Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 205

 

Х.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0252 дугаар магадлалтай, Х.Н-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Н-ыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, түүнийг тус газарт мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-ын ажилгүй байсан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны, нийт 5 сар 3 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамт хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0252  дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. ...Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх, хянавал хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа эх ажил үүргээ гүйцэтгэж байгаа үед түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Н-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түүний урьд эрхэлж байсан албан тушаалыг нь байгууллагын захиргаа хадгалах үүрэгтэй атал хариуцагч захиргааны байгууллага түүнийг ажилд авахгүй татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм”, “...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагч хүлээх үндэслэлтэй юм” гэж дүгнэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй...”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч ...орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасны дагуу урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай нь ойролцоо буюу өмнөх хөдөлмөрийн гэрээний бусад гол нөхцөл болох үндсэн цалин, хөдөлмөрийн нөхцөлтэй нь ойролцоо нөхцөл бүхий эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК болон төрийн өмчит бусад хуулийн этгээдэд хуулийн мэргэжилтнээр ажиллах саналыг манай байгууллагын зүгээс удаа дараа тавьсан.

Энэхүү саналыг иргэн Х.Н нь хүлээн аваагүй, татгалзсан юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон өөр бусад төрийн байгууллагад орон байгаа тохиолдолд ажилд томилогдоход бүрэн боломжтой байна. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шаардлагатай бүх нөхцөлийг иргэн Х.Н-д санал болгосон боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нэхэмжлэгч Х.Н нь Төрийн өмчийн хорооны Тамгын газрын хууль зүйн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд төрүүлж, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан, чөлөөтэй байх хугацаанд Төрийн өмчийн хороо татан буугдаж, чиг үүрэг болон ажил хариуцсан 15 ажилтныг Сангийн яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн, Х.Н-ыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б18 дугаар тушаалаар Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газрын төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн хэлтэст мэргэжилтнээр томилсон, мөн “хүүхэд асрах чөлөөний хугацаа”-г 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан, энэ хооронд Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдаж, Төрийн өмчийн хорооны Сангийн яаманд шилжсэн чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын  04-ний өдрийн Б114 дүгээр тушаалаар “мэргэжилтэн”-ний ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж, тус агентлагийн мэдэлд шилжиж ирсэн, тэрээр 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “ажилдаа орох”-оор, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “ажилд авах бололцоогүй бол хүүхэд асрах чөлөөний хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулах”-аар тус тус өргөдөл гаргасан, хариуцагчаас “ажил, албан тушаалын орон тоо нь батлагдаагүй, сул орон тоо байхгүй, төрийн өмчийн компанид ажиллах санал тавихад татгалзсан тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/290 дугаартай албан бичгээр өгсөн, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн “хүүхэд асрах чөлөө”-тэй байсан хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ажиллуулахаас татгалзсан үр дагавар зэрэг асуудлаарх маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална; 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа”, 36 дугаар зүйлийн 36.1-д “ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй; 36.1.3-т хуульд заасан бусад тохиолдол”, 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөтэй байх үед түүний ажиллаж байсан Төрийн өмчийн хороо татан буугдсан хэдий ч тус байгууллагын чиг үүргийг шилжүүлэн авсан Сангийн яамны бүтцэд Х.Н-ын эрхэлж байсан албан тушаал буюу “мэргэжилтэн” орон тоо хэвээр байсан, Сангийн яамны бүтцээс Төрийн өмчийн хорооны хэрэгжүүлж байсан чиг үүргийг салгаж, шинээр байгуулагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлэхдээ уг чиг үүргийг хариуцан гүйцэтгэж байсан “мэргэжилтэн”-ий тоог цөөрүүлж, эсхүл Х.Н-ын ажил, албан тушаалын орон тоог хасаж шилжүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь “хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгаж ажилдаа орох”-оор гаргасан Х.Н-ын хүсэлтэд “орон тоо батлагдаагүй, сул орон тоо байхгүй” гэсэн өөр шалтгаан зааж, “мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцэхгүй байх ба анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх “хүүхэд асрах чөлөөтэй” байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, чөлөөний хугацаа дуусгаж, ажилд орохоор хүсэлт гаргасан ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах “шийдвэр” гаргаагүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар зөв дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч уг харилцаанд хамааралгүй, хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 27.1.1, 27.1.2 дахь заалтыг шийдвэрийн “тогтоох” хэсэгт баримталсан нь буруу болсон, уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцэхгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч хяналтын журмаар “...нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, ...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг хэрэглээгүй” гэсэн агуулгатай гомдол гаргасан нь дээрх байдлаар хуулийн үндэслэлгүй, “хүүхэд асрах чөлөөтэй байсан” төрийн албан хаагчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, ажилд үргэлжлүүлэн авч ажиллуулахтай холбоотой хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах тул уг гомдлыг хангаж шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 заалтын “Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 27.1.1, 27.1.2” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 11.6” гэж өөрчилж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4” гэсний дараа “36.1.3, 106.2” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ