Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

 

      2023        01           17                                   2023/ШЦТ/06

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000540051 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Н

Улсын яллагч                                                           З.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        Д.Ц

Шүүгдэгч                                                         Х.Д нар оролцов.

Шүүгдэгч: 1.............. ....... аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, ... дүүргийн ... дугаар хороо, ... хашаанд оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, ... овгийн Х-ны Д /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар:                                  

            1. Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ... .. дугаар гудамжны .. тоотод оршин суух аав С.Х-ны гэрт хойд эх болох Ц.Б-г архи уулгахгүй гэх шалтгаанаар “төлбөрийн картаа өг” хэмээн шаардлага тавин, улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт нь заазуураар зүсч хүзүүнд нь зүүн хажуу хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө ..... дүгээр хороо, ... тоотод оршин суух З.А-ын нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж түүний биед хамрын хянга ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, дух зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 1. Шүүгдэгч Х.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эцэг С.Х-ны бие муудаад байна гэхээр нь Улаанбаатар хотоос аавыгаа аваад Дорнод аймаг руу хүргэж өгөхөөр .. дүүргийн .. дүгээр хороо ... тоотод ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны 13 цагийн үед аавын хамтран амьдрагч Ц.Б нь согтуу аавыг архи уучих тэгвэл зүгээр болчихно гээд байсан. Тэгээд аав виза карт өг гэхэд Ц.Б эгч өгөхгүй байсан. Би уурлаад гэрийн зүүн талд тогоон дээр байсан хар иштэй заазуурыг аваад Ц.Б эгчийг айлгах гээд хүзүүнийх нь зүүн талд хүргэсэн чинь зүсчихсэн. Тэгээд цус гарахаар арчиж өгтөл хажуу айл руу гүйгээд орсон, би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 47-48-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

               Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед нөхөр бид хоёр виза картнаас болж хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь нөхрийн дагавар хүү Х.Д “наад виза картаа аавд өг” гээд миний хүзүүний зүүн тал руу заазуураар нэг удаа цохисон. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тухайн болсон явдлын талаар санаж байгаа. Нөхөр, нөхрийн дагавар хүү бид гурав байсан. Х.Дамба Улаанбаатар хотод байдаг. Хэнтэй амьдардаг эсэх, эхнэр хүүхэдтэй эсэх зэргийг мэдэхгүй байна. Хааяа л бид хоёр дээр ирдэг. Тухайн өдөр нөхрийн бие муудаад Улаанбаатар хотоос дуудаж авчирсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй. Төв аймгийн Мөнгөнморьт суманд айлын мал малладаг учраас нааш цаашаа явж чадахгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 19-р хуудас/

               Гэрч С.Х-ны өгсөн “...2022 ооны 03 дугаар сарын 30-ны өдөр эхнэрийн нэр дээр байдаг виза картанд хэдэн төгрөг байсан. Тухайн өдөр эхнэр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор картанд байсан мөнгөөр архи уучихаж магадгүй гээд эхнэрээс виза картын нэхсэн чинь эхнэр өгөхгүй гээд байсан. Гэтэл Х.Д виза картаа аавд өг гээд уурласан. Гэрийн зүүн урд талд байсан хар иштэй заазуурыг аваад эхнэрийг хойд талын орон дээр байхад хүзүүнд нь тулгасан. Тэгээд л эмнэлэг цагдаа болоод эхнэр хүү хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 23-р хуудас/

              Гэрч Х.Н-ын өсгөн “...2022 оны 03 дугаар сарын 30-ны 13 цагийн үед би хүүхдээ аваад эмнэлэг орох гээд байж байтал манай хашаанд байдаг С.Х ахын гэрт эхнэр нь ээжээ, ааваа, үхлээ гээд хашгираад байхаар нь би гэрлүү нь орсон юм. Тэгсэн чинь Ц.Б эгч нөхрийнхөө араас босож ирж байсан. Тэгсэн хүзүүнийх нь зүүн талаас цус гарчихсан “Үхлээ гээд уйлаад байсан. Ц.Б эгч гэрт байсан заазуурыг заагаад энэ намайг дүрчихлээ гээд байсан, би түргэн дуудсан, тухайн үед Ц.Б эгч халамцуу байсан, нөхөр хүү хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Манай хашаанд С.Х-ых буугаад 7 хоноогүй байсан, зүс танина, бие муутай болохоор нь хашаандаа буухыг зөвшөөрсөн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 26-27-р хуудас/

              Гэрч Б.У-гийн өгсөн “...би Х.Д-ын аав, ээж нь салсан, аав С.Х нь Багануур дүүрэгт амьдардаг талаар мэднэ. Манай найз залуу надтай цуг амьдарч эхэлснээс хойш архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Урьд нь хэд хэдэн удаа алдаж шоронд орж байсан талаараа надад ярьж байсан. Д багаасаа хэцүү амьдралтай байсан болохоор түүнтэй цуг байх гэр бүл хэрэгтэй гэж бодоод цуг амьдарч байгаа. Тэрээр ажилсаг, хөдөлмөрч, гарын дүй сайтай, намайг их хүндэлж харьцдаг болохоор надад таалагдаж цуг амьдарч байгаа. Намайг бодвол амьдрах ухаантай, түүнтэй цуг байхад түшиг тулгууртай байдаг. Зан  байдлын хувьд найрсаг хүн. Тэр надад хэлэхдээ аавынх нь эхнэр Ц.Б аавыг нь өвчтэй байхад архи уу гэж хэлсэн тэгээд муухай харьцахаар нь уурлаад заазуур хүзүүнд нь тулгатал санамсаргүй хүзүүг нь исгэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 29-р хуудас/

              Эд мөрийн баримтаар тооцох “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан заазуурыг эд мөрийн баримтаар тооцох...” тухай 2022.05.04-ний өдрийн тогтоол, гэрэл зураг /1-р хх-н 9, 11-р хуудас/

              Гомдол мэдээлэл шалгах явцад баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас /1-р хх-н 8, 12-13/

              Шинжээчийн 183 дугаартай “Ц.Б-ийн биед хүзүүний ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-н 34-35-р хуудас/

               2. Шүүгдэгч Х.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хэрэг болдог өдөр өөрийн төрсөн охинтойгоо уулзахаар очтол хадам аав А уулзуулахгүй байсан шалтгаанаар бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд хамар хэсэг рүү нь гараараа 3-4 удаа цохисон, би тухайн үед бага зэрэг архи хэрэглэсэн байсан бөгөөд биеэ удирдан авч явах чадвартай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 135-137-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч З.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Х.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэрийн гадаа хүрч ирээд хашааны хаалгыг эвдэх шахам хүчтэй нүдээд охинтойгоо уулзъя гээд агсам тавиад байхаар нь би Д-тай маргалдаж, муудалцсан, ...миний нүүр лүү 3-4 удаа цохисон, ...миний харааны шил хагарсан, 73.000 төгрөгөөр худалдаж авч байсан, маргааш нь “Med traumg эмнэлэгт очиж толгойны зураг авахуулсан, нийтдээ 203.000 төгрөг нэхэмжилж байна...” /1-р хх-н 127-129-р хуудас/

              Гэрч З.А-ийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үед З.А..... ахын охин А-тай хуучин хамт амьдарч байсан Х.Д гэх залуу хашааны гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хаалга чанга чанга нүдээд байхаар нь би гэрээсээ гараад уулзтал би охинтойгоо уулзмаар байна, та нар яахаараа охинтой минь уулзуулдаггүй юм бэ гээд орилоод байсан болохоор ах З.А гарч ирээд Х.Д-тай муудалцаад хоорондоо заамдалцсан, ах А-ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа Х.Д цохисны дараа тэр хоёр хоорондоо ноцолдоод ахыг ална гээд зодох гээд дайраад байсан. Би тэр хоёрыг салгах гэж оролдоод огт дийлэхгүй байсан бөгөөд тэр хоёр хэсэгт зууралдаж байгаад Х.Д яваад өгсөн. Ах А Х.Д-ыг явсны дараа гэрлүүгээ ороод цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 139-140-р хуудас/

              Шинжээчийн 2149 дугаартай “...З.А-ын хамрын хянга ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт дух, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-н 146-147-р хуудас/

              Шүүгдэгч Х.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэлд:

              1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй ялтан Х.Д-д 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлж, хараа хяналтандаа байлгахыг эгч Б.Б-нд хариуцуулж шийдвэрлэсэн,

              2. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Х.Д-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Д-д оногдуулсан ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ялтан Х.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 8 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

              3. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 424 дугаартай тогтоолоор шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

              4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-н 62-72, 86-90, 91-102-р хуудас/

              Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3/24940 дугаартай албан бичигт “...албадлагын арга хэмжээ авагдсан Х.Д-ыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1067 дугаартай захирамжаар эрэн сурвалжлан 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэх тогтоолын хамт хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Х.Д.......н хяналтын хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болно...” гэжээ /1-р хх-н 65-р хуудас/

              Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “...хохирогч З.А-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 203.000 төгрөгийг хүлээлгэн өгч тэмдэглэв үйлдэв...” гэжээ /1-р хх-н 237-238/

              Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” 19 дугаартай тогтоол /2-р хх-н 23-24/

              Х.Д-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 37-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас зүйлчилсэн зүйл анги дээр маргахгүй. Хойд ээж Болормаа ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч А-д хохирол төлбөрт 203.000 төгрөг төлж барагдуулсан болохоор хохирол төлбөргүй гэж тооцож өгөөч гэсэн хүсэлттэй байна...“ гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 7 дугаар сараас хойш байнгын архины хамааралтай болсон байсан. Аавын бие муудаад байж байхад эхнэр нь орж ирээд аавын картыг аваад архи уухаар гарахаар нь аавын бие муу байхад архи уулаа гээд картыг нь булааж аваад маргаан болсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед  гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлүүдэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэлүүдийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Х.Д нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Нийслэлийн ... дүүргийн .. дүгээр хороо, ... гудамжны .. тоот хашаанд оршин суух аав С.Х-ны гэрт хойд эх болох Ц.Б-г архи уулгахгүй гэх шалтгаанаар “төлбөрийн картаа өг” хэмээн шаардлага тавин, улмаар түүний хүзүүний зүүн хэсэгт нь заазуураар зүсч хүзүүний зүүн хажуу хэсэгт 8х0.3 см зүсэгдсэн шарх бүхий хохирол учруулсан,

            Мөн 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-468 тоот хашаанд З.А-ын нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж түүний биед хамрын хянга ясны зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, духны зүүн урд доод хэсэгт 1.0х0.2 см, зүүн хөмсөгт 0.2х0.1см, 0.1х0.1см шарх, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Д нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Х.Д нь гэмт үйлдэлүүддээ санаатай хандсан болох нь хохирогч нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч Ц.Б-гийн хүзүүг заазуураар зүссэн үйлдэл, З.А-ын нүүрэн тус газарт 3-4 удаа гараараа цохисон үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Эдгээр үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 2149, 09шэ/183 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Д-ын үйлдэлүүд нь хохирогч Ц.Б, З.А нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөлийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уур бухимдлаа барьж чадаагүй” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлүүддээ хандсан санаа, зорилго, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Д-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

              Хохирогч З.А-аас хэрэгт хавсарган ирүүлсэн баримтаар хохирол хор уршигт 203.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Х.Д хохирол хор уршигт 203.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “...хохирогч З.А-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 203.000 төгрөгийг хүлээлгэн өгч тэмдэглэв үйлдэв...” гэсэн баримтаар  /1-р хх-н 237-238/ тогтоогдож байна.

Хохирогч Ц.Б, З.А нар нь “...шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

Улсын яллагчаас “…шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүй тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар сольж 90 хоногоор солих буюу нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Нийт цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”...улсын яллагчтай санал нэг бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд байгаа 2 жилийн ялыг нэмж нэгтгээд эдлүүлэх саналтай байна ...“ гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа, аль болох ялыг маань багасгаж өгөөч...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгч Х.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Х.Д-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, түүнд 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Д нь дээрхи оногдуулсан ялыг бүрэн эдлээгүй байхдаа тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн, улмаар дахин санаатай гэмт хэрэг үйлдэн цагдан хоригдсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 22 ны өдрийн 3/24940 дугаартай албан тоот /2-р хх-н 65х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 3/1171 дугаартай албан тоот болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна...” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна...” гэж тус тус заажээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Д....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Х.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногын хорих ялаар сольж 90 хоногоор хугацаагаар буюу 3 сарын хорих ял болгон хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Д нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамжаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 36 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Д..........ын цагдан хоригдсон 36 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ..-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар .....-г долоон зуун хорин /720/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Х.Д-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 90 хоногийн буюу 3 сарын хорих ялаар сольж хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг хоёр /2/ жил гурван /3/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар Х.Д-д оногдуулсан хоёр /2/ жил гурван /3/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 203.000 төгрөгийг хохирогч З.А-д төлсөн болохыг, хохирогч З.А, Ц.Б нар нь Х.Д-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Д-ын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн хар өнгийн иштэй төмөр заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд хорьсугай.

 10. Х.Д-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ