Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 28

 

Д.Эр-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дүгээр магадлалтай 201719000058 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Эр-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй Д.Эр- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч Д.Эр-т 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Эр-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эр-оос 1.528.833 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ам-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ян- нарт олгож, хохирогч Б.Ам- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, мөн хохирогч Б.Ам-д 4.060.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Эр- гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс 2 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн. Давж заалдах шатны шүүхэд надад оногдуулсан хорих ялыг багасгаж, 1 жил хорих ял оногдуулж өгөх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хохирогч хүлээн зөвшөөрсөн боловч шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн миний биеийн байдал муу байгаа тул надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед хохирлын 1.527.833 төгрөг төлөгдөөгүй, Д.Эр-ын хувийн байдлыг тодорхойлсон орон нутгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нутгийн иргэдийн гарын үсэгтэй хүсэлт, өвчний тодорхойлолт зэрэг хэргийг хөнгөрүүлэх баримтууд байхгүй байсан тул шүүх Д.Эр-т 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд магадлалыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Б.Ам- нь Д.Эр-ын эгчтэй зохисгүй хандсанаас уг хэрэг үйлдэгдсэн нь хавтаст хэргээс ойлгогдоно. Д.Эр- нь сэтгэцийн өвчтэй болж, хөдөлмөрийн чадварын 60 хувь нь алдагдсан байнгын группд байдаг. Түүний эрүүл мэндийн байдлаас дүгнэхэд шүүхээс оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохирсон гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Эр- архи уусан нь түүний сэтгэцийн өвчинд давхар нөлөөлж хэрэг учралаа сайн мэдэхгүй байгаа боловч гэм буруугаа хүлээж Б.Ам-д учруулсан бүх хохирлыг төлж барагдуулсан. Иймд хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялаас 1 жил хорих ялыг хасаж өгөхийг хүсэж байна” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Эр-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Эр-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Эр- нь 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар баг, Нарстайн 4-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хүргэн ах Б.Ам-тай маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Эр-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Д.Эр-ын үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.” гэж тус тус заасан.

Гэтэл шүүгдэгч Д.Эр-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлийг хэрхэн зөрчсөн талаар бус харин хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг заавал хэрэглэх үндэслэлтэй гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгч Д.Эр-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 2 жил хорих ялаас 1 жил хорих ялыг хасаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эр-, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН