Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

                                      

 

 

 

 

 

 

    2023         01         12                                     2023/ШЦТ/45

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 220502688*******65 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “******* *******” амралтын газар менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, хотхоны ******* дугаар байрны тоотод оршин суух, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.******* нь “Орос 3 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө”, “Найрамдал зусланд хүүхэд амрааж өгнө”, “Монгол Улсын Их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.аас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 664,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Б.т нийт 5,164,000 төгрөгийн хохирол,

мөн “төсөлд хөрөнгө оруулагч олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.ээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 8,164,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Хүнд тусархуу зангаасаа болж ийм байдалд хүрсэн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.аас 5,164,000 төгрөг шилжүүлэн авсан талаарх нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга /хх-13-******* дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-21 дүгээр хуудас/,

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сард Д.******* гэх хүнтэй ажлын шугамаар танилцаж, найз нөхдийн харилцаатай болцгоож нэг нэгийнхээ гэрээр орж гарах болсон. Энэ хугацаанд Д.******* нь надаас ойр зуур хэрэглэх мөнгө зээлж аваад буцааж өгөхгүй байхаар нь тухайн үед тоохгүй орхидог байсан. Д.******* нь надад хандаж “надад төрийн албанд танил байгаа, төрийн албанд хөөцөлдөх ажил байх юм бол надад хэлээрэй, би бүтээгээд өгнө, цэцэрлэг, сургууль, их сургуульд танил байгаа” гэж хэлдэг байсан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Д.*******ээс “ахынхаа хүүхдийг Орос 3 дугаар сургуульд оруулах гэсэн юм аа, таньдаг хүн байна уу” гэж асуусан чинь 1,000,000 төгрөг миний ******* гэсэн данс руу явуулаад оруулах гэж байгаа хүүхдийн төрсний гэрчилгээг нь явуулчих гэж хэлэхээр нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 360000378300 гэсэн данснаас ******* гэсэн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө хийсэн талаараа *******т хэлсэн чинь мөнгө орсон, чамайг гээд 1,000,000 төгрөгөөр оруулж байгаа юм шүү, 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 2022 оны 08 дугаар сарын 05-ны хооронд цахим бүртгэлд хүүхдийн нэр нь орсон байна гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сард ******* надад хандаж найз нь Найрамдал зуслан дээр найзтайгаа уулзаж байна. 7 дугаар сард зусланд явуулах хүүхэд байх юм бол эхлээд төлбөрөө шилжүүлээрэй гэж хэлээд над руу зураг явуулж байсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүү Дөлгөөн /нас-13/, ахын охин Цэлмүүн /нас-13/ нарыг Найрамдал зуслан явуулахаар болоод Д.*******тэй холбогдсон чинь тэр надад хандаж хэдэн сарын захиалга өгөх юм бэ гэж асуухаар нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн захиалга сонгосон. Д.******* надад хандаж ямар ч асуудал алга, чи хүүхдүүдийн төрсний гэрчилгээний зураг явуулаад ******* гэсэн данс руу нийт 664,000 төгрөг хийгээрэй гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 461110403 гэсэн данснаас ******* гэсэн данс руу 664,000 төгрөг шилжүүлсэн. Түүнд мөнгө шилжүүлсэн талаар хэлсэн чинь чиний хоёр хүүхдийн бүртгэл болсон гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 15-ны үед байх ******* нь надад хандаж МУИС-д оруулах хүүхэд байна уу гэж асуусан. Тухайн үед манай дүү Цолмон Солонгос улсад гарах виз мэдүүлсэн байсан боловч тэр нь гарахгүй байж магадгүй гэж бодоод өөрийн дүүг бүртгүүлэх санал тавьсан. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 5735044*******3 гэсэн данснаас *******ийн гэсэн данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Манай дүүг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МУИС дээр очоорой гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын *******-ний өдөр Д.******* гэх хүний захирал Анхболд миний дугаар луу залгаад Д.******* та хоёрын дунд мөнгө төгрөгийн асуудал байгаа юу, Д.******* нь хүүхдүүд зусланд явуулна гэж хэлээд мөнгө авсан байна гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.******* рүү залгаад хүүхдүүдээ Найрамдал зуслангийн автобусанд хүргээд өгчих үү гэж асуусан чинь хэрэггүй ээ, Найрамдал дээр байх найзын минь утас холбогдохгүй байна, би машинаараа хүргээд өгье гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш бүх зүйлийг хойшлуулж сүүлдээ миний утсыг авахаа больсон. ******* нь хүүхэд зуслан явуулна гэж хэлээд 664,000 төгрөг, Орос 3 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хэлээд 1,000,000 төгрөг, МУИС-д хүүхэд оруулж өгнө гэж хэлээд 3,500,000 төгрөг надаас авсан. ******* нь дээрх ажлыг хийж өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан боловч нэг ч ажлыг нь бүтээж өгөөгүй. ******* нь найз нэрийн доор миний итгэлийг олоод надаас мөнгө салгах зорилготой байсан байна гэж бодож байна. Д.******* нь Center21 нэртэй хөрөнгө зуучийн газар ажил хийдэг, түүний захирал Анхболд ажлын шугамаар танилцуулж байсан. Надаас авсан мөнгийг ажил бүтээж өгөх хүндээ өгнө гэж хэлсэн бөгөөд өөрөө хувьдаа мөнгө авахгүй гэж байсан. Дээр дурдсан мөнгө бүгд миний эзэмшлийнх, түүнийг захиран зарцуулах эрх надад байгаа. Надад амласан зүйлээс биелсэн зүйл байхгүй. Миний хохирлоос төлж барагдуулсан зүйл байхгүй. Би өөрийн мөнгийг авах хүсэлтэй байна.  Д.*******тэй сүүлд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр утсаар ярих үед мөнгийг чинь 5 минутын дараа данс руу чинь шилжүүлнэ гэж хэлээд хийгээгүй өнөөдрийг хүргэж байна” гэсэн мэдүүлэг /хх-25-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь өгсөн мэдүүлэгт болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчийн хохирол мөнгийг бүрэн төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хх-46-47 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ээс 3,000,000 төгрөг шилжүүлэн авсан талаарх нотлох баримтууд:

Хохирогч Б.ийн ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл, түүний эзэмшдэг Хаан банкны 5000680851 тоот дансны хуулга /хх-54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, уг дансны хуулга /хх-88-95 дугаар хуудас/,

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би СХД-ийн 26 дугаар хороо, Мандал ******* дүгээр гудамжны 49 тоотод үйл ажиллагаа явуулдаг Уран сүх нэртэй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ажиллуулдаг юм. 2022 оны 03 дугаар сараас эхлэн хөргүүртэй махны агуулах барих төсөл бичиж эхлээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төслөө бичиж дуусаад хөрөнгө оруулагч хайж байтал 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний зүс таних дүү Б. гэх эмэгтэй надад хандаж Д.******* гэх эмэгтэйтэй танилцсан юм, олон танилтай гэж байна. Уулзаад үзээрэй гэж хэлээд надад 90109399 гэсэн дугаарыг өгсөн. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө би аас авсан дугаар луу залгаад төсөлд хөрөнгө оруулах хүн хайж байгаа талаараа хэлэх үед төслийн танилцуулга болон компанийн танилцуулгаа явуул гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ажилтнаараа компанийн танилцуулга, төслийн танилцуулга өгч явуулаад ******* гэх хүнд хүргүүлсэн. Тэгээд удалгүй ******* миний дугаар руу залгаад надад хандаж төслийн чинь танилцуулгыг хүлээж авлаа, танай үйл ажиллагаа хэвийн жигдэрсэн юм байна, та миний дугаартай данс руу 3,000,000 төгрөг хий хүнд танилцуулах гээд байна гэж хэлсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн 5000680851 дугаартай данснаас дугаартай данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа ******* рүү залгаж хэлэх үед эргээд ярина гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өглөө түүний дугаар руу залгаж түүнтэй уулзах санал тавиад ******* дүүргийн нутаг дэвсгэрт байх хотхонд очиж уулзсан. Тухайн үед *******тэй уулзаж ярих үед тэр төслийн талаар ойлголтгүй, ярьж байгаа зүйл нь худлаа санагдаад байсан. Тэр надад хандаж нэмж 10,000,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Би түүнд хандаж төсөлд хөрөнгө оруулах хүнээ надтай уулзуул гэж хэлсэн чинь уулзуулах боломжгүй гэсэн хариу хэлсэн. Тэгээд түүний 90109399 дугаар нь холбогдохгүй болоод ******* нь надаас зугтаагаад байх шиг байсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ******* нь 90097744 гэсэн дугаараас залгасан. Түүнээс миний ажил бүтэж байна уу гэж асуух үед төр засаг солигдоод байна, би завгүй байна гэж хэлсэн. Тэгээд түүнээс мөнгөө нэхэх үед шалтаг шалтгаан хэлээд уулзахгүй, зугтаад байсан. Мөнгөө нэхэх үед өдөр заагаад тухайн өдөр мөнгийг өгнө гэж хэлдэг боловч өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй, миний ажлыг бүтээж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын дундуур Б. гэх эмэгтэй залгаад таны дугаарыг Б. гэх хүнээс авлаа, манайх махны чиглэлээр төсөл бичсэн юм аа энийг бүтээгээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан учир эргээд яръя гэж хэлээд салгасан. Хэд хоног өнгөрсний дараа Б. гэх хүнтэй уулзах үед түүний ажлыг хөөцөлдөж өгөхөөр болсон. Тэгээд би түүнээс нийт 3,000,000 төгрөг өөрийн данс руугаа аваад, авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 2022 оны 08 дугаар сарын дунд үеэс Б. мөнгөө нэхэх болсон. Түүний мөнгийг хувьдаа зарцуулсан талаараа түүнд хэлж чадалгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. Би түүний төслийн ажлыг бүтээж өгнө гэж хэлээд авсан. Тухайн мөнгийг цааш нь хүнд өгнө гэж Б.т ойлгуулаад өөртөө зарцуулсан юм аа. Тэр мөнгийг өөртөө зарцуулна гэж түүнд би хэлээгүй. Мөнгийг нь цааш нь дамжуулж өгөх танил надад байхгүй байсан юм. Хохирогчид хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй, түүний мөнгийг өгнө” гэсэн мэдүүлэг /хх-83-84 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-52-53 дугаар хуудас/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-80-81 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-96 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-98 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-102 дугаар хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/*******170 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх албан бичиг, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.******* нь “Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө”, “Найрамдал зусланд хүүхэд амрааж өгнө”, “Монгол Улсын Их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.аас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 664,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч Б.т нийт 5,164,000 төгрөгийн хохирол,

мөн “төсөлд хөрөнгө оруулагч олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.ээс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 8,164,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Д.*******ийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.ийн эзэмшдэг Хаан банкны 5000680851 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б., Б. нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж бодит байдалд байхгүй, хийсвэр хоосон зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсан, тухайлбал өөрийгөө эрх бүхий албан тушаалтай хүмүүстэй танил гэх мэтээр итгүүлэхийг, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан
тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Шүүгдэгч Д.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, өөрийгөө танил тал ихтэй гэж итгүүлэн, урьд нь бие биеэ мэдэх Б.т “Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль болон Монгол Улсын Их сургуульд хүүхэд оруулна, Найрамдал зусланд хүүхэд амрааж өгнө” гэж худал хэлж, хуурч нийт 5,164,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн авсан, мөн Б.т “төсөлд хөрөнгө оруулагч олж өгнө” гэж худал хэлж, хуурч 3,000,000 төгрөгийг банкны дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.т 5,164,000 төгрөгийн, хохирогч Б.т 3,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Эдгээр хохирол нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс нийт 8,164,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.т 5,164,000 төгрөг, хохирогч Б.т 3,000,000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “хохирол нөхөн төлөх нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.т 4,164,000 төгрөг нөхөн төлсөн байх ба хохирогч Б.т төлөх хохирлын үлдэгдэл 1,000,000 төгрөг, хохирогч Б.т 3,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Д.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч Д.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах” дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Д.*******ийг ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байх ба уг тэнссэн хугацаанаас үлдсэн хугацаа болон оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оршин суугаа газар болох ******* дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 220502688*******65 дугаартай хэрэгт 220500000*******90 дугаартай хэргийг нэгтгэсэн, шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг оршин суугаа газар болох ******* дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс нийт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Бямбахоролын /РД: НХ85092007/-т 1,000,000 /нэг сая/ төгрөг, хохирогч ийн /РД: /-т 3,000,000 /гурван сая/ төгрөг тус тус олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 220502688*******65 дугаартай хэрэгт 220500000*******90 дугаартай хэргийг нэгтгэсэн, шүүгдэгч Д.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА