Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            01           16                                         2023/ШЦТ/51                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмчийнхэн овогт Өлзийтогтохын Хунтойромд холбогдох эрүүгийн 22030 0710 0610 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/, хохирогч А.Рэгзэдмаа, шүүгдэгч Ө.Хунтойром, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн хот тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 60 дугаар байрны 27а тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Эмчийнхэн овогт Өлзийтогтохын Хунтойром /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Хунтойром нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын урд талын замд Нийслэлийн Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн эзэмшлийн Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

- 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

- мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохион дээр зогсон байсан Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар эсрэг урсгалд явж байсан Toyota Prius маркийн **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тус тээврийн хэрэгслийн жолооч А.Рэгзэдмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.         

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ө.Хунтойромаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон осол хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Боломжгүй байсан учраас хохирол төлбөр төлөөгүй байгаа, ажил олгогч байгууллагад тусламж үзүүлээч гэж хүсэлт гаргасан ба тусалж дэмжинэ гэж хэлсэн. Би цаашид хохирлыг боломжоороо төлөх болно.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч А.Рэгзэдмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн үед БИ бараа авах гээд Барс зах руу явж байсан. Буянт-Ухаа 1 хорооллын гэрлэн дохио дээр хүлээж байгаад ногоон гэрэл асахад урд зогсож байсан автобус, жижиг тэрэг Морингийн даваа чиглэл рүү явсан. Тэгээд би хөдлөх гэхэд хогны машин миний урдаас орж мөргөсөн. Ослын улмаас миний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан. Би тухайн үед ухаан алдсан байсан. Одоо болтол миний хөл эдгээгүй. Шанагатай ус баруун гараараа өргөж дийлэхгүй байна.

Тохижилт үйлчилгээний газар Хан-Уул дүүрэгт байнга осол гаргасан байдаг. Саяхан Морингийн давааны тэнд нэг машин мөргөсөн байсан. Энэ байгууллага машины бүрэн бүтэн байдлыг хангадаггүй. Жолооч нар нь мэргэшсэн жолооч мөн эсэхэд эргэлзэж байна.

Эрүүл мэндийн хувьд би одоо хүртэл бүрэн эдгээгүй байгаа. Эмчийн хэлснээр калци ууж байгаа. Яс явцаараа бороолно, талстын зөөлөн эдийн гэмтэл 1 жилдээ эдгэхгүй гэж хэлсэн.

Тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээтэй танилцсан, уг үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ миний машины хувьд засагдахгүй гэж хэлсэн. Өөр нэг араасаа мөргүүлсэн машиныг тасдаж авч гагнана гэсэн юм ярьсан. Одоо эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэлийн зардалд нийт 9.605.105 төгрөг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг,

 

3. Иргэний хариуцагч В.Мөнх-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн үед шүүгдэгч нь ажил үүргээ гүйцэтгэж явсан ба ослын дараа би түүнтэй 2-3 удаа уулзсан. Ослын улмаас нийт иргэдэд 20 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэдэг мэдээлэл авсан. Бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан гэдэг утгаар манай байгууллагын буруу, нөгөө талаар шүүгдэгчийн буруу бас байгаа юм шиг харагдаж байгаа.

Шүүхийн шийдвэр гарсны дараа манай байгууллагаас “хохирлын тодорхой хувийг өгнө” гэж хэлсэн. Мөн хэрэг гарсны дараа манай хамт олон мөнгө цуглуулж Хунтойромд өгсөн. Мөн Хунтойромд цалин мөнгийг дээд хэмжээгээр өгөөд явж байгаа. Хэрэг болдог өдөр манай засварчин хойд 2 наклад засаад зүгээр болсон гээд гаргасан байсан. Баазын дарга өглөө нь машиныг гаргасан байсан.

Mitsubishi Fuso маркийн машиныг манай байгууллага түрээсийн гэрээний дагуу ашигладаг. Журмын хашаанд байсан хугацааны төлбөр нь 2.0 сая төгрөг болсон байсан. Энэ төлбөрийг хариуцахаас гадна машиныг будаж янзлаад эзэнд нь өгөх гэж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22030 0710 0610 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 05-06, 07-08, 09-11 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Рэгзэдмаагийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа гараад Барс зах руу явж бараа татах гээд өөрийн эзэмшлийн Т.Приус маркийн **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Буянт-Ухаа 1 хорооллын гэрэл дохиотой уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо зүүн гар тал руу эргэх гээд гэрлэн дохио хүлээж зогссон. Тэгээд ногоон гэрэл асангуут миний урд талд явж байсан 2 тээврийн хэрэгсэл баруун тал руу эргээд яваад өгсөн. Араас нь би уулзвараар зүүн гар тал руу эргээд зорчих хэсэг рүү ороход ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд хогны машин урсгал сөрж өөдөөс ороод ирсэн. Би машинаа баруун тийшээ дарахад тухайн машин зогсохгүй тэр чигээрээ ирээд машины урд талаас мөргөөд цааш явсан. Тэгээд юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд бүтэн эргээд зогссон байсан. Удалгүй түргэн тусламж ирээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

Би гомдолтой байна. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Эмчилгээний зардал болон автомашинд учирсан зардлаа нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Батбаярын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн T.Sai маркий **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, ганцаараа үсчин орж үсээ засуулах гээд Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байхад гэнэт миний араас хог ачсан машин баруун хойд тал руу мөргөөд, миний хажуу талаар машиныг шүргээд цаашаа яваад өгсөн. Тухайн үед миний нуруу өвдөөд, шоконд ороод машиндаа суугаад түргэн тусламж дуудсан.

Би үнэлгээ хийлгэсэн зардал 480.000 төгрөг, мөн автомашиндаа учирсан эвдрэлийн зардлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 33 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Мөнх-Эрдэнийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн:

“...Би тухайн осол болсон өдөр манай байгууллагын машин осол гаргасан байна гэж мэдсэн. Хунтойром нь манай байгууллагад жолоочоор ажилладаг, 3 жил орчим ажиллаж байна. Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Эрдэнэболд гэдэг хүний эзэмшилд байдаг. Тухайн хүнтэй түрээсийн гэрээ хийгээд, манай байгууллага ашиглаж байгаа юм. Учирсан хохирлоос тодорхой хэмжээнд төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 44 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сувд-Эрдэнийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Миний бие хэрэгт Эрүүл мэндийн даатгалын газрыг төлөөлж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Ө.Хунтойром нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын урд талын замд Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, А.Рэгзэдмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогч А.Рэгзэдмаа нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөг гарсныг буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Батмөнхийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон талаар жолоочтой хамт явсан ачигчаас сонссон. Тухайн тээврийн хэрэгслийг манай байгууллага хувь хүнээс түрээсийн гэрээний дагуу авч ажиллуулдаг юм. Манай байгууллага автомашинуудаа ажилд гарахаас нь өмнө бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьдаг. Тухайн өдөр Mitsubishi Fuso маркийн машиныг ажилд нь гарахаас өмнө ход талын 2 тоормосны накладыг тэлэгчтэй нь солиод, шалгаад ажилд гаргасан. Тухайн өдөр ажил ихтэй байсан учир би өөрөө бол шалгаагүй, мөн манай техникч амарчихсан байсан.

Тухайн өдөр манай засварчин Алтанхуяг тоормосонд засвар хийгээд шалгаж дуусаад “засвар хийгээд дууслаа” гэхээр нь би бензинийг нь өгөөд ажилд гаргасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 65, 67 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Болотын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ажилд гарахаас өмнө Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосыг засварчин Алтанхуягаар засуулаад тоормосыг нь шалгахад ажиллаж байсан. Тэгээд ажилдаа гараад хогоо ачаад, Нисэхийн замаар Буянт-Ухаа 1 хорооллын урд талын замаар зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байгаад хурд сааруулагч давтал машины тоормос гэнэт ажиллахаа больчихсон. Тэгээд урд явж байсан машиныг мөргөөд, урсгал сөрөөд цааж явж байхад уулзвараар гэнэт нэг машин эргээд ороод ирсэн ба тэр машины урдаас нь мөргөөд цааш яваад зогссон. Машинаас буугаад гүйгээр ослын газар луу очиход машин дотор эмэгтэй хүн байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 78 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бадамдоржийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ажилд гарахаасаа өмнө ажилд унаж явдаг машин болох Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны 2 накладыг солиод, шинэ наклад тавиад, хоёр шинэ тэлэгчийг Алтанхуяг гэдэг засварчнаар янзлуулаад ажилд 12 цагийн үед гарсан. Тэгээд Буянт-Ухаагийн Элеганс хотхоны хогийг аччихаад хогоо асгах гээд Хунтойром машин жолоодоод, би болон Болот нарын хамт гурвуулаа Биогийн хогийн цэг рүү Буянт-Ухаа 1 хорооллын урд замаар зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байхад Хунтойром “яанаа, тоормосгүй болчихлоо” гэснээ урд явсан хар өнгийн жижиг машины баруун хойд тал руу мөргөөд, хажуугаар нь зураад явсан. Бидний урд машинууд байсан болохоор эсрэг урсгал руу ороод сөрөөд тэр чигтээ явсан ба зогсохгүй явж байхад уулзвараар Т.Приус маркийн машин эргээд өөдөөс ороод ирсэн. Ингээд тэр машиныг урд талаас нь мөргөөд, урсгал сөрсөн хэвээрээ явсаар байгаад нэг уулзвараар урагш эргээд зогссон. Тэгээд машинаа зогсоогоод ослын газар луу гүйж очиход эмэгтэй хүн байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 81 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Алтанхуягийн гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилд гарахаас нь өмнө Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийж, машины баруун хойд талын дугуйны накладыг тэлэгчтэй нь сольсон. Тэгээд шалгаж үзэхэд хойд хоёр дугуйны тоормоснууд нь хэвийн ажиллаж байсан. Уг машин нь хий, шингэн хосолсон тоормосны системтэй ба машины хий хөлдөх тохиолдол байгаа. Үүнээс болоод тоормос ажиллагаагүй болох тохиолдол байдаг. Шинэ наклад тавьсан учир тоормос барихгүй, элэгдээд ховилдоо суугаад ирэхээр нь тоормос гүйцэт барьдаг юм. би Хунтойромд ажилд гарахаас нь өмнө “тоормос чинь шинэ болохоор сайн барихгүй байж магадгүй шүү, болгоомжтой яваарай” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 84 дэх тал),

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15234 дугаартай:

1. А.Рэгзэдмаагийн биед баруун талын 2, 3-р хавирганы хугарал, зүүн өвдөгний үений урд, ард чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 96-97 дахь тал),

 

11. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 910 дугаартай:

“...T.Prius 20 маркийн **** УАМ улсын дугаартай автомашины ослоос гарсан засвар үйлчилгээний шууд зардал 6.135.000 /зургаан сая нэг зуун гучин таван мянга/, шууд бус зардал 2.035.000 /хоёр сая гучин таван мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 8.170.000 /найман сая нэг зуун далан мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 110-116 дахь тал),

 

12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 357 дугаартай:

“...Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай автомашины ослоос гарсан засвар үйлчилгээний шууд зардал 2.495.000 /хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга/, шууд бус зардал 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 121-123 дахь тал),

 

13. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16101 дугаартай:

“...Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай автомашины ослоос гарсан засвар үйлчилгээний шууд зардал 8.160.000 /найман сая нэг зуун жаран мянга/, шууд бус зардал 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт хохирлын дүн 9.560.000 /есөн сая таван зуун жаран мянга/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 126-128 дахь тал),

 

14. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 999572 дугаартай дүгнэлтэд:

Хариулт 1. Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд зүүн урд талын их гэрлийн гадна бүрхүүл шил хагарсан, гэрэл ойлгогч цайр хөдөлж тохиргоо алдагдсан, баруун урд гэрэл асдаг боловч ойрын гэрлийн эрчим шаардлага хангахгүй, урд нүүр, их гэрлийн доод талд байрлах хөмсөг хагарсан, зүүн урд талын булан хагарч гажсаны улмаас зүүн хаалга хаагдахгүй болсон. Радиатор гэмтэж, хөргөлтийн шингэн гоожсон, урд нүүр, буфер гол хэсгээр гажиж хэв гажилтанд орсон, дуут дохио, хурд хэмжигч, ухрах арааны дугаарын тоормосны гэрлүүд ажилладаггүй. Урд, хойд салхины болон хаалганы шилнүүд бүтэн. Хөдөлгүүр их хэмжээтэй тос гоожилттой, өнгө үзэмж муу их гэрлүүд асдаг боловч гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан, нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч хэт өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос ажилладаггүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Хариулт 2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр зүүн урд талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, гэрэл ойлгогч цайр хөдөлж тохиргоо алдагдсан, баруун урд гэрэл асдаг боловч ойрын гэрлийн эрчим шаардлага хангахгүй, урд нүүр, их гэрлийн доод талд байрлах хөмсөг хагарсан. Радиатор гэмтэж хөргөлтийн шингэн гоожсон, зүүн урд талын булан хагарч гажсаны улмаас зүүн хаалга хаагдахгүй болсон, урд нүүр, буфер гол хэсгээр гажиж хэв гажилтанд орсон, дуут дохио, хэрд хэмжигч, ухрах арааны, дугаарын тоормосны гэрлүүд ажилладаггүй. Нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч хэт өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, зогсоолын тоормос ажилладаггүй эвдрэл гэмтэлтэй байна.

Хариулт 3. Зүүн урд талын их гэрлийн гадна бүрхүүл шил хагарсан, гэрэл ойлгогч цайр хөдөлж тохиргоо алдагдсан, баруун урд гэрэл асдаг боловч ойрын гэрлийн эрчим шаардлага хангахгүй, урд нүүр, их гэрлийн доод талд байрлах хөмсөг хагарсан. Радиатор гэмтэж хөргөлтийн шингэн гоожсон, зүүн урд талын булан хагарч гажсаны улмаас зүүн хаалга хаагдахгүй болсон, урд нүүр, буфер гол хэсгээр гажиж хэв гажилтанд орсон эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ, харин дуут дохио, хурд хэмжигч, ухрах арааны, дугаарын тоормосны гэрлүүд ажилладаггүй, нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч хэт өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан, зогсоолын тоормос ажилладаггүй, хөдөлгүүр их хэмжээтэй тос гоожилттой эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байх боломжтой.

Нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос ажилладаггүй эвдрэл нь тус зам тээврийн осолд тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлнө.

Хариулт 4. Уг автомашин зүүн урд талын их гэрлийн гадна бүрхүүл шил хагарсан, гэрэл ойлгогч цайр хөдөлж тохиргоо алдагдсан, баруун урд гэрэл асдаг боловч ойрын гэрлийн эрчим шаардлага хангахгүй, урд нүүр, их гэрлийн доод талд байрлах хөмсөг хагарсан. Радиатор гэмтэж хөргөлтийн шингэн гоожсон, урд нүүр, зүүн урд талын булан хагарч гажсаны улмаас зүүн хаалга хаагдахгүй болсон, буфер гол хэсгээр гажиж хэв гажилтанд орсон эвдрэлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой.

Хариулт 5. Тухайн зам тээврийн осолд тоормосны хувьд нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос ажилладаггүй эвдрэл нь тус зам тээврийн осолд тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлнө.

Хариулт 6. Тоормосны хий-шингэн дамжуулгатай тоормосны системтэй, төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн дүн туршилтын жолоодлогоос үзэхэд системийн ажиллагаа хэвийн бус урд тоормос өрөөл, хойд тоормос зогсох хэмжээнд хүртэл барьдаггүй, зогсоолын тоормос ажиллахгүй байсан.

Хариулт 7. Тус тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай тоормосны системтэй, ийм тоормосны системтэй автомашин тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.

Хариулт 8. Асуултад дурдаагүй шинэ нөхцөл байдал илрээгүй.” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 142-149 дэх тал), 

 

15. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1334 дугаартай:

1. Ө.Хунтойром нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, тхх11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Жолооч А.Рэгзэдмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Жолооч Х.Батбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 154 дэх тал),

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Хунтойромын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би өглөө 11 цагийн үед ажил дээрээ очоод ажилд гарах гэхэд машины хойд талын 2 наклад 2 тэлэгчийг засварчин Алтанхуяг солиод, шалгаад болсон гэж хэлсэн. Тэгээд би баазын дарга Батмөнхтэй уулзаад “машинаа Алтанхуягт шалгуулчихлаа” гэхэд “за ажилдаа гар” гээд ажилдаа гарсан. Ингээд би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Элеганс хорооллоос хогоо ачаад, Био орох гээд Буянт-Ухаа 1 хорооллын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байхад гэнэт машин тоормосгүй болчихсон.

Тэгээд би машинаа нэгдүгээр эгнээ рүү шилжүүлээд урд явж байсан машиныг мөргөөд, тэр чигтээ урсгал сөрөөд явж байгаад урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөөд зүүн эргээд зогссон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 167 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 168 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 169 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 171 дэх тал), Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-ын ажлын газрын тодорхойлолт (хэргийн 179 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 181 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 183 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 185 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Хунтойромын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө.Хунтойром нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын урд талын замд Нийслэлийн Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн эзэмшлийн Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,

- 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”,

- мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гэрлэн дохион дээр зогсон байсан Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар эсрэг урсгалд явж байсан Toyota Prius маркийн **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол тус тус гаргасан, энэ ослын улмаас Toyota Prius маркийн **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Рэгзэдмаагийн эрүүл мэндэд “...баруун талын 2, 3-р хавирганы хугарал, зүүн өвдөгний үений урд, ард чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал.” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Осол болох үед шүүгдэгчийн жолоодон явсан Mitsubishi Fuso маркийн **** УБМ дугаартай тээврийн хэрэгсэл нь "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв" ОНӨААТҮГ-ийн эзэмшилд түрээсээр ашиглагдаж хог тээврийн үйлчилгээнд явдаг байсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд иргэний хариуцагч "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв" ОНӨААТҮГ нь дээрх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд шаардлагын түвшинт хяналт хяналт тавьж ажиллаагүй, ашиглалтын явцад засвар үйлчилгээг нь тухай бүрд, зохих журмын дагуу бүрэн гүйцэд хийдэггүй дутагдалтай байдал нь жолооч бүрэн бус стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох үндэслэлийг үүсгэсэн, тухайлбал: "...нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч хэт өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй, урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан, зогсоолын тоормос ажилладаггүй, хөдөлгүүр их хэмжээтэй тос гоожилттой эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл байх боломжтой. Нэгдүгээр тэнхлэгийн тоормос барих боловч өрөөл, хоёрдугаар тэнхлэгийн тоормос ажилладаггүй эвдрэл нь тус зам тээврийн осолд тоормосны замыг уртасгах зэрэг байдлаар тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэхээр байна. /хэргийн 142-147 дугаар талд авагдсан Шинжээчдийн дүгнэлтэд тусгагдсан/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Ө.Хунтойром нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Иймд шүүгдэгч Ө.Хунтойромыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Ө.Хунтойромын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А.Рэгзэдмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд нь 8.170.000 /найман сая нэг зуун далан мянга/ төгрөгийн /T.Prius 20 маркийн **** УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Батбаярын эд хөрөнгөд нь /Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ 9.560.000 /есөн сая таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-ийн эзэмшилд түрээсээр ашигладаг хог тээврийн зориулалттай Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хэргийн хохирогч А.Рэгзэдмаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж, түүний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 224.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А.Рэгзэдмаагийн эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд, осолд холбогдох үед тухайн хохирогч иргэний жолоодон явсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох юм.

 

Мөн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Х.Батбаярын жолоодон явсан түүний эзэмшлийн Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус зардлын дүнгээр нийт 9.560.000 /есөн сая таван зуун жаран мянга/ төгрөг төгрөгийн эд хөрөнгийн хохирол, “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-ийн эзэмшилд түрээсээр ашигладаг хог тээврийн зориулалттай Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.015.000 /гурван сая арван таван мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан тогтоогдсон тул иргэн Х.Батбаяр болон “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-ийг тус тус иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоож (хэргийн 31, 38, 40 дэх тал) эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлд тус тус заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 224.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.   

 

Хэргийн хохирогч А.Рэгзэдмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг бүрэн гаргуулах хүсэлттэй.” хэмээн мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

 

Хохирогч А.Рэгзэдмаагаас бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 23-27 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх шинжлэн судлахад эмчилгээ оношилгооны болон бусад бодитой гарсан зардлын дүн 1.443.150 төгрөг болж байх ба үүн дээр тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлын дүн 8.170.000 төгрөгийг нэмж, нийт 9.613.150 /есөн сая зургаан зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг нөхөн төлүүлж, хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Х.Батбаяраас хэргийн 33 дугаар талд өгсөн мэдүүлэгтээ: “...зам тээврийн осол хэрэг болох үед жолоодон явсан Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон үнэлгээ хийлгэсэн зардлын 480.000 төгрөг, журмын хашааны төлбөр зэргийг тус тус нэхэмжилнэ” хэмээн мэдүүлсэн ба зам тээврийн осол хэргийн улмаас түүний эзэмшлийн Toyota Sai маркийн **** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг нийт 9.560.000 /есөн сая таван зуун жаран мянга/ төгрөг гэж үнэлсэн “Тэнцвэр Эстимейт“ ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 126-128 дугаар тал/ баримттай, тээврийн хэрэгслийн оношилгооны зардлын 60.000 төгрөгийн ажлын хуудас баримт /хэргийн 129-130 дугаар тал/ тус тус хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлын 9.620.000 /есөн сая зургаан зуун хорь/ төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэж үндэслэлтэй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгчээс үнэлгээний ажлын хөлс 480.000 төгрөгийн болон журмын хашааны төлбөрийн талаар хэрэгт баримтгүй байх тул уг шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэс тус тус заасан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ө.Хунтойром нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-т жолоочоор ажилладаг, тус байгууллагын эзэмшилд түрээсээр ашигладаг Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хог тээврийн үйлчилгээ эрхлэн явахдаа буюу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол хэрэг гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд “Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв”  ОНӨААТҮГ нь хог тээврийн үйлчилгээнд түрээсийн гэрээний үндсэн дээр ашигладаг дээрх автомашины ашиглалтын явц дахь техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг нь хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хохирогч Э.Рэгзэдмаа болон иргэний нэхэмжлэгч Х.Батбаяр нарт учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагч “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв”  ОНӨААТҮГ хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн тус байгууллагаас нийт 19.233.150 /арван есөн сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж,

- хохирогч А.Рэгзэдмаад 9.613.150 /есөн сая зургаан зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Х.Батбаярт 9.620.000 /есөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг тус тус олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Шүүх иргэний нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлээс үнэлгээний төлбөр гэх 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн шаардлагыг “нотлох баримтгүй” үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “...зам тээврийн ослын улмаас Mitsubishi Fuso маркийн **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 3.015.000 /гурван сая арван таман мянга/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн хэргийн хохирогч Э.Рэгзэдмаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 224.000 төгрөгийг тус санд буцаан төлүүлэх талаар хэрэгт прокуророос иргэний нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул хохирогч А.Рэгзэдмаагийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 224.000 /хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Хунтойромоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.  

 

Хохирогч А.Рэгзэдмаа нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.Хунтойром нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 171 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.  

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Эмчийнхэн овогт Өлзийтогтохын Хунтойромыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Ө.Хунтойромд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Хунтойром нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ-аас 19.233.150 /арван есөн сая хоёр зуун гучин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж,

- хохирогч А.Рэгзэдмаад 9.613.150 /есөн сая зургаан зуун арван гурван мянга нэг зуун тавь/ төгрөг,

- иргэний нэхэмжлэгч Х.Батбаярт 9.620.000 /есөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Рэгзэдмаа нь цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, иргэний нэхэмжлэгч Х.Батбаярын нэхэмжлэлээс үнэлгээний төлбөр гэх 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн шаардлагыг хангахгүй орхисугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Ө.Хунтойромоос 224.000 /хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт Ө.Хунтойром нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.Хунтойромд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД