Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч О.Батбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Батбаатарт холбогдох 2224000510071 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны олборлолтын инженер мэргэжилтэй, “Оюутолгой Редпат Монголиа” ХХК-д өрмийн оператор ажилтай, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22б-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, УК90050651 регистрийн дугаартай, Олхонууд овогт Оюунчимэгийн Батбаатар,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Батбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутагт “Toyota Aqua-P10” маркийн 40-28 УАУ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Б.Өнөржаргалын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклтой мөргөлдөж Б.Өнөржаргалын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Батбаатар нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт “Toyota Aqua-P10” маркийн 40-28 УАУ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Б.Өнөржаргалын жолоодож явсан “Мустанг-5” маркийн мотоциклтой мөргөлдөж Б.Өнөржаргалын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Б.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг Дэнж хорооллын зам дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн 29-70 ЗАЗ улсын дугаартай мотоциклыг жолоодож явах үед Нархан зоогийн газрын хажуу талын шороон уулзвар дээр нэг машин орох гээд бүрэн эсрэг урсгалдаа орж дохиогоо өгсөн байсан. Би өөрийн мотоциклынхоо тоормозыг нэлээн холоос дарж тухайн машины баруун талын урд хэсгийг өөрийн мотоциклынхоо урд хэсгээр мөргөж зогссон. Тэр үед би эсрэг урсгал руу орж тухайн машиныг өнгөрөөд гаръя гэж бодтол эсрэг урсгалд 2-3 машин явж байсан. Уг ослын улмаас миний баруун талын 7, 8 дахь хавирга хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх 25/,

Гэрч Б.Ууганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 16-17 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орж явах үед засмал замын урд хэсэгт “Нархан” гэх нэртэй зоогийн газар харагдахаар нь нөхрийн хамт тухайн газарт хоол идэх гээд манай нөхөр зүүн гар тал руу эргэх дохио өгөөд тухайн эсрэг зам дээр зогссон. Тэр үед шороон зам руу орох гэтэл баруун талаас нэг мотоцикл ирээд манай машины баруун талыг мөргөсөн. Осол болох үед 40-28 УАУ улсын дугаартай “Toyota Aqua-P10” маркийн үзмэн ягаан өнгөтэй тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодож явж байсан. Би нөхрийн хажуу талын суудалд сууж явсан. Тухайн үед “Наран” гэх зоогийн газрын шороон замын уулзвар руу орох үед өмнөөс манай машинаас өөр машин байгаагүй. Тухайн үед би машиныхаа хяналтын самбарыг харах үед тухайн уулзвар руу 5-10 км/цагийн хурдтай зүүн дохио өгч орсон. Осол болох үед 40-28 УАУ улсын дугаартай “Toyota Aqua-P10” маркийн үзмэн ягаан өнгөтэй тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодож явж байсан...” гэх мэдүүлэг /хх 41-42/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 000000381 дугаартай: “...Б.Өнөржаргалын биед баруун 7, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь зам тээврийн осолд орох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 60/,

2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн: “...“Toyota Aqua-P10” маркийн 40-28 УАУ улсын дугаартай автомашины жолооч О.Батбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөн. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Өнөржаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна. Осол болох гол шалтгаан “Toyota Aqua-P10” маркийн 40-28 УАУ улсын дугаартай авто машины жолооч О.Батбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан  “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн...” гэсэн магадалгаа /хх 83-85/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-16, 20-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Батбаатар “...Би эхнэр хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг явах гээд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 40-28 УАУ улсын дугаартай “Toyota Aqua-P10” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд амраад хонож өнжөөд явж байгаад 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орж ирсэн. Тосонцэнгэл сум руу орж ирээд хоол идэх гээд газар хайгаад явж байтал замын урд талд “Нархан” нэртэй зоогийн газар байсан. Тэгээд тэр цайны газар орж хоол идэх санаатай замын зүүн гар тал руугаа эргэх гээд зүүн дохио өгөөд эргэж байтал өөдөөс нэг мотоциклтой хүн ирээд миний машиныг мөргөөд урд шилэн дээгүүр гараад замын хажуу руу унасан. Тэр хүн миний машины жолооч талын хэсэг рүү мөргөөд унахаар нь би машинаасаа тэр хүн дээр очоод та зүгээр үү гэж асуухад баруун мөрөө бариад ёолоод байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Би хохирогч Б.Өнөржаргалд 1,080,000 төгрөгийн хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан үйл баримтыг давхар нотолж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Батбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Батбаатарын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Батбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.Өнөржаргалын “...Надад учирсан хохирол болох 1,080,000 төгрөгийг О.Батбаатар нь бүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож  байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хавсаргаж үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Оюунчимэгийн Батбаатарыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Батбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ