| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/00666/И |
| Дугаар | 102/2019/01040 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/2019/01040
| 2019 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/01040 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “З” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н Т -т холбогдох,
1,900,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “З” СӨХ нь тус хорооны 35Г байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Хариуцагч Н.Т нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35 Г байрны 46 тоотод оршин суудаг бөгөөд өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ үйлчилгээний зардалд төлөх ёстой төлбөрөө 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд огт төлөөгүй байгаа. Одоо түүний төлөх ёстой төлбөр нь 1,900,514 төгрөг болж хуримтлагдсан байгаа юм. Бид СӨХ-ны төлбөрөө Н.Таас нэхэмжилж 2017 онд шүүхэд хандсан. Гэвч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2017/16567 дугаар захирамжаар нэхэмжлэгч тал хуралд ирээгүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Бид уг захирамжид гомдол гаргаагүй, мөн шүүхэд дахин хандаагүй. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай СӨХ нь хариуцагч Н.Ттай 3 тоот эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэхдээ уг гэрээгээ бид шүүхээр батлуулаагүй юм. Уг гэрээгээр хариуцагч Н.Т нь 2015 оны 01 дүгээр сараас 2017 оныг дуустал хугацааны, мөн 2018 оны СӨХ-ны төлбөрөө бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч харамсалтай нь хариуцагч СӨХ-ны төлбөрийг мөн л төлөөгүй, шаардлага тавихаар татгалзаад байгаа юм. СӨХ-ны төлбөрөө төлөөч гэхээр хариуцагч “...би байранд хийсэн засварын мөнгийг төлбөрөөс хасуулна” гэж хэлдэг. Хариуцагч нь 35Г байрны дээд давхарт амьдардаг. Бүх дээд айлуудын дээвэр дээрээс ус нэвчсэн нь үнэн. Гэхдээ бид засварлуулж асуудлыг шийдвэрлэсэн. Хариуцагчийн байрны гал тогооны хэсэгт нийт 15м2 талбайтай хэсгээс л ус алдсан, уг хэсгийг нь засварласан мөнгийг нь хасч тооцуулах боломжтой гэж бид саналаа тавьсан ч зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд ч байрны дээврээс ус алдсан явдалд СӨХ нь 100 хувь буруугүй. Уг барилга 2007 онд ашиглалтад орсон. Уг барилгыг шинэ барилга гэж үзээд дүүрэг болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас засварын санхүүжилт өгдөггүй. Мөн СӨХ-нд цугларсан сар тутмын 2,818,836 төгрөг нь тухайн сарынхаа шууд зардалд хүрдэггүй. Хариуцагч Н.Т мэтийн хүмүүс хуримтлалаа төлдөггүйн улмаас энэ нь санхүүгийн байдлыг нэмж хүндрүүлдэг.
Хариуцагч нь ус алдсанаас болоод өөрийн байрандаа 4 удаа засвар хийсэн гэж байна. Хариуцагчийн орон сууцны хэмжээ нь 80 м2 бөгөөд ус алдсан 15м2 талбайд хийсэн гэх засварын зардалд нь бид 450,000 төгрөгийг тооцож хасахад татгалзахгүй. Өөрөөр хэлбэл бид 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 1,900,514 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба үүнээс засварын зардал гэж 450,000 төгрөгийг хасч тооцвол татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгч “З” СӨХ-ны харьяанд байх Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 35Г байрны 46 тоотод оршин суудаг. Мөн уг СӨХ-ны төлбөрийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд огт төлөөгүй нь үнэн. Тус байр 2008 онд ашиглалтад орсон цагаас эхлэн дээврээс ус гоожиж эхэлсэн. Уг байдлыг тухайн үед хариуцаж байсан сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэж байсан ч хариу арга хэмжээ авч өгөөгүй. Тэгсэн хэдий ч бид цаг хугацаандаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлсөөр ирсэн. Ингэж явсаар 7-8 жилийн дараа тааж нурж, бороо орох, цас хайлах үед гэрт бороо орж байгаа мэт хүчтэй дусалдаг болсон. Энэ асуудлыг шинэ сууц өмчлөгчдийн холбоонд удаа дараа шаардлага тавьж, сануулсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, авахгүй байсан учир миний бие сууц өмчлөгчдийн холбоонд албан ёсоор сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй, дээвэр засч өгсний дараа төлбөрөө төлнө гэдэг мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд бид жил бүр цагаан сарын өмнө засвар хийж хохирсоор ирсэн. Бидний хохирлыг барагдуулж өгөөч, биднийг хэн хохиролгүй болгож өгөх бэ зэрэг шаардлага тавьсаар 2019 онд дээвэрт засварын ажил хийсэн. Ингээд бид дахиад ус алдахгүй гэж итгээд нилээн сайн засвар оруулсан боловч дахин ус алдаж бид дахиад л хохирсон. Бид энэ талаар сууц өмчлөгчдийн холбоонд хандахад хариуцсан захирал нь бусад захирлуудтайгаа ярилцаад хохирлын асуудлыг шийдэж өгье гэж хэлсэн. Бид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө 100 хувь төлнө. Биднийг хохиролгүй болгож, дээврийг засварлаж өгөхийг сууц өмчлөгчдийн холбооноос шаардсаар ирсэн. Бид дээврээс ус алдан эд хөрөнгөөрөө хохирч байсан ч, гаражид машины эд ангиараа хохирч байсан ч сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө цаг хугацаандаа төлбөрөө төлсөөр ирснийг ус дулаан, цахилгааны төлбөрөөс харьцуулалт хийн харж болно. Бид ганц дээвэр биш худалдаж авсан өөрийн эзэмшлийн машины зогсоолд машинаа зуруулах номероо эвдүүлэх, гуперээ хагалуулах зэрэг хохирол амсаж ирсэн. Уг гаражид манаач үгүй, бохир заваан, манаачтай болохоороо согтуу манаач нь ажлын байрандаа тогтохгүй, өөрсдөө хаалгаа нээж хаана, эзэнгүй учир дуртай гадны машин орж ирж зогсоол дээр тавих зэрэг хүндрэлүүд гарч энэ олон жил оршин суугчдаа бухимдуулсаар, хохироосоор ирсэн. Орц байрны орчин, лифт, шат бохир заваан, цэвэрлэгээ огт хийгдэдгүйн улмаас оршин суугчдаас үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ үгүй болсон гэх хохирлыг мөн амсч байгаа болно. Үүнийг бусад оршин суугчидаас асуухад тодорхой болно. Оршин суугчид бид үйлчилгээ авах гэж сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлдөг. Тэд бол цэвэр үйлчилгээний байгууллага. Бид сэтгэлд хүрсэн нэг ч үйлчилгээ авч үзсэнгүй өдийг хүрснийг бусад оршин суугчид мөн гэрчилнэ. Манайх бол бусад үйлчилгээ нь дүүрч, дээврээ л засаад өгөөч гэсэн хууль ёсны шаардлага тавьсаар ирсэн. Манай 46 тоотыг хохиролгүй болгоод өгөөч бид төлбөрөө тэр цагаас төлөх болно гэдгээ ч хэлсээр ирсэн. Одоо ч манай дээврээс ус алдсан хэвээр байгааг би баримтаар нотолж хэрэгт өгсөн байгаа. Биднийг хохиролгүй болгож сууц өмчлөгчдийн холбооны үүргээ биелүүлэх аваас бид сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг 100 хувь төлөхөд бэлэн байгаа гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “З” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Н.Тт холбогдуулан 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,900,514 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй ба татгалзлын үндэслэлээ “...манай СӨХ хангалтгүй үйл ажиллагаа явуулдаг, дээврээс байнга алддаг болохыг хэлсээр байхад засварлаж өгөөгүй. Дээврээс ус алддаг байдлыг засч, хэвийн байдалд оруулсан тохиолдолд би СӨХ-ны төлбөрийг бүрэн төлөх болно” гэж тайлбарлав.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Хариуцагч Н.Т нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 35 Г байрны 46 тоотод оршин суугч, уг байрны өмчлөгч мөн эсэх талаараа маргаагүй бөгөөд тухайн орон сууц нь “З” СӨХ-д харьяалагддаг болох нь тус холбоог 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн №149 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч Н.Т нь “З” СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.
Хариуцагч Н.Т нэхэмжлэлд дурдсан хугацааны СӨХ-ны төлбөрийг огт төлөөгүй байгаа талаараа маргаагүй учраас уг төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...бид 2015 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 1,900,514 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба үүнээс засварын зардал гэж 450,000 төгрөгийг хасч тооцвол татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага болон 1,900,514 төгрөгөөс 450,000 төгрөгийг хасч, үлдэх 1,450,514 төгрөгийг хариуцагч Н.Таас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Т-аас 1,450,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч /СӨХ/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжинд 38,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ