Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2019/01210

 

2019 оны 4 сарын 30 өдөр Дугаар102/ШШ2019/01210 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 байр 51 тоотод оршин суух, рд:УШ76060411, Данаасүрэнгийн Хишигбатын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, 42 байр 125 тоотод оршин суух, рд:ЖЯ82011504, Жагваралын Болорчимэгт холбогдох,

  

зээлийн гэрээний үүрэг 4.212.048 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин, хариуцагч Ж.Болорчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Хишигбат нь Их засаг их сургуулийн СООСЭ-д багшаар ажиллах байхдаа Ж.Болорчимэгтэй танилцсан. 2016 оны 08 сарын 05-ны өдөр 2000 долларыг Ж.Болорчимэгт зээлсэн. 400 долларыг төлсөн. Өнөөдрийг хүртэл 1600 долларыг буцааж өгөөгүй. Араас нь утасдаж, мессеж бичдэг боловч холбоо барьдаггүй. Тиймээс үлдэх төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч Ж.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Хишигбат нь хятад улс руу сурах хүсэлтэй гэдгээ хэлсэн, зуучлалын хөлс 4000 ам доллар, урьдчилгаа 2000 ам доллар урилга ирсний дараа 2000 ам доллараа төлөх болзолтой материалаа бүрдүүлж өгсөн. 2000 ам долларыг аавтайгаа хамт явж байгаад өгсөн,Д.Хишигбат мөнгөө төлөөгүй удснаас болоод урилга нь ирээгүй. Урьд өмнө авсан зээл болон ББСБ, ломбардны хүү зэргийг хасаад 400 ам долларыг буцаан төлсөн. Өнөөдөр намайг мөнгө зээлсэн мэт нэхэмжилж байгаад гомдолтой байна ... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хишигбат нь хариуцагч Ж.Болорчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4.212.048 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2016 оны 08 сарын 05-ны өдөр 2000 ам доллар зээлж авсан бөгөөд 400 ам долларыг 2016 оны 08 сарын 20-ны өдөр эргүүлэн төлсөн үлдэх 1600 ам доллараа буцаан төлөөгүй тул нэхэмжилнэ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...зээлсэн мэт нэхэмжилж байгаад гомдолтой байна, сөрөг нэхэмжлэл гаргаж өөрт учирсан бүх хохирлоо нэхэмжлэх болно... гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Хишигбат нь 2016 оны 8 сарын 05-ны өдөр 2000 ам долларыг тодорхой хугацаа хүү тогтоолгүйгээр хариуцагч Ж.Болорчимэг зээлдүүлсэн нь хариуцагч Ж.Болорчимэгийн эзэмшлийн гар утсанд байгаа нэхэмжлэгч хариуцагч нарын хоорондоо харилцан бичсэн захидлууд, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 44-50 дугаар тал/

 

Нэхэмжлэгчээс 2000 ам долларыг хариуцагч хүлээн авч, 400 ам долларыг эргүүлэн төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгчД.Хишигбат, хариуцагч Ж.Болорчимэг нарын хооронд амаар тохиролцон хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

        

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдэгчийн шаардснаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардснаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэжээ.

 

Дээрхи хууль болон талуудын хооронд амаар байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 2000 ам долларын 400 ам долларыг буцаан төлж үлдэх 1600 ам долларыг эргүүлэн төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул түүнийг хууль болон хэлцлийн үндсэн дээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Болорчимэгээс зээлийн гэрээний үүрэг 1600 ам доллар буюу 4.212.048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хариуцагч ...би энэ мөнгийг зээлээгүй, зуучлалын хөлс урьдчилгаа 2000 ам доллар авсан... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа хуульд заасан шаардлага хангасан хангалттай нотлох баримтаар эргэлзээгүй байдлаар нотлоогүй болно.

 

Хариуцагч өөрийн эзэмшлийн гар утас объектооос cd-д хуулж авсан гэх дүрсгүй яриа бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан /хэргийн 58 дугаар тал/ бөгөөд хэргийн 51-57, 63-64 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтын шаардлага хангахгүй, хэргийн 15-26 дугаар талд авагдсан зээлтэй холбоотой баримтууд энэ хэрэгт хамааралгүй тул шүүх үнэлээгүй бөгөөд нотлох баримтаас хасах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хишигбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 83.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Болорчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 1600 ам доллар буюу 4.212.048 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хишигбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 83.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ