Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намдаг овогт Далантайн Зт холбогдох эрүүгийн 2211 00111 1037 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Намдаг овогт Далантайн З /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Өрнөх буилдинг” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 706-44 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.З нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ренталон” төвийн 3 давхрын 301 тоотод “эхнэрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Н.Энхтөртэй маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэн, нүүр, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

      

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 434 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.З нь

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.З нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ренталон” төвийн 3 давхрын 301 тоотод “эхнэрийг нь доромжилсон” гэх шалтгаанаар иргэн Н.Энхтөртэй маргалдаж, улмаар түүний зүүн гарыг мушгиж түлхэн, нүүр, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.Энхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ренталон” төвийн 3 дугаар давхарт 301 тоотод үйл явдал өрнөсөн... Тус компанийн инженер эмэгтэйтэй 301 тоотод барилгын зураг дээр тоо хэмжээ гаргаж байгаад бид хоёр маргалдсан. Гэтэл ширээний голд сууж байсан 30 орчим насны өндөр залуу намайг зайл пизда минь гэж хэлэхээр нь би дургүй хүрээд миний хүүхэд шиг залуу намайг зайл гэж хөөсөн болохоор уурандаа би чамаар зайлуулахгүй чи юу юм гэж хэлэхэд над дээр хүрч ирснээ нүүр рүү хоёр, гурван удаа цохисон, хажууд сууж байсан залуу салгах гээд дундуур ороход, нөгөө намайг цохисон залуу дахиад миний гарт байсан утсыг мушгиж булааж аваад үүднийхээ хаалга руу намайг түлхсэн тэр үед миний зүүн мөр эвгүй болоод өвдөөд унасан. Утсаа булаалгачихсан болохоор утсаа авах гээд сарваганасан боловч намайг дахиад хэд хэд толгой, нүүр хэсэг рүү цохиод үсдээд коридор руу гаргасан... Би хутганаас хальт зүүн гараараа атгаад авах гэсэн боловч гэмтчихсэн байсан болохоор атгаж чадалгүй буцаагаад алдчихсан. Тэгээд би дийлэхгүй юм байна гэж бодоод инженер эмэгтэйд миний утас байхаар нь булааж аваад тэндээсээ гараад цагдаад дуудлага өгсөн... намайг сүүлд үсдээд коридор руу гаргах үед миний баруун чихэн дэх сонсголын аппарат алга болчихсон байсан...” “...би урьд өмнө зүүн мөрөндөө огт гэмтэл авч байгаагүй. Зодсон гэх залуу миний зүүн гарт байсан утсыг авах гээд мушгиад татаж булааж авах тэр агшинд миний мөр рүү яг урагдсан юм шиг мэдрэмж төрөөд rap эвгүй болчихсон, Яг тухайн үед гэмтсэн гэдгийг мэдээгүй, тэрнээс хэдэн минутын дараа өмдөө татаж чадахгүй, гараа өргөж болохгүй хөндүүрлээд байсан... тэгээд орой 17 цагийн орчимд гэрээсээ шууд “Ренталон” төв рүү очсон... тэрний дараа шууд хэлтэс дээр ирсэн бөгөөд мэдүүлэг, тайлбараа өгчхөөд, шууд гэртээ харьсан...”, би тухайн үйл явдал болж байх үед хоёр чихэндээ хоёуланд нь аппараттай байсан. Зүүн чихэнд байдаг аппарат нь далд буюу сувгийн аппарат, баруун талын буюу ил аппарат нь зодуулж байх үед алга болчихсон байсан. Тухайн чихний аппарат нь хүн цохих шудрах үед чихнээс мултраад уначих бүрэн боломжтой юм... жижигхэн бор саарал өнгийн 2 см орчмын урттай, 0.8 мм өргөнтэй, 0.5 мм зузаантай, чихний ард холбогддог. Үсдэж татах, цохиж байх үед л унасан, зодуулж байх үед унаад эвдэрсэн. Тэрийгээ би зодуулж байх үед эвдрээд алга болсон гэж үзнэ... би тухайн үед тэр өрөөнөөс олдчих юм болов уу гэж бодоод байсан боловч олдоогүй...” гэх /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр тал/,

Хохирогч Н.Энхтөр, гэрчээр Д.З нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэгт: “...Ямар ч хүн өөрийнхөө уруулыг хазна гэж байхгүй. Тийм үйлдэл би огт хийгээгүй. Ерөнхийдөө энэ хүний цохилтоос болж уруулд цус хуралт, зулгаралт, зовхи хамарт зулгаралт гэмтлүүд нь цохих үед үүссэн. Харин зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл нь миний гар утсыг булааж авах гээд дотогш чиглэлтэй мушгих үед үүссэн байх...” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Гэрч Ч.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэтэл урдаас нь босч ирээд манай нөхрийн нүүрэн дээр салаавч гаргасан, тэгэхээр нь гар гэж хэлээд түлхээд бие биеийнхээ энгэрээс заамдчихаад гарахгүй зогсоод байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Гэрч Г.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Заамдалцчихаад З ах хаалга руу тэр хүнийг түлхээд гаргах гэж байх тэр үед би дундуур нь салгасан. Салах хүртлээ 5 орчим минут заамдалцчихаад хэрэлдээд зогсоод байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,

Гэрч Б.Бадам-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч нь миний биед халдсан, аппаратыг эвдэлсэн гэж ярьж байсан, хэлтэс дээр мэдүүлэг авах үед өгсөн мэдүүлэгтээ зүүн мөр гар өргөж болохгүй байна, баруун шанаа хөдөлж болохгүй, зүүн хөмсөгний хажууд халцарсан, уруул язарсан гэж мэдүүлсэн бөгөөд тухайн зүйлийг нь бол анзаарч сайн хараагүй..." /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Гэрч Х.Амантай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өрөөнд ороход дотор нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй сууж байсан тэр өрөөнд сууж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр нь тэр ах хүүд хандаж таныг зодсон асуудал байхгүй, гар гээд түлхсэн гэж ярьж байсан... 3 сарын өмнөх үйл явдал болохоор сайн санахгүй байгаад байна. Ерөнхийдөө ийм л зүйл болсон...” /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

Гэрч Ч.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орой 16 цагийн орчимд би нэг шинжээчтэй уулзчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Гарахад нь манай нөхрийн нүүр болон биед харагдах гэмтэл шарх сорви байгаагүй... Тэгээд орж ирэхэд нь анзаарахад баруун хацар бага зэрэг зулгарчихсан улайгаад, мөн нүдний чанх ард хэсэгт зулгарчихсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад, хүнд зодуулчихлаа гэж хэлсэн, ямар хүнтэй муудалцчихдаг юм гэхэд Нарангийн ажилтай холбоотойгоор маргалдсан тухай ярьсан. Мөн тухайн үед аппарат нь эвдэрчихсэн тухай хэлж байсан. Миний зүүн мөр бас гэмтчихсэн юм шиг байна хөндүүрлэж өвдөөд байна гээд, тэр шөнөдөө унтаж чадахгүй байхаар нь өвчин намдаах эм уулгаад, маргааш нь зургийг нь авхуулсан дээр юм байна гэж байгаад “MRI”-ийн зураг авхуулсан. Авхуулсныхаа дараа хоёрдугаар эмнэлэгт үзүүлэхэд эмч нь хагалгаа хийх заалттай юм байна гэмтэл рүү яв гээд манай хүн ганцаараа явсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Гэрч С.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н.Энхтөр гэх хүн нь зураг болон бүртгэл дээрээс харахад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 33 минутад манай эмнэлгээр үйлчлүүлж шинжилгээнд орсон байна. Дүгнэлтэд 4 шөрмөсний 1 ширхэг нь урагдалтай, 2 ширхэг шөрмөс суналттай...” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

Шинжээч эмч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эдгээр гэмтлүүд нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн нэг гэмтэл юм. Тус тусад нь салгах боломжгүй. Тийм учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь унах болон татах үед үүсэх боломжтой гэмтлийн зэрэг байгаа юм. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,

Шинжээчийн нэмэлт материалаар хийсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар тал/,

Шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтэд:

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1015 материалаар хийсэн шүүх эмнэлгийн №124 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Н.Энхтөрийн биед зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

Дээрх зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтооно.

Уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дугаар тал/,

Шүүгдэгч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оройн 17 цаг өнгөрөөд ажил тарж байх үед иргэн Н.Энхтөр шүүхийн шинжээчийн асуудлаар Ч.Мөнхзул болох манай эхнэр мөн миний бие Д.З нар томилогдсон байсан. Тэр шалтгаанаар ирсэн байх гэж бодож байна. Ажлын тоо хэмжээг Ч.Мөнхзулаас асууж байсан бөгөөд хийгдсэн асуудлаа яриад, мөн манайх шилэн фасадны цаана хөөсөн дулаалга хийсэн гэж Энхтөр өөрөө хэлээд энийг нэмж бод гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр Ч.Мөнхзул нь хийсэн гэж батлах зураг танд байна уу? гэхэд байхгүй одоо юу байдаг юм гэж ууртай хэлсэн юм. Гэтэл Мөнхзул “Наран Трейд ХХК”-ийн инженерийн өгсөн фото зургийг компьютер дээрээ нээгээд ийм зураг явуулсан гэж хэлээд тэр зургийг нь үзүүлээд “...та энийг хийгээгүй юм байна...” гэж хэлэхэд, тэр зургийг харж уурлаад миний ажлыг хасаж тооцох гэлээ нэмж оруул гээд загнаад эхэлсэн. Хийсэн бол зургаа батлаад өгчихөө нэмж оруулах боломжгүй гэхэд, Ч.Мөнхзулыг хараалын үг урсгаж та нар авлига авсан байна гээд маргалдаад эхэлсэн. Тэгэхэд нь би өрөөнд сууж байсан бөгөөд та дуугаа намсга энд ажил явагдаж байна Та гар! гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл Энхтөр гэх хүн надад хандаж, чамд ямар хамаатай юм гээд хэрүүл хийгээд бид хэдийг загнаад зогсоод байсан, Тэр үед би та одоо гар гээд дөхөж очоод цээжин хэсэг рүү нэг удаа түлхсэн. Гэтэл тэр хүн миний өөдөөс салаавч гаргаад миний энгэрээс заамдаад авсан бид хоёр, хоёр талаасаа бие биеийнхээ энгэрээс заамдалцаад авсан юм. Заамдалцаад бужигнаад эхлэх үед манай ажилтан Отгонбаяр дундуур орж ирээд салгасан. Салгасан байхад хүртэл энэ хүн намайг гарч зодолдъё гэж хэлээд намайг хэл амаар өдөөд зогсоод байсан. Тэр үед Энхтөр гэх хүн үүдэн хэсгийн өрөөний тэнд очоод аяга барьж далайсан, тэгэхэд Отгонбаяр зогсож байсан, аягыг нь булаасны дараа хутга барьж дайрсан. Тэгэхээр нь өрөөний дунд байсан хаалгыг Мөнхзул хаасан. 3-5 минутын хооронд зууралдаад түлхэлцсэн байдалтай асуудал болсон бөгөөд манай өрөөний үүдэн дээр Н.Энхтөр нь зогсож байхад “Ренталон” төвийн жижүүр ирээд аваад гарсан. Энхтөрийг гэмтээх үйлдэл тухайн үед огт болоогүй. Отгонбаяр салгачхаад байхад л 2-3 удаа зууралдаад бид хоёр салсан юм. Гар утсаа баруун гартаа барьчихсан байсан. Өөрөө гар утсаа аваад халаас руугаа хийж байгаа бичлэг байгаа. Тэгээд цагдаа дуудсан юм. Цагдаа ирж байх хооронд “...би группт байдаг чи аав шигээ хүнийг гэмтэлтэй байсан мөрийг хөндлөө чи...” гэж хэлж байсан бөгөөд хэрүүл хийгээд коридороор яваад байсан. Гэтэл манай ажилтан Отгонбаяр та одоо болио тайвшир гэж хэлээд л тэр хүнийг зохицуулаад яваад байсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөрний шөрмөсний урагдал гэх мэт гэмтээхээр үйлдэл тухайн үед гараагүй...” /2-р хавтаст хэргийн 46 дугаар тал/,

мөн шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулан дахин шинжилгээ хийлгэхээр прокурорт даалгасны дагуу хийгдсэн

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №15 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1.         Шинжээч эмч Н.Туяагийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1015 дугаартай дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаартай дүгнэлт, шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2.         Н.Энхтөрийн биед зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт, уруулд цус хуралт, зулгаралт, зовхи, хамарт зулгаралт гэмтэл учирчээ.

3.         Н.Энхтөрийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4.         Н.Энхтөрийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.         Н.Энхтөрийн биед учирсан зүүн мөрний өргөгч булчингийн шөрмөсний бүрэн урагдал, далны доод булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хоёр толгойт булчингийн шөрмөсний суналт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уруулын цус хуралт, зулгаралт, зовхи, хамрын зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6.         Н.Энхтөрийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

7.         2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ШШҮХ-ийн дүрслэл оношилгооны хариу үндэслэлтэй байна. Уг дискт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Энхтөрийн биед хийсэн MRI-н шинжилгээний зураг байна.

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг диск,

хохирогч Н.Энхтөрийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.Энхтөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Н.Энхтөрийн хавтаст хэрэгт гаргасан хохирлын баримтуудаас 720,000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн шүүгдэгч Д.Заас гаргуулж, хохирогчийг хохирол, хор уршгаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Энхтөр “...баруун талын буюу ил аппарат нь зодуулж байх үед алга болчихсон байсан...олдоогүй... 3,800,000 нэхэмжилж байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дүгээр тал/, гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дискт үзлэг хийхэд хохирогч өөрөө чихний сонсголын аппаратаа чихнээсээ тайлж авч байгаа үйл баримт тогтоогдсоныг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Намдаг овогт Далантайн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Заас нийт 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 17-р хороо, “Маршал таун Кинг таун” 117 байрны 122 тоотод оршин суух, Нямжавын Энхтөр /РД: ЧГ66031974/-д олгосугай.

6. Хохирогч Н.Энхтөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

         8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

         9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     П.АРИУНБОЛД