Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/01237

 

2019 оны 5 сарын 2 өдөр Дугаар102/ШШ2019/01237 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 хороо, 73-204 тоот хаягт оршин байрлах, рд:5296641, Батбэх пэинт ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 хаягт оршин байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Улсын төсөвт үйлдвэрийн газарт /цаашид Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба гэх/ холбогдох

үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох, 2018 оны 11 сарын 18, 2018 оны 11 сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас Бат бэх пэинт ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 08 сарын 06-ны өдрийн нийслэлийн засаг даргын А/643 тоот шийдвэрээр олгогдсон, 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Б.Ганчимэг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 01484 дугаартай шүүгчийн захирамжаар Батбэх пеинт ХХК-аас 139,936,380 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Батбэх пеинт ХХК-н эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 2014 оны 08 сарын 06-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/643 тоот шийдвэрээр олгогдсон 20,000 мкв газрыг битүүмжлэн хураан авч, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгон, дуудлага худалдаанд оруулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж авсанаас хойш энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас явуулсан шинжээч газрыг 408,877,200 төгрөгөөр үнэлж ирүүлсэн байсан. Батбэх пеинт ХХК-ийн зүгээс уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үеэр манай компаний зүгээс анхны дуудлага худалдааны үнийг 2 тэрбум төгрөг байхаар санал хүргүүлсэн. Гэтэл зах зээлийн үнээс хэд дахин хямдаар үнэлсэн. Уг газрыг анх эзэмшилдээ авахын тулд Газрын албанд газрын хураамж гэж 220,000,000 төгрөгийг төлсөн. Уг газар дээр худаг, под станц, бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулан ажиллаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас томилсон тогтоолд дурдсаны дагуу дан ганц газрыг үнэлсэн гэдгээ шинжээч хэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдээс төлбөрт суутган авах эд хөрөнгийн дарааллыг хуульчилж өгсөн байсан. Үүнд үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг тогтоолоор битүүмжилж тогтоолоор үйл ажиллагааг явуулсан байсан. Гэвч шийдэр гүйцэтгэлийн албанаас явуулсан үнэлгээ, тогтоолоор явуулсан дуудлага худалдааг явуулахдаа уг газар дээр байгаа эд хөрөнгийг үнэлэлгүйгээр үнийг багаар үнэлсэн. Тиймээс энэ шинжээчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 11 сарын 26-ны өдөр анхны дуудлага худалдааг зохион байгуулах мэдэгдэл өгч дуудлага худалдааг зохион байгуулсан. Гэтэл шийдвэр гйүцэтгэлийн тухай хуульд зааснаар төлбөр төлөгч нь үнэлгээнд гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасны дараа шийдвэр гүйцэтгэлийн хууль тогтоожинд заасны дагуу өөрсдөө эд хөрөнгөө худалдан борлуулахаар хүсэлт гаргаж худалдан борлуулах эрхэтэй. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн албанаас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдсээр байж 2018 оны 11 сарын 18, 2018 оны 12 сарын 25-ны өдрүүдэд тус тус дуудлага худалдааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээнд гомдол гаргасаны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай байсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хүлээж аваагүйтэй холбоотой цаг хугацаа их орсон учраас дуудлага худалдааг зохион байгуулсан. Үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүй байх төлбөр төлөгчийн эрхийг хамгаалж өгсөн хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл 2 дуудлага худалдааг зохион байгуулсан үйл явдал нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн зүйл юм. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 4.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэх, хүний эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах энэрэнгүй зарчмыг баримтална гэсэн заалтыг зөрчиж дуудлага худалдааг зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27.1.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээнд гомдол гаргасны дагуу тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахгүй түдгэлзүүлнэ гэсэн зохицуулалттай. Ийм учраас шүүхэд үнэлгээнд гомдол гаргаснаас хойш зохион байгуулагдсан 2018 оны 11 сарын 18, 2018 оны 12 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулсан дуудлага худалдааны ажиллагаанаас Батбэх пейнт ХХК-тай холбоотой компаний эзэмшлийн газрын дуудлага худалдаатай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дүүргийн Иргэний хэргий анхан шатны дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн 1484 тоот шийдвэрээр Батбэх пейнт ХХК-аас 139,936,380 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагааг 2016 оны 04 сарын 02-ны өдөр үүсгэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо 133038/0123 нэгж талбарын 20,000 мкв үйлдвэрийн зориулалттай газрыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.4 дэх хэсэгт шүүгч түдгэлзүүлэхээр захирамж гаргасан тохиолдолд ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан байгаа. Шүүгчийн захирамж гараагүй байсан учраас ажиллагааг явуулсан. 2 дахь дуудлага худалдааны дэнчин нь 2018 оны 12 сарын 24-нд болсон. Дуудлага худалдаа нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж 2018 оны 12 сарын 25-ны өдөр 00198 тоот захирамж ирсэн байгаа. Тухайн үед төлбөр төлөгч өөрөө байлцаж, хураасан акт дээр гарын үсэг зурсан учраас үнийн дүнгийн талаар саналаа хэлэх боломжтой байсан... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бат бэх пэинт ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2018 оны 11 сарын 18, 2018 оны 11 сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас Батбэх пэинт ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 08 сарын 06-ны өдрийн нийслэлийн засаг даргын А/643 тоот шийдвэрээр олгогдсон, 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх газарт уг газраа 2.0 тэр бум төгрөгөөр худалдан борлуулахаар үнийн саналаа өгсөн байтал саналыг харгалзахгүй зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, шинжээч Бронзли кэйстл ХХК үнэлгээ тогтоохдоо газар дээр баригдсан гүний худаг, цахилгааны под станц, зуурмагийн үйлдвэрийн үйлдвэр, барилга зэрэг хөрөнгүүдийн үнийг харгалзан үзээгүй үнэлгээ тогтоосон, үнэлгээтэй холбоотой шүүхэд гомдол гаргасныг мэдсээр байж 1, 2 дахь удаагийн дуудлага худалдаа зохион байгуулсан нь үндэслэлгүй... гэж маргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 03 сарын 04-ны өдөр 1484 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй татварын өр төлбөрт 139.936.380 төгрөг гаргуулах тухай хариуцагч Батбэх пэинт ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2015 оны 03 сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөг, 6 дугаар сарын 30-ны өдөр 89.936.380 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хэргийн 8-9 дүгээр тал/

Шүүгчийн захирамжтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэхийг төлбөр төлөгч талд удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн Батбэх пэинт ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20.000м2 үйлдвэрийн зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэн, хураан авсан эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс зах зээлийн үнийн санал авч, төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй буюу үнэлгээг талууд тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоох шинжээч томилж, шинжээч үнэлгээ тогтоон дүгнэлт гаргаж ирүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг гүйцэтгэсэн байна.

Энэ нь 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 04/211 тоот шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 05 сарын 23-ны өдрийн 01/211 тоот шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2017 оны 05 сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 05/211 тоот шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 06/211 тоот шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, 2018 оны 04 сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 05 сарын 24-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 10 сарын 08-ны өдрийн хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнийн санал авах тухай мэдэгдэл төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлсэн, 2018 оны 10 сарын 11-ны өдрийн төлбөр төлөгч Батбэх пэинт ХХК-ний үйлдвэрийн зориулалттай газрыг 2.000.000.000 төгрөгөөр үнэлж буй тухай хариу, 2018 оны 10 сарын 12-ны өдрийн төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилуулах тухай төлбөр авагчийн санал, 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 10/24 тоот Батбэх пэинт ХХК-ний өмчлөл эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20.000м2 үйлдвэрийн зориулалттай газар эд хөрөнгөд үнэлгээ тогтоох Шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2018 оны 10 сарын 31-ны өдрийн Бронзи кэйстл ХХК-ний үнэлгээний тайлан зэрэг гарч, битүүмжлэгдсэн хөрөнгийг 408.877.200 төгрөгөөр үнэлжээ. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад 2018 оны 11 сарын 01-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 61-84 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс эхлэн шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүртэлх хугацааны шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т засны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын хэн аль нь гомдол гаргаагүй, эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Батбэх пэинт ХХК нь шинжээчийн тогтоосон үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, газар дээр баригдсан гүний худаг, бага оврын цахилгаан үүсгэвэр под станц, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламжийг үнэлгээнд оруулалгүй тооцсон гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн дээрхи шаардлага тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т ...битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасан байна.

2017 оны 05 сарын 23-ны өдрийн 01/211 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 16360050/03 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тогтоол зэргээр 2014 оны 08 сарын 06-ны өдрийн А/643 тоот Нийслэлийн засаг даргын шийдвэрээрнэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Бат бэх пэйнт ХХК-д олгогдсон, эзэмших эрхтэй Баянзүрх дүүрэг, 11 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20.000м2 үйлдвэрийн зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ба эд хөрөнгөд нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон, эд хөрөнгийг хэвийн байдлыг өөрчлөх, дур мэдэн захиран зарцуулахгүй байхыг мэдэгдсэн байна. /хэргийн 62-63, 70-72 дугаар тал/

Нэхэмжлэгчийн эзэмшил бүхий Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах 133038/0123 нэгж талбарын дугаар бүхий 20.000м2 үйлдвэрийн зориулалттай газар дээр гүний худаг, 250кв-ын чадал бүхий цахилгаан дамжуулах дэд станц, бетон зуурмагийн үйлдвэрийн барилга байгууламж баригдсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 124-133 дугаар тал/

Дээрхи нэр бүхий барилга байгууламж объектууд нь эд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсны дараа бий болсон хөрөнгүүд болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 250кв-ын чадал бүхий цахилгаан дамжуулах дэд станц байгууламж угсралтын, үйлдвэрийн тоног төхөөрөмж буулгах ачих, угсрах, гүний худгийн уст цэгийг хайгуулаар тогтоох, устай цооног бэлэн болгох тухай зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүд, түүнд хавсаргасан санхүүгийн баримтууд, 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 7 сарын 24-ны өдрүүдэд худгийн цооног өрөмдөж худаг гаргасан тухай худгийн техникийн паспорт, 2018 оны 10 сарын 05-ны өдөр байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн худаг гаргах зөвшөөрлийн хуудас, 2018 оны 8 сарын 21-ны өдрийн техникийн нөхцөл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 134-167, 204-225 дугаар тал/

Нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрхи баримтуудаар хөрөнгө битүүмжлэх, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөрчиж нэмэлт хөрөнгө оруулалт буюу барилга байгууламж объектууд баригдсан нь тогтоогдож байгаа бөгөөд битүүмжилсэн, хураан авсан хөрөнгийг хэний зөвшөөрлөөр эзэмшиж ашигласан нь тогтоогдохгүй энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, 63, 71, 75 дугаар зүйлд зүйлд заасан хөрөнгө үнэлэх, хөрөнгийг албадан худалдан борлуулах, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 55.7, 71 дүгээр зүйлийн 71.6, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

2018 оны 12 сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч Батбэх пэинт ХХК-ний бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Ч.Болдбаатар, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны даргын 2019 оны 01 сарын 29-ны өдрийн 1/01 тоот, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 1/02 тоот итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг, Б.Ганчимэг нар оролцсныг тайлбарлах нь зүйтэй. /хэргийн 44, 58, 86 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, 55.7, 71 дүгээр зүйлийн 71.6, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, үнэлгээг хүчингүй болгож, үнэлгээ тогтоосонтой холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, 2018 оны 11 сарын 18, 2018 оны 11 сарын 25-ны өдөр тус тус зохион байгуулагдсан дуудлага худалдааны ажиллагаанаас Батбэх пэйнт ХХК-ний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттаар 2014 оны 08 сарын 06-ны өдрийн нийслэлийн засаг даргын А/643 тоот шийдвэрээр олгогдсон, 20.000м2 газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчБатбэх пэинт ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ОЮУНТУУЛ