Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 003

 

-

 

 

   Б.К-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар шийдвэртэй, К-ы нэхэмжлэлтэй, Ч, С нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Н.Ч-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч Б.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагч Б.С, Н.Ч, хариуцагч Н.Ч-ы өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материалын үлдэгдэл үнэ 942000 төгрөг гаргуулах тухай.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: “Миний бие “Ах дам” зах дээр барилгын материалын худалдаа эрхэлдэг. Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Н.Ч, түүний хүргэн Б.С нар нь барилга барьж байна гээд 2016 оны хавраас манай дэлгүүрээс барилгын материал зээлээр авч эхэлсэн. Авсан барааны зарим хэсгийн үнийг төлж, зарим барааг буцааж байсан. Нийт авсан барааны тооцоог хийхэд манай дэлгүүрт нийтдээ 942000 төгрөг төлөх тооцоо гарсан. Гэвч Н.Ч, Б.С нар нь авсан барааны үнийг одоо хүртэл төлөхгүй намайг хохироож явна. Мөнгийг нэхэхээр бие бие рүүгээ чихэж элдэв шалтаг зааж төлж өгөхгүй байна. Би энэ асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч зуучлал амжилтгүй болсон. Иймд иргэн Н.Ч, Б.С нараас авсан барилгын материалын үнэ 942000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч Н.Ч-ы тайлбарын агуулга: “Миний бие барилгын материал худалддаг Б.К-аас барилгын материалыг бэлэн мөнгөөр буюу урьдчилан төлж, мөн зээлээр ч авч байсан нь үнэн. Миний авч байсан материал миний гарын үсэгтэй байсан ба энэ нэхэмжлэлийн хавсралтад бичигдсэн материалууд илүү, дутуу бичигдсэн, огт бичигдээгүй огт аваагүй материалууд бичсэн нь буруу байна. (жишээ нь: нууц цоож, өнгийн будаг, унтраалга г.м) Үүнээс дүгнэлт хийхэд тооцооны баримтуудыг бүрэн тооцоолоогүй буруу баримтаар мөнгө авахаар бичсэн байна. Бидний бараа авалцсан, мөнгө төлсөн тооцоонууд бидэнд тус тусдаа байдаг. Энийг эх материалаар он сараар бичээгүй. Материалыг авахад ажил гүйцэтгэгч Б оролцож надад зөвлөгөө өгч авах материалын ажлын дэс дарааллаар хэрэгтэй материалыг авахуулж байсан нь үнэн. Харин хүргэн Б.С нь барилгын материал авахад огт оролцоогүй, Тооцоолон үзэхэд Б.К надаас мөнгө нэхэх биш надад 69200 төгрөгийн өртэй гарсан. Энэ 69200 төгрөгийг төлүүлэн авах тухай тустаа нэхэмжлэл гаргах болно. Б.К нь удаа дараа мөнгө нэхсэнээр энэ 2017 оны 6 дугаар сарын 08-нд 100000 төгрөг өгч эцсийн тооцоогоо дуусгасан маань буруу болсон байна гэж үзэж харамсаж итгэлтэй хүн биш байна гэж ойлголоо. Дээрх байдлуудаар Б.К-ы нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.К-аас зээлээр авсан барааг тооцоход 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан барааны үнэ 7 төрлийн хавсралтад нэрээр 93000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр авсан 4 төрлийн барааны нэрээр 2074800 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр авсан 4 төлийн барааны нэрээр 180000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр авсан 5 төрлийн барааны нэрээр 185500 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр авсан 12 төрлийн барааны нэрээр 211900 төгрөг (Бэлэн мөнгөөр авсан 4 төрлийн 29500 төгрөгийг бичээгүй, мөн авсан барааны дүнд оруулаагүй). Бүгд авсан барааны үнэ 2745200 төгрөг байна.

Б.К-д тооцоолон олгосон мөнгийг тооцвол  2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр бэлнээр 700000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр 80000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны  өдөр бэлнээр 1500000 төгрөг,/ банкны баримтыг хавсаргав/ 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 100000 төгрөг өгсөн байна. Эргүүлж өгсөн барааны үнэ 306000 төгрөг. Өгсөн барааны үнэ 2686000 төгрөг, эцсийн тооцоогоор зөрүү миний авах 69200 төгрөг болно.” гэжээ.

 

            Хариуцагч Б.С-ын тайлбарын агуулга: “Миний бие Н.Ч-ы хүргэн болох нь үнэн. Харин Н.Ч-ы авсан барилгын материалын өр зээлийн асуудал надад огт хамаагүй. Би өр зээлээр материал авахад очиж байгаагүй. Надаас юуны учир нэхэмжилж байгааг мэдэхгүй. Аав Н.Ч-тай хамт надаас өр зээл 942000 төгрөг нэхсэн нь буруу байна.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 652 шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Ч-аас барилгын материалын үнэ 942000 (есөн зуун дөчин хоёр мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  К-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Б.С-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч  Н.Ч-ы давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            Б.К-ы надад өгсөн материалыг канондсон 76500 төгрөгийн үнэ бүхий зүйлийг би огт аваагүй баримт байна. /өнгийн будаг 30000 төгрөг, эмульс 20000 төгрөг, нууц цоож 25000 төгрөг, унтраалга 15000 төгрөг/

            Ержаны гарын үсгийг ашиглан хуурамч 610,000 төгрөгийн баримт бүрдүүлсэн болохыг би нотолж байна. Мөн дээр баримтын буланд Б.С-ын утасны дугаар болон регистрийн дугаарыг бичиж, түүнийг хамтран төлнө гэж гарын үсэг зуруулсан байна. Б.С нь манай хүргэн нь үнэн боловч мөнгө төгрөг өгөхөд огт оролцоогүй.  Би энэ баримтаар ямар ч материал аваагүй. Материал байхгүй, мөнгө өгөхгүй бол материал өгөхгүй гээд хий бичсэн баримт юм. Үүнийг устгах гэсэн боловч ар талд нь өөр жагсаалт байгаа гээд тухайн үед устгуулаагүй. Би Б.К-аас 5 удаа материал авсан он сар өдөр, ямар материал авсан нь Б.К-ы дэвтэрт миний бичсэн гарын үсэг бүхий материал байгаа.

            Миний Б.К-аас авсан бараа нийтдээ 2745200 төгрөг болсон. Харин Б.К нь 2056000 гэж дутуу бичсэн байна. Ингэж дутуу бичсэн нь материал авалгүйгээр хоосон бичсэн 610,000 төгрөгийн баримтыг зөвтгөх гэсэн санаа гэж ойлгож байна. Миний тооцоогоор би Б.Каас 69200 төгрөгийн авалгатай байгаа. Би үүнийг нэхэмжлэн авах болно. Б.К нь баримтаа нотариатаар батлуулан өгсөн байна. Нотариатч нь баримтыг батлахдаа намайг дуудаж, үнэн байдлыг мэдэх ёстой байсан.

            Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахдаа надаас Б.К нь 828000 төгрөг нэхэмжилсэн байсан.Одоо иргэний шүүхэд 942000 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь түүний тооцоо буруу байгааг нотолж байна.

Б.К бид өөр өөрсдөдөө авсан материалын мөнгийг өгсөн тэмдэглэлтэй байдаг байснаар нэг нэгэндээ итгэж байсан. Би Б.Кд эцсийн тооцоо хийе гэхэд “миний баримт энд тэнд байна, дараа хийе, та надад итгээрэй, надад 100,000 төгрөг өг, илүү гарвал дараа материал авна биз” гэснээр барилга бүр дууссаны дараа 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврээ  авч 100,000 төгрөгийг Б.Кд өгсөн. Тэтгэвэрт авсан баримтыг хэрэгт хавсаргасан байгаа.

Эцсийн эцэст Б.Кы янз бүрийн аргаар надаас хуурамч баримтыг ашиглан мөнгө нэхэж байгааг, нотлох баримттайгаар нэг бүрчлэн эх материалаар үзсэнээр Б.Кд ойлгуулан хойшид эрүүгийн хэрэг үүсгэхгүй болгоход мөн Б.К нь миний охидуудтай адил байх тул би уучилж байгааг, миний 80 настай өвгөн байгааг тус тус харгалзан бидний бие биенээсээ авлагатай гэсэн нэхэмжлэлийг үндэслэн биднийг эвлэрүүлэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.К нь хариуцагч Н.Ч, Б.С нарт холбогдуулан худалдаж авсан барилгын материалын үнийн үлдэгдэл 942000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хариуцагч Н.Ч нь Б.Каас нийтдээ 2056000 төгрөгийн барилгын материал авч байсан жагсаалтыг тэмдэглэн бичсэн тэмдэглэлийн дэвтэрт зарим барилгын материал авсан гэдэгт хариуцагч Н.Ч нь гарын үсэг зурсан, зарим барилгын материалд гарын үсэг зураагүй боловч барилгын материал худалдан авч байснаа үгүйсгээгүй нийтдээ 2745200 төгрөгийн барилгын материал авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогджээ.

 

   Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийн бичилтээр хариуцагч Н.Ч нь 2056000 төгрөгийн барилгын материал авч үүнээс бэлэн мөнгөөр 808000 төгрөг төлж, 306000 төгрөгийн барилгын материалыг буцааж өгсөн гэснийг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэж, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.К нь хариуцагч Б.С барилгын материал авсан талаар нотлох баримтаар нотолж чадаагүй тул энэ нэхэмжлэлээс хариуцагч Б.Сад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагч Н.Ч нь 2016 оны 5 дугаар сарын 25-нд 1500000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-нд 100000 төгрөгийг өгсөн гэх боловч үүнийг нотолж чадаагүй  байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Чы  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Чы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Н.Чы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27158 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

Д.КӨБЕШ