Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01272

 

2019 оны 5 сарын 6 өдөр Дугаар102/ШШ2019/01272 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 3-р хороолол 29-р байр 309 тоотод оршин суух, рд:ДЮ64060319, Шархай овогт, Сүрэнжавын Энхбатын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 29-р байр 65 тоотод оршин байрлах, Найдвар 29,30 Сууц өмчлөгчдийн холбоонд /цаашид СӨХ гэх/ холбогдох,

  

гэм хорын хохирол төлбөрт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхбат, хариуцагчийн төлөөлөгч Д.Батбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би энэ байранд амьдраад олон жил болж байна. 2012 он хүртэл диваажинд амьдарч байсан гэж хэлж байсан. 2012 оноос хойш ажиллаж байсан жижүүр, СӨХ ажиллахаа больсон байсан. Түүнээс хойш 2015 он хүртэл там болсон гэж хэлж болно. Манай орцонд тэнэмэл хүмүүс хоноглож, орцонд хоол унд хийж идэж, шээж, баадаг, орц шатаадаг. Гарахдаа манай давхрын манай гэрийн угаалгын өрөөний харалдаа ханаруу шээчихээд гардаг. Би тухайн үед байсан СӨХ-ны даргад хэлж байсан. Дарга нь миний байдлыг ойлгоод надаас СӨХ-ны төлбөрийг авдаггүй байсан. Сүүлд нь 2015 оноос СӨХ-ны даргаар Батбаатар гэж хүн ирсэн. Энэ хүн надаас мөнгө авч эхэлсэн. ...Манай жигүүрийг цэвэрлэхээ больсон байсан. 2012 оноос хойш үргэлжилсэн тамын төлөө 1,500,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би мөнгө босгох гэж энэ мөнгийг нэхэмжлээгүй. Сэтгэл санаа, эрүүл мэнд, тав тух, бусад хохирлыг нэхэмжилж байгаа. Би Батбаатар гэдэг даргад энэ цэвэрлээгүй гэсэн асуудлыг олон сарын турш баримтжуулж хэлсэн. Энийгээ орхиод дараагийн төлбөрүүдийг хийгээд явъя гэсэн боловч зөвшөөрөөгүй. Өдийг хүртэл төлөөгүй төлбөр нь СӨХ-ны үйл ажиллагаанаас болсон учраас тэр хуримтлагдсан төлбөрийг би төлөхгүй гэж байгаа... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... С.Энхбат 2015 оны 06 сараас хойш ямарч төлбөр хийгээгүй байж үйлчилгээ нэхдэг асуудал байж болохгүй. Төлбөрөө хийчихээд үйлчилгээг нэхэх эрх үүсэх байх. Шүүхээр явсны дараа 2015 оны 05 сар болтол төлөөд тэрнээс хойш дахин төлөөгүй. Одоо дахиад 800,000, 900,000 төгрөгийн төлбөр гарсан байгаа. Тэр төлбөрөөс зугтах гэж ийм зүйл хийж байгаа. Тэр орц яг тийм аймар байгаа зүйл байхгүй. Энэ айлд тог, халуун ус очиж байгаа. Энэ байрны орц цэвэрхэн байдаг. Жижүүр нь архи уудаггүй. Бусад байрны орцны жижүүр нар хааяа архи уудаг. Энэ байрны орцны жижүүр огт архи ууддаггүй. Сэтгэл санаагаар хохироогоод байгаа юм байхгүй. Эмч нарыг дагуулж очсон байсан. Тэр хүмүүс нь тийм айхтар муухай байгаагүй гэдгийг хэлдэг. Орц нь хааяа сайхан, муухай байсан байх. Түүнээс өөрөөр тог, цахилгаан нь тасалдсан зүйл байхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Энхбат нь хариуцагч Найдвар 29-30 СӨХ-д холбогдуулан гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Энхбат Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 29 байр 309 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцанд амьдардаг.

 

Хариуцагч Найдвар 29, 30 СӨХ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байр орон сууцыг харъяалан СӨХ-ны үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх бүхий холбоо байна.

 

Энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-т заасантай нийцэж байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Найдвар 29, 30 СӨХ нь манай байрны давхар жигүүрийн олон сарын турш цэвэрлээгүйгээс миний өмчлөлийн орон сууц эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохирлын төлбөрт 1500.000 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарлажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.8, 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг эрхлэн хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг хуульд заасан дээрхи үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу орон сууц байшингийн цэвэрлэгээ үйлчилгээ харуул хамгаалалтыг зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс орон гэргүй тэнэмэл хүмүүс орц хонгилд хоноглох, бие засах зэргээр нэхэмжлэгчийн амьдарч буй орон сууц байшингийн орц, байшинг бохирдуулж эрүүл мэнд, сэтгэл санаа, өмчлөлийн эд хөрөнгөд 1500.000 төгрөгийг гэм хорын хохирол учруулсныг нэхэмжилж байна гэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, өөрийн шаардлага тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл гэм хор хохирол шаардах эрхийн үндэслэл нь гэм хор учруулагчийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл байх, гэм хор хохирол учирсан байх, энэхүү үйлдэл болон хохирлын хоорондын шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч гэм буруутай байх бөгөөд эдгээр нөхцлүүд тогтоодсноор шүүх гэм хор түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг журамтай.

 

Нэхэмжлэгч дээрхи үндэслэл нөхцлийн талаар ойлгомжтой, тодорхой тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Найдвар 29, 30 СӨХ-д холбогдох гэм хорын хохирол төлбөрт 1500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Энхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Санжаахандад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигч талуудын зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Найдвар 29, 30 СӨХ-д холбогдох гэм хорын хохирол төлбөрт 1500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Энхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ

 

ШҮҮГЧИД Р.АЛТАНТУЯА

 

М.МӨНХТӨР