Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/ШШ2024/0044

 

 

 

 

 

 

 

Б.У, Ч.Б, Д.Э,

“ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК,

“Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Нэхэмжлэгч: Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн Газар

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг, “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохыг даалгах” тухай

Анхан шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Нэхэмжлэгч “Н” ХХК, “МТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.С,

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Ш.М,

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Э,

Иргэдийн төлөөлөгч Н.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 221/2024/0044/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-аас хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан “Монгол Улсын Засгийн газарт 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг, “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгох,, Монгол Улсын Засгийн газрын Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газарт газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

2. Нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-аас шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. “...Нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд бид Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн газар нутагт газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээтэй бөгөөд бидний зарим нь зах зээлд шинээр орохоор ажиллаж эхэлж буй, зарим нь орлого эдийн засгийн хувьд хүндрэлд орсон боловч амьд үлдэхээр зүтгэж буй зэрэг олон нөхцөл байдалд жижиг дунд хэмжээний үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлдэг олон иргэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлж гомдол шаардлагыг гаргасан. Бид газрын эрхийн гэрчилгээ баримтыг нэхэмжлэлд хавсарган хүргүүлсэн. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу газрын төлбөрийн хэмжээ үндэслэлгүй нэмэгдсэн нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндсөн. Учир нь энэхүү тогтоолоор газрын суурь үнийг үндэслэлгүй өндөр тогтоохдоо газрын Төлбөрийн хувь, хэмжээг тодорхой тогтоох ёстой байхад үндэслэлгүйгээр 0.1-1.0 хооронд тогтоох гэсэн ойлгомжгүй эс үйлдэхүй гаргаж, хууль бусаар өөрт олгосон бүрэн эрхийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шилжүүлсэн. Үүнээс шалтгаалж сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, татварын албад өөрсдийн дураар иргэд төлөх боломжгүй газрын төлбөрийг ногдуулж газраа ашиглах, эзэмших ямар ч боломжгүй нөхцөлд хүргээд байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл газраа ашиглах, эзэмших хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү Засгийн газрын тогтоол 1 дүгээрт үндэслэл судалгаагүй, нөлөөллийн шинжилгээгүй суурь үнийг хэт өндрөөр тогтоосон, 2 дугаарт газрын төлбөрийн хувь, хэмжээг тодорхой тогтоож өгөөгүй нь Үндсэн хуулиар хүлээсэн хууль ёсны татвар төлөх гэсэн үндсэн үүрэг, нөгөө талаасаа хуулиар ногдуулсан татварын төлөх эрх, үүргийг зөрчихөд хүргэж байна.

2.2. Хууль зүй дотоод хэргийн яам нь Захиргааны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн хөтлөх чиг үүргийг хүлээгээд өдгөө 9 дэх жилдээ тус чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хэм хэмжээний акт нь хуулийн зохицуулаагүй харилцааг нөхөн, нарийвчлан зохицуулдаг гэдэг утгаараа Засгийн газрын хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг, нөгөө талаасаа хуулиар эрх олгосон, хуулиар тогтоосон хязгаарлалт, хуулиар тогтоосон процесс, урьдчилсан судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг зэргийг бүхэлд нь хүчин төгөлдөр болж хэрэгжихээс нь өмнө хянаж алдаа дутагдлыг залруулах, сайжруулах, шаардлагатай нөхцөлд бүртгэхээс татгалзах буюу хүчин төгөлдөр болгохоос татгалзах хүртэл бүрэн эрхтэй, эрх зүйн үр дагавар бүхий үйлдлийг гүйцэтгэж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актыг шаардлага хангасан гэж үзсэн нөхцөлд хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэж дугаар олгож, олон нийтэд нийтэлснээр тухайн хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болж, нийтээр дагаж мөрдөгдөх эрх зүйн үр дагавар үүсэж байгаа. Бидний зүгээс нэхэмжлэлдээ Хууль зүй дотоод хэргийн яамны Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг хэм хэмжээний нэгдсэн бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгох шаардлага гаргасан үндсэн шалтгаан бол энэхүү үйлдэл нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг, тухайн хэм хэмжээний актыг хүчинтэй, эсхүл эрх зүйн үйлчлэлгүй байх эсэхийг шийдвэрлэдэг захиргааны бие даасан үйл ажиллагаа буюу хэм хэмжээний актыг батлах эсхүл хүчингүй болгох цогц үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэж байгаатай холбоотой. Өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2020/0499 дугаар магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгч нараас тус нөлөөллийн шинжилгээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-д заасныг хангаагүй хэмээн тайлбарлаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар маргаан бүхий акт нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4238 дугаарт бүртгэгдсэн байгаагаас үзвэл хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх тул анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нараас тус нөлөөллийн шинжилгээ, хэм хэмжээний актыг бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх тус нөлөөллийн шинжилгээ үндэслэлтэй тухайд дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн практик байна. Өөрөөр хэлбэл Хууль зүй дотоод хэргийн яамны бүртгэлтэй тусгайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй нөхцөлд нөлөөллийн шинжилгээ хийгдсэн эсэх, хэм хэмжээний актыг батлах процесс зөв хийгдсэн эсэхтэй маргах эрхгүй гэсэн дүгнэлт хийж байсан. Үүнийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/0424 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад Газрын төлбөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна” гэж үзсэн. Тиймээс бид тусгайлан Хууль зүй дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.

2.3. Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актыг бүртгэх үйлдлийг хийхдээ тусдаа бие даасан акт гаргадаггүй буюу үйлдлээр илэрдэг бөгөөд бүртгэж, олон нийтэд мэдээлдэг. Иймээс шүүхээс шаардсан актыг хавсаргаж ирүүлэх гэдэг шаардлагыг бидний зүгээс биелүүлэх боломжгүй. Захиргааны үйл ажиллагаа нь үйлдлээр илэрдэг тул бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага "үйлдлийг" хүчингүй болгох гэж тодруулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг баталсан. Энэхүү Засгийн газрын тогтоолыг үндэслэж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас газрын төлбөрийн итгэлцүүр гэхийг тогтоосон. Энэхүү итгэлцүүр нь хэт ерөнхий хэт өндрөөр тогтоосноос шалтгаалж эдгээр аж ахуйн нэгж, иргэд газраа эзэмшиж, ашиглахад хүндрэл үүсэж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрээд байна. Энэ нөхцөл байдал нь Засгийн газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийг тогтоолгүй, хууль бусаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шилжүүлсэн, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. Газрын төлбөрийн хувь, хэмжээг “Засгийн газар” эсхүл “аймаг, нийслэл, сум, дүүргийн” Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аль субъект нь тогтоох эрхтэй талаар бидэнд ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь Татварын Ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын зохицуулалт зарим талаар зөрчилтэй, давхацсан байх магадлалтай байгаа билээ.

2.4. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шударга ёс,...тэгш байдал,...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн... дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: ...3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” 7/ төрийн ...албан татвар ...бодлого ... тодорхойлж...” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татварын төрлийн нарийвчлан зохицуулж, үүний 7.2.18-д “газрын төлбөр” хэмээн зохицуулсан. Тус хуулийн 8 дугаар зүйлд татварын хувь, хэмжээг тогтоох гээд 8.2-т татварын ерөнхий хуулийн 7.2.18-д заасан газрын төлбөрийн хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно гэж зохицуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийн дугаар зүйлд Газрын төлбөрийн хувь, хэмжээ-гээд 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” хэмээн зохицуулсан. Газрын төлбөрийн тухай хуулийг 1997 онд УИХ-аас анх баталж, үүний дараа Засгийн Газраас 1997 онд 152 дугаар тогтоолыг баталсан, 2 дугаар хавсралтаар “Хот, Тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаар”-ыг баталсан байдаг. Анхны тогтоолд Газрыг төлбөрийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас газрын суурь үнэлгээ, мөн газрын төлбөрийн хэмжээг тус тусад баталж, тогтоож 6айсан жишиг 2018 оныг хүртэл байжээ. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолын хавсралт 3 “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г хавсралтаар баталжээ.“Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг”-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006) 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2-ын д/ “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2020) 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 35.1.10-д “хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд газрын төлбөрийг тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох гээд 6.З-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно” гэж тус тус заасан. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д татварын хувь хэмжээг УИХ, түүний эрх олгосноор Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтоохоор зохицуулсан байна. Өмнө дурдсан Татварын ерөнхий хуулийн 8.2-т Засгийн газар газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор эрх олгож хуульчилсан, харин 8.3-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “газрын төлбөр”-ийн хувь хэмжээг тогтоох талаар тодорхой эрх олгосон зохицуулалт тусгагдаагүй байна.

2.5. Газрын төлбөрийн тухай хуульд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/39 дугаар тогтоолоор “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” дахин шинэчлэн баталжээ. Шүүхээс газрын төлбөрийн хувь хэмжээг дүүрэг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлаагүй, зөвхөн итгэлцүүрийн утга баталж байгаа гэх тайлбартай шийдвэр гаргасан ч Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/187 дугаар “Заавар батлах тухай” тушаалаар батлагдсан “Газрын төлбөр ногдуулах аргачилсан загвар”-ын Гуравдугаар хэсэгт 3.2-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн төв суурин газрын инженерийн хангамж, байршил, байгаль орчин үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан газрын төлбөрийн хэмжээг ялгавартай байхаар бүсчлэн тогтоож болно” гэж зохицуулсан байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах хэсгийг 6 дугаар бүст хамааруулж, итгэлцүүрийг хамгийн дээд хэмжээ 1.0 байхаар 2019 оны Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор тогтоосон. Ингэснээр Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд амаар ч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж заасны дагуу 1 м.кв 960 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 2880 төгрөг болсон. 1 га газрын төлбөр 28,800,000 төгрөг болсон буюу өмнөх төлбөрөөс 7.3 дахин нэмэгдсэн. Ингэснээр өндөр зардалтай хэр нь өдөр тутмын орлогогүй улирлын чанартай амралт аялал жуулчлалын бүс нь Нийслэлийн хотын төвийн инженерийн болон нийгэм эдийн засаг бүх дэд бүтэц хөгжсөн жилийн 365 өдөр тутмын өндөр орлого бүхий 1 дүгээр бүсийн татварын үнээс ч 2019 онд 100 хувь, 2020-2021 онд 50 хувь илүү өндөр татвартай болчихсон буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь давхардсан татвар, улирал, үйл ажиллагааны онцлог нөлөөллийг анхаараагүй.

2.6. Газрын төлбөр нь татварын нэг төрөл тул иргэд ААН-үүдийн санхүүд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээний акт батлах эрх зүйн үндэслэл буюу хуулиар олгосон эрх байгаа эсэх, мөн хэм хэмжээний актыг батлахдаа урьдчилан нөлөөллийн шинжилгээг боловсруулж иргэн, ААН-үүдийн үйл ажиллагаанд аль болох бага сөрөг нөлөө үзүүлэх, үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжтой хэмжээгээр тогтоох ёстой ч Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудаас “газрын төлбөр”-ийг өөрсдийн дураар хэт өндрөөр тогтоож байгаагаас монгол Улсад цаашид иргэн, ААН-д газар ашиглах, эзэмшиж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Засгийн газрын газрын суурь үнэлгээг хэт өндөр үнээр тогтоосон, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохгүй эс үйлдэхүй гаргаж, хууль бусаар хуулиар олгосон эрх хэмжээг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлсэн, Газрын төлбөрийн тухай хуульд тодорхой зохицуулаагүй байдлаар зааварчилгаа өгч зохицуулсан нөхцөлөөс хамаарч өнөөдрийг хүндрэл санхүүгийн дарамт үүссэн юм. Бидний хувьд газрын суурь үнэлгээ гэдэг нь “зах зээл”-ийн үнээс бага тухайн газрын суурь үнэлгээг хэлнэ гэж ойлгож байна, Засгийн газрын 2018 онд 182 дугаар тогтоолоор тогтоосон газрын суурь үнэ гэх нь зах зээлийн үнээс хэт өндөр байдлаар тогтоосон нь зохих эдийн засаг, зах зээлийн судалгааг зохих журмын дагуу явуулсан уу, нөлөөллийн шинжилгээг хангалттай хэмжээнд боловсруулж энэхүү газрын суурь үнийг тогтоосон уу гэдэгт эргэлзээ үүсгээд байгаа тул тогтоолын холбогдох судалгаа, үндэслэлийг нягтлан үзэхийг дахин хүсэж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд суурь үнэлгээг хэт өндөр тогтоосон, “газрын төлбөр”-ийн хувь, хэмжээг тодорхой зохицуулаагүй эс үйлдэхүй гаргаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бүрэн эрхээ шилжүүлсэн, нөлөөллийн шинжилгээг хууль, журмын дагуу боловсруулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2.7. Засгийн газрын 182 дугаар тогтоол гарахдаа газрын төлбөрийг төлбөрийн хэмжээг тогтоож өгөөгүйгээс болоод, мөн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйгээс болоод, эрхээ нийслэлийн иргэдийн хурал дүүргийн иргэдийн хурлуудад өгснөөс болоод энэ газрын төлбөрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 24 дахин нэмэгдчихсэн явж байгаа. 24 дахин өсчихөөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд үнэхээр газрын төлбөрийг төлж дийлэхээргүй хүнд нөхцөл байдалд оруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөд байна. дэлхий нийт ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйлс тохиолдчихсон үед 182 дугаар тогтоолыг бариад 2021 оны 12 сард Нийслэлийн иргэдийн хурлын 1239 гэсэн тогтоол гарсан. Өмгөөлөгчийн хэлдгээр газрын төлбөрийн итгэлцүүрээр 24 дахин нэмсэн нь иргэний хувьд хэлэхэд би 1.3 га газартай, тэгээд 2018 он хүртэл жил болгон 530.000 төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 2024 оны төлбөр 30 сая төгрөг болчихсон явж байгаа. 2022, 2023 онд ямар хүнд нөхцөл байдал байсан гэхээр ковид цар тахал дуусаагүй байсан.  Иргэд аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босож өндийгөөгүй байсан. 2023 оны байгалийн гамшиг, үер бид нарыг их туйлдуулсан. Үүнээс болоод бид өнөөдрийн байдлаар газрын төлбөрөө ч төлж чадахгүй, үйл ажиллагаагаа ч явуулж чадахгүй дампуурлын ирмэг дээр ирсэн байна. Итгэлцүүрийг харахаар Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-ыг барьж хийсэн байна. Улаанбаатар хотын нэгдүгээр зэрэглэлд байгаа газрын үнэтэй хотын захад байгаа манай газрыг дүйцүүлчихсэн байгаа. Улаанбаатар хотод дулаан хангамж, цэвэр, бохир ус гээд бүх инженерийн шугам татагдчихсан байдаг. Миний газрын байрлал дээр биогийн өмхий, хүн ч очдоггүй, зам ч тавиагүй байгаа газрыг инженерийн шугамтай гэсэн итгэлцүүрээр ороод 24 дахин өсгөчихсөн байгаа нь бид нарын хувьд хүнд байна. 1239 гэсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд маргахдаа 182 дугаар тогтоол буруу байна, эдийн засаг нийгмийн нөлөөллийн шинжилгээ огт хийгээгүй байна, ийм учраас газрын хэт өндөр суурь үнэ тавиад өгчихсөн, тэгээд итгэлцүүрээр 24 дахин нугалаад бид нараас авах нөхцөл байдал үүсчихсэн гэж үзсэн. Нөлөөллийн шинжилгээ, эдийн засаг, зах зээлийн судалгаа хийгдээгүй гэж үзээд байгаа. Нөлөөллийн шинжилгээний зорилго нь захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа олон нийтийн оролцоог хангасан байдаг. Эерэг болон сөрөг талуудыг нь харьцуулж судалж үздэг. Эдийн засаг нийгмийн харилцаа амьдралд үзүүлэх нөлөөлөл үр дагаварт бодитой тооцох ёстой байдаг. Гэтэл ямар ч зорилгодоо нийцсэн, бодитой нөхцөлд тохирсон үнэлгээ хийгээгүй байна. Тэгэхээр тус хэм хэмжээний актыг боловсруулаад батлахад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөлөөллийн шинжилгээ хийсэн байхыг шаарддаг бүх арга хэмжээнүүд авагдаагүй байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн яам бүртгэж авахдаа өөрсдийн 2018 оны 7 сарын 25-ны өдөр гаргасан 147 гэдэг тушаал, захиргааны акт нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалуудаа шалгалгүйгээр бүртгээд авчихсан учраас 182 дугаар тогтоол хэрэгжээд, үүнийг дагаад 1239 тогтоол, дүүргийн өмнөх онуудын тогтоолууд гараад иргэд, аж ахуйн нэгжүүдийн амьдралд хүндрэлтэй байдал үүссэн

2.8. “Н” ХХК, “МТ” ХХК нь Богд хан уулын дархан цаазат газрын аманд үйл ажиллагаа явуулдаг. 2010-2019 онд жилд дунджаар 8.2 сая төгрөг, 3.6 сая төгрөг тус тус төлж байсан. Гэтэл одоо 182 дугаар тогтоол гараад, түүний араас Сум дүүргийн тогтоол шийдвэрүүд гараад газрын төлбөр шинэчлэгдээд газрын төлбөрийн хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Уг асуудлаас болоод бид нар газрын төлбөрийн асуудал үндэслэлгүйгээр нэмэгдчихлээ гээд Баянзүрх дүүргийн 25 дугаар тогтоолын дараа гарсан 13 дугаар тогтоол бүхэнтэй заргалдаад явж байх хооронд тухайн дүүргийн Иргэдийн хурал түрүүчийн гаргасан тогтоол, шийдвэрүүдээ шүүхэд асуудал хэлэлцэгдэж байх явцад тус бүр хүчингүй болгосон тул бидний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзээд шүүхээр хэлэлцээгүй, зөвхөн захирамж гаргаад явж байсан. Сүүлд 2021 онд Улсын их хурлаас Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал итгэлцүүр тогтоодог байсныг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоодог болгож өөрчилснөөс үүдээд, нийслэлийн 1239 гэсэн тогтоол гараад, Газрын төлбөрийн тухай хуулийн 7.5, 7.6-д заасны дагуу тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээр эхлээд 2 дахин, дараа нь 3 дахин нэмэгдүүлчихээр анхны Баянзүрх дүүргийн тогтоолоор 1 га газарт 2880 төгрөг төлөхөөр болж байсан тэр хэмжээндээ эргэж буцаж оччихоод байсан учраас бид нар бүгд нийлж асуудлыг сайтар хэлэлцээд, судлаад үзэхээр асуудлын гол шалтгаан нь Засгийн газрын 182 дугаар тогтоолд болж таарсан. Энэ талаар олон зүйл бичсэн боловч тэрийгээ орхиод зөвхөн 182-той холбоотой зүйлүүдээ яръя. Засгийн газрын 182 дугаар тогтоолыг гаргахдаа тогтоол шийдвэрийг гаргасан үндэслэл нь Газрын төлбөрийн тухай хуулийн 5.1, 5.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийг үндэслэсэн хуулийн зүйл заалтууд заасан байгаа. Үүний дагуу явахад Газрын төлбөрийн тухай хуулийн 5.3-д газрын нэгдмэл санг байгаль нутгийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот тосгон суурин газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно гээд заачихсан байдаг. Гэхдээ Газрын төлбөрийн тухай хуулийн тогтоол гаргахдаа шууд 5 дугаар зүйлийг бүхэлд нь заагаагүй гэдгийг уг асуудлыг анх боловсруулж шийдүүлсэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын хүмүүс өөрсдөө сүүлд нь хэлэх байх. 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт тус хэсгийн 1-д зааснаас гээд хот тосгон бусад суурин газар гэдэг нь 5 дугаар зүйлийн 1-д байгаа. Тус хэсгийн 1-д зааснаас бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт газар зүйн байршил болон газрын үржил шим өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтооно гээд заачихсан байхад энэ асуудал хийгдээгүй. Яагаад гэхээр Богд уулын дархан цаазат газарт бид нар үйл ажиллагаа явуулж байхад тэнд газрын үнэлгээ төлбөрийн хэмжээг тогтоолгүйгээр шууд хот тосгон суурин газар гэдэг рүү шилжүүлж оруулаад, шийдээд явчихсан байдаг. Гэтэл тус нутаг дэвсгэрийн хил хязгаар дотор ямар ч хот тосгон суурин байхгүй. Үүнийг би харахдаа дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар авчхаад тухайн чиглэлээр нь ашиглаагүй өөр хот тосгон маягийн зүйл барьчихсан газруудын газрын төлбөрийн асуудлыг шийдэхийн тулд ингэж муйхарласан болов уу гэж харсан. Газрын нэгдмэл сан гэдгийг Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заагаад өгчихсөн байгаа.

2.9. Газрын нэгдмэл сан нь хөдөө аж ахуйн газар, хот тосгон бусад суурины газар, зам шугам сүлжээний газар, ойн сан, газар усны сан бүхий газар тусгай хэрэгцээний газраас бүрдэж байгаа. Гэтэл хөдөө аж ахуйн газар хот тосгон суурин зам шугам сүлжээний газарт  хамруулж тогтоочхоод байгаа. Тусгай хэрэгцээний газар дараах газруудаас бүрдэнэ гээд 18 төрөл зүйлийн газар заачихсан. Газрын үнэлгээ тогтоогоод газрын төлбөр тооцсон байдаг. 16.1-д байгаа тусгай хамгаалалттай газар гэдэгт бидний ашиглаж байгаа газар орох ёстой байсан. Ерөнхийдөө тусгай хэрэгцээний газарт орж байгаа үндэсний томоохон бүтээн байгуулалт дэд бүтцийн төсөл хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газрууд, хамгаалалтын бүс тогтоосон түүх соёлын дурсгалт газрууд, үйлдвэр технологийн паркууд гээд эдийн засгийн эргэлтэд орж байгаа газрууд маш олон бий. Энэ бүхэнд үнэлгээ тогтоогоогүй. Биднийг хот суурин газрын бусад газар гэдэгт оруулаад төлбөр тогтоосон нь бид нарт их хүнд тусаж байгаа. Богд хан уулын дархан цаазат газрыг хэрвээ хот тосгон бусад суурин газарт хамааралтай гэвэл бид нарт газар ашиглалтын гэрчилгээг хотын газрын албанаас оноох ёстой. Гэтэл тусгай хамгаалалттай газарт байгаа учраас Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бидэнд газар ашиглалтын гэрчилгээг олгодог. Хавтаст хэрэгт бидний газар ашиглалтын гэрчилгээний хуулбар байгаа. Ингээд үзэхэд Засгийн газрын үнэлгээний тойрог, зэрэглэл суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох 182 дугаар тогтоолыг гаргахдаа Газрын төлбөрийн хуулийн 5.3, 7.1.5 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй. Тусгай хамгаалалттай газар оршиж байгаа бид газрын төлбөрийн хуулийн 7.1-д байгаа. Газрын төлбөрийн хуулийн 5.1-д газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно, дараах зарчмыг баримтална гээд тойрог тус бүрээр нь заачихсан байхад 7.1 дүгээр зүйлийг 7.1.3 гээд өөрсдөө тогтоол дээрээ заачихсан байгаа. Бидний байгаа газрыг шууд хот тосгон суурин гэдэгт оруулаад төлбөрийн хэмжээг 0.1-1 хувиар тогтоочихсон. Хуулийн дагуу тогтоосон бол гарч ирэх ёстой үнэлгээнээс  33.3-100 дахин их хэмжээгээр тогтоочихсон байгаа. Хуулийн дагуу хуулийн зүйл заалтаа баримтлаад, мөрдлөг болгон үндэслэсэн хуулиа баримталж тогтоосон бол бидний оршиж байгаа газарт 1 га газрын үнэлгээ 9.630.000 төгрөг, 1 метр квадратын үнэ 960 төгрөг болох ёстой байсан. Гэтэл ийм ихээр тогтоогдсон зөрүүнд аялал жуулчлал эрхэлж байгаа биднийг нуга дарах бодлого яваад байна гэж харагдаж байгаа. Үүнээс гадна Газрын төлбөрийн тухай хуулийн 7.1.3-т биднийг хамруулж, үнэлгээ тогтоохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 7.7-д хэрвээ аялал жуулчлал эрхэлж байгаа бол хамгийн ойр оршиж байгаа хот тосгон суурин газрын үнэлгээтэй адилтгаж тооцно гэж байгаа.  Тэгээд адилтгах юм байх гээд харахад газрын төлбөр оногдуулж байгаа газрын албаныхан яг тэдний үнэлгээг тавьчхаад, дахиад газрын төлбөрийн хуулийн 7.5, 7.6-д байгаагаар 2-3 дахин өсгөчихөөр Газрын төлбөрийн тухай хуулийн өөрийн үзэл баримтлал нь алдагдаад байгаа. Иймд 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ө.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Ш.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1. “Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна”, 7.2.18-д “Газрын төлбөр” гэж заасан. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь. хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.”, 8.2-т “...7.2.18, 7.2.25, 7.2.27-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно.” гэж заасан. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно” гэж, 7 дугаар зүйлийн 2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус заасны дагуу газрын төлбөр ногдуулах суурь үнэлгээ, харгалзах үзүүлэлтүүдийг Засгийн газраас тогтоож байна. Өөрөөр хэлбэл газрын төлбөрийн хувь хэмжээний хязгаарыг Монгол Улсын Их Хурлаас баталсан Газрын төлбөрийн тухай хуулиар, харин газрын төлбөрийг тогтооход ашиглах суурь үнэлгээг Засгийн газраас тус тус тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасантай нийцэж байна. Нөгөөтээгүүр хуулиар тогтоосон хязгаарт багтаан газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр өсгөж, бууруулах боломжийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. Хууль тогтоомжийн хүрээнд эс үйлдэхүй гэдэг нь үйлдэх ёстой байсан үйлдлийг үйлдээгүй гэж ойлгоод байгаа. Гэтэл нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаар бол тухайн нэхэмжлэлийн хувь хэмжээг хүчингүй болгох шаардлага гаргасан. Засгийн газрын тогтоосон хэмжээг хүчингүй болгоно, тогтоогоогүй гэж яриад байгаа хоёр нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгээд байна. Хоёрдугаарт, Газрын төлбөрийн хуулийн 7.1.3-д хязгаарыг 0.1-1 хувь гээд хуульчилсан. Энэ хуулийн 7.1.3-ын нэг онцлог нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-аар гарч ирж байгаа, 7.1.3-д заасан хувь хэмжээ үнэлгээг нь итгэлцүүрийн үнэлгээг харгалзаад тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоож болно гэдэг тусгайлсан зохицуулалттай. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажиж байгаа. Сая нэхэмжлэгчийн өмгөөлөгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татварын буюу төлбөрийн хувь хэмжээг тогтоогоод байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гээд тайлбарлаад байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 59.2-т тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг үндсэн хуулиар олгосон байдаг. Мөн Газрын төлбөрийн хуулиараа уг хэргийн хэрэгжилтийг хангах хүрээнд 7.1.3-д заасан хүрээ хязгаарт багтааж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 6.3-ын дагуу тогтоодог. Дараагийн асуудалд эрх шилжүүлээд байгаа асуудал огт биш. Засгийн газар өөрөө хувь хэмжээгээ тогтоож байгаа. Тогтоохдоо хязгаарт багтаагаад 6.3-ын дагуу хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн хувьд боломжийг нь хадгалж авч үлдэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байгаа Татварын ерөнхий хуулийн дагуу бол зөвхөн төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар тогтооно гэдэг зохицуулалттай. Тэгээд газрын төлбөрийн хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоодог зохицуулалтыг анзаараагүй юм шиг байна. Хэрвээ энэ хоёр хууль зөрчилдлөө гэж бодоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй. Тухайн харилцааг илүү нарийвчилсан нь газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоож байгаа асуудал учраас Газрын төлбөрийн хуулийг баримтална. Энэ хүрээндээ хуулиудын хоорондын зөрчил үүсэхгүй гэж харж байгаа.

3.3. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хүрээнд хувь хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэдэгт түрүүн тайлбараа хэлчихсэн. Дөрөв дэх шаардлага хувь хэмжээг тогтоохыг даалгах нэхэмжлэлийн хувьд даалгах нэхэмжлэл нь өөрөө хууль зөрчсөн үйлдлийн улмаас бий болдог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу бол энэ захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох асуудал тухайн хуулийн хэм хэмжээний акт ямар хуулийн зохицуулалтыг зөрчөөд байгаа, хууль зөрчсөний улмаас үүссэн асуудалд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг. Харин нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс харахад дээрх Засгийн газрын тогтоол аль хуулийн ямар зохицуулалтыг зөрчөөд байгаа гэдгийг тодорхойлоогүй учраас нэхэмжлэл хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын нөхцөл хангагдахгүй. Тийм учраас төлбөрийн хэмжээг дахин тогтоолгохыг даалгах нэхэмжлэл нь өөрөө үндэслэлгүй гэж харж байгаа.

3.4. Тусгай хэрэгцээний газар төлбөрийн хэмжээг тогтоогоогүй гэх үндэслэлээр ярьж байна. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т газрын нэгдмэл сан ашиглалтын үндсэн зориулалт хэрэгцээг харгалзан ангилна гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлд Монгол улсын газрын нэгдмэл сан, хөдөө аж ахуй, хот тосгоны бусад суурины шугам сүлжээний ойн сан бүхий, усан сан бүхий болон тусгай хэрэгцээний гэсэн зургаан ангилалтай байхаар заасан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан байдаг. Тусгай хэрэгцээний газар нь гадаргын бүрхэвч ашиглалтын зориулалтаар ангилсан бусад 5 ангиллын газраас ялгаатай буюу тэдгээр ангилалд хамаарах зориулалтыг өөртөө нэгтгэн нэгэн зэрэг агуулж болдог онцлогтой ангиллын төрөл байгаа. Газрын үнэлгээний тойрог, зэрэглэлийн бүс, суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын нэгдмэл сангийн 5 ангилалд хамаарах газрын суурь үнэлгээг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал хөдөө аж ахуйн газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар гэх мэтчилэн тогтоож өгсөн байдаг. Ингэснээр Монгол орны нийт нутаг дэвсгэрт бүх газар суурь үнэлгээтэй болсон. Энэ тогтоолоор баталсан суурь үнэлгээ бүхий 5 үндсэн ангиллыг аль ч газрыг улсын тусгай хэрэгцээнд авч болно. Тиймээс тухайн газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтоогоогүй гэх үндэслэлгүй. Мөн татварын хувь хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд тайлбарлавал нэхэмжлэгч нар нь хариуцагч Монгол улсын засгийн газрыг эс үйлдэхүй үзүүлсэн, хууль бус гэж тайлбарладаг боловч түүний улмаас нэхэмжлэлийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, хөндөгдсөн талаар тайлбарладаггүй. Монгол улсын Засгийн газар нь татварын хувь хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан бол Засгийн газарт төлбөр ноогдуулах боломжгүй байдал бүрдэнэ. Гэвч өнгөрсөн хугацаанд буюу маргаан бүхий актыг баталснаас хойш 6 сарын хугацаанд уг акттай болон үүнтэй холбоотой эс үйлдэхүй үзүүлсэн гэх маргаан гарч байгаагүй. Монгол улсын Засгийн газар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар эс үйлдэхүй гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй” гэв.

 

4. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар үйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ.” гэж, мөн зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд захиргааны байгууллагуудын баталсан захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд бүртгэлийн ажиллагаа хийгддэг. Харин Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн г-азрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ.” гэж заасан тул Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй бөгөөд бүртгэлийн дугаар олгогдоогүй болно.

4.2. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын 3асгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна.” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.” гэж заасан байх бөгөөд Засгийн газар нь Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх хүрээнд “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг баталж, хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.” гэж тус тус заасан байх тул Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дээрх зохицуулалтаар Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр болсон болно.

4.3. Үүнтэй холбогдуулан дурдахад “ЭЭ” ХХК, “Нр” ХХК нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолыг, уг тогтоолыг бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар магадлалаар нэхэмжлэлүүдийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Мөн иргэн Б.У-ийн, Ч.Б, Д.Э нарын Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай 12/39 дүгээр тогтоолыг, уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянаж бүртгэснийг хүчингүй болгуулах тухай ижил утга бүхий нэхэмжлэлтэй захиргааны 2 хэрэг үүссэн бөгөөд тус шүүхэд хянагдаж байгаа хэргийг шийдвэрлэтэл түдгэлзүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч нарын зүгээс гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 онь 09 дүгээр сарын 03 болон 09-ний өдөр хэргүүдийг тус тус түдгэлзүүлсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн азар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж тус тус заасан тул Хууль зүй, дотоод хэргийн яаманд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох хуулийн эрх хэмжээ байхгүй болно. Дээрх бүгдээс дүгнэхэд “ЭЭ” ХХК, “Н” ХХК нарын нэр бүхий 9 нэхэмжлэгчээс Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны үйлдлийг хүчингүй болгуулахаар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

4.4. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд 182 дугаар тогтоолыг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30.2 дахь хэсэг Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийн хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна гээд Засгийн газар хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг үндэс болгоно, мөн зүйлийн 7 дахь хэсэгт Засгийн газар тогтоол Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эцэслэн хүчин төгөлдөр байна. Хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага аж ахуйн нэгж албан тушаалтан иргэн биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Ерөнхийлөгч Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний актыг Улсын их хуралд хүргүүлнэ гэж байгаа. Энд нэмэлт өөрчлөлт ороод өөрчилсөн зүйл яриад байна. Гэхдээ агуулгын хувьд огт өөрчлөгдөөгүй. Улсын их хуралд хүргүүлнэ гэсэн байгаа. Нэмэлт орсон ч ерөнхий агуулга өөрчлөгдөөгүй учраас Засгийн газарт эрх олгосон хуулийг эш үндэс болгоод Засгийн газрын тогтоол гарсан. Ингээд хүчин төгөлдөр болсон учраас Хууль зүй дотоод хэргийн яам бүрдэх процесс явагдахгүй буюу эхний шаардлагын тухайд үндэслэлгүй гэж үзэж байгаа” гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

5.1. “Газрын татвар түрээс хэт өндөр үнэлгээтэй юм болов уу гэж бодогдож байна” гэж дүгнэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус холбогдуулан гаргасан

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгох,

- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг, “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгох,

- Монгол Улсын Засгийн газрын Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

- Монгол Улсын Засгийн газарт газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр шийдвэрлэлээ.

 

2. Монгол Улсын Засгийн газарт 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно”, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрт Ерөнхий сайд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр Ерөнхий сайдын ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.2. Үүнтэй холбогдуулан шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/85 дугаартай албан бичгээр “...тус яам нь Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний актыг бүртгэдэггүй” гэх лавлагааг ирүүлсэн байх бөгөөд энэ нь уг маргаан бүхий Засгийн газрын тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-д “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 65.2-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй” гэж тус тус заасантай нийцэж байна.

 

2.3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Хууль зүй, дотоод хэргийн яам нь Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан хэм хэмжээний актаас бусад хэм хэмжээний актад тавигдах хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэхэд урьдчилсан хяналт хийж, хангаагүй тохиолдолд бүртгэхгүй байхаар хуульчилсан хэдий ч энэ нь хуулиар тусгайлан эрх олгосон этгээдийн баталсан хэм хэмжээний актыг агуулгын хувьд бүрэн хяналт хийж, хүчингүй болгох, өөрчлөх зэргээр шийдвэр гаргаж буй бие даасан тусдаа захиргааны үйл ажиллагаа буюу хэм хэмжээний акт гэж үзэхгүй.

 

2.4. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яамны дээрх бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хуулиар тусгайлан эрх олгосон, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар нэхэмжлэгч нарын Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэхээргүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг, “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

3.1. Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд харин Засгийн газраас газрын суурь үнэлгээг тогтоохдоо энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан зарчмыг баримтлах учиртай.

 

3.2. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Газрын төлбөр тооцох үзүүлэлт, тэдгээрийг тодорхойлох” талаар тусгаж өгсөн  байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” (Хуулийн энэ заалтад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орохоос өмнө) гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газрын төлбөрийг түүний суурь үнэлгээнээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр дараахь хязгаарт багтаан хувь, хэмжээгээр тогтооно” гээд 3-д “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар 0,1-1,0 хувь”, 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

 

3.3. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Засгийн газар газрын төлбөрийн хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэх замаар холбогдох судалгаа шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан тухайн газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалт зэргийг харгалзан хот, тосгон болон бусад суурин газрын үнэлгээний зэрэглэл бүрээр ялгавартай байдлаар тогтоох бөгөөд харин ийнхүү тогтоохдоо мөн тухайн газрын зэрэглэлээс хамааран хуульд заасан 0,1-1,0 хувийн хооронд багтаан тохирох хувь хэмжээг тогтоож өгөх хуулийн зохицуулалттай байна.

 

3.4. Гэтэл Засгийн газраас маргаан бүхий 182 дугаар тогтоолыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шууд хуульд заасан 0,1-1,0 хувь гэсэн хуулийн заалтыг иш татан хуулбарлаж тавьснаар газрын суурь үнэлгээний хувийг тогтоож шийдвэрлэсэн нь Засгийн газар газрын үнэлгээ, ашиглалт, зориулалт, зэрэглэл зэргийг харгалзан газрын төлбөрийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. 

 

3.5. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг тодорхой, ойлгомжтой, ялгамжтай тогтоож өгснөөр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн тогтоосон итгэлцүүрийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан уг итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар болон тоон утгыг тогтоохоор хуульчилсан байхад маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолд хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь байхаар тодорхой бус тогтоосны улмаас аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс бус хуульд заасан энэ хувь хэмжээнээс шууд тооцон газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоох нөхцөл байдал үүссэн нь Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт, мөн хуулийн холбогдох заалт болон Татварын ерөнхий хуульд заасантай нийцэхгүй байна.

 

3.6. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч “Э” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 753 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Төр хурахын ам нэртэй газрын 1.2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар, нэхэмжлэгч “ЭЭ” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0171400 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Залаатын зүүн богинын ам нэртэй газрын 1.6 га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар, нэхэмжлэгч Ч.Б нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2016/210 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Залаатын баруун салаа нэртэй газрын 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар, нэхэмжлэгч “МТ” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2009/910 дугаар гэрчилгээгээр Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Төр хурахын ам нэртэй газрын 2.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар, нэхэмжлэгч “Н” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0233004 дугаар гэрчилгээгээр, Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Төр хурахын ам нэртэй газрын 4452.2 м.кв талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах зориулалтаар, нэхэмжлэгч “Нр” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №0232952 дугаар гэрчилгээгээр, Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Бага тэнгэрийн ам нэртэй газрын 620065 м.кв талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах зориулалтаар, нэхэмжлэгч “ХХ” ХХК нь Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 753 дугаар гэрчилгээгээр, Баянзүрх дүүргийн нутагт орших, Богдхан уулын дархан цаазат газарт байрлах, Залаатын зүүн богинын ам нэртэй газрын 3.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар, мөн №2016/240 гэрчилгээгээр тус газарт 6.42 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхтэй, харин нэхэмжлэгч Б.У нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Сонгины амралтын баруун талд байрлах, 13248 м.кв талбайг гэр бүлийн хамтын хэрэгцээнд амралт сувиллын зориулалтаар эзэмших эрхийн №000492498 дугаар гэрчилгээтэй байх ба Засгийн газраас маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргах ажиллагаанд тухайн төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн оролцоог бүрэн хангасан гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдсонгүй.

 

3.7. Үүнтэй холбоотойгоор шүүхээс маргаан бүхий хэм хэмжээний актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдээс санал авсан талаарх холбогдох баримт байгаа эсэхийг шаардахад тухайн асуудалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд судалгаа шинжилгээ хийсэн, иргэдээс санал хүсэлт авсан талаарх нотлох баримт байхгүй, уг хэм хэмжээний актыг дахин шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.

 

3.8. Засгийн газар нь Газрын төлбөрийн тухай хуульд заасан газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний зэрэглэлийг тодорхойлж, тогтоох зохицуулалтын хүрээнд тодорхой шийдвэр гаргах, ялангуяа тухайн нутаг дэвсгэрт газар ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөөлөх газрын төлбөрийн суурь үнэлгээ буюу төлбөрийн хэмжээг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төслийг бэлтгэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хуульд зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу тухайн бүс нутагт газар эзэмших, ашиглах эрх бүхий этгээдүүдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ.

 

3.9. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нарын хувьд тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тухайн ашиглалтад байгаа газрын суурь үнэлгээг Засгийн газрын тогтоолыг үндэслэн харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор бодитоор тогтоолгох хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, мөн газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

3.10. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Засгийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл Засгийн газрын маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

 

3.11. Ийнхүү Засгийн газрын 182 дугаар тогтоолын холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасны дагуу дээрх зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг хүчингүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

3.12. Харин Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ”-г баталжээ.

 

3.13. Засгийн газраас Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан газрын төлбөрийн хэмжээг газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс) болон 1 га газрын суурь үнэлгээг тус бүрээр ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг ялгамжтай тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “...Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно”, Газрын төлбөрийн тухай тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээг тэдгээрийн зэрэглэл, байршил, инженерийн хангамж, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологи, байгаль орчны нөхцөл, ашиглах зориулалтыг харгалзан, бусад газрын үнэлгээг ашиглах зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжөөс үүсэх ялгаварт орлого зэргийг харгалзан тойрог бүрээр тогтооно гэсэнтэй нийцсэн байна.

 

3.14. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаас Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Монгол Улсын Засгийн газрын Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т тус тус заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна” гээд 7.2.18-д “газрын төлбөр” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.6, 7.2.10, 7.2.11, 7.2.18, 7.2.25, 7.2.27-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно” гэж тус тус заасан байх бөгөөд хуулийн энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулжээ.

 

4.2. Хуулийн дээрх өөрчлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул Монгол Улсын Засгийн газрыг Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу газрын татварын хувь, хэмжээг тогтоогоогүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байх тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Монгол Улсын Засгийн газарт газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

5.1. Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 3-т дүгнэсэнчлэн Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсгийг 6 (зургаан) сарын хугацаанд Засгийн газраас дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тул тухайн тохиолдолд нэхэмжлэлийн энэ шаардлагыг адилтгаж үзнэ.

 

5.2. Гэвч ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар Монгол Улсын Засгийн газрыг Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу тогтоогоогүй гэж шууд дүгнэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “...Газрын татвар түрээс хэт өндөр үнэлгээтэй юм болов уу гэж бодогдож байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-иудаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.3, 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2-т заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” гэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 (зургаан) сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон 6 (зургаан) сарын хугацаанд хариуцагч Монгол Улсын Засгийн газар дахин шинэ акт гаргаагүй бол Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 182 дугаар тогтоолын 2 дахь хэсэг дэх “...хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хэмжээг түүний суурь үнэлгээний 0.1-1.0 хувь... байхаар тогтоосугай” хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

 

4. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.18, 8 дугаар зүйлийн 8.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У, Ч.Б, Д.Э, “ЭЭ” ХХК, “Н” ХХК, “МТ” ХХК, “Э” ХХК, “ХХ” ХХК, “Нр” ХХК-иудаас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ” гэх 3 дугаар хавсралтыг хүчингүй болгуулах, Хуульд заасны дагуу Газрын татварын хувь, хэмжээг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ