| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/93 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/93
2023 01 19 2023/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ч.Батбаатар
Шүүгдэгч ..............., түүний өмгөөлөгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ............... овогтой ............... холбогдох эрүүгийн 2203006540614 дугаартай хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............... оны 7 дугаар сарын 31-ний өдөр, Дорнод аймгийн ............... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа вакум цонхны үйлдвэр эрхэлдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ............... дугаар хороо, “...............” ............... дугаар байрны ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай ..............., ............... овогтой ................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ...............дүгээр хороо, ............... замд 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг 40 минутын орчим “...............” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж, 30 тоотод байрлах “...............” цайны газрын үүдний хэсгийг мөргөж онхолдсоны улмаас зорчигч ............... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ............... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн замд 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг 40 минутын орчим “...............” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгойн 1 дүгээр гудамж, 30 тоотод байрлах “...............” цайны газрын үүдний хэсгийг мөргөж онхолдсоны улмаас зорчигч ............... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-13/,
Эд зүйлд үзлэг хийсэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 18/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл- 1.95% /хх-ийн 20/,
Хохирогч ............... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз ............... цонхны үйлвэрт хамт ажилладаг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ манай найз ............... бид хоёр нэг шил 0.75 литрийн архи хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харих гээд байж байсан. Тэгээд манай найз бид хоёр дуудлагын жолооч дуудтал “30 орчим минутын дараа очно” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр удах юм байна гэж хоорондоо ярилцаад манай найз ............... өөрөө машинаа жолоодоод намайг гэрт хүргэж өгөх гээд хөдлөөд явж байсан. Би тухайн үед жолоочийн хажууд буюу урд суудал дээр суугаад хамгаалах бүсээ зүүгээд явж байсан, доошоо хараад утасаа оролдоод явж байтал урдаас гэрэл гялбах шиг болсон манай найз баруун гар талруугаа замаас гараад юм мөргөх шиг болсон. Тэгээд надад өөр санах юм байхгүй байна. Нэг мэдсэн чинь 103-н эмч намайг үзэж байсан эмнэлгийн машинд сэрсэн. Намайг эмч гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд би эмнэлэг дээр эмчид үзүүлж зураг авхуулахад миний баруун гарын савхан яс хугарсан, бусдаар гайгүй гэж эмч хэлсэн. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Иргэний нэхэмжлэгч ............... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад манай харуул над руу залгаад “...............” зоогийн газрыг машин мөргөчихлөө” гэж хэлсэн. Манай цайны газрын тоосгоор барьсан үүд хэсгийг машин мөргөж нураагаад машин өөрөө онхолдсон байсан. Уг газар нь төрсөн хүү ............... эзэмшлийн газар байгаа юм. Уг газар дээр баригдсан байшин нь миний эзэшмлийн байшин, үл хөдлөхөд бүртгүүлж амьжаагүй байгаа. Манай хүү ............... нь гадаад улсад суралцаж байгаа учир Монгол Улсад ирэх болоогүй байгаа. Иймд би өөрөө хашаа байшингаа төлөөлж хэрэгт оролцоно. Гомдолтой байна. Өөрийн эзэмшлийн зоогийн газарт зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна. Нийт 5.181.000 төгрөг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Иргэний нэхэмжлэгч ............... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад “...............” зоогийн газрыг харуул над руу залгаад “...............-н газрыг машин мөргөчихлөө” гэж хэлсэн. Манай цайны газрын үүд хэсгийг машин мөргөөд нураачихсан байсан. Би тухайн цайны газрыг 2016 оноос хойш түрээслэж ажиллуулж байгаа. Тухайн зам тээврийн ослын улмаас манай зоогийн газар 3 хоног ажиллаагүй. Иймд би 3 хоногийн орлого нийт 1.050.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14306 дугаартай дүгнэлт:
1. ............... биед баруун алганы 5 дугаар ясны хугарал, баруун шагайн үений цууралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт” /хх-ийн 36-37/,
“Хас” үнэлгээ ХХК-ийн: “... Баянзүрх дүүрэг ............... дүгээр хороо, Эрдэнэтолгойн ............... тоотод байрлалтай цайны газарт учирсан хохирлын дүн 4.903.490 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 45-48/,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1392 дугаартай магадлагаанд: “... Тоёото лексус-400 маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ............... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... согтууруулах ундаа... хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-н 75/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №14306 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37/-ээр хохирогч ............... биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа;
Мөн мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1392 дугаартай магадалгаанд шүүгдэгч ............... “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т а/.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн талаар дурдсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ............... замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм. Согтуурсан үедээ гэж авто тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсныг хэлнэ. Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ............... “Согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ............... нь иргэний нэхэмжлэгч ............... хохирол төлбөрт 5.181.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ............... 1.050.000 төгрөг төлсөн байна. Хохирогч ............... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Хохирогч ............... нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох ............... жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч ............... шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ............... шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлбөр нөхөн төлсөн, анх удаагаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч ............... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ............... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............... нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ............... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.
6. ............... нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
7. Хохирогч ............... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
9. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, ............... нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ............... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ............... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Э.ЧИНГИС