Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1238

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр                     Дугаар 102/ШШ2019/01238                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ............“Монретранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч .............. Шильниковт холбогдох тээвэрлэлтийн гэрээний зардал 16.665.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянав.           

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Александр Сергеевич Шильников 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд  “Монретранс” ХХК-ийн захирлаар ажиллах хугацаандаа “Буржгар орд” ХХК-тай ямар нэг тээврийн гэрээ байгуулалгүй, дур мэдэн Дорноговь аймгийн “Айраг” өртөөнөөс ОХУ-ын Новокузнецк-Северный өртөө хүртэл 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 11 вагоноор 5 удаагийн тээвэрлэлтээр хайлуур жонш тээвэрлэж, тээврийн хөлс болох 16.665.000 төгрөгийг Улаанбаатар төмөр замын санхүүд манай компани төлж, хохирсон тул хариуцагчаас 16.665.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 11 вагон хайлуур жоншийг Дорноговь аймгийн “Айраг” өртөөнөөс ОХУ-ын Новокузнецк-Северный өртөө хүртэл тээвэрлэх үе нэхэмжлэлийн шаардлагад хамаарна гэжээ.

Хариуцагч гэрээг “Буржгар орд” ХХК-тай байгуулаагүй, тухайн үед захирлаар томилогдоогүй байсны нотолгоо нь 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар саруудын хооронд “Монретранс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Кононов Дмитрий гэдэг хүн ажиллаж байсан ба гэрээ байгуулах бүрэн эрх түүнд байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монретранс” ХХК, хариуцагч Александр Сергеевич Шильниковт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний зардал 16.665.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  

Хариуцагч надад тухайн үед гэрээ байгуулах бүрэн эрх байгаагүй, компанийн гүйцэтгэх захирлаар өөр хүн ажиллаж байсан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Нэхэмжлэлийн маргааны үндэслэл болж байгаа дээрх тээвэрлэлтийн гэрээний төлбөр 16.665.000 төгрөгийг, хариуцагч Александр Сергеевич Шильников төлөх үүргийг хүлээх үндэслэлгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2/3195 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Монретранс” ХХК-ийн лавлагаагаар “Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн тухай мэдээлэл”-д бичигдсэнээр хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан мөн         

        2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/0094 дугаартай Гадаадын иргэн, харъяатын газрын “Тодорхойлолт”-оор ОХУ-ын иргэн, 51№6274008 паспортын дугаартай, Александр Сергеевич Шильников “МРТ карго” ХХК-ийн шугамаар 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр оршин суух зөвшөөрөлтэй байсан”,

 

        Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1410 дугаартай, ажил олгогчийн 50002944 кодтой, даатгуулагч Шильников овогтой Александр Сергеевич “МРТ карго” ХХК-д 2015 оны 5-12 дугаар сарууд, 2016 оны 1-12 дугаар сарууд, 2017 оны 1-5 дугаар сар хүртэл ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс төлсөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд,

 

Мөн хариуцагч “Монретранс” ХХК-ийн захирлаар томилогдон ажиллах үедээ буюу 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 468 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа танаа “...тээвэрлэлтийн гэрээний хөлс 16.665.000 төгрөгийг “Буржгар орд” ХХК-иас нэхэмжлэх ёстой байсныг андуурч “Монретранс” ХХК-иар төлүүлсэн тул тус компанид гарган өгч, хохиролгүй болгож өгнө үү” гэж хандсан албан бичиг,

 

Гэрч Б.Зоригтбаатар ”тухайн үед энэ тээвэрлэлтийг би ачуулсан. “Буржгар орд” ХХК тээврийн зардлыг хариуцах ёстой” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Александр Сергеевич Шильников 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 11 вагон хайлуур жоншийг Дорноговь аймгийн “Айраг” өртөөнөөс ОХУ-ын Новокузнецк-Северный өртөө хүртэл тээвэрлэх эрхийг олгох болон “Монретранс” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаагүй, тус компанийг төлөөлж гэрээ байгуулах, үүрэг чиглэл өгөх эрхгүй этгээд байсан нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Монретранс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Александр Сергеевич Шильниковт холбогдох тээвэрлэлтийн гэрээний зардал 16.665.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА