Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2017/0719/И |
Дугаар | 007 |
Огноо | 2018-01-05 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 007
Ж.Е-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэртэй, Е-ын нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Ж.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ““С”” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Би аймгийн ““С”” ХХК-ны захирал С.Шаривийн шийдвэрээр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус компанид манаач болон 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд томилогдон 2 жил 4 сар ажиллаж сард бэлнээр 350,000 төгрөгийн хөлс авч байсан. Намайг анх ажилд томилогдон орох үед байгууллагын дарга болон удирдлагаас ажилд орсон талаар тушаал шийдвэр өгөөгүй бөгөөд мөн өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Би дарга болох Ш-т хандаж ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгөхийг удаа дараа шаардахад “чи энэ манаач болон насосны станцын машинистын албан тушаалд бүр тушаалаар орсон бөгөөд хэл ам гаргалгүй зүгээр л ажлаа хийж бай, цаг нь болохоор чамд тушаал, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгнө” гэж хэлж явуулсан тул би дахин очиж нэхээгүй. Энэ тухай компанийн орлогч гэх Б-ээс тушаалын нэг хувь, хөдөлмөрийн гэрээг шаардахад “дарга нар мэднэ” гэж хэлж ач холбогдол өгөөгүй тул би тушаал болон хөдөлмөрийн гэрээг байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг мөн нэг хувийг өгөх эсэхийг дарга өөрөө шийддэг юм байна гэж бодоод дуугүй ажлаа хийж ирсэн.
Манай компани манаач болон 3 дугаар бохир усны насосны станцын машинистын үүрэгт ажлыг М, С бид гурав 24 цагаар ээлжлэн хийдэг. Өөрөөр хэлбэл байгууллагад манаач хийж байхад 2 цаг тутам насосны ажиллагааг хянах, цэвэрлэх, ажиллуулах үүрэгтэй ажилласан. Манаач болон машинистын орон тоо, бүтэц хасагдаагүй бөгөөд хасагдах, цомтгогдох талаар би огт сонсоогүй. Гэтэл ““С”” ХХК-ны захирал А-ийн дуудсаны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагт албан өрөөнд нь очиход “ажлаас чөлөөлсөн тухай” 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 тоот тушаалыг надад өгсөн тул би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан “С” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: ““С” ХХК нь 2012 оноос орон нутгийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд туслан гүйцэтгэгчээр ажилласан учраас тухайн үед ажлын шаардлагаар Ж.Е-ыг захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компани бетон цехийн туслах ажилчнаар ажиллуулж байгаад 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах ажилтнаас чөлөөлж, захиргаа аж ахуйн хашааны ээлжийн манаачаар түр томилжээ. Тус компани нь аймгийн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээний найдвартай хангалтыг хариуцаж ажилладаг тул хүн, хүчний дутмаг байдал, ажлын шаардлагаар ажилчдыг өөр ажил хавсран гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар, улирлын чанартай ажиллуулдаг тохиолдол гардаг. Энэхүү ажлын шаардлагаар Ж.Е-ыг 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манаачийн ажлаас чөлөөлөн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хүний халуун усны уурын зуухны машинист, сахиулаар томилон ажиллуулж байгаад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай тушаалаар захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистаар томилсон байна.
Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэсэн байдал нь компанийн санхүүгийн чадавх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж үүнээс болж төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалд орсон, цалингийн фонд хэтэрсэн зэрэг байдлыг харгалзан тус компани Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж ажилчдын тоог цөөрүүлэх, орон тоо цомхтгож, цомхон бүтэцтэй ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирал А надад үүрэг болгосон. Тус компани ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компани бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, 51 орон тоогоор баталж, энэхүү 51 орон тооны хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг даалгасны дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар компани албан тушаал, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн.
Нэхэмжлэгч Ж.Е-ын ажиллаж байсан захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын орон тоо нь дээрх ТУЗ-ийн тогтоолын дагуу цомхтголд орсон учраас Ж.Е-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэгэнт Ж.Е-ын орон тоо нь цомхтголд орсон учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй болсон.
Нэхэмжлэгч Ж.Е-ын нэхэмжлэлдээ дурдсанчлан тушаал нь байгууллагын дарга үзэмжээрээ бичдэг зүйл биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан эрхийнхээ дагуу ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалыг шаардах, танилцах эрх нь ажилтны хувьд нээлттэй. Нөгөө талаар хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул Ж.Е-ын нэхэмжлэлдээ бичсэн зарим зүйл нь зүйд нийцэхгүй байна. Иймд Ж.Е-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.Е-ыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “С” ХХК-ны захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосны станцын машинистын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Ж.Е-ын нэхэмжлэлтэй “С” ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын захирал А миний бие эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүх хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу “хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь” үнэлээгүйд гомдолтой байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 51 орон тоогоор, 2 дугаар хавсралтаар энэхүү 51 орон тоонд ямар албан тушаалтан ажиллах талаар албан тушаалын нэрээр нэрлэн нэг бүрчлэн зааж өгсөн. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.18-д заасны дагуу компанийн бүтцийг шинэчлэн тогтоох, орон тооны хязгаарыг батлах эрх нь зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлд олгогдсон байдаг бөгөөд компанийн захирал дураараа цомхтгол хийх, албан тушаалын нэрсийг өөрчлөн батлах эрхгүй. Нэгэнт Компанийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлөөс “С” ХХК-ийн бүтцийг шинэчлэн тогтоож өмнө байсан захиргаа аж ахуйн цехийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистын орон тоог хасаж баталсан учраас ажил олгогчийн зүгээс Ж.Е-д нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлж хуульд заасан тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг гүйцэтгэх захирал миний бие зайлшгүй дагаж мөрдөх ёстой бөгөөд намайг томилсон эрх бүхий байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл учраас цомхтгол хийж орон тоог хассан шийдвэрийг мөрдөж ажиллахгүй бол эргээд надад дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцлага тооцох үндэслэл бий болно. Иймээс Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол нь цомхтгол хийсэн эрхийн акт учраас уг тогтоолыг биелүүлсний төлөө гүйцэтгэх захирал намайг хууль зөрчиж цомхтгол хийсэн гэж шүүхээс буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Ажил олгогчийн зүгээс ажилтанд 1 сарын өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан байхад мэдэгдэх хуудсыг шаардлага хангаагүй гэж шүүх үзсэн нь зүйд нийцэхгүй. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу 1 сарын өмнө Ж.Е-д ажлаас чөлөөлөгдөх талаар мэдэгдсэн.
3. Өмнө тус компанид 1, 2, 3, 4-р бохир усны станц гэж байсан ба 3-р бохир усны станцын машинистаар ажилладаг 3 ажилтан нь захиргаа аж ахуйн цехийн манаачийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор захиргаа аж ахуйн цехийн манаачийн орон тоо болон 3, 2, 4 дүгээр бохир усны станцын машинистын орон тоог хасаж баталсан учраас уг орон тоонд ажиллаж байсан ажилчид цомхтголд орсон. Ж.Е-той хамт захиргаа аж ахуйн цехийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистаар ажиллаж байсан 2 хүнийг мөн адил цомхтголд оруулсан талаарх тушаалыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тушаалаар дээрх маргаан бүхий орон тоо цомхтголд орсон нь давхар нотлогдож байгаа. Мөн нэхэмжлэгч Ж.Е-ын захиргаа аж ахуйн цехийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистаар 3 хүн ажиллаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарласан тайлбар, хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 5 дугаартай тогтоол, мөн захирлын 2015 оны тушаалын хавсралтаар тус тус захиргаа аж ахуйн цехийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны станцын машинистын 3 орон тоо өмнө байсан нь дараа нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цомхтгол хийгдэж маргаан бүхий орон тоо хасагдсан нь нотлогдож байхад шүүх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай “Албан тушаалын нэрс” баталсан тушаалыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна. Уг 88 дугаартай тушаал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаартай тогтоолын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар “ажил, албан тушаалын жагсаалтыг” баталсан тушаал болохоос цомхтгол хийж орон тоо хассан эрхийн акт биш юм.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
Ж.Е нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “С” ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинистын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.
Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “С” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 90 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1, хөдөлмөрийн дотоод журмын 6.2, 6.9.1 дэх заалт, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаар тушаалыг тус тус үндэслэн, орон тоо нь хасагдсан, ажилчдын тоог цөөрүүлсэн тул гэх үндэслэлээр тус ХХК-ийн захиргаа аж ахуйн цехийн ээлжийн манаач бөгөөд 3 дугаар бохир усны насосын станцын машинист Ж.Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Ажилтан Ж.Е нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “орон тооны цомхтголоор манаачийн орон тоо байхгүй болоогүй” гэж, харин ажил олгогч “Ж.Е-ын орон тоо цомхтголд орсон тул цаашид ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг үндэслэл болгосон боловч тус зүйлд заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үйл баримтаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Хариуцагч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолыг үндэслэн орон тоо хасагдсан гэх боловч уг тогтоолын 3 дахь заалтаар 51 ажилтны хүрээнд компанийн албан тушаал, орон тооны жагсаалтыг шинэчлэн тогтоохыг “С” ХХК-ны захирал А-д үүрэг болгосны дагуу тэрээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 88 дугаартай тушаалаар Компанийн албан тушаалын нэрс, орон тоог хавсралтаар баталсан байна. Гэтэл тус компанийн ямар албан тушаалтны орон тоог хассан, мөн цөөрүүлэх эсэх нь тодорхой бус байхад ажилтан Ж.Е-ын орон тоо хасагдсан гэж түүнд мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
“С” ХХК-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолын 2-д компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг хавсралтаар баталж, тогтоолын хавсралтаар орон тооны дээд хязгаарыг 51 орон тоотойгоор баталсан нэг хавсралттай /хэргийн 41-42 тал/ байхад хариуцагч тал Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тогтоолын компанийн шинэчилсэн бүтэц, орон тоог баталсан хавсралт гэж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нотариатаар баталж /хэргийн 82 тал/ нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Д.КӨБЕШ