхөрлүүгээ машин дотор жаахан уурлаад нөхрийгөө мод хийснийг мэдээд Н.Нэмэхбаяр цагдаад манай нөхөр өнөөдөр наад моднуудыг чинь ойгоос бэлтгэсэн юм байна. Манай нөхөр надад мод хийснээ хэлэлгүй худлаа хэлсэн байна. Сая манай нөхөр өөрөө наад модыг чинь ойгоос бэлтгэсэн талаар үнэнээ хэллээ гэж хэлсэн юм. Тэгээд бид нар нөхөр бид хоёрын мод ачсан газарт очоод манай нөхөр ямар мод хийснээ өөрөө зааж мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Н.Нэмэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15-16 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын асфальтан зам дээр үүрэг гүйцэтгэж байх үед иргэн Ч.Пүрэвдорж нь хөх өнгийн Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон сумын төв рүү орох гэж байсан. Тухайн үед би албан үүргийнхээ дагуу машины бичиг баримт болон мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожингийн талаар асуух үед Ч.Пүрэвдорж нь дугарахгүй байсан. Тэр үед хажууд түүний эхнэр болох Отгонбилэг нь ах болох Содномваанчигийн ачиж оруулж ирж байгаа юм, ахын мод гэж хэлэхээр нь машины бичиг баримт болон мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ир гэж хэлсэн. Тэгээд би тухайн машин дээр ачиж оруулж ирж буй мод нь нойтон мод биш юм уу гэж асуух үед унанги мод байгаа юм гэж Ч.Пүрэвдорж хэлсэн. Тэгээд байж байтал Содномванчиг гэх хүн нэг мотоциклтой ирээд хуулбарласан мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлсэн. Тэр хуулбарлаж ирсэн гоожин нь хугацаа нь дууссан байсан. Тэгэхлээр би Ч.Пүрэвдоржийг унанги мод бэлтгээгүй байна. Босоо мод тайрч бэлтгэсэн байна гэж хэлэх үед Ч.Пүрэвдорж нь унанги мод бэлтгэсэн гэж хэлсэн. Тэгээд би байгаль хамгаалагч Ц.Баавгай руу залгаад тухайн модыг ирээд үзээдэх гэж хэлсэн. Тэгээд байгаль хамгаалагч Ц.Баавгай ирж үзээд тухайн модыг нойтон байна гэсэн. Тэр үед Ч.Пүрэвдорж нь мод бэлтгэх газарт нь очоод үз гэсэн. Байгаль хамгаалагч Баавгай болон би захиргааны машинтай мод бэлтгэсэн гэх газар руу явж байх үед түүний эхнэр болох Отгонбилэг нь манай нөхөр болох Ч.Пүрэвдорж нь 3 ширхэг босоо мод тайрч бэлтгэсэн байна. Түүнийгээ сая надад хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд мод бэлтгэсэн гэх газар буюу Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хөндлөнгийн дөрөлж гэх газраас 3 ширхэг босоо мод тайрч бэлтгэсэн байсан. Тухайн мод бэлтгэсэн гэх газрын зургийг нь дараад Амгаланбаатар ахмад руу явуулсан юм. Намайг тухайн машиныг шалгаж байх үед тухайн газарт Содномванчиг нь мотоциклтой ирээд нэг бичиг өгөөд байгаа харагдсан. Тэгээд Содномванчиг нь яваад өгсөн. Тэгээд би Ч.Пүрэвдоржийн унаж яв сан машин дээр ирэх үед шал ондоо газар болон хугацаа нь дууссан гоожингийн бичиг хуулбарлачихсан байсан. Тэгээд байгаль хамгаалагч Баавгай ирээд тухайн модыг үзээд нойтон мод байна гэж хэлсэн. Хаанаас уг мод бэлтгэсэн юм гэж асуух үед Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх баг Хөндлөнгийн дөрөлж гэх газраас мод бэлтгэсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь дан шинэс төрлийн мод байна. Энэ 3 ширхэг босоо мод хожуулууд гол /цөм/ хэсэг өмхөрсөн чийггүй, байгалийн салхи цасны нөлөөгөөр унах магадлалтай зөвхөн гадна холтос чийгтэй мод байна. Унанги модны хожуулууд хуурай мод байна. Иргэн хүн ойгоос зөвхөн цэвэрлэгээний ажлаар /ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2/ зааснаар мод бэлтгэж болно. Тухайн бэлтгэсэн моднууд нь өмх ихтэй, яртай тэгш шулуун биш, түлээний модны MNS5413:2011 стандартын 4.1 дэх заалтыг хангасан галын түлшний мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой. Тухайн моднуудыг 2022 оны 08 дугаар сард бэлтгэсэн байх магадлалтай. “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрын ойгоос 2,38 метр куб мод бэлтгэсэн байна. Мод бэлтгэсэн газар болох Нөмрөг сумын Баянзүрх багийн “Хөндлөнгийн дөрөлж” гэх газар нь БОНХ сайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. БОАЖ сайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн 2 дугаар муж дахь нэг шоо метр хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээ нийт 109,760 төгрөг, хуурай шинэс төрлийн модны итгэлцүүр-1.0 нэг шоо метр нойтон модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн модонд шууд ба шууд бус үр ашгийг үнэлгээ нийт 369,436 төгрөг, нойтон шинэс төрлийн галын түлээний модны итгэлцүүр-1.4, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хөндлөнгийн дөрөлж гэх газрын ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ хуурай 109760х2.0х1.0=219520 төгрөг, нойтон 369436х0.38х1.4=196554 төгрөг нийт 416074 төгрөг байна. Иргэн хүн ойгоос зөвхөн цэвэрлэгээний ажлаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт унанги модноос бэлтгэж болно. Босоо мод унагаж болохгүй. Иргэн хүн Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 зааснаар мод бэлтгэх эрхийн бичгийг авч заасан хугацаанд мод бэлтгэнэ. Эрхийн бичиггүй бол Ойн тухай хуулийн 35 дугаар заалтын 35.4.2-ын дагуу хууль бус болно. Баянзүрх багийн “хөндлөнгийн дөрөлж” гэх газрын солбилцол N48.45.21.7, E096. 16.7, И 48.47.18.9, E 096.36.54.1, коридинат цэгийн зураг...” гэх дүгнэлт /хх 42-45/,
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн улсын байцаагчийн акт, /хх 46/ Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн “Хөндлөнгийн дөрөлж гэх газраас бэлтгэсэн бөөрөнхий модны тоо, хэмжээ эзлэхүүний хүснэгт /хх 44-45/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/ зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн: “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.38 метр куб түлээний хуурай мод болон нойтон шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Нөмрөг сумын төв рүү тээвэрлэж ойн санд 416,074 төгрөгийн хохирол учруулсан. Би ойн санд учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч Ч.Пүрэвдоржид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.38 метр куб хуурай болон нойтон мод бэлтгэж, Завхан аймгийн Нөмрөг сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 2.38 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 416,074 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,248,222 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundain porter” маркийн 39-15 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Отгонбилэгийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...А.Отгонбилэгийн эзэмшлийн “Hyundain porter” маркийн хөх өнгийн 39-15 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачин сумын төв рүү орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, “...эзэмшигч А.Отгонбилэг...” гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь түүний “...Би өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй цахилгаан хөрөө болон ногоон өнгийн мяндсан уяаг ашиглан бэлтгэсэн...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж ангилахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundain porter” маркийн 39-15 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч А.Отгонбилэгт буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн 30,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,38 м3 25 ширхэг модыг тус тус улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6 метрийн урттай ногоон өнгийн мяндсан уяаг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булган тайж овогт Чойдонгийн Пүрэвдоржийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвдоржид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 1,248,222 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пүрэвдоржид авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй,
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Пүрэвдоржоос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundain porter” маркийн 39-15 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг гаргуулж, Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн 30,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2,38 м3 25 ширхэг модыг тус тус улсын орлого болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 метрийн урттай ногоон өнгийн мяндсан уяаг устгасугай.
8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 37 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
Гэрч Ч.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг “Хөндлөнгийн дөрөлж” гэх газрыг ойгоос ганцаараа 3 ширхэг босоо мод унагаж мөн 2 унанги модны үзүүр хэсгээс мод тайрч бэлтгэсэн юм. Тэгээд би өөрийн эхнэр А.Отгонбилэгийг мод ачилцаад өгөөч гэж гуйгаад өөрийнхөө Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай автомашинд ачаад Нөмрөг сумын төв рүү тээвэрлэж яваад орой 17 цагийн үед сумын цагдаатай таарч шалгуулсан юм. Тухайн үед цагдаад- шалгуулахад надад мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Харин сүүлд нь хадам аав А.Содномванчигийн 21-114564 дугаартай /канондсон/ түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлсэн юм. Тэгсэн намайг өөрийнхөө нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой таны асуудлыг шалгана гэж хэлсэн юм. Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сумын засаг даргын тамгын газрыг Пургон маркийн автомашинтай байгаль хамгаалагч, цагдаа нарын хамт хөдөө яваад мод бэлтгэсэн газраа үзүүлсэн юм. Тэгээд би ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлаар шалгуулах болоод байна. Миний ойгоос унагасан 3 ширхэг босоо модны 2 ширхэг нь хожуул хэсгээрээ өмөгтэй мод байсан. Би ойгоос дээрх моднуудыг бэлтгэхдээ 1.50 метрийн уртаар тайрч бэлтгэж байсан юм. Миний бэлтгэсэн моднуудаас 1 ширхэг босоо мод нь чийгтэй нойтон, харин бусад моднууд нь хуурай моднууд байгаа юм. Би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөө, ногоон өнгийн мяндсан уяа зэргийг ашиглаж тухайн моднуудыг бэлтгэсэн юм. Харин тухайн моднуудыг Бонго маркийн 39-15 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн юм. Миний автомашины бичиг баримт нь манай эхнэрийн нэр дээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх 33-34/,