Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

     2023          01             19                                              2023/ШЦТ/65

НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид /ҮД:0578/, Г.Нямхүү /ҮД:0852/,

Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***гийн ***т холбогдох эрүүгийн 2205016422562 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 24-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,

*** овогт ***гийн ***, /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***ийг хардалтын улмаас зодож, эрүүл  мэндэд нь “баруун бугалга, хоёр шуу, баруун сарвуу, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*** зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.*** зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***ийг хардалтын улмаас зодож, эрүүл  мэндэд нь “баруун бугалга, хоёр шуу, баруун сарвуу, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ***ээс албан ёсоор уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн “...Нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүнийг олон жил уучилсан, мөн ганцаараа амьдралаа авч яваагүй. Бүх хүнээс намайг тусгаарлаад байдаг. Удаа дараагийн үйлдлээ ухамсарлахгүй, санаатай цохиж зоддог. Үүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205016422562 дугаартай хэргээс:

 

            Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 19 тал/,

 

2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн хүсэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн гэрчээр өгсөн “...манай байрны *** гэх эмэгтэйг 2 жилийн өмнөөс таньдаг болсон. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед *** өөрийн “***” гэж хаягаас “цагдаа дуудаад өг тэгэх үү, манай нөхөр согтуу агсам тавиад байна” гэсэн чат бичихээр нь өөрийн ***аас 102 руу залгаж “дээд айлын эмэгтэйг нөхөр нь зодоод байна” гэж хэлээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад явж байтал манай хүргэн хүү *** утсаар залгаад “ээжээ миний төрсөн өдөр болж байна, та хүрээд ирээч” гэсэн. Гэрээрээ орж бэлэг сэлт аваад 20 цагийн үед хүргэн ***ын гэр болох Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод явж ороход охин *** ирээгүй байсан бөгөөд хүргэн нэлээд согтуу, 3 хүүхэд нь өөрсдийнхөө өрөөнд байсан. Намайг ирлээ гээд хүргэн *** надад баярласнаа хэлээд “ээждээ хайртай” гэх мэт зүйл ярьж байсан. Намайг хажууд нь байхад *** рүү залгаад “ирж байна уу” гээд асуугаад байсан. Удалгүй 21 цагийн үед *** “гэрийн гадаа ирчихлээ, лифт ажиллахгүй, дээшээ гарахад хүнд байна” гэж надад хэлсэн. Тэгээд *** гэрт орж ирээд хувцсаа тайлаад авчирсан хүнсний зүйлээ хөргөгчид хийх гээд байж байтал *** гэнэт уурлаад ***т хандан “чи муу одоо яасан их уддаг юм, хаагуур яваад байгаа юм бэ” гэж хэлээд харааны нүдний шилийг нь зүүсэн байхад нь аваад базаж шалан дээр шидсэн. Тэр үед хүүхдүүд орилолдоод эхэлсэн. *** өөдөөс нь орилоод зууралдаж аваад хэрэлдсэн. Тэгээд утсаа гаргаж ирээд цагдаа руу залгах гэтэл *** утсыг нь булааж авах гээд ноцолдож байсан. *** ***аас салаад хаалгаар гарах зугтаах үед араас нь ууж байсан архины шилээ шидсэн. Шидсэн шил нь ***ийг оноогүй. Бас гутлаа авч шидээд байсан. *** гэрээс гарч зугтаагаад цагдаа дуудсан байсан. Тэгтэл *** цагдаа дуудсаныг мэдээд хувцсаа өмсөөд эхэлсэн. Би ***аас “чи хаачих гээд байгаа юм бэ” гэтэл “цагдаа дуудсан байгаа, би гарахгүй бол болохгүй” гэж хэлээд гараад явсан. *** удалгүй орж ирсэн. Тэгээд байж байтал хаалга тогшоод цагдаа цагдаа нар ирсэн бөгөөд *** цагдаад мэдүүлэг өгч байгааг сонсоход өмнө нь ийм зүйл болоод цагдаад хандаж байсан болохыг нь мэдсэн. Манай хүргэний гэрт винтов буу байдаг гэдгийг мэддэггүй байсан. 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүргэн, охин хоёр маргалдаж зодолдох үед охиныг маань ална гэж хэлээд буу байдаг өрөө рүүгээ орох үед охин буудах гэж байна гэж ойлгоод гараад зугтаасан гэсэн. Тэрнээс биш надад буу тулгасан, буу барьж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй гэсэн. Би хамт байгаагүй учраас сонссон зүйлээ л хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “...2 өдрийн сургалтад яваад 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд “чи шүүхэд салах өргөдөл өгсөн, чи хэнтэй хаана амьдрах гэж байгаа юм” гэж уурлаж агсарч, “өөр хүнтэй болоод явах гээд байна” гэж уурлаж хашхирч, намайг заамдаж аваад миний футболкны энгэр хэсгийг урсан. Тэгээд нөүтбүүк, индүүний тавиур, төмөр сандал авч шидэж, хана болон хөл, гар руу сандлын хөлөөр цохиж, “чамаас сална, чи миний амьдралаар тоглосон” гэх мэтчилэн хашхирч, төмөр сандлын хөлөөр цохисон. Ингээд би утсаараа цагдаа дуудах гэхэд утас булааж аваад газар шидсэн ба би чамайг “буудаж ална” гээд буу байдаг сэйф руу явсан ба тэр хооронд нь би гэрээс гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,  

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6508 дугаартай шинжээчийн “...***ийн биед баруун бугалга, хоёр шуу, баруун сарвуу, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60-61 тал/,

 

***ын торгуулийн хуудасны бүртгэл /хх-ийн 74-77 тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 85-93 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай  Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 94-95 тал/,

 

***ын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хх-ийн 99-150 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 161 тал/, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160 тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед “баруун бугалга, хоёр шуу, баруун сарвуу, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 60-61 дүгээр талд авагдсан шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6508 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох аюулын зэргийн үнэлгээ, хохирогчийн хүсэлт, гэрч ***ийн мэдүүлэг, гэрч ***ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 6508 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6508 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч *** болон хохирогч *** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр  тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *** нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ***т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2 /хоёр/ удаа зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан болох нь хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэсэн материалаар тогтоогдсон ба энэ үйл баримттай шүүгдэгч  маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч ***ын “...2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ***ийг хардалтын улмаас зодож, эрүүл  мэндэд нь “баруун бугалга, хоёр шуу, баруун сарвуу, гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт харвалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Н.*** нь шүүгдэгчийн гаргаж буй хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.*** зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй, хэргийн зүйлчлэл буруу гэж мэтгэлцсэн.

 

Шүүгдэгч ***ын гаргаж буй үйлдэл нь харгис хэрцгий, догшин авирласан шинжтэй, гэр бүлийн гишүүдийг байнгын айдас дунд амьдруулдаг, эхнэр Н.***ийн биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд халддаг гэх шинжийг агуулсан нотлох баримт хэрэгт цуглараагүй байх тул Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч *** нь гомдолтой гэх хэдий ч гэмт хэргийн улмаас түүнд учирсан гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  1000 /нэг мянга/-н нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг  даалгаж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан “хохирогч Н.***тэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***ыг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч Н.*** хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ***т урьд авсан “хохирогч Н.***тэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ