Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0262

 

                                             

   2021        04             26                                  128/ШШ2021/0262

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: П.Б

Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд.

Нэхэмжлэлийн шаардлага: П.Б тэтгэвэрт гаргах мэдэгдэл өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны цэргийн тэтгэвэр нөхөн гаргах тушаал гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгах шийдвэр гаргуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.Бнамайг Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд даргаар ажиллаж байхад Монгол Улсын шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн 09 тоот тушаалаар “ Гангийн нарийвчилсан үнэлгээ хийх.өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах ажлын хэсэг”-ийг ахлан 8 дугаар сарын 16-28-ний өдрүүдэд зүүн 10 аймагт албан томилолттой байхад Шадар сайдын 8 дугаар сарын 17-ний өдрийн 74 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байсан тул, уг тушаалыг хүчингүй болгуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 15-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128ШШ/2017/0956 дугаар шийдвэрээр Шадар сайдын 74 тоот тушаалыг хүчингүй болгож, 9 дүгээр сарын эхний цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, харин ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шаардлагыг хариуцагч тал татгалзаагүй тул Хөдөлмөрийн хуулийн 46.1-д зааснаар ажил олгогч сар бүр, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэйг дурдаж шийдвэрлэсэн болно.

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 91 тоот тушаалаар баталсан “Онцгой Байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах” журмын 5 дахь хэсгийн 5.3 д “Тэтгэвэр тогтоолгох албан хаагчид тухайн анги байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл өгнө.

Мэдэгдэх хугацаа нь тухайн албан хаагч тэтгэвэрт шаардагдах баримт бичиг, материалыг бүрдүүлж анги байгууллагад өгнө” гэж заасныг Онцгой байдлын ерөнхий газар зөрчсөн гэж тогтоосон.

Албан тушаалтан болон Онцгой байдлын ерөнхий газрын хууль бус үйл ажиллагааны улмаас надад тэтгэвэр тогтоох мэдэгдэл өгөөгүй 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэл ямарваа нэг цалин хөлс, тэтгэвэргүйгээр хохироож миний эрхийг зөрчсөн тул хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандаж байна.

Энэ хугацаанд миний бие ямар нэгэн цалин хөлс авч байгаагүй ба үүнээс болж Цэргийн албаны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил тасрах, тэтгэврээ зохих журмаар тогтоолгож чадахгүй байдалд хүрсэн нь Иргэний ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулинд харшилсан үйлдэл болж байна.гэжээ.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6,22 дугаар зүйлийн 22.1.5-д заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 8 хоног /57 нас хүртэл/ ажилласнаар тооцон тус хугацааны цалин 550872 /таван зуун тавин мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тухайн 550872 төгрөг нь Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үеийн цалин, хөлснөөс тооцон ажлын 8 хоногт бүгд 616,302 төгрөг, үүнээс эрүүл мэндийн даатгал /12,326/, хувь хүний орлогын албан татвар /53,398/, нийт 65724 төгрөгийн шимтгэлийг суутган олгосон гэх үндэслэлтэй байна.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0956 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хуульд заасан ахлах офицерын алба хаах хугацааг 52 наснаас сунган ажилласан 5 жилээр тооцоход нэхэмжлэгч П.Б 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй юм.” гэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн, мөн үүний дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгөөгүй зэргээс үзэхэд үргэлжлүүлэн төрийн байгууллагад ажиллан цалин хөлс авч, цэргийн цолоо хэрэглэж байх үндэслэлтэй. Энэ нь түүний гаргасан нэхэмжлэлийн 2 дугаар хуудсанд байгаа “нэхэмжлэл гаргасан” гэсэн хэсгээс харагдаж байна.

Нэхэмжлэгч П.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 9 сараас хойш 2020 оны 1 сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөх гэсэн агуулга нь дээрх шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэж байх тул 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших шимтгэлийг ажиллаж байсан байгууллага буюу Онцгой байдлын ерөнхий газраас нөхөн төлөх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасны дагуу алба хаах насны дээд хязгаарт хүрч чөлөөлөгдсөн, 2017 оны 9 дүгээр сарын 05 ны өдрөөс хойш Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаагүй, цалин хөлс олгоогүй бөгөөд түүнд нэхэмжлэлд дурдсан хугацааны шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Шадар сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Б нь Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасныг баримтлан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 8 хоног /57 нас хүртэл/ ажилласнаар тооцон тус хугацааны цалин 550872 /таван зуун тавин мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0956 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хуульд заасан ахлах офицерын алба хаах хугацааг 52 наснаас сунган ажилласан 5 жилээр тооцоход нэхэмжлэгч П.Б2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй юм.

Дээрх шүүхийн шийдвэрээр Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй нь Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3232 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Мөн Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаал хүчингүй болсон учраас тус тушаалыг үндэслэл болгон тэтгэвэр гаргах эрх зүйн боломжгүй бөгөөд шүүхийн шатанд П.Быг урьд эрхэлж байсан ажил нь эгүүлэн тогтоолгох асуудал эцэслэн шийдэгдээгүй явагдаж байсан юм.

Харин тухайн шүүхийн шатанд болон шүүхийн шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Шадар сайдад /2017.10.18/, дахин /2018.07.03/, Монгол Улсын Ерөнхий сайдад /2018.05.29/ удаа дараа өргөдөл гарган цаашид өөр ажил, албан тушаалд томилуулах хүсэлтийг өгч, тэтгэвэрт гарах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Тухайн үед 2017 оны 9 сараас хойш 2020 оны 1 сар хүртэл Шадар сайд болон Онцгой байдлын ерөнхий газарт тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч П.Б******* нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 9 сараас хойш 2020 оны 1 сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөх гэсэн агуулга нь дээрх шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэж байх тул 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойших шимтгэлийг ажиллаж байсан байгууллага буюу Онцгой байдлын ерөнхий газраас нөхөн төлөх эрх зүйн боломжгүй юм.

Иймд Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасны дагуу алба хаах насны дээд хязгаарт хүрч чөлөөлөгдсөн, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар ажиллаагүй, цалин хөлс олгоогүй бөгөөд түүнд нэхэмжлэлд дурдсан хугацааны шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй, мөн одоо Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багт ахлах багшаар ажиллан цалин, хөлс авч, тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгон авах боломжтой байгааг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “П.Б******* тэтгэвэр тогтоох мэдэгдэл өгөхгүй байгаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, тэтгэвэр нөхөн тогтоох, П.Быг тэтгэвэрт гаргах шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, цэргийн тэтгэвэрт нөхөн гаргах тушаал гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Б******* нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын П.Б******* тэтгэвэр тогтоох мэдэгдэл өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, тэтгэвэр нөхөн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарлаж, үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд П.Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, цэргийн тэтгэвэрт гаргах шийдвэр гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэв.

            Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалаар Цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд дарга, хурандаа П.Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэжээ.

            П.Б Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр[1] тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0956 дугаар шийдвэрээр Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

            Дээрх шүүхийн шийдвэрээр П.Быг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 74 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул Монгол Улсын Шадар сайд П.Быг цэргийн алба хаах насны хязгаарыг тооцон тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх эсхүл өөр ажилд томилох шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хуульд заасан ахлах офицерын алба хаах хугацааг 52 наснаас сунган ажилласан 5 жилээр тооцоход нэхэмжлэгч П.Б2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрсэн тул шүүхээс цэргийн албанд эгүүлэн тогтоох боломжгүй юм.” гэжээ.

Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрээр П.Быг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 57 нас хүрэхээс өмнө чөлөөлсөн нь буруу гэж үзэн Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болгосон бөгөөд П.Быг өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрсэн өдрөөс Монгол Улсын Шадар сайд цэргийн албан хаасны тэтгэвэрт тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн /2002 оны / 24.1 –т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:” 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;” 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.”,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3-д Хуульд өөрөөр заагаагүй бол агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна. Агентлагийн дэд даргыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.”,

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-ийн 1/ цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр; 4 дүгээр зүйлийн 1-ийн 5/ цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч; цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрхтэй,

Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасны дагуу алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх”-өөр тус тус зохицуулсны дагуу шийдвэрлэх ёстой.

Хариуцагчийн тайлбарт “...Тухайн үед 2017 оны 9 сараас хойш 2020 оны 1 сар хүртэл Шадар сайд болон Онцгой байдлын ерөнхий газарт тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт ирүүлээгүй болно.” гэх боловч  шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаалыг хүчингүй болгосны дараа П.Б*******оос 2017 оны 10 дугаар сарын 18, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тус тус Монгол Улсын Шадар сайдад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад Үндэсний батлан хамгаалах сургуульд сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллуулах талаар хүсэлт гаргажээ.

            Монгол Улсын Шадар сайдаас П.Быг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах эсхүл, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг аль нэгийг гаргаагүй орхигдуулсан нь П.Быг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Мөн хариуцагч тайлбартаа “...П.Б Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид Хилийн албаны удирдлага, стратегийн профессорын багт ахлах багшаар ажиллан цалин, хөлс авч, тухайн байгууллагаас тэтгэвэр тогтоолгон авах боломжтой” гэжээ.

Гэвч Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 74 дүгээр тушаал нь дээр дурсан шүүхийн шийдвэрээр  хүчингүй болсон тул П.Быг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар томилсон Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дүгээр[2] тушаал хүчинтэй хэвээр байх үр дагавар үүссэн.

 Иймээс Монгол Улсын Шадар сайд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана”, 22 дугаар зүйлийн 22.1.5-т “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;” гэх үндэслэлээр цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Д.Б*******ыг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх  шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Эдгээр нөхцөл байдлыг дүгнээд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Быг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй  Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байсан П.Быг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахыг Монгол Улсын Шадар сайдад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны / 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 1, 4 дүгээр зүйлийн 1.5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т, 22 дугаар зүйлийн 22.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлага, хүний нөөц, аюулгүй байдлын асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан П.Быг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй  Монгол Улсын Шадар сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Быг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахыг Монгол Улсын Шадар сайдад  даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан П.Бнь Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан гаргасан  “2017 оны 9 дүгээр сараас хойш 2020 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг ажилласан жилээр тасалдалгүй бөглөж, тэтгэвэр нөхөн тогтоох шийдвэр гаргахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэргийн 70 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.