Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01414

 

2019 оны 5 сарын 14 өдөр Дугаар102/ШШ2019/01414 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, дунд гол 30 байр 15 тоотод оршин суух, рд:ШВ73062000, Халх овогтой Долгорын Очирхуягийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо, 26 байр 28 тоотод оршин суух, рд:ФД79081301, Хоролсүрэнгийн Мөнхзаяа,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо, 26 байр 28 тоотод оршин суух, рд:ЙЮ80052813, Чулуунбатын Наранбаатар нарт холбогдох,

 

зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.560.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Очирхуяг, хариуцагч Х.Мөнхзаяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Очирхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...үндсэн үнэ нь өөрөө 1,560,000 төгрөгийн бараа байгаа. 2018 оны 08 сарын 21-нд 1,560,000 төгрөгийн үнэ бүхий барааг багцлаад 640,000 төгрөг болгож хямдруулж өгсөн. Европ хувцаснууд үнэтэй байдаг. Удаахгүй өгнө гэж хэлчихээд алга болсон. Нөхөр лүү нь залгахаар уурлаж загнаад байдаг. Би нөхрийг нь маш сайн танина. Гэтэл хариу тайлбар дээрээ танихгүй гэж бичсэн байсан. Амаар гэрээ байгуулсан. Одоо барааны үндсэн үнэ болох 1,560,000 төгрөгийг авна. Энэ хүн өгнө гэсэн хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас мөнгийг бүтнээр нь авах хүсэлтэй байна. Цагдаад өгөх үед 640,000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлээд маргаашнаас нь дахиад алга болсон, мөн хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахад төлсөн 70200 төгрөгөө нэхэмжилнэ... гэв.

 

Хариуцагч Х.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 08 сарын 13-нд үнэртэй ус 2, хар даашинж 1, ногоон даашинж 1, улаан цамц 1, хөх судалтай цамц 1, тос, оо гэх мэт 8 ширхэг бараа авсан. Зарж байсан бараа нь үнэхээр чанартай бараа байсан. Хар даашинж нь үнэхээр гоё байсан. Мөнгийг нь 100.000 төгрөгөөр цувуулаад төлье гэсэн, 640.000 төгрөгийг төлнө... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Очирхуяг нь хариуцагч Х.Мөнхзаяа нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 1.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 08 сарын 13-ны өдөр хариуцагч Х.Мөнхзаяа нь нэхэмжлэгч Д.Очирхуягаас үнэртэй ус 2, хар даашинж 1, ногоон даашинж 1, улаан цамц 1, хөх судалтай цамц 1, тос, оо гэх мэт 8 ширхэг бараа эд зүйлийг 640.000 төгрөгөөр зээлээр худалдан авч, мөнгийг 100.000 төгрөгөөр цувуулж төлөхөөр тохиролцжээ.

 

Зохигч талууд худалдсан эд зүйл, тоо хэмжээ, үнийн талаар маргаагүй боловч үнийг төлөх хугацааны талаар маргаж байгаа бөгөөд энэ талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй тул хугацааны талаар талууд тохиролцоогүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэхь хэсэгт зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийхийг шаардах боловч энэ журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэхь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцож болохоор зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч буюу худалдагч Д.Очирхуяг амаар тохиролцсон хэлцлийн дагуу 640.000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг бараа эд зүйлийг хариуцагч буюу худалдан авагч Х.Мөнхзаяа нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч эд зүйлийг хүлээн авсан байна. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах хэлцэл амаар байгуулагдсан гэж үзнэ.

 

Зохигч талуудын хооронд амаар тохиролцсон хэлцэл байгуулагдсан эсэх талаар хэн аль нь маргаагүй болно.

 

Тухайн аман хэлцлийн дагуу худалдагч эд зүйлийг худалдагч авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн тул гэрээгээр тохиролцсон эд зүйлийн үнэ буюу мөнгийг худалдан авагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй.

 

Худалдан авагч буюу хариуцагч Х.Мөнзаяа нь зээлээр худадан авсан эд зүйлийн үнэ буюу 640.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Х.Мөнхзаяа нараас зээлээр худалдан авсан 8 ширхэг нэр бүхий эд зүйлийн үнэ 640.000 төгрөг /зургаан зуун дөчин мянган/ гаргуулан нэхэмжлэгч Д.Очирхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 990.200 /есөн зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 8 ширхэг нэр бүхий барааг бөөний үнэ 640.000 төгрөгөөр худалдсан боловч хариуцагч эд зүйлийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул анхны үнэ болох 1560.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн 8 ширхэг нэр бүхий барааны анхны үнийг тодорхойлсон ямар нэг баримт хэрэгт авагдаагүй энэ талаар нэхэмжлэгч нотлоогүй, талуудын хооронд бичгээр гэрээ хийгдээгүй болно.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэхь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах журмыг зөрчсөн бол гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэсэн хуулийн шаардлагын дагуу хариуцагчаас худалдан авсан эд зүйлийн үнэ 640.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нарыг эрэн сурвалжуулах, шүүхэд нэхэмжлэл хүсэлт гаргах нь нэхэмжлэгчийн өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд түүний зардал 70200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хуулийн үндэслэлгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1123 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 19850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтоов.

 

2019 оны 05 сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Ч.Наранбаатар нь хариуцагч Х.Мөнхзаяад өөрийг нь төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон байна. /хэргийн 13 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Х.Мөнхзаяа нараас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Очирхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 990.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Очирхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1123 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х.Мөнхзаяа нараас улсын тэмдэгтийн хураамж 19850 /арван есөн мянга найман зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ