Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2019/00067/И |
Дугаар | 117 |
Огноо | 2019-05-14 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 117
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт Г.Т /РД:............/, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг .................... тоот
Хариуцагч: ******* овогт Д.А /РД:............../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг ........................ тоот
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т , хариуцагч Д.А , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А тэй 2014 оноос 2018 он хүртэл хамтран амьдарсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 5-ны өдөр анхны охин А.И , 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр удаах охин А.Ит нар төрсөн. Одоо Ивээл 3 настай, А.Ит 4 сар гарантай. Д.А нь ар гэр үр хүүхдээ харж халамжилдаггүй. Байнгын гадуур тэнэж архи ууж хамтран амьдрах боломжгүй үзэл бодол зөрчилдсөн. Иймд хариуцагч Д.А гээс А.И , А.Ит 2 охиндоо тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Д.А бид 2 эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бол өөр хэлэх зүйл байхгүй. Хамт амьдрахгүй тусдаа амьдарч байгаа. 2018 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Д.А эмээгийндээ, би ээжтэйгээ, 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Ажил үүрэг болон гэр бүл хүүхдүүдээ гэсэн сэтгэлгүй байгаа зүйлээс хоёулангаас нь болоод байгаа гэж бодож байна. Манай ээж л 2 хүүхдийг маань харж ханддаг. Д.А эцэг нь байж ерөөсөө анхаарал тавьдаггүй. Ядаж хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолговол нэмэртэй гэж бодож байна. Гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч бага хүүхэд маань 1 нас хүрээгүй болохоор гэрлэлтээ цуцлуулах боломжгүй байгаа юм. Тийм болохоор эртхэн хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байгаа гэв.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.А миний бие Г.Т ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хоёр хүүхэддээ тэтгэлэг төлөх нь үнэн болно гэжээ.
Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Би Ханбогд суманд ажиллаж байгаа. Хамт амьдрах боломжтой. Би шүүхээр заавал орохгүйгээр хүүхдүүдээ мөнгө өгч байя гэсэн боловч өөрөө шүүхээр тогтоолгоно гээд байгаа юм гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дугаартай Г.Т , Д.А нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү А.И , А.Ит нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагч Д.А гийн шүүхэд гаргасан хариу тайлбар, Г.Т нь /РД:...............1/ Даланзадгад сум /хот/-ын Хан-Уул 2 дугаар багийн ............... тоотод ам бүл 4-үүл оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэсэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 461 дугаартай Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Д.А гээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.
Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Г.Т , Д.А нар нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь ******* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байх ба тэдний дундаас 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин А.И , 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр охин А.Ит нар төрсөн болох тэдний 4601000632, 4601000463 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч нь өөр орон нутагт ажиллаж байгаа, 2018 оны 03 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа шалтгаанаар гэр бүлийнхээ өмнө хүлээсэн эцэг болон нөхрийн үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгч хүүхдүүдээ асрах, тэжээн тэтгэх үүргийг дангаараа гүйцэтгэж ирсэн байна.
Хариуцагч өөр орон нутагт ажиллаж, амьдарч байгаа хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул хүүхдээ асрамжлаагүй эцгээс нэхэмжлэгч уг үүргүүдийг шаардах эрхтэй байна.
Иймд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин А.И , 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Ит нарт эцэг Д.А гээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Т нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасныг үндэслэн 11 хүртэлх насны хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэгчийн илүү төлсөн 19 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А / РД:................./-ээс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин А.И , 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин А.Ит нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А гээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гээс улсын тэмдэгтийн хураамж 50 873 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 19 327 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ