Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2019/01291

 

2019 оны 5 сарын 7 өдөр Дугаар102/ШШ2019/01291 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Роял Гарден 28 байр, 1 тоотод оршин суух, рд:ШБ69012962, Монгол овогт Цэрэндоржийн Туулын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо, 4 хороолол, 34 байр 97 тоотод оршин суух, рд:ою70060267, Адуучин Билэгт овогт Жалбын Өлзийхишигт холбогдох,

 

   зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.233.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч Ж.Өлзийхишиг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч 2017 оны сүүлээр урагшаа сав баглаа боодолд явах гэж байгаа. Мөнгөний хэрэгцээ байна. Танайхаас зээлээр бараа авъя гэсэн. Байнгын харилцдаг байсан учраас зөвшөөрсөн. 20,000,000 төгрөгний барааг зээлээр өгсөнөөс 5,234,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байгаа. Ингэхдээ барааг НӨАТ-гүйгээр хамгийн хямд үнээр өгсөн. Бид анхнаасаа бараагаа НӨАТ-гүйгээр өгсөн учраас НӨАТ-ын баримт өгөх боломжгүй. Хавтаст хэрэгт Баялаг салат ХХК-тай хийсэн баримтууд байгаа. Энэ Ж.Өлзийхишиг гэдэг хүн Баялаг салат ХХК-ийн захирал учраас хариуцагчаар татсан... гэв.

Хариуцагч Ж.Өлзийхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Өлзийхишиг гэдэг иргэний хувьд Ц.Туул эгчээс бараа авч байгаагүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч Баялаг салат ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.233.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц.Туул нь Барс худалдааны төв зах дээр хүнсний ногоо, нарийн ногооны чиглэлээр бөөний худалдаа үйлчилгээ эрхлэн ажиллуулдаг бөгөөд Ж.Өлзийхишиг захиралтай Баялаг салат ХХК-тайбайнгын харилцаатай итгэлтэй үйлчлүүлэгч үүднээс 2017 оны 9,10,11,12 саруудад зээлээр хүнсний ногоо зээлээр худалдах худалдан авах аман хэлцэл байгуулж, 10.233.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо зээлээр худалдсан байна.

 

Энэ нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 16-36 дугаар тал/

 

Энэхүү үйл баримтын талаар зохигч талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Туул, хариуцагч Ж.Өлзийхишиг нарын хооронд хийгдсэн ямар нэг аман болон бичгээр хийгдсэн гэрээ хэлцэл байхгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хууль болон гэрээний дагуу зохигч талуудын хооронд үүрэг үүсээгүй болох нь дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Туулд хариуцагч Ж.Өлзийхишигээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар Ж.Өлзийхишигээс хүнсний ногооны үнийн үлдэгдэл төлбөр 5.233.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар Ж.Өлзийхишигээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 5.233.000 төгрөг гаргуулах тухай Ц.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ