| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0012/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Б |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Найрамдал багийн ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, урьд нь 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2022 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 20-ны 2022/ЦШТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Н овогтой Г.Ш.
Холбогдсон хэргийн талаар: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Шг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдал 10-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Н.Аын зүүн гарын долоовор хурууг хазах, толгойн тус газар цохих зэргээр халдаж зүүн гарын долоовор хуруунд шарх, хумсны угт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдал 10-15 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Н.Аын зүүн гарын долоовор хурууг хазах, толгойн тус газар цохих зэргээр халдаж зүүн гарын долоовор хуруунд шарх, хумсны угт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ш гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Шгийн шүүх хуралдаанд өгсөн: “Би хүргэн ах Н.Атай 10 цаг өнгөрч байхад гэрт нь ороод муудалцсан. Би өмнөөс нь салаавч гаргаад нэг нэгнийгээ цохиж аваад үүдний амбаарт ноцолдож байгаад гараад би хурууг нь хазсан. Тэгээд хашаанаас гараад зам дагуу алхаж байхад араас хоёр цагдаа ирээд барьж авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэлээд согтуу байсан. Болсон явдлыг санаж байгаа. Шүүгдэгч бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Н.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчимд гэртээ унтах гээд орондоо хэвтэж байсан. Тэгсэн чинь гаднаас Г.Ш цээж нүцгэн манайд орж ирээд янз бүрийн үгээр намайг хэлж доромжлоод байсан. Тэгэхээр нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд Г.Шд хандаж ахын дүү ах руугаа яагаад олон юм яриад байна. Ахад нь үхэл хагацал тохиолдсон, чамтай муудалцмааргүй байна гэхэд над руу салаавч өгөөд чиний үхэл хагацал надад хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чам шиг банди надад салаавч өгдөггүй юм гээд бид 2 барьцалдаад нэгнийхээ толгой руу цохилцсон, нэгнийгээ хоёр хоёр удаа цохисон байх. Зууралдсан чигээрээ бид 2 гэрээс гараад үүдний амбаар луу гарсан. Тэр үед Г.Ш миний зүүн гарыг долоовор хурууг амаараа хазсан, би түлхэх үед миний хамар луу гараараа 1 удаа цохисон, хамраас цус гарсан, тэр үед Г.Ш хашаанаас гараад зугтсан. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Миний толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Зүүн гарын долоовор хуруунаас амаараа хазсан. Дараа нь хамар луу гараараа 1 удаа цохисон. Г.Ш архи уусан байсан, нэлээн согтуу байсан. Би архи уугаагүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ33/,
Гэрч Г.Он “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд би гэртээ нөхрийн хамт байж байтал гаднаас Г.Ш манайд согтуу орж ирсэн. Орж ирээд манай нөхөр Н.Атай маргалдаад байсан. Г.Ш манай нөхрийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд орилж чарлаад байсан. Манай жаахан хүүхдүүдийг айлгаад байсан. Манай нөхөр Н.А Г.Шд хандаж хүүхдүүд айгаад байна ахын дүү боль, чамтай би муудалцмааргүй байна гэсэн. Г.Ш босож ирээд манай нөхөртэй барьцалдаад авсан. Г.Ш манай нөхрийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж байгаа харагдсан. Буцаагаад манай нөхөр Г.Шг цохиж байсан. Барьцалдаад гэрээс гараад үүдний амбаар луу гарах үед Г.Ш манай нөхрийн зүүн гарын долоовор хурууг хазсан. Манай нөхөр түлхээд Г.Шг тавиулсан. Тэгээд гадаа гараад ахиж барьцалдаад зодолдох гээд байхаар нь би цагдаа дуудсан. Г.Ш хашаанаас гараад явсан. ...Гэрт байхад нь гараараа нүүр хэсэг рүү 1 удаа цохиж байсан. Үүдний амбаарт байхад нь зүүн гарын долоовор хурууг хазсан. Гадаа гараад ахиад барьцалдаад байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ 35/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 292 дугаартай “...Н.Аын биед зүүн гарын долоовор хуруунд шарх, хумсны угт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ14-15/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ш нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч нь Н.А нь гомдол саналгүй гээд хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Ш нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тус шүүхийн 2022 оны 6 сарын 20-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж үзэн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.
Улсын яллагч Ц.Батзаяа “...Г.Ш өмнө нь торгуулийн ялаар шийтгүүлж байсан. Торгуулийн ял биелэгдээгүй байхад Өршөөлийн хуульд хамрагдсан. Мөнгөн торгууль төлөх боломжгүй. Ээж нь гэр бүлээ тэжээж явдаг. Сүүлийн 1 жил ажил хөдөлмөр хийсэн зүйл байхгүй, орлого байхгүй...” гэсэн, харин шүүгдэгч нь “Хан-Алтай” ХХК-д тоног төхөөрөмж хариуцсан механистаар ажилд орох гэж байгаа. 2 хоногийн дараа бэлэн бай гэсэн торгуулийн ял оногдуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг тус тус гаргалаа. Шүүх Г.Шгийн ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Шд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА