Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/08

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Б.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 20.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой,  оператор мэргэжилтэй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б******* Н.ын М /РД:/-д холбогдох эрүүгийн 2220001230... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “О” худалдааны төвд байрлах иргэн Б.Б.ий эзэмшлийн гар утас, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтэрч гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, .. дүгээр байрны 1 давхарт байрлах иргэн О.Т.ийн эзэмшлийн гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу фото студийн цонхыг хагалж, нэвтэрч 3 ширхэг гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 04 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 замын уулзварын урд талд байрлах Б.У.ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох "Б” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны гадна төмрийг нь эвдэж, цонхыг нь түлхэн нэвтэрч, текний доор байсан 120.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг Т.Э.ын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох "Т" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч, кассан дотор байсан 150,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

-2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө "Б ” ХХК- ийн эзэмшлийн хашаанд байсан ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 85 км, Эрдэнэ сумын 1 дүгээр баг, "Цагаан хад” өртөөнөөс урагш 3 км зайд зам дээр орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би бүх хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан, тэгээд л ийм хэрэг хийчихлээ, хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг ялын хэмжээ багасах юм байна, гэм буруугаа зөвшөөрсөн байх ёстой, хохирлоо төлсөн байх ёстой гэж  ойлгосон. Дахиж ийм хэрэг хийхгүй ” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 10 сарын 15-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Э худалдааны төвийн  өөдөөс харсан О худалдааны төвийн гар утас зардаг лангууны цонхыг хоосон архины шилээр цохиж хагалж ороод гар утас болон гар утасны дагалдах хэрэгсэл хулгайлсан. Яг хэдэн ширхэгийг авснаа санахгүй байна.  Авсан эд зүйлээ С.ын барилгын материалын зүүн талд байдаг эзгүй айлын амбаарт нуусан байсныг цагдаа нарт гаргаж өгсөн. Би  2022 оны 09 сарын 27-ны  00 цагаас хойш Замын-Үүд сумын ...-р байрны хажууд байрлах Т дэлгүүрийн цонхыг хөлөөрөө жийж  ороод кассанд байсан 37,300 төгрөг авсан хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн. 2022 оны 10 сарын 13-ны шөнө 00 цагаас  хойш Замын-Үүдийн  1 дүгээр сургуулийн хажууд байрлах А гэрэл зургийн газрын цонх нь онгорхой байсан тул түлхэн ороод 2 ширхэг том, 1 ширхэг жижиг зургийн аппарат хулгайлсан. Би тэр шөнөдөө явж байгаад бага сургуулийн 4 замын уулзварт байрлах  хүнсний дэлгүүрийн  цонхыг нь түлхэн  онгойлгож  дотогшоо ороод кассанд байсан бэлэн 6,400 төгрөгийг аваад гарсан. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 00 цагийн орчимд Б ХХК-ний  хашаанд ажилчидийн байрны хажууд байсан ..-.. HHH дугаартай приус-20 маркийн машин байсныг унаж гараад Эрдэнэ сум руу  явж байгаад дугуй хагарч зогсоод тэндээ машиндаа унтаад өглөө тэр хавьд ойр байсан айлд очиж ээжрүүгээ  гар утсаар ярьсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би Улаанбаатар  хот руу яваагүй. Төмөр замын вагоны тээшинд хийгээд М.тай гар утсаар  холбогдоод  аваарай гэж хэлсэн. А гэрэл зургийн  газрын цонх онгорхой байсан.  Би М.т ломбарданд тавьчихаад мөнгийг шилжүүлээрэй гэхэд 800,000 төгрөг шилжүүлсэн. Би авсан эд зүйлүүдийг  хэн нэгэн хүнд өгч заруулаагүй, заруулах боломж байгаагүй. Б дэлгүүрийн цонхыг гараараа цохиж хагалсан. Төмөр торон хаалттай байсан жоохон татаж  байгаад голоор нь шургаж орсон. Кассанд байсан 6,400  төгрөг л авсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй. Би Б ХХК-д туслах ажилтан хийж байсан. Тэр пруис-20 компанийн нэр дээр  байдаг гэж  сонсож байсан. Би тухайн үед төрсөн эцэг рүүгээ очихоор унаж гарсан.  Нэмж ярих зүйл байхгүй, хэргийг хурдан шуурхай шийдүүлмээр байна, өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байна. Гар утас, чихэвч, цэнэглэгч зэргийг О худалдааны хүнд нь биет байдлаар хүлээлгэн өгсөн. Б дэлгүүрт 120,000 төгрөгийг манай ээж өгсөн байсан. Т дэлгүүрт 50,000 төгрөгийг ээж маань өгсөн байсан. Зургийн аппаратуудыг тоо ширхэгээр нь биет байдлаар буцаан өгсөн. Тээврийн хэрэгслийг Б ХХК-ний захиралд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 63-70/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 03/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 04-11/

 

Хохирогч Б.Б.д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 22/

 

Хохирогч Б.Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Э худалдааны төвийн хойно байрлах “О” худалдааны төвд байрлах  гар утасны дэлгүүрээ онгойлгох  гээд ирэхэд гадна талын  цонх нь хагархай байхаар нь хулгайч  орсон байна гэж мэдээд  цагдаагийн байгууллагад  дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс  VERTU  маркийн шар өнгийн  /Gold/  цоо шинэ гар утас 1 ширхэг, нугастай Samsung foldr  2 маркийн  цагаан өнгөтэй  гар утас нэг ширхэг, нугастай хөх өнгийн  LG  маркийн гар утас 1 ширхэг, машинд тогтоогоод цэнэглэдэг Samsung fold 3-ын бор, цагаан 2 өнгө хосолсон тогтоогч 2 ширхэг, iphone оригнал чихэвч 30 ширхэг цагаан өнгөтэй, радатор 30 ширхэг цагаан өнгөтэй, iphone оролттой хямд чихэвч 20 ширхэг цагаан өнгөтэй, Power bank-10000-тай 10 ширхэг хөх, болон цагаан өнгөтэй, AUX- 610d оролтой хар болон цагаан өнгөтэй чихэвч 10 ширхэг, AUX-510d оролттой цэнхэр, цагаан, хар өнгөтэй чихэвч 10 ширхэг, машины MP 6 ширхэг цэнхэр өнгөтэй, 3,1-тэй ССТ цэнэглэгч ophone8 samsung нийт 60 ширхэг, air pods цагаан өнгийн оригнал чихэвч 1 ширхэг, Bluetooth өнгийн чихэвч 2 ширхэг, машины оролттой USB залгууртай алтан шаргал өнгийн цэнэглэгч 2 ширхэг, iphone ком цэнэглэгч 20 ширхэг ногоон, цагаан өнгийн хайрцагтай, хямд Samsung чихэвч 20 ширхэг өнгө өнгийн өнгөтэй, PUBG сэнс 3 ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон. VERTU маркийн шар өнгийн /Gold/ цоо шинэ гар утас 1 ширхэг 800,000 төгрөгийн үнэтэй. .Нугастай Samsung folder 2 маркийн цагаан өнгөтэй гар утас нэг ширхэг 150,000 төгрөгийн үнэтэй. Нугастай хөх өнгийн LG маркийн гар утас 1 ширхэг 120,000 төгрөгийн үнэтэй. Машинд тогтоогоод цэнэглэдэг Samsung Fold 3-ын бор, цагаан 2 өнгө хосолсон тогтоогч 2 ширхэг нэг ширхэг нь 500,000 төгрөгийн үнэтэй. iphone оригнал чихэвч 30 ширхэг цагаан өнгөтэй нэг ширхэг нь 60,000 төгрөгийн үнэтэй. Радатор 30 ширхэг цагаан өнгөтэй нэг ширхэг нь 60,000 төгрөгийн үнэтэй. iphone оролттой хямд чихэвч 20 ширхэг цагаан өнгөтэй нэг ширхэг нь 18,000 төгрөгийн үнэтэй. Power bank-10000-тай 10 ширхэг хөх, болон цагаан өнгөтэй 1 ширхэг нь 60,000 төгрөгийн үнэтэй. AUX-610d оролтой хар болон цагаан өнгөтэй чихэвч 10 ширхэг 1 ширхэг 25,000 төгрөгийн үнэтэй. AUX-510d оролттой цэнхэр, цагаан, хар өнгөтэй чихэвч 10 ширхэг 1 ширхэг нь 18,000 төгрөг, Машины MP 6 ширхэг цэнхэр өнгөтэй нэг ширхэг 35,000 төгрөг, 3,1-тэй ССТ цэнэглэгч ophone8 samsung нийт 60 ширхэг 1 ширхэг нь 10,000 төгрөг, Air pods цагаан өнгийн оригнал чихэвч 1 ширхэг 150,000 төгрөг 14. Bluetooth чихэвч 2 ширхэг нэг ширхэг нь 55,000 төгрөг, Машины оролттой USB залгууртай алтан шаргал өнгийн цэнэглэгч 2 ширхэг 1 ширхэг нь 25,000 төгрөгийн үнэтэй,  iphone ком цэнэглэгч 20 ширхэг ногоон, цагаан өнгийн хайрцагтай нэг ширхэг нь 15,000 төгрөг,  Samsung чихэвч 20 ширхэг өнгө өнгийн өнгөтэй нэг ширхэг нь 10,000 төгрөг, PUBG сэнс 3 ширхэг нэг ширхэг нь 20,000 төгрөгийн үнэтэй эд зүйлүүд алдагдсан. Нийт 8,480,000 төгрөгийн хохирол учирсан.... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29, 32/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Гар утас VERTU маркийн шар өнгөтэй 1 ширхэг 780,000 төгрөг,

2.Нугастай Samsung folder 2 маркийн цагаан өнгөтэй гар утас нэг ширхэг 130,000 төгрөг,

3.Нугастай хөх өнгийн LG маркийн гар утас 1 ширхэг 110,000 төгрөг,

 4. Машинд тогтоогоод цэнэглэдэг Samsung Fold 3-ын бор, цагаан 2 өнгө хосолсон тогтоогч 2 ширхэг нэг ширхэг 960,000 төгрөг,

5.iphone оригнал чихэвч 30 ширхэг цагаан өнгөтэй 1,650,000 төгрөг,

6.Радатор 30 ширхэг цагаан өнгөтэй 1,650,000 төгрөг,

 7.iphone оролттой хямд чихэвч 20 ширхэг цагаан өнгөтэй 300,000 төгрөг,

8. Power bank-10000-тай 10 ширхэг хөх, болон цагаан өнгөтэй 550,000 төгрөг,

9.AUX-610d оролтой хар болон цагаан өнгөтэй чихэвч 10 ширхэг 220,000 төгрөг,

10.AUX-510d оролттой цэнхэр, цагаан, хар өнгөтэй чихэвч 10 ширхэг 150,000 төгрөг,

11.Машины MP 6 ширхэг цэнхэр өнгөтэй 180,000 төгрөг

12. 3,1-тэй ССТ цэнэглэгч ophone8 samsung нийт 60 ширхэг 600,000 төгрөг,

13. Air pods цагаан өнгийн оригнал чихэвч 1 ширхэг 145,000 төгрөг

14. Bluetooth чихэвч 2 ширхэг 90,000 төгрөг

15.Машины оролттой USB залгууртай алтан шаргал өнгийн цэнэглэгч 2 ширхэг 44,000 төгрөг,

16. iphone ком цэнэглэгч 20 ширхэг ногоон, цагаан өнгийн хайрцагтай 260,000 төгрөг,

17. Samsung чихэвч 20 ширхэг өнгө өнгийн өнгөтэй 200,000 төгрөг

18. PUBG сэнс 3 ширхэг 54,000 төгрөг, нийт 7,533,000 төгрөг” ТХҮ-922/4896 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 39-41/

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол  /1хх-ийн 52-53/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 71-76/

Хохирогч О.Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би "Э" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэйгээр Замын-Үүд сумын 1 дүгээр баг ..-р байрны нэг давхарт “А” фото студийг охин О.ын хамт ажилуулдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө манай охин Г.О ажил дээрээ ирсэн тэгсэн цонх нь онгорхой, түгжээ нь эвдэрчихсэн гадна төмөр хаалт нь тахийж муруйсан байхаар нь дотор байгаа эд зүйлээ бүртгээд үзсэн чинь гурван ширхэг зурийг аппарат алдагдсан байна гэж надад хэлээд цагдаад дуудлага өгсөн байна лээ. Canon EOS 6D, Nikon D7000, Nikon брэндийн жижиг зургийн аппарат нийт гурван ширхэг зургийн аппарат алдагдсан байсан. ... Манайх гурван ширхэг гэрэл зургийн аппарат алдсан эдгээрийг бүгдийг нь олж авч хохиролгүй болсон тул цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 80/

Гэрч Г.О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цагт ажил дээрээ ирэхэд ажлын газрын цонх онгорхой, түгжээ нь эвдэрсэн, гаднах төмөр хаалт нь тахийж муруйсан байхаар нь дотор байгаа эд зүйлсийг шалгахад Canon EOS 6d, Nikon D700, мөн загварын мэдэхгүй байна Nikon брэндын хуучны загварын аппрат нийтдээ 3 ширхэг гэрэл зургийн аппрат алдагдсан байсан. Би өмнөх орой нь буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой ажлын цонх, хаалгыг бүрэн шалгаж 20 цагийн үед гэртээ харьсан. Манай гэрэл зургийн студи руу нэвтэрч хулгай хийсэн хүн 10 дугаар сарын 12-ноос 13-ны шөнө гэрэл зургийн аппратуудыг хулгайлж авсан болов уу. Би хулгай орсныг мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай ээж бид хоёр Canon EOS 6D мэргэжлийн гэрэл зургийн аппратыг 2021 онд 6,100,000 төгрөгөөр, Nikon D7000 хагас мэрэгжлийн гэрэл зургийн аппратыг 2015 онд 4,500,000 төгрөгөөр, загварыг нь мэдэхгүй байгаа Nikon брэндын хуучны загварын энгийн гэрэл зургийн аппратыг 2008 онд 1,200,000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Манай ээж бид хоёр Canon EOS 6D мэргэжлийн гэрэл зургийн аппратыг 2021 онд 6,100,000 төгрөгөөр, Nikon D7000 хагас мэрэгжлийн гэрэл зургийн аппратыг 2015 онд 4,500,000 төгрөгөөр, загварыг нь мэдэхгүй байгаа Nikon брэндын хуучны загварын энгийн гэрэл зургийн аппратыг 2008 онд 1,200,000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 83-84/

Гэрч Ц.Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Манай дүү ааш зангийн хувьд маш даруухан дөлгөөнхөн зантай хүнд тусархуу хүний үгэнд оромтгой, хүний үгээр л байх гээд байдаг нь ажиглагдаж байсан” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 92/

Гэрч Т.Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н.ын М нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Миний хүү 2003 оны 08 сарын 23-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн. Манай дөрөв дэх хүүхэд дээрээ гурван ахтай дороо хоёр эрэгтэй дүүтэй. Бага насаа Эрдэнэ сумандаа өнгөрөөж сургууль цэцэрлэгт явж 9 дүгээр ангиа төгсөж Чойр луу коллежид сурахаар явж тэндээ 2 жил сурч төгссөн. Дараа нь Замын-Үүдэд байдаг мал эрүүлжүүлэх төвд ажиллаж байсан. Мөн Мак Цементний үйлдвэрт ажиллаж байсан хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсныг нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь миний хүү их даруухан дуу цөөтэй хүний үгэнд оромтгой зөөлөн хүүхэд байгаа юм яагаад ийм хэрэгт холбогдсон талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоо хүүгээ цагдаагийн байгууллагад хүний камер зургийн аппаратыг 750.000 зарсан байна гэж л сонссон өөр зүйл сонсоогүй.  Хүүгийнхээ найз нөхдийнх нь талаар огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 95-96/

Гэрч М.М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М 10 сарын 13-наас 15-ны хооронд яг аль өдрийг нь санахгүй байна, надтай хамт "Б" ХХК-руу хамт ирж ажилд орсон.... 2022 оны 10 дугаар сарын 15-ны үед санагдаж байна М над руу үл таних скайтелын дугаараас миний 88...... тоот дугаар луу залгаад “... М байна чи наашаа Замын-Үүд рүү ирэх гэж байгаа юм уу би чамруу 2 ширхэг том зургийн аппарат, 1 ширхэг жижиг зургийн аппарат явуулья чи 3 ширхэг зургийн аппаратыг зараад 1 жижиг зургийн аппаратны мөнгийг чи өөрөө аваарай гэсэн тэгэхээр нь би наадах чинь хулгайнх юмуу гэсэн чинь үгүй ахынх гэж хэлсэн...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би Төмөр замын төв вокзал дээрээс очиж вагоны тээшнээс хайрцагтай эд зүйл авсан гадна хэсэгт нь миний 88...... тоот дугаарыг бичихсэн байсан тэрийг авч гэртээ очоод задлаад үзсэн чинь 2 ширхэг том зургийн аппарат 1 ширхэг жижиг зургийн аппарат байсан. Би тэр өдөр нь өөрийнхөө бичиг баримтаар /одоо нэрийг нь санахгүй байна би өөрөө заагаад өгч чадна/ 2 ширхэг том аппаратыг нь 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад би 100.000 төгрөгийг нь авч үлдээд үлдсэн 900.000 төгрөгийг нь М.ийн өгсөн дансны дугаар луу шилжүүлж байсан. Жижиг зургийн аппаратыг нь ломбарданд үзүүлээгүй байж би аваад Замын-Үүдэд ирж М.д өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-101/

Гэрч О.А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Машиныг ажилчид хашаан дотроо унадаг юм учир нь манай хашаа маш том юм. Түлхүүр нь машиндаа л байдаг юм. Хашааны төв үүдэнд манаач байдаг хойд хаалга манаачгүй онгорхой байсан. Машин унаж явсан тэр өдөр М ажил дээрээ ирээгүй... Би “6D” D7000” гэсэн  хоёр ширхэг гэрэл зургийн  аппарат, нэг жижиг аппаратыг М над руу вагоны тээшээр явуулсныг очиж аваад хоёр томыг нь хорооллын М.ын О гэсэн барьцаалан зээлдүүлэх газарт 1,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан нөгөө жижигийг тавиагүй. 1,000,000  төгрөгөөр барьцаанд тавьснаас М.д 800,000 төгрөгийг өгч өөрөө 200,000  төгрөгийг нь авсан. Би барьцаанд тавьсан ломбарднаас  D7000 маркийн гэрэл зургийн аппаратыг нь авч цагдаад өгсөн. Нөгөө D6 маркийн аппарат нь  зарагдсан байсан тул интернэтээс хайж байгаад  хувь хүнээс авахаар бол тохиролцоод мөнгийг нь  М.ийн ажилласан  хоногийн цалингаас нь захирал авч өгөөд худалдаж аваад  цагдаад өгсөн. Жижиг  зургийн аппаратыг  М.ийн  хэрэглэж байсан цүнхэнд байсныг цагдаа нарт  гаргаж өгсөн.  Цагдаа нар А студэд хүлээлгэн өгсөн байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 103-105, 113-114/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 118/

            Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ -2021 онд БНХАУ-ын Бээжин хотоос захиалж авсан Canon EOS 6D маркийн мэргэжлийн гэрэл зургийн аппрат 1 ширхэг 5,760,000 төгрөг,

            - 2015 онд БНХАУ-ын Бээжин хотоос захиалж авсан Nikon D7000 маркийн хагас мэргэжлийн гэрэл зургийн аппрат 1 ширхэг 1,700,000 төгрөг,

            - 2008 онд БНХАУ-ын Бээжин хотоос захиалж авсан NIKON маркийн өөрөөсөө дурантай жижиг гэрэл зургийн аппрат 1 ширхэг 150,000 төгрөг нийт 7,610,000 төгрөг гэсэн” ТХҮ-922/4802 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 123-125/

            Хохирогч О.Т.т “ Nikon” маркийн том, жижиг зургийн аппарат, “Canon” маркийн зургийн аппарат зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 156/

            Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 174-178/

Хохирогч Р.Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цагт ажил дуусаад амрах гээд ороход манай байгууллагын ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хашаан доторх амралтын байрны зогсоол дээр байсан юм. Өглөө 07 цаг 30 минутын үед гарч ирээд машинаа авах гэтэл байгууллагын ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байгаагүй. Тухайн үед хэн нэгэн унаад явсан байна гэж бодоод байгууллагын бүх ажилчид руугаа гар утсаар залгаж асуухад машин унаж явсан хүн байгаагүй. Машин байсан газраар эргэж тойроод харсан чинь машины мөр байгууллагын арын хаалгаар гараад явсан мөр үлдсэн байсан. Тэгээд энэ ямар нэгэн асуудал боллоо гээд манай байгууллагын дэд захирал А машин алга болсон талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирж  ажилласан. Манай байгууллагын нэр дээр байдаг байгууллагын тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийг би хариуцан байгууллагын хашаан дотор унадаг.  Хэлээгүй энэ машиныг зөвхөн би унадаг хэрвээ гар дамжуулахаар бол надаас зөвшөөрөл авдаг. Тухайн үед хэн ч зөвшөөрөл аваагүй байсан болохоор алга болсон нь тодорхой байсан. Түлхүүр нь машин дотроо зоолттой байсан. Байгууллагын хашаан дотор байнга хэрэглэж байдаг болохоор түлхүүрийг нь сугалж авдаггүй. Урьд гупер байхгүй хар ажилд унадаг болохоор өнгө үзэмж муутай. Гэхдээ хэвийн үйл ажиллагаатай тээврийн хэрэгсэл. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагаас над руу залгаад таны тээврийн хэрэгслийг авчрах замд хойд дугуй нь эвдрэл үүссэн хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон машинаа ирээд авчих гэсэн. Удалгүй би Замын-Үүд сумаас 40 км орчим очиж цагдаагаас машинаа хүлээн авсан. Намайг ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг цагдаагаас хүлээн авахад хойд дугуйны боолт нь тасарсан байснаас бусдаар хэвийн эвдэрч гэмтсэн зүйлгүй бүрэн бүтэн хүлээн авсан. Манай байгууллагын хувьд гомдол санал бол байхгүй. ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн хүлээн авсан болохоор манай байгууллагад учирсан хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 188/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 11 сарын 25-ны өдрийн “ ..-.. HHH улсын дугаартай Pruis-20  маркийн авто машин 7,000,000 төгрөгийн үнэтэй” гэсэн  ДГО1001... тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200/

DVD дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 214-215/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 216-221/

            Хохирогч Б.У.ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг бага сургуулийн 4- н замын урд талд байрлах “Б” нэртэй 6-н нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчаар 2015 оноос хойш ажиллаж байна. Манай энэ дэлгүүрийг манай эцэг, эх хоёр ерөнхийдөө хариуцдаг. Одоогоор Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой би уг дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад орой 21 цаг 30 минутад дэлгүүрээ хаагаад гэртээ ирж амарсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09:00 цагийн үед дэлгүүр дотроо ороод гэрлээ асаасан чинь манай дэлгүүрт үйлчлэгч орж ирээд би хариулт мөнгө өгөх гэсэн чинь кассан дээр үлдээсэн мөнгө алга болчихсон байхаар нь түрийвчинд байсан мөнгөнөөсөө хариулт өгөөд гарсаных нь дараа цонхнуудынхаа хөшгийг нээх гэсэн чинь хүнсний тасгийн цонх хагас онгойсон байдалтай байсан. Тэгээд юу болсон юм бол гээд хөшгөө нээж үзтэл гадна хамгаалалтын төмрийг муруйлгаж тахийлгасан байдалтай манай дэлгүүрт хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талын цонхоор хулгайч орсон байсан. Манай дэлгүүр гадна талдаа хяналтын камер байхгүй. Дотор талдаа 6 камертай боловч тухайн үед 4 камер ажиллаж байсан. Яг текний хэсгийн хяналтын камер ажиллаагүй байсан. Манай дэлгүүрээс тэр үед худалдагчийн текний доор орой үлдээсэн задгай мөнгө болох 120,000 төгрөг хулгайд алдагдсан. Өөр зүйл алдагдаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/

            Хохирогч Т.Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө дэлгүүрын лангуу нурсан, цонх хагалж хүн орж ирсэн бололтой байсан. Тухайн үед манай дэлгүүрээс кассанд  байсан  бэлнээр 150,000  төгрөг байсныг аваад явсан байсан. Өөр эд зүйл  алдаагүй байсан. Тухайн мөнгө нь урд өдрийн  орлого байсан, би орой дэлгүүрээ хаагаад  явахдаа 4 ширхэг 5,000  төгрөг, тэгээд задгай мөнгөнүүд  орхисон байсан. Яагаад гэвэл маргааш өглөө нь  гурил талх боорцгоо авах гээд үлдээсэн байсан. Ер нь иймэрхүү хэмжээний мөнгийг  байнгын  үлдээчихдэг байсан. Бусад олсон бүх мөнгөнүүдээ өөрөө аваад явчихдаг. Тухайн үед кассанд үлдээсэн байсан мөнгийг маань үл таних хүн дэлгүүрийн цонхыг маань хагалж орж ирээд аваад явсан байсан. Би дэлгүүрийн цонхоо маргааш нь цонх засварын  хүнээр шиллүүхэд 40,000 төгрөг болсон. Тийм болохоор 40,000 төгрөгөөр үнэлж байна. ... Би хохирлоо бүрэн авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2-5/

            Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ Вакум цонхны шил мкв 1 120,000 төгрөг гэсэн”  ТХҮ-922/5045 шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 11-13/

Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт  /2хх-ийн 21/

 

Доронговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр 11-ний өдрийн 2022/цхшз/21 дугаартай /Н.М.ийг 1 сарын хугацаагаар цагдан хорих” тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 44-46/

 

Доронговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дүгээр 05-ны өдрийн 2022/цхшз/22 дугаартай /Н.М.ийг 1 сарын хугацаагаар цагдан хорих хугацааг сунгах” тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 58-61/

 

Доронговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар 14-ний өдрийн 2022/цхшз/23 дугаартай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /2хх-ийн 82-84/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт үйл ажиллагаа явуулдаг Т.Э.ын эзэмшлийн "Т" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч, кассан дотор байсан 150,000 төгрөгийг хулгайлсан,

-2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр байрны 1 давхарт байрлах иргэн О.Т.ийн эзэмшлийн гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу фото студийн цонхыг хагалж, нэвтрэн орж 3 ширхэг гэрэл зургийн аппаратыг хулгайлж, 7,610,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 04 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 4 замын уулзварын урд талд байрлах Б.У.ийн "Б” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны гадна төмрийг нь эвдэж, цонхыг нь түлхэн нэвтэрч, текний доор байсан 120.000 төгрөгийг хулгайлсан,

-2022 оны 10 дугаар сарын 14- нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “О” худалдааны төвд байрлах иргэн Б.Б эзэмшлийн гар утас, сэлбэг хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтэрч гар утас, гар утасны дагалдах хэрэгслүүдийг хулгайлан авч 7,533,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2022 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө "Б” ХХК- ийн эзэмшлийн хашаанд байсан ..-.. HHH улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 85 км, Эрдэнэ сумын 1 дүгээр баг, "Цагаан хад” өртөөнөөс урагш 3 км зайд зам дээр орхиж явсан үйл баримт болжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хулгайлах “ гэмт хэргийн шинж нь үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар өөрийн мэдэлд авч захиран зарцуулах шинжийг,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ автотээврийн хэрэгслийг  зөвшөөрөлгүйгээр авч явах “ гэмт хэргийн шинж нь завших зорилгогүйгээр бусдын өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах  шинжийг агуулсан байхыг шаардах юм.

 

Шүүгдэгч Н.М.ийн дээрх үйлдлүүд нь дээр дурдсан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.М нь бусдын эд хөрөнгийг хулгайлах, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон нотлох баримт болох хохирогч О.Т, Б.Б, Р.Б, Т.Э, Б.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ хулгайд алдагдсан эд зүйлсийн талаар” мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1хх-ийн 4-11, 71-76, 174-178, 216-221/, хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн гар утас, түүний дагалдах хэрэгслийг үнэлсэн дүгнэлт /1хх-ийн 39-40/, хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрэл зургийн аппарат үнэлсэн үнэлгээ /1хх-ийн 156/, Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ Вакум цонхны шил мкв 1 120,000 төгрөг гэсэн”  ТХҮ-922/5045 шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 11-13/, хохирогч Б.Б.д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 22/ зэрэг нотлох баримуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “  энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд  гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас  хохирол, хор  уршиг учирсаныг  гэмт хэрэгт тооцно гэж заасан байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хохирол учирсан нь түүний үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргүүдийг үйлдэх үедээ сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэж мэдүүлэх боловч уг үйлдлүүдийг хүсч үйлдсэн, үр дагаврыг ухамсарлан ойлгож байсан нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “ үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах “ гэмт хэргийг,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах  гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус, тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын тухайд:

Шүүгдэгч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Т, Б.Б, Р.Б, Т.Э, Б.У нарт  учирсан хохирлыг нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус, тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хүнд ял болох 1 жилийн хорих  ял дээр нэмж, нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад:

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.М нь энэ хэрэгт яллагдагчаар нийт 33 хоног цагдан хоригдсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б******* Н.ын М.ийг /РД:/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцсугай.

 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Н.ын М.ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус, тус  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, хүнд ял болох 1 жилийн хорих  ял дээр нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.М.д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.М.ийн цагдан хоригдсон 33 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6.Шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 5, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргйилдэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц