Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/01068

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/01068

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох,

 

330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Б миний бие өөрийн өмчлөлд байдаг Дорнод аймаг, Хэрлэн сум 6 дугаар баг, СМУ-ын 30 дугаар байрны 7 тоот байрыг Б.Цд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1 сарын 130,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Б.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 200,000 төгрөг болон цахилгааны төлбөрт 30,000 төгрөгийг хугацаанд төлж барагдуулалгүй байрнаас гарсан. Гарахдаа надад мэдэгдээгүй. Хариуцагч Б.Ц одоо болтол уг төлбөр болох 230,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байгаа тул уг төлбөрийг Б.Цгоос гаргуулж өгнө үү. Мөн гэрээнд заасны дагуу уг төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул хоногийн 0.1 хувийн алданги тооцож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны алдангийг төлүүлж өгнө үү. Алданги 100,000 төгрөг болно гэжээ. 

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Дорнод аймаг, Хэрлэн сум 6 дугаар баг, СМУ-ын 30 дугаар байрны 7 тоотыг 2017 оны 9 дүгээр сараас эхлэн нэг сарын 130,000 төгрөгөөр түрээсэлж суусан. Уг хугацаандаа түрээсийн мөнгөө сар сард нь өгч байсан. Түрээсийн хугацаа дуусаад гарлаа гэдгээ хэлчихээд нүүгээд гараад явсан. Гэтэл нэхэмжлэгч худлаа ярьж 230,000 төгрөг нэхэмжилж байна. Цахилгааны төлбөр 26,855 төгрөгийг өгөөгүй нь үнэн. Бид хоёрын хооронд өөр мөнгөний тооцоо байхгүй. Түрээсийн төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний оршин ууж байгаа үндсэн хаяг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш, 25-165 тоотод амьдардаг. Дорнод аймагт оршин суудаггүй түрээсийн байраар амьдардаг гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Би Б.Цгийн гаргасан тайлбартай танилцлаа. Б.Ц нь тухайн үед төлбөрөө төлөлгүй, байрыг хүлээлгэж өгөлгүй зугтаж байрнаас гарсан. Би гэрлийнх нь 30,000 төгрөгийн өрийг төлж барагдуулсан. Байрны түрээсийн төлбөр болох 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацааны 200,000 төгрөгийг надад төлөөгүй ба гэрээний дагуу алдангид 100,000 төгрөг нэмж төлөх ёстой. Ингээд нийт 330,000 төгрөг төлөх ёстой. Ер нь бол Б.Ц байрыг маань 2017 оны 8, 9 дүгээр сараас түрээслэн сууж эхэлсэн нь үнэн. Тухайн үед түрээсийн төлбөрийг сар болгон төлөөд явж байсан нь үнэн. Харин дараа нь уг төлбөрөө төлөхгүй удаашруулж байсан болохоор бид тохиролцон гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн ч 2018 оны 6 дугаар сарын 04-нийг хүртэл хугацааны төлбөрөө төлөөгүй байрнаас гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч П.Б болон хариуцагч Б.Ц нарын хооронд байгуулагдсан “Байр түрээслүүлэх гэрээ” авагдсан байна.

 

Уг гэрээгээр нэхэмжлэгч П.Б нь өөрийн өмчлөлийн Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, СМУ 30 дугаар байрны 7 тоот орон сууцыг Б.Цд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн сарын 130,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан “орон сууц хөлслөх” гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.Цд холбогдуулж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт 200,000 төгрөг, цахилгааны төлбөрт 30,000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 100,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг шаардаж шүүхэд ханджээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талуудын шүүхэд бичгээр өгсөн тайлбаруудаас үзэхэд гэрээний зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Б.Ц түрээслэн сууж байсан болон хариуцагч цахилгааны /гэрлийн/ төлбөрийг түрээсийн хугацаанд төлж байхаар тохирсон тал дээр маргаангүй байна.

 

Хариуцагчаас орон сууцны түрээсийн төлбөрт 200,000 төгрөг гаргуулах  шаардлагын үндэслэлээ “...Б.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрийг огт төлөөгүй” гэж тайлбарласан. 

 

Хариуцагчийн зүгээс “...цахилгааны төлбөрт 26,855 төгрөг төлөөгүй нь үнэн. Харин түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар өөрийн татгалзлаа тайлбарласан ба нэхэмжлэгчийн “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байрнаас гарсан” тайлбарыг үгүйсгээгүй тул хариуцагч Б.Ц нь түрээсийн орон сууцнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гарсан буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээ энэ өдрөөр дуусгавар болсон гэж үзэхээр байна. 

 

Дээр дурдсанчлан зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох үүрэгтэй ба хариуцагч Б.Ц өөрийн “...түрээсийн төлбөрөө сар сард нь төлж байсан” гэх тайлбараа нотлоогүй тул түүнээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны буюу нийт 47 хоногийн түрээсийн төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

 

Хэдийгээр 47 өдрийн түрээсийн төлбөр 203,651 /1 өдөр 4,333 төгрөг/ төгрөг болж байх хэдий ч нэхэмжлэгчийн шаардсан 200,000 төгрөгийн хэмжээнд түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцнэ.

 

Алданги 100,000 төгрөг гаргуулах тухай шаардлага:

 

Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. 

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн байна. 

 

2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Байр түрээслүүлэх гэрээ”-нд зохигч талууд гэрээний хариуцлага буюу алдангийн талаар “...байрны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.1 хувиар бодож алданги тооцно” гэж харилцан тохирсон тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Гэхдээ гэрээнд “...байрны төлбөрөө” гэж тусгасан учир алдангийг нэхэмжлэлд дурдсанчлан 230,000 төгрөгөөс тооцохгүй, харин нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөр болох 200,000 төгрөгөөс тооцон гаргуулна.

 

Ийнхүү алдангийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход 40,800 төгрөг болох ба уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Цахилгааны төлбөр 30,000 төгрөгийн шаардлага:

 

Хариуцагч Б.Ц шүүхэд “...би цахилгааны төлбөрт 26,855 төгрөгийг өгөөгүй нь үнэн” гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн ба хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 29,540 төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн баримт авагдсан байна. 

 

Дээрх баримтыг хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартай харьцуулан судлаад хариуцагч Б.Цгоос цахилгааны төлбөрт 29,540 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Ц-гоос 270,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-гоос 8,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ