Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/ШШ2024/0032

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч ХХК

Хариуцагч: МУЗГ

Хариуцагч: Э яам

Нэхэмжлэлийн шаардлага: МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр “К” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн ерөнхий захирал Э.З

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Х.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

Хэргийн индекс: 221/2024/0002/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь тус шүүхэд хандан МУЗГ-т холбогдуулан “МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр “К” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Э яамыг татсан.  

2. Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь 2013 оноос хойш гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төрийн өмчийн хорооноос 2011 онд зарласан “А-У-З” чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концесс олгох уралдаанд шалгаруулалтад оролцож шалгарсан.

Монгол Улсын их хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” ** дүгээр тогтоол, МУЗГ-ын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Т тухай” *** дугаар тогтоол, МУЗГ-ын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” *** дугаар тогтоол, МУЗГ-ын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” *** дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Э яамтай “А-У-З чиглэлийн хурдын авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр А-У-З чиглэлийн хурдны авто замын төслийг концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх зорилгыг тавьж, хамтран ажиллахаар болсон.

Гэтэл МУЗГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолоор “...концесс эзэмшигч “Ч” ХХК гэрээ хүчин төгөлдөр болох хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй” гэх үндэслэлээр Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн **** дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсон.

Дээрх тогтоолыг эс зөвшөөрч “Ч” ХХК -иас “МУЗГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, мөн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр тогтоолын үйлчлэлийг сэргээхийг МУЗГ-т үүрэг болгуулах, концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацаа сунгахыг эрх бүхий этгээд буюу МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/***** дүгээр тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар МУЗГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

Гэвч, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоолоор концессын гэрээ цуцлах тухай тогтоолыг дахин гаргасан. Манай компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32021/**** дугаар захирамжаар “...Ч” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгасан байх бөгөөд энэхүү тогтоол нь захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субъект рүү чиглээгүй, харьяа байгууллагадаа чиглэл хүргүүлсэн акт бөгөөд уг шийдвэр нь захиргааны актад хамаарахгүй” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тухайн үед захиргааны урьдач акт буюу дээрх Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоолтой маргах шаардлагагүй гэж ойлгоод давж заалдах журмаар шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс Э яаманд холбогдуулан Үндэсний хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/**** дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/Ш32023/**** дугаар захирамжаар “...Маргаан бүхий Үндэсний хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/**** дугаар шийдвэр нь бие даасан захиргааны акт биш, захиргааны актын шинжийг агуулаагүй, мэдэгдлийн шинжтэй” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2023/**** дугаар тогтоолоор “... Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.2-т “концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох”, 24.1-д “Дараах тохиолдолд концессын гэрээ дуусгавар болно”, 24.2.3-т “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.2.4-т “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэж тус тус зааснаас үзэхэд Монгол Улсын Засгийн газраас бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” *** дүгээр тогтоол нь нэхэмжлэгч компанид эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн захиргааны акт...” гэж дүгнээд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр  үлдэж шийдвэрлэсэн.

Өөрөө хэлбэл, МУЗГ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Концессын гэрээ цуцлах тухай” *** дүгээр тогтоолыг захиргааны акт гэж дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2023/**** дугаар тогтоол гарсан.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32021/**** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/Ш32023/**** дугаар захирамжаар “...тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32021/**** дугаар захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2023/**** дугаар тогтоолоор үндэслэлгүй гэж үзсэн. ...харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”, 112.1.5-д “ЗАсгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан” гэж тус тус заасан” гэж дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32021/**** дугаар шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах нь хэсгийн 3-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.2-т заасныг тус тус баримтлан” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 54.1.2-т заасныг баримтлан” гэж өөрчилсөн тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор дараах 2 үндэслэлээр маргаж байгаа болно. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тухайд:

“Ч” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/**, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/**, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/** дүгээр албан бичгүүдээр “... манай компани концессын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэсэн ажлын тайланг 2018 онд хүргүүлж компанийн зүгээс үүргийн биелэлт 88 хувьтай хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн 12 хувь нь эрх бүхий этгээд /концессын гэрээний 1.7.1/ болон зохицуулах байгууллагуудын /концессын гэрээний 2.7-2.12-р заалтууд/ үүрэг биелэгдсэнээр гүйцэтгэгдэх боломжтойг дурдсан. Газар нутгийнхаа байршлын давуу боломжийг баялаг болгох энэхүү төслөө манай компани төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төртэйгөө хамтран хэрэгжүүлэх хүсэлттэй байна. Иймд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хөгжлийн газарт удаа дараа уламжилж байсан боловч төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлээгүйгээр  барахгүй, концесс эзэмшигчид ашиггүй гэрээ нэмэлт өөрчлөлтийн саналыг удаа дараа тулган шаардсаар ЗГ-ын ***-р тогтоолыг гаргасан. Үл биелэгдэх нөхцөл тулган шаардаж, эрх бүхий этгээд нь өөрөө Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүйн дээр Үндэсний хөгжлийн газрын дарга Н.Б нь Концесс эзэмшигчийг улсыг хохироосон мэтээр илтэд гүтгэх харлуулж (хууль болон гэрээгээр Засгийн Газар, эрх бүхий этгээд, түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан хувь хүнд ямар нэгэн мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй атал) албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эс үйлдэхгүйгээр хохироон, компанийн хууль ёсны эрх ашиг, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж ирлээ.

Түүгээр ч үл барам их хэмжээний мөнгө хууль бусаар байнга нэхэж, дарамталж ирсэн үйлдлээ Монгол Улсын Шүүхээр “баталгаажуулсан шийдвэр”-ийг гаргуулахаар улайран байгаа нь зүйд нийцэхгүй юм. Концессын гэрээг цуцлах гол үндэслэл нь: ... үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол болох 1 тэрбум америк доллар болон тус гэрээний төслийн хүрээнд хийгдсэн техник эдийн засгийн үндэслэл, холбогдох судалгааны материалуудыг Засгийн газарт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” хэмээн нэхэмжлэл гаргасан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш32019/**** тоот захирамжид тусгагдсан байдаг. Төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд 1 төгрөгийн ч санхүү дэмжлэг үзүүлээгүйн дээр бодлогоор огт дэмжээгүй атлаа бидний өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөрөө санхүүжүүлж хийж бүтээсэн Олон улсын Оюуны өмчийн паненттай ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг төрийн нэрээр “дээрэмдэх”-ээр санаархаж байгаа нь концессын гэрээ цуцлах үндэслэл болохгүйг мэдсээр байж илт үндэслэлгүй захиргааны акт гарган концесс эзэмшигчийг хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэж заасны дагуу тодорхой үндэслэл тогтоогдсон, өөрчлөх боломжгүй, эсхүл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн үзсэн тохиолдолд л захиргааны гэрээг цуцлах үндэслэл бүрддэг. Гэтэл МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоолд дурдсан үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан захиргааны гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал, “... Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-д “концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон”, 24.2.4-д “үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцалсан бөгөөд цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр концессын гэрээг цуцалсан бөгөөд концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн яг ямар үүргийг биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, концессын гэрээ цуцлах хууль болон гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй байхад үндэслэлгүйгээр гэрээ цуцлах шийдвэр гаргаж, концесс эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь хууль бус юм. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан концессын гэрээ нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй бөгөөд хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн улмаар барих ажил нь зогсонги байдалд орж, гэрээг олгосон ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй” тухайд:

МУЗГ нь концессын гэрээг цуцлахдаа талуудын хооронд байгуулсан концессын гэрээний 6.8-д “гэрээг цуцлах тохиолдолд эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчийг шинээр сонгож төслийг хэрэгжүүлэхэд концесс эзэмшигчийн зүгээс оруулсан бодит хөрөнгө оруулалтыг тооцон буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ”, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Концессын гэрээг цуцлахад талуудад олгох нөхөх олговрыг хэрхэн тооцохыг  гэрээнд заах ба ингэхдээ концессын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зохих үнэ цэнэ, гарсан зардал, тухайн талд учирсан хохирол, үүний дотор шаардлагатай тохиолдолд олох боломжтой байсан ашгийг оруулна” гэж тус тус заасныг зөрчиж буцаан олгох хөрөнгө оруулалтын асуудлыг өнөөдрийн хүртэл шийдвэрлээгүй байна.

Эдийн засгийн үндэслэл, урьдчилсан төлөвлөлтийн зургууд, геологи геодизи, гидрометрологийн судалгаануудыг олон улсын стандарт нормын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хийсэн бүх ажлаа нэгтгэн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн бөгөөд нийт дүнд 106,700,000 ам.долларыг зарцуулсан. Өнөөдрийн хүртэл МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр бодит байдалд хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй байгаа нь нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх ажилд зориулан гаргасан 106,700,000 /нэг зуун зургаан сая долоон зуун мянган/ ам.долларын зардлыг нэхэмжлэгчид буцаан олгоогүй, концессын зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсаар байгаа зэргээс тодорхой харагдаж байгааг дурдах нь зүйтэй

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр “К” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

2.1 Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсэгт заагдсан 1 тэрбум ам.доллар байршуулах гэдэг нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн заалт гэж болох ба эсхүл концессын гэрээ байгуулагдсаны дараа Засгийн газрын баталгаа гаргах ёстой эс үйлдэл гэж харагдаж байна. Засгийн газрын концессын гэрээ байгуулагдсаны дараа баталгаа гаргаж өгөөгүй учир 1 тэрбум ам.доллар байршуулах бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болж байна.

Мөн концесс эзэмшигч нь мөнгө байршуулах боломжтой банкийг сонгох боломж байхгүй бүх банкнууд өөрийнхөө банканд байршуулах “тааламжтай, ашигтай” нөхцөлүүд яригдсан, хөрөнгө оруулагч тал арилжааны банкнуудад тендер зарлаж болохгүй гэсэн. Хадгаламжийн даатгалын корпорацын өөрийн хөрөнгө нь 400 тэрбум төгрөг буюу даатгал хийх боломжгүй байсан. Тус шүүхэд Хадгаламжийн даатгалын корпорацаас ирүүлсэн хариуг үзвэл даатгал хийгдэх боломжгүй болох нь харагдана.

Концессын гэрээг цуцалж байгаа үндсэн нөхцөл нь 1 тэрбум америк долларыг байршуулаагүй гэдэг ба уг заалт хүчингүй болсноор гэрээ цуцлагдах боломжгүй болж манай эрх сэргээгдэнэ. Иймд Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийн илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

3. Хариуцагч МУЗГ шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Засгийн газар, эрх бүхий этгээд нь гэрээний 1.7.1-д заасан гэрээний үүргээ мөн л биелүүлэхгүй байснаар барахгүй гэсэн боловч ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй нь хүчин төгөлдөр ямар хуулийн заалтыг зөрчиж байгаа талаар огт дурдаагүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгааг нотолж байна.

Нэхэмжлэлд ... Газар нутгийн нутгийнхаа байршлын давуу боломжийг баялаг болгох энэхүү төслөө манай компани төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төртэйгөө хамтран хэрэгжүүлэх хүсэлттэй байна. Иймд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хөгжлийн газарт удаа дараа уламжилж байсан боловч төрөөс ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлээгүйгээр барахгүй ... гэсэн нь Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11-т Барих-ашиглах-шилжүүлэх концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заасантай зөрчилдөж байгаа бөгөөд өөрийн хөрөнгөөр барихаар сонгон шалгаруулалтад оролцож шалгараад дараа нь төрөөс дэмжлэг хүсэх нь уг хуулийн этгээдийг цаашид концессын зүйлийг барих чадваргүй болохыг нотолсон болно.

Мөн нэхэмжлэлд Төслийн үйл ажиллагаанд 1 төгрөгийн ч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй ... гэдэг нь концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах гэсэн концессын төрөл, зорилгоо ч ойлгоогүй өдийг хүрсэн төдийгүй 2014 оноос хойш ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгээгүй Монгол Улсын Засгийн газрыг болон ард иргэдийг хохироосон болно.

Нэхэмжлэлдээ ... концесс эзэмшигчийг огт ажил хийгээгүй гэсэн худал шалтгаар Концессын гэрээг хууль бусаар цуцалсан ... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ... огт ажил .. хийгээгүй гэсэн шалтгаанаар концессын гэрээг цуцалсан тухай үг өгүүлбэр Засгийн газрын 2019 оны 241 дүгээр тогтоол болон бусад нотлох баримтад байхгүй байгаагаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь ... хариуцагчийн илт хууль бус шийдвэрийн улмаас барих ажил нь зогсонги байдалд орж, гэрээгээр олгосон ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байна гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд өнөөг хүртэл хурдны замын ажлыг барилгүй нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоол бодит нөхцөл байдалд хэрэгжээгүй, хэрэгжих боломжгүй байгаа нь нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх ажилд зориулан гаргасан 106,700,000 /нэг зуун зургаан сая долоон зуун мянга/ ам долларын зардлыг нэхэмжлэгчид буцаан олгоогүй, концессын зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшилд байсаар байгаа зэргээс тодорхой харагдаж байгааг дурдах нь зүйтэй гэсэн нь нэхэмжлэгч өөрөө концессын зүйлийг барьж байгуулаагүй өнөөгийн нөхцөл байдалтай зөрүүтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Концессын тухай хуулийн холбогдох заалтад нийцэхгүй хууль бус үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагатай Ч ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

4. Хариуцагч Э яам шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр Концессын гэрээг цуцлах тухай тогтоолын 2 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус болох үндэслэлгүй тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр тогтоол нь А-У-З чиглэлийн хурдны авто зам төсөл-ийн концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу илт хууль бус актад хамаарахгүй.

УДШ-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 001/ХТ2022/**** тогтоолоор Захиргааны ерөнхий хуулийн 47.1.7-д заасан Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт нь хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж, уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно гэж тодорхойлсон байна. Монгол Улсын Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь тодорхой зорилгоор, тодорхой байгууллагад үүрэг даалгасан, бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой акт байна.

Монгол Улсын Засгийн газар нь УДШ-ийн тогтоолын хэрэгжилтийг хангаж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр **** дүгээр тогтоолоор концессын гэрээг сэргээсэн. Тус гэрээний дагуу талууд харилцан тохиролцож концессын гэрээний 1.6-ын дагуу концесс эзэмшигч нь барилга угсралтын ажлыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар нь УДШ-ийн тогтоолыг биелүүлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн. УДШ-ийн шийдвэрээр концесс эзэмшигчид эрх олгож, гэрээний үүргээ биелүүлэх, концессын ажлыг хийх боломжоор хангасан хэдий ч концесс эзэмшигч нь дээрх хугацаанд гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаагүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А-У-З чиглэлийн хурдны авто зам төсөл- ийн концессын гэрээний хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлтэд концессын гэрээний 1.7-д заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг концесс эзэмшигч нь хэрхэн биелүүлснийг хянан үзэхэд концесс эзэмшигч нь 8 үүргээс 5 үүргийг биелүүлээгүй байна. Концесс эзэмшигч нь гэрээний үүргээ зөрчсөн тул Засгийн газрын 2019 оны *** дүгээр тогтоолоор гэрээг хүчингүй болгосон. Уг гэрээг хүчингүй болгож байгаа Засгийн газрын тогтоол нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гарсан тогтоол юм. Үүнийг УДШ-ийн тогтоолын биелэлтийг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй. Учир нь УДШ-ийн тогтоол нь концессын гэрээг сэргээхээр гарсан тогтоол болохоос концесс эзэмшигч нь гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж болохгүй гэх агуулгаар гараагүй. Хууль тогтоомжоор олгосон эрхийнхээ хүрээнд захиргааны байгууллагын зүгээс захиргааны гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч ...241 тоот тогтоол нь Улсын дээд шүүхийн *** тоот тогтоолыг хүчингүй болгож... гэх нь үндэслэлгүй байна.

Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус болох үндэслэл бүрдээгүй тухайд:

Концесс эзэмшигч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон тухайд: Концессын гэрээний 1.6 дахь заалтаар концесс эзэмшигч нь барилга угсралтын ажлыг 2 жилийн дотор хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан ч гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаагүй, гэрээнд заасан 8 үүргээс 5 үүргийг зөрчсөн. Засгийн газар гэрээг цуцлах нь хууль ёсны бөгөөд гэрээний зөрчлийн үндсэн дээр болон Концессын тухай хуулийн 24.2.3-т заасан үндэслэлээр тус гэрээг цуцалсан. Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн. 1.7.2 дахь хэсэг хууль зүйн үндэслэлтэй тухайд: Нэхэмжлэгч тал гэрээний 1.7.2 дахь заалтыг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т нийцээгүй гэж үзэж байгаа ч энэ заалт хуульд нийцсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөнгөлөлт үзүүлэх талаар заадаг. Гэрээний 1.7.2 дахь заалт нь хөрөнгө оруулалт хийх, түүнд Засгийн газрын баталгаа өгөх тухай заасан. Засгийн газар баталгаа өгөөгүй нь нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүйгээс хамааралтай бус, харин нэхэмжлэгчийн гэрээний урьдчилсан нөхцөлийг хангаагүй эс үйлдэхүйн үр дүн.

Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдал нь гэрээ цуцлах үндсэн шалтгаан болсон тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын (2-р тал) 2 дугаар хэсэгт Концессын гэрээг цуцалж байгаа үндсэн нөхцөл нь 1 тэрбум ам.долларыг байршуулаагүй гэдэг заалт гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гэрээний 1 тэрбум ам.долларыг байршуулж чадаагүй нь гэрээ цуцлах үндсэн шалтгаануудын нэг бөгөөд энэ нь зөвхөн Засгийн газрын баталгаанаас хамааралгүй, нэхэмжлэгчийн санхүүгийн чадамжийг хангаж чадаагүйтэй холбоотой.

Концессын гэрээний хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлтэд концессын гэрээний 1,7-д заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг концесс эзэмшигч нь хэрхэн биелүүлснийг хянан үзэхэд концесс эзэмшигч нь 8 үүргээс 5 үүргийг биелүүлээгүй байна. Концесс эзэмшигч нь концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг биелүүлсэн байсан ч гэрээний үүргээс үлдсэн 4 үүргийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэлтэй юм. МУЗГ нь концессын гэрээг сэргээж, концесс эзэмшигчид гэрээний үүргээ биелүүлэх 2 жилийн хугацаа өгсөн хэдий ч концесс эзэмшигч нь гэрээний урьдчилсан нөхцөлөө хангаагүй, гэрээний хугацаа хүчин төгөлдөр байх үед концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус хэмээн маргаагүй, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гаргалгүй гэрээний хугацааг өнгөрөөсөн. Иймд концесс эзэмшигчийн эс үлдэхүй нь Концессын тухай хуулийн 24.2.3-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэл мөн юм.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын (2-р тал) 2 дугаар хэсэгт ... концесс эзэмшигч нь мөнгө байршуулах боломжтой банкийг сонгох боломж байхгүй бүх банкнууд өөрийнхөө банканд байршуулах ашигтай нөхцөлүүд яригдсан, хөрөнгө оруулагч тал арилжааны банкнуудад тендер зарлаж болохгүй гэсэн... хэмээн санхүүжилт байршуулах боломжгүй асуудлыг хөндөж байгаа ч Монгол Улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий банкнууд байгаа учир энэ нь хангалттай үндэслэл болохгүй.

Арилжааны банкнууд тендер зарлах боломжгүй тухай нэхэмжлэгчийн тайлбарын тухайдАрилжааны банкнууд тендер зарлах боломжгүй тухай нэхэмжлэгчийн тайлбар нь хуульд нийцэхгүй бөгөөд гэрээний заалтуудыг буруу ойлгож байна. Санхүүжилт байршуулахад зөвхөн тендер шаардлагагүй, учир нь арилжааны банкнуудтай шууд гэрээ байгуулан байршуулах боломжтой.

Хадгаламжийн даатгалын корпорацын хариуны тухайдХадгаламжийн даатгалын корпорацын даатгал хийх боломжгүй тухай хариу нь нэхэмжлэгчийн төслийн санхүүгийн эрсдэл, хариуцлагаас зугтаах оролдлого байж болох ба энэ нь нэхэмжлэгчийн үүргээ биелүүлээгүй гэдгийг батлах үндэслэл юм. Концессын гэрээний заалтуудыг нэхэмжлэгч тал буруу ойлгож байгаа ба Засгийн газрын баталгаа гаргаагүй байдал нь гэрээний үүргийг биелүүлэх боломжийг хязгаарлах үндэслэл болохгүй. Тус концессын гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргээ гүйцэтгэдэггүй, хариуцлагагүй ажилласан Ч ХХК-ийн энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дуусгавар болж, төрийн зүгээс иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах нөхцөл бүрдсэн юм. Иймд хууль тогтоомжоор олгосон эрхийнхээ хүрээнд захиргааны байгууллагын зүгээс захиргааны гэрээг цуцалсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтаар илт хууль бусад тооцуулах үндэслэлгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзана уу.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын баталгаа гаргахыг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Шүүхээс уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй тул дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Үндэслэх нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Ч ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

1.2 Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.2.4-т зааснаар концессын харилцаанд захиргааны гэрээ хэрэглэж болохоор зохицуулж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Хуулийн 52.2.4 дэх хэсгийг хүчингүйд тооцсон бөгөөд энэхүү маргаанд хэлэлцэгдсэн Концессын гэрээ 2014 онд байгуулагдаж, 2019 онд Монгол Улсын Засгийн газрын *** дүгээр тогтоол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн.

2. МУЗГ-ын 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ** дүгээр Зөвшөөрөл олгох тухай тогтоолоор А-У-З чиглэлийн хурдны авто зам төсөл-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар Ч ХХК-тай холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Э сайд Н.Б-т зөвшөөрсүгэй гэж, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *** дүгээр Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай тогтоолоор А-У-З чиглэлийн хурдны авто зам төсөл-ийн концессын гэрээг Ч ХХК-тай байгуулахыг Э сайд Н.Б-т даалгасан байна.

3. Э яам, Ч ХХК нар нь 2014 оны 3 дугаар сарын 09-ний өдөр А-У-З чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ (Б-А-Ш)-г байгуулжээ.

4. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Концессын гэрээ цуцлах тухай тогтоолоор ...концесс эзэмшигчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй... үндэслэлээр концессын гэрээг цуцалж, Ч ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан нэхэмжлэл гарган, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийдвэрээр ...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн концессын гэрээг цуцлах тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *** тогтоолын үйлчлэлийг сэргээхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан Концессын гэрээний нөхцөл биелүүлэх хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг Хөрөнгө оруулалтын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр тогтоолоор ...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн концессын гэрээг цуцлах тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газарт холбогдох Концессын гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл биелүүлэх хугацаа сунгах үүргээ биелүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн тус тус шийдвэрлэсэн байна.

5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр тогтоолоор дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны *** дүгээр тогтоолыг үндэслэн Концессын гэрээ цуцлах тухай Засгийн газрын 2015 оны *** дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож,

5.1 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар Концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг сунгах эрх олгох тухай тогтоолоор ...концессын гэрээнд дор дурдсан нөхцөл, шаардлага бүхий нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн дээр концессын гэрээний гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг 6 сараар сунгахыг Ү дарга Б.Б-д зөвшөөрсүгэй гэж,

5.2 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр Концессын гэрээ цуцлах тухай тогтоолоор ...Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.. үндэслэлээр концессын гэрээг цуцалсан байна.

5.3 Уг тогтоолыг үндэслэн Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/**** дугаар Концессын гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх гэрээг цуцалж байгааг Ч ХХК-д мэдэгджээ.

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А-У-З чиглэлийн хурдны авто зам төсөл-ийн Концессын гэрээний хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллага гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсоноор хариуцагч захиргааны байгууллагаас гэрээг дангаар цуцлах эрх үүссэн байна.     

7. Тодруулбал Концессын гэрээний 1.7 дугаар зүйлд Энэхүү Гэрээнд талууд гарын үсэг зурсанаар Гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд тухайн өдрөөс хойш 9 /есөн/ сарын дотор дор дурдсан нөхцөл бүрэн хангагдсанаар Гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд: ...1.7.2 Концесс эзэмшигчийн үүрэг:

-Төслийн компанийн хувьцаа эзэмшигчийн гэрээ,

-Төслийн санхүүжилтийн гэрээ,

-Төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 1 /нэг/ тэрбум америк долларыг Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулах,

-Батлагдсан Техник Эдийн Засгийн Үндэслэл, урьдчилсан зураг төсөл,

-Барилгын ажил гүйцэтгэх гэрээ,

-Техник хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ,

-Даатгалын гэрээ хэмээн талууд тохиролцож Гэрээг байгуулсан байна.

8. Ийнхүү ...Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тогтоолоор концессын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелүүлэх хугацааг 6 сараар сунгасан, концесс эзэмшигч нь 8 үүргээс 5 үүргийг биелүүлээгүй... гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авах үндслэлтэй байна.

9. Өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл буюу гэрээгээр тохирсон үүргээ нэхэмжлэгч хуулийн этгээд биелүүлээгүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэлгүй бөгөөд ...Төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 1 /нэг/ тэрбум америк долларыг Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь өөрийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулах... гэж тусгасан энэхүү хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд хэрэгжүүлэх, биелүүлэх боломжгүй байсан нь эргээд хариуцагчийг буруутгах, шүүхээс маргаан бүхий тогтоолыг илт хууль бусад тооцох хууль зүйн зохицуулалтад хамаарахгүй юм.

10. Концессын гэрээний 1.9-д Энэхүү Гэрээний 1.7.2-т заасан гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлэх хугацаанд концесс эзэмшигч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг цуцлана., Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3-т концесс эзэмшигч концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь гэрээнд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болсон, 24.2.4-т үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн тохиолдолд концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцална гэж тус тус заасан.

11. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж зааснаар Засгийн газрын 241 дүгээр тогтоол нь ямар хуульд нийцээгүй талаар нэхэмжлэгч маргаагүй, ...тогтоолын 2 дахь заалтаар Засгийн газрын 2017 оны ***, 2018 оны *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсон нь илт хууль бус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ ... гэж заасныг зөрчсөн хэмээн маргасан.

12. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны *** дүгээр тогтоолоор Засгийн газрын 2015 оны *** дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дүгээр тогтоолоор дахин Засгийн газрын 2015 оны *** дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны *** дүгээр тогтоолоор 2017 оны *** дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон нь ямар нэг үр дагавар үүсгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, энэ үндэслэлээр тогтоолыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

13. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр Концессын гэрээг цуцлах тухай тогтоол нь Концессын тухай хууль болон Концессын гэрээнд заасантай нийцсэн, хариуцагч өөрийн эрх хэмжээнд гаргасан, бодит нөхцөлд тохирсон байх бөгөөд уг тогтоол нь нэхэмжлэгч Ч ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд анхнаасаа хүлээн зөвшөөрч тухайн Гэрээг байгуулсан байх бөгөөд уг Гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл буюу Концесс эзэмшигчийн үүрэг хэсгийг илт хууль бусад тооцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасантай нийцэхгүй байна.

15. Захиргааны актыг түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан тохиолдолд илт бусад тооцох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд Захиргааны гэрээ илт хууль бус байх тохиолдлуудыг зохицуулсан, энэ талаар нэхэмжлэгч мэтгэлцэж, маргаагүй болно.

16. Ийнхүү Гэрээг цуцлах шийдвэр гарсаны дараа Гэрээний холбогдох заалтыг биелүүлэх боломжгүй байсан үндэслэлээр шүүх түүнийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байхын зэрэгцээ Гэрээний 1.7.2 дахь хэсгийн Төслийн компаний хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Батлагдсан техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл, Техник хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ хэсгийн үүргийг Концесс эзэмшигч биелүүлж, хэрэгжүүлсэн байсан бөгөөд бусад хэсгийг биелүүлэх боломжгүй байснаас үүдэн илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

Иймд МУЗГ, Э яаманд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн112.1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.3, 24.2.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-иас МУЗГ, Э яаманд тус тус холбогдуулан гаргасан МУЗГ-ын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн *** дүгээр Концессын гэрээг цуцлах тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Концессын гэрээний 1.7 дугаар зүйлийн 1.7.2 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                            Д.ОЮУМАА

             ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА