| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 221/2024/0018/3 |
| Дугаар | 221/ШШ2024/0031 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/ШШ2024/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч: М банк, С яам
Нэхэмжлэлийн шаардлага: С яам, М банк нарын хамтран баталсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А***/**** дүгээр “А” тушаалыг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч М банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ч, М.Б
Хариуцагч С яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Э.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0018/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц тус шүүхэд хандан С яам, М банканд тус тус холбогдуулан “Монгол Улсын С яам, М банк нарын хамтран баталсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А***/*** дүгээр “А” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Монгол Улсын иргэн Д.Ц намайг болон миний гэр бүлийн хууль ёсны эрх, ашгийг зөрчин С яам, М банкны хамтран баталсан А***/*** дүгээр тушаалаар хэвийн, хэвийн бус, анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэх эрх зүйн бус үг хэллэгээр доромжлон оноож, ангилж, ялгаварлан гадуурхаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй үндэслэлээр яллаж, эдийн засгийн, эрх зүйн нийгмийн харилцаанд орох эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг зөрчиж буйг хууль зүйн үндэслэлээр тодорхойлох нь: Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2-д “...хүнийг байдал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг”, Хүнийг аж байдал хөрөнгө чинээ нөхцөлөөр ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, 25 дугаар зүйлийн 25.1-д “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үл тооцож болно.
...Гүтгэх гэмт хэргийн хохирогч болж буйг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор үндэслэн тайлбарлав. Тогтоолын 1.3 доромжлох гэдэгт нийгэмд тогтоосон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ хүнийг үндэс угсаа, нас, арьс өнгө, хэл, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр гутаасан зэргээр илэрнэ гэх мэт олон хууль, хууль ёсны эрх ашиг, олон улсын гэрээ, конвенц, Ардчилсан улс, нийгмийн зүй ёсны эрх ашгийг зөрчсөн А***/*** уг тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэв.
2.1 Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
3. Хариуцагч С яам шүүхэд гаргасан тайлбартаа:
“...М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны А***/*** дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” нь иргэнийг хэвийн, хэвийн бус, анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэх эрх зүйн бус үг хэллэгээр доромжлон оноож, ангилж, ялгаварлан гадуурхаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй үндэслэлээр яллаж, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн харилцаанд орох эрхийг хязгаарлаж, эрх, эрх чөлөөг хязгаарлаж байгаа гэж дурдсан байна.
С яам нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зүйлшгүй шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт мэдээлэх, түүнтэй хамтарч шийдвэр гаргах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны А***/*** дугаар хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна.
Дээрх журам нь Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх хүчингүй болгох, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах” гэж, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг М банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна” гэж тус тус заасныг үндэслэн Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27.1-д заасан зээл болон бусад активыг ангилах, Банкны тухай хуулийн 35.5-д заасан актив төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулахад тавигдах доод шаардлагыг М банкнаас тогтоох, банканд мөрдүүлэхэд үйл ажиллагааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд тус журмын 2.1.1-д “Банк нь энэ Журмын 2.7.1-д заасан багцалсан активаас бусад активын ангиллыг энэ журмын Хавсралт 1-д заасан хугацааны болон Хавсралт 2-д заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан дор дурдсан ангиллаар тус, тусад хийж аль доогуур үнэлгээгээр эцсийн ангиллыг тогтооно” гэж заасан буюу активыг ангилаж байгаа бөгөөд иргэнийг ямар нэг хэлбэрээр доромжлон ялгаварлан ангилаагүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.1 С яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С яам нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8 дугаар хэсэгт төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлын талаар заасны дагуу Төв банктай хамтарч ажилладаг. Банкны тухай хуулийн 35.5-д банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг М банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж эрсдэлийн сан байгуулна гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд энэхүү журмыг баталсан байгаа. Журмын 2.1.1-д 27.1-д заасан багцалсан активаас бусад активын ангиллыг энэ журмын хавсралт 1-д заасан хугацааны болон хавсралт 2-т заасан чанарын хүчин зүйлд тулгуурлан дор дурдсан ангиллаар тус туст нь аль доогуур үнэлгээгээр эцсийн ангиллын тогтооно гэж заасан буюу иргэнийг ямар нэгэн хэлбэрээр доромжлон ялгаварлан ангилаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Хариуцагч М банк шүүхэд гаргасан тайлбартаа:
“М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-***/*** дугаартай хамтарсан тушаалаар “А”-ыг шинэчлэн баталсан бөгөөд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаарт бүртгэсэн.
Төв банк (М банк)-ны тухай хуулийн дагуу М банк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор холбогдох үйл ажиллагаанд холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. Мөн М банкны Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт "Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг М банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна” гэж заасны дагуу тус хамтарсан тушаалыг баталсан.
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, 64.4 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш хуульд өөрөөр заагаагүй бол ажлын таван өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ”, 67дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Захиргааны хэм хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж заасны дагуу захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасны үндсэн дээр тус баталсан журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.",Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн А-***/*** дугаартай хамтарсан тушаалаар баталсан “А” нь зөрчөөгүй. Учир нь тус журам нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27.1-д заасан зээл болон бусад активыг ангилах, Банкны тухай хуулийн 35.5-д заасан актив төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулахад тавигдах доод шаардлагыг М банкнаас тогтоох, банканд мөрдүүлэх үйл ажиллагааг зохицуулдаг. Уг журмын дагуу Банк нь активыг хугацааны болон чанарын хүчин зүйлд тулгуурлан дараах байдлаар ангилдаг: Хэвийн, Анхаарал хандуулах, Чанаргүй ангилал: Хэвийн бус, Эргэлзээтэй, Муу
Активын ангилал нь дэлхийн олон улсын банк санхүүгийн салбарт хэрэглэгддэг хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл хэрэглэгддэг зохицуулалт бөгөөд эрсдэлийн удирдлагын үндсэн зорилготой. Улсын орнууд банк, санхүүгийн байгууллагуудыг зээлийн эрсдэл, хөрвөх чадвар, зах зээлд борлуулах чадвар зэрэг хүчин зүйлээр хөрөнгө ангилахыг хууль эрх зүйн хувьд зохицуулсан байдаг. Эдгээр ангилал нь зохицуулах байгууллага болон зохицуулалттай этгээдийн буюу банк санхүүгийн байгууллагын санхүүгийн эрүүл, найдвартай, тогтвортой байдлыг үнэлэхэд тусалдаг бөгөөд активын ангилалд тавигдах тусгай шаардлага, аргачлалууд нь улс орон бүрийн зохицуулалтын тогтолцоо, санхүүгийн системд тулгуурлан өөр өөр байж болдог.
М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-***/*** дугаартай хамтарсан тушаалаар баталсан “А”-ын 2.1.1-д заасан ангилал нь хэн нэгэн хүний эрх, эрх ашгийг зөрчин, доромжлох, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хязгаарлаж, эрх, эрх чөлөөг нь зөрчсөн заалт биш бөгөөд зөвхөн активыг буюу банкны зээл/авлагыг ангилж байгаа ангилал юм. Активыг ийнхүү ангилж байгаа нь банкны эрсдэлийн С түвшин, хэмжээг тооцох зорилготой бөгөөд банкны үйл ажиллагааг хэвийн, найдвартай, тогтвортой явуулах ач холбогдолтой бөгөөд улмаар банкны салбарын хэмжээнд тогтвортой байдлыг хангуулахад зохицуулах хамгийн чухал арга хэрэгслийн нэг юм. Өөрөөр хэлбэр банк нь харилцагчдын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлдэг, итгэлцэлд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкийг эрсдэлээс хамгаалах нь банкны харилцагчдын хөрөнгийг эрсдэлд оруулахаас хамгаалах үндсэн зорилготой байдаг.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.1 Хариуцагч М банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төв банк /М банк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нөгөө талаар банкны тухай хууль тогтоомж болон баталсан дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. М банк өөрийн баталсан тушаал, шийдвэр, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага юм. Банкны тухай хуулийн 3.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй. Хувьцаа эзэмшигчид нь хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж өөрийн нэрийн өмнөөс зээл гаргах, төлбөр гаргах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа эрхэлдэг. Банк өөрийн гэсэн Компанийн тухай хуулиас гадна Банкны тухай хуулиар зохицуулагддаг. Банкны тухай хуулийн 35.5-д Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг М банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна." гэж заасан. Нөгөө талаар банк зээл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхийн хувьд Эрх бүхий этгээдийн мөнгө хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтлах ёстой. Тус хуулийн 27.1-д Зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг хууль, журамд заасны дагуу ангилж, харгалзах эрсдэлийн сан байгуулна гэж заасан. М банк өөрийн эрх хэмжээний хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А/*** дугаартай журмыг баталсан. Уг журмын дагуу банк нь активыг хугацааны болон чанарын хүчин зүйлд тулгуурлан тогтоож байгаа. Активын ангилал дэлхийн олон улсын санхүүгийн салбарт хэрэглэдэг хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл хэрэглэдэг зохицуулалт юм. Эрсдэлийн удирдлагын үндсэн зорилготой журам байгаа. Улс орнуудын банк санхүүгийн байгууллагуудын зээлийн эрсдэл, хөрвөх чадвар, зах зээл борлуулах чадвар зэрэг хүчин зүйлээр хөрөнгөө ангилахыг хууль эрх зүйн хувьд зохицуулж тухайн улс орон өөрийн онцлогтойгоор хуульд журамд тусгасан байдаг. Аливаа иргэн, этгээдийг ялгаварлан гадуурхах агуулгагүй харилцаа байдаг. Мөн М банкны ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаал нь Хууль зүйн яам Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсан. Хууль зүй дотоод хэргийн яаманд хүсэлт гаргаад тус яамнаас хариу албан бичиг авсан байна. Уг албан бичигт дурдсанаар дээрх тушаал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдсан байх бөгөөд өргөдөлд дурдсанаар хүчингүй болгох эрх нь Хууль зүй дотоод хэргийн сайдад олгогдоогүй гэсэн байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Д.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
2. Төв банк /М банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-***/*** дүгээр “Ж” хамтарсан тушаалаар “А”-ыг баталсан, уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62, 64, 65, 67 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангасан, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 22 дахь дугаарт нийтлэгдсэн байна.
3. Нэхэмжлэгч Д.Ц нь “...уг тушаал нь хэвийн, хэвийн бус, анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэх зүй бус хэллэгээр доромжлон оноож, ангилж, ялгаварлан гадуурхаж байна” гэсэн үндэслэлээр маргаан бүхий журмыг хүчингүй болгуулахаар маргажээ.
4. Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг М банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Зээлдүүлэгч олгосон зээлдээ судалгаа хийж, зээлийнхээ үлдэгдлийг хууль, журамд заасны дагуу ангилж, харгалзах эрсдэлийн сан байгуулна” гэж тус тус заасан.
5. Маргаан бүхий “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-аар Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан актив төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан байгуулах, зарцуулахад тавигдах шаардлагыг М банкнаас тогтоох, банканд мөрдүүлэх үйл ажиллагааг зохицуулах зорилготой бөгөөд уг журам нь холбогдох хуульд нийцсэн байна.
6. Тодруулбал банк нь үйл ажиллагааны зорилгоор өөрийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ болон боловсронгуй байдалтай уялдуулан активыг ангилж, эрсдэлийн сан байгуулах, активын эрсдэлийг төлбөр хариуцагчаас банктай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу хүлээн авсан активын төлбөрийг, харгалзах хүүгийн хамт заасан хугацаанд тодорхой хэсгийг эсвэл бүхэлд нь эргэн төлөхгүй байх магадлал, эсвэл тэнцлийн гадуур бүртгэлтэй байгаа баталгаа, батлан даалт болон бусад үүргийг банкнаас биелүүлэх магадлал нэмэгдэх үзүүлэлтээр уг журмыг баталж, хугацаа хэтэрсэн зээлийг төлбөр хариуцагчаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрэх тохиолдолд зээлийн ангилал бууруулах журмыг нарийвчлан зохицуулсныг буруутгах боломжгүй ба журмын холбогдох заалтаар хязгаарлалт тогтоосон нь банкны үйл ажиллагаанд гарч болох банканд ашиггүй, эрсдэлтэй хэлцлийг шууд болон шууд бусаар хийх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зохицуулалт гэж үзэхээр байна.
Иймд М банкны Ерөнхийлөгч, С сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А-***/*** дүгээр “Ж” хамтарсан тушаалаар “А”-ыг баталсан нь нэхэмжлэгч Д.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр М банк, С яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Банкны тухай хууль /2010 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ээс М банк, С яаманд тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын С яам, М банк нарын хамтран баталсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А***/*** дүгээр “А” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА