Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 009

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Х.Т-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэртэй, Х.Т-н нэхэмжлэлтэй, А.К-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, хариуцагч А.К нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: “А.К-ээс 6000000 төгрөг гаргуулах” тухай.

 

Нэхэмжлэлд: “2015 оны 5 дугаар сард А.К нь надаас 6 сая төгрөг зээлэхийг хүссэн. А.К бид хоёр танилууд болохоор би түүнд итгэж мөнгө зээлэхийг зөвшөөрсөн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй ба хэд хоногийн дараагаас түүнд 6 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Бид хоёр анх тохиролцохдоо А.К нь 6 сая төгрөгийг 2015 оны 7 дугаар сард өгөхөөр болсон. Улмаар хугацаа нь болж А.К-ээс мөнгө өгөхийг шаардахад тэрээр Голомт банканд төлөх зээлийг “чиний нэрийн өмнөөс би сар болгон төлж байх болно” гэсэн тул би түүнд итгэсэн. 2015 оны 6 сард А.К-ий хүү Б бид хоёр нийлж Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн эхэнд 1.445.000 төгрөг зээлийн төлбөрт төлөх ёстой байсан. Гэвч 2017 онд Голомт банк зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж Б бид хоёрт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийдвэр гарч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт 9.731.655 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.К-ийг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авахад “Х.Т-гаас 6 сая төгрөг авсан маань үнэн, би Голомт банканд Х.Т-гийн зээлийг биш өөрийнхөө хүүгийн зээлийг төлсөн гэж” мэдүүлсэн учраас шүүх Б нэрийн өмнөөс Голомт банканд аав А.К нь зээлийг төлж байсан байна гэж дүгнэсэн. А.К миний нэрийн өмнөөс Голомт банканд төлөх зээлийн төлбөрийг төлсөн байна гэж би бодон 6 сая төгрөгөө нэхээгүй байсан. Иймд А.К-ээс зээлээр авсан 6 сая төгрөгийг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Миний бие Анеп овогтой К нь 2015 оны 5 дугаар сард Х.Т-гаас зээлээр бэлэн 6000000 /зургаан сая/ төгрөг авч байсан нь үнэн. Бид хоёр тохиролцож, би түүний зээлийн дансанд хийж байсан. Өмнө нь шүүх хуралдаанд намайг гэрчээр татахад уг баримтуудыг үзүүлсэн. Х.Т миний хүү Б нарын авсан зээлд миний бие хамаарал байхгүй. Б хэдийг авч, хэдийг төлснийг мэдэхгүй. Б-ны зээлийг төлсөн гэж тайлбар хэлээгүй болно.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.К-ээс 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож  шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Нэхэмжлэгч Х.Т нь Голомт банкнаас авсан зээлд намайг хамааруулж мэдүүлэг өгсөн байна. Миний бие Х.Т-гаас 6 сая төгрөгийг тэднийг банкнаас зээл авахаас 2 сарын өмнө авсан ба уг зээлд огт хамааралгүй. Авсан 6 сая төгрөгийг Голомт банк дахь Х.Т-гийн дансанд 4 удаагийн төлөлтөөр хийсэн боловч шүүх А.К миний тайлбар болон мөнгө төлсөн банкны орлогын баримтыг нотлох баримтаар үнэлээгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зарчмыг зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрөл болон үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. Иймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сард зээлдүүлэгч Х.Т нь зээлдэгч А.К-ий өмчлөлд 6000000.00 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан өгөх үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Зээлдэгч уг 6000000.00 төгрөгийг зээлдүүлэгчээс хүлээн авсан болон  зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хугацааны талаар “зээлдэгч 2015 оны 7 дугаар сард буюу 2 сарын дараа эргэн төлөхөөр болсон” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлийг эргэн төлөх хугацааг тодорхой тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-т зааснаар зээлдэгч А.К нь зээлдүүлэгч Х.Т-н шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлэхээр хуульчилсан байна. Иймээс нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч А.К-ээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг буюу 6000000.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Х.Т-н эзэмшлийн Голомт банк дахь 5805101537 дугаартай дансны хуулга[1], тус дансанд мөнгө тушаасан 2016 оны 6 дугаар сарын 30, 2016 оны 4 дүгээр сарын 13, 2016 оны 01 дүгээр сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4 ширхэг орлогын мэдүүлэг[2] зэргийг зохигчийн тайлбартай харьцуулан судлахад, зээлдэгч А.К нь зээлдүүлэгч Х.Т-н эзэмшлийн дансанд бэлэн мөнгөөр зээлдсэн 6000000.00 төгрөгөөс 5342000.00 төгрөгийг төлж байсан нь тогтоогдсон бөгөөд харин зээлийн үлдэгдэл 658000.00 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Т-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хариуцагчаас гаргаж өгсөн дээрх 4 ширхэг орлогын мэдүүлгийг үгүйсгэхдээ “А.К нь уг баримтуудаар Х.Тгаас авсан 6000000.00 төгрөгийг төлөөгүй, харин хүү Б Голомт банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг хийсэн” гэж тайлбарлан, А.К-ий гэрчийн мэдүүлэг[3], Х.Т-н тайлбар[4], 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Голомт банк болон Х.Т, Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ[5], банкны эдийн засагч Б.Сандугашийн гэрчийн мэдүүлэг[6], Голомт банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргаж байсан тайлбар[7], Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэр, тус давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00079 дүгээр магадлал зэрэг баримтуудыг дурдаж, мэтгэлцжээ.

 

            Х.Т-н тайлбар, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Голомт банк болон Х.Т, Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Голомт банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргаж байсан тайлбар, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаар шийдвэр, тус давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00079 дүгээр магадлал зэргээс үзвэл, эдгээр баримтууд нь Голомт банк болон Х.Т, Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, уг гэрээнээс үүдэлтэй маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай бөгөөд эдгээр нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй учир нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин А.К болон банкны эдийн засагч Б.Сандугаш нарын өөр хэргийг хянан шийдвэрлэх явцад гэрчээр өгч байсан мэдүүлгээс үзвэл, зээлдэгч А.К-ий дээр дурсан 4 удаагийн орлогын мэдүүлгээр төлсөн 5342000.00 төгрөгийг зээлдүүлэгч Х.Т-гаас авсан зээлийн төлөлтөд бус, харин өөрийн хүү Б-ийн Голомт банкнаас авсан зээлийн эргэн төлөлтөд тушааж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь банк болон банкны эдийн засагч нь Х.Т-н эзэмшлийн дансанд орсон мөнгөн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн зээлийн эргэн төлөлтөд тооцож авах эрхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн “А.К-ий төлсөн мөнгийг банкнаас Б зээлийн эргэн төлөлтөд тооцож татаж авсан” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

            Нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад хуваарилсан заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсан тул түүний гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 697 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6000000 /зургаан сая/” гэснийг “658000.00 /зургаан зуун тавин найман мянга/” гэж, “олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  “5342000.00 /таван сая гурван зуун дөчин хоёр мянга/” төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “А.К-ээс 110950 төгрөг” гэснийг “А.К-ээс 20342.00 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж, А.К-д буцаан болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК

 

 

           

 

           

 

           

 

 

 

 

 


[1] Хэргийн 38-46 дугаар тал.

[2] Хэргийн 61-64 дүгээр тал.

[3] Хэргийн 25-26 дугаар тал.

[4] Хэргийн 27 дугаар тал.

[5] Хэргийн 28-31 дүгээр тал.

[6] Хэргийн 47-48 дугаар тал.

[7] Хэргийн 49 дүгээр тал.