Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/001041

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01041

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.М--ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.З-д холбогдох

 

хүү М.Э-ийг эх М.Мд буцаан өгөхийг даалгуулах тухай үндсэн, эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагч М.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч М.Зтай 2016 оны 7 дугаар сард танилцан хамтран амьдарч байгаад 2016 оны 9 дүгээр сард салсан. Хамт амьдрах хугацаанд архи их уудаг, миний дагавар хүүг “...удам муутай хүүхэд” гэж ад үзэн, намайг элдвээр хэлж надад нэг удаа гар хүрсэн тул бид салсан юм. Хариуцагчаас салсны дараа би түүнээс жирэмсэн гэдгээ мэдсэн. Ингээд миний бие 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүү Мын Эийг төрүүлсэн. М.З нь “хүүгээ нэг харъя” гээд байсан учир 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр миний бие уулзаад хүүгээ харуулахаар болсон бөгөөд тэрээр “...би хүүгээ нэг өдөр авч хоноё” гэхэд нь итгээд хүүгээ өгөөд явуулсан. Гэтэл маргааш нь М.З хүүг маань буцаан өгөөгүй. Гэрт нь очиж хүүгээ авъя гэхэд элдвээр дарамталж хүүг маань өгөхгүй өдийг хүрсэн. М.Зын ээжид нь хандан “хүүхдээ авъя” гэхэд “тийм юм байхгүй, миний хүү хүүгээ авснаас хойш архи уухаа больсон” гэдэг. Миний бие эвээр ярьж хүүгээ авах гэж маш их гуйсан. Намайг үг дуу цөөтэй өөдөөс нь хэл ам хийж чаддаггүй болохоор дарамтлаад хүүг өгөхгүй байсан. Анх миний бие хариуцагчид холбогдуулж хүү М.Эийг өөрийн асрамжид буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас хүүхдийн асрамжийн тал дээр болон хүүгээ төрсөн хүү нь мөн эсэх тал дээр маргаж, улмаар шинжээч томилуулсан. Ингээд шинжээчийн дүгнэлтээр М.Э нь хариуцагч М.Зын төрсөн хүү мөн болох нь тогтоогдсон. Нэгэнт хүү М.Э нь М.Зын төрсөн хүү нь мөн тул би хариуцагчтай дараах байдлаар тохирч, эвлэрэхэд татгалзах зүйлгүй. Үүнд:

1/ Би хүү М.Эээ долоо хоног бүрийн Баасан, Бямба гаригуудад өөрийн асрамжид авна.

2/ Эцэг М.З нь долоо хоног бүрийн Ням, Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад хүү М.Эийг өөрийн асрамжид байлгана.

3/ Хүүхдийн тэтгэлгийг эцэг М.З болон эх М.М нар хувааж төлнө.

4/ Хүүхдийн цэцэрлэг, сургууль, хувцас, хоол хүнсэнд зарцуулагдах зардлуудыг эцэг М.З бүрэн хариуцна гэжээ.

Хариуцагч М.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.М нь надад холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг миний бие эс зөвшөөрч хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгох, мөн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. Улмаар шүүхээс шинжээч томилж нэхэмжлэгч М.М болон М.З бидний дундаас хүү М.Э төрсөн болохыг буюу намайг хүү М.Эийн төрсөн эцэг болохыг тогтоосон.

Би 2015 оны 6 дугаар сарын дундуур М.Мтай танилцсан. Ингээд хэсэг хугацаанд хамт байж байгаад М.М нь хамаг юмаа баглаад яваад өгсөн. Энэ үеэс хойш бид ямар ч холбоогүй байсан бөгөөд би М.Мийг жирэмсэн байсныг мэдээгүй. 2017 оны намар би М.Мын найзтай тааралдахад М.Мыг жирэмсэн, миний хүүхдийг төрүүлэх гэж байгаа талаар хэлсэн. Энэ үеэс би нэгэнт хүүхэдтэй болсон тул буцаж хамт амьдръя гээд хайж эхэлсэн бөгөөд хаана амьдарч байгааг нь олоогүй. М.М нь миний хүүг төрүүлэх үедээ өөр хүнтэй гэр бүл болж амьдарч байсан бөгөөд удалгүй дахин нэг хүүхэд төрүүлсэн байсан. 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр М.М гэнэт ажил дээр хүү М.Эийг тэврээд найзтайгаа хамт ирсэн. М.М нь “...хүүхдийг чинь аваад ирлээ, чи хүүхдээ ав, би олон хүүхэдтэй тэжээж чадахгүй байна” гэж хэлээд надад орхиод явсан. Намайг хүүгээ авах үед тураалдаа орсон, бие хаа нь энд тэндгүй шарх сорви болсон, толгой нь булдруу болсон, муухан хувцастай, хөлд ороогүй нэг л удаа вакцин хийлгээд өөр ямар ч вакцин хийлгээгүй нүд хальтрам байдалтай байсан Энэ үеэс хойш би хүүхдээ өнөөдрийг хүртэл ганцаараа өсгөн хүмүүжүүлж байгаа. М.М нь анх надад хүү М.Эийг өгөхдөө өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй өгсөн. Би хүү М.Эийг өөр дээрээ авсан цагаас хойш хувцаслаж, хооллож, хувийн цэцэрлэгээр хүмүүжүүлж өсгөж байна. Хүү М.Эийг би нөхөн бүх вакцинд нь нөхөн хамруулсан бөгөөд одоо хүүхэд тураалаас гарч хэвийн жиндээ очиж, эрүүл саруул өсөн бойжиж байна. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч М.М бид хоёр дараах байдлаар харилцан тохиролцох хүсэлтэй байна. Үүнд:

1/ Нэхэмжлэгч М.М нь хүү М.Эийг долоо хоног бүрийн Баасан, Бямба гаригуудад өөрийн асрамжид авна.

2/ Хариуцагч М.З нь долоо хоног бүрийн Ням, Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад хүү М.Эийг өөрийн асрамжид байлгана.

3/ Хүүхдийн тэтгэлгийг эцэг М.З болон эх М.М нар хувааж төлнө.

4/ Хүүхдийн цэцэрлэг, сургууль, хувцас, хоол хүнсэнд зарцуулагдах зардлуудыг эцэг М.З бүрэн хариуцна. Иймд талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн тал дээр бүрэн тохирсон тул шүүхээс зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч М.Зд холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

 

Хариуцагч М.З дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

 

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч М.Маас хүү Боржигин овогт Мын Э төрсөн болох нь хэрэгт авагдсан 0000546352 дугаар төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Харин 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Эийн төрсөн эцэг нь хариуцагч М.З мөн болох нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 886 дугаар шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Иймд хариуцагч М.Зыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Эийн төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт нийцнэ. 

 

Тусдаа амьдарч буй эцэг, эх нь хүүхдийн асрамжийн талаар буюу хүүхэд хуульд заасан насанд хүртэл түүний оршин суух газрын талаар харилцан тохирох эрхтэй ба ийнхүү тохиролцоонд хүрээгүй тохиолдолд тухайн хүүхдийн нас, эцэг, эхийн хувийн байдал, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үүссэн асуудлыг шүүх шийдвэрлэх учиртайг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд зааж өгчээ. 

 

Нэхэмжлэгч М.М болон хариуцагч М.З нар хүү М.Эийн асрамжийн талаар шүүх хуралдаанд харилцан тохирч чадсан. Тодруулбал, долоо хоног бүрийн Баасан, Бямба гаригуудад хүү М.Э эх М.Мын асрамжид, харин долоо хоног бүрийн Ням, Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад хүү М.Э нь эцэг М.Зын асрамжид байхыг талууд зөвшөөрч байна. 

 

Хүүхдийн асрамжийн асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэхэд хүү М.Эийн эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүү М.Эийн асрамжийг талуудын тохирсон байдлаар тогтоох нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгтэй харшлахгүй гэж шүүхээс үзлээ. 

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг болон эхээс гаргуулан хүү М.Эт олгох ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах учиртайг талуудад тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Э.Э -ийн эцэг нь М.З мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү М.Э-ийг долоо хоног бүрийн Баасан, Бямба гаригуудад эх М.М-ын асрамжид, долоо хоног бүрийн Ням, Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад эцэг М.З-ын асрамжид тус тус байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эх М.М болон эцэг М.З нараас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ