| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
2023 01 27 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт З-гийн Б-д холбогдох 2335000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны .... дүгээр сарын 15-нд Увс аймгийн ........ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн .....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т овгийн З-гийн Б /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” бааранд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө М.Ө-ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч З.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 24-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” бааранд М.Өыг зодсон болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-4 дэх тал),
Хохирогч М.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21 цагийн үед өөрийн багын найз Б.Бын хамт Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж” нэртэй баараар үйлчлүүлсэн бөгөөд уг бааранд 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи уусан. Түүний дараа тамхи татах гэж ганцаараа “Өгөөж” нэртэй баарнаас гарах гэж яваад шатан дээр байсан улаан дээлтэй эрэгтэй болон түүнтэй хамт явсан 2 эмэгтэйд хандаж зам тавь гэж хэлсэн. Би улаан дээлтэй залуугийн хажуу талаар зөрөх гэхэд уг залуу хоёр гараараа миний хувцасны энгэр хэсгээс барьж байгаад намайг татаж эргүүлээд хана мөргүүлсэн, тэр үед миний зүүн хөмсөг сэтэрч цус гарсан. Уг улаан дээлтэй залуу бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй, Миний хувцасны энгэр хэсгээс барьж байгаад татаж эргүүлээд хана мөргүүлээд миний хөмсөг сэтэрсэн тул бид хоёр салсан. Миний биед урьд өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл байгаагүй. З.Б миний биед гэмтэл учруулсан. З.Б гэх залуу миний биед халдаж хөмсөг сэтэлсэн. Б.Нын биед халдаж цохиогүй. Сэтэрсэн хөмсөг сорвигүй эдгэчих юм бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
Гэрч Б.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би оройн цагаар Өгөөж нэртэй караокед зөөгчийн ажил хийдэг ба 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим өөрийн төрсөн дүүдээ виза карт өгөх гэж гарахад дотор талын үүдний шатан дээр намхан нуруутай, шар царайтай хүн, улаан өнгийн дээлтэй өндөр нуруутай хүн хоёр маргалдаж байсан бөгөөд уг хоёр хүний маргаан их хурдан болж өнгөрсөн, намхан нуруутай, шар царайтай хүний зүүн талын хөмсөг сэтэрч хөмсөгнөөс гарсан цус нь нүүрийн нэлэнхийд нь бохирлосон. Маргаан болсон шатан дээр цус болсон эсэхийг би шалгаж харахад ямар нэгэн цус дусаагүй байсан. Уг хоёр хүн их хурдан маргалдаж салсан тул улаан дээлтэй, өндөр нуруутай хүн, намхан нураатай, шар царайтай хүнийг яаж цохисон болохыг харж чадаагүй. Шатан дээр өөр хэн нэгэн хүн байгаагүй улаан дээлтэй өндөр нуруутай хүн, намхан нуруутай шар царайтай хүн хоёр л байсан. Намхан нуруутай, шар царайтай хүн бааранд орж ирэх үедээ нүүр хэсэгтээ ямар нэгэн бэртэл гэмтэлтэй байсан эсэх талаар мэдэхгүй. Улаан дээлтэй, өндөр нуруутай хүнтэй маргалдаж байх үедээ хөмсөг нь сэтэрч цус гарч, нүүр нь цус болсон. Уг хоёр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хэр зэрэг согтолтой байсан талаар мэдэхгүй ямар ч байсан хэвийн бус харагдаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
Гэрч М.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим нөхөр З.Б, найз Н хамт Өгөөж нэртэй бааранд орсон. Бид нар баар орох гээд шатаар доошоо уруудаж байхад бид нарын урдаас намхан нуруутай, шар царайтай хүн гарч ирээд зам тавь пиздаануудаа гэж орилсон, би хана налж хажуугаараа уг хүний хажуугаар зөрсөн бөгөөд нөхөр З.Б уг хүнтэй шатан дээр барьцалдаад авсан. Найз Н бид хоёр манай нөхөр З.Б болон намхан нуруутай, шар царайтай хүн хоёрыг салгачихаад, хамт шатан дээр үлдээгээд цаашаа баар луу орсон. Бид Н бид хоёр бааранд ороод удаагүй байхад нөхөр З.Б араас орж ирсэн, түүний араас хэсэг залуучууд орж ирээд манай найзыг цохичихлоо гэж хэлээд нөхөр З.Бийг баарнаас аваад гарсан. Баарны гадна уг хүмүүс нөхөр З.Бтай маргалдаж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдрийн орой 23 цагийн үед би баарнаас гарах гэхэд миний урд талд М.Ө явж байсан бөгөөд М.Ө шатаар дээш өгсөж байхад урд талаас 2 эмэгтэй хүн, улаан дээлтэй 1 эрэгтэй хүн гарч ирсэн бөгөөд М.Ө 2 эмэгтэй хүний хажуугаар өнгөрч шатаар дээшээ гарч улаан дээлтэй залуугийн хажуугаар зөрөх гэж байх үед нь уг улаан дээлтэй залуу М.Өыг зүүн гарын ханцуй хэсгээс барьж байгаад татсан, энэ үед М.Өын зүүн талын хөмсөг сэтэрсэн. Түүний дараа би М.Өыг, улаан дээлтэй залуугаас салгаж авч “Өгөөж” баарны гадна гарсан. Уг хүмүүс нэг нэгнийхээ биед халдаж цохиогүй, барьцалдаж байгаад М.Өыг хана мөргүүлсэн. Өөр хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдоогүй. З.Б гэгч нь миний биед халдаж цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
Шүүгдэгч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим эхнэр М.М, найз Н нарын хамт Өгөөж нэртэй бааранд орсон. Бид нар баар орох гээд доошоо уруудаж байхад бид нарын урдаас намхан нуруутай, шар царатай хүн гарч ирээд зам тавь пиздаанууд гэж орилж, миний эхнэр М.Мг ханатай шахаад хажуугаар нь өнгөрсөн. Уг залуу миний хажуугаар өнгөрөхдөө зүүн мөрөөрөө миний зүүн мөрийг мөрлөж бид хоёр шатан дээр нэг нэгнийхээ хувцасны энгэр хэсгээс нь заамдалцаж барьцалдсан. Би тухайн залууг энгэр хэсгээс нь барж байгаад татаж эргүүлэхэд, уг залуу хана мөргөж зүүн хөмсөгнь сэтэрсэн. Би тухайн залууг зодож, цохисон зүйл байхгүй, татаж эргүүлэх үедээ санамсаргүй байдлаар хана мөргүүлж биед нь гэмтэл учруулсан. Би уг залуугаас уучлалт гуйсан бид хоёр эвлэрсэн. Би Өыг “Өгөөж” нэртэй баарны хана мөргүүлж зүүн хөмсөгийг сэтэлсэндээ гэмшиж байна. Хохиролд 50.000 төгрөг өгсөн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай бол зардлыг нь өгнө гэж хохирогчтой тохиролцсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай “Үзүүлэгч М.Өын биед зүүн хөмсөгт язарсан шарх, баруун хөмсөгний дээд ирмэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хана мөргөсний улмаас нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд тогтоолд заагдсан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-ээр хохирогч М.Өын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч М.Өын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Бийн согтуурал шалгасан “З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 24-ний 12 цаг 24 минутанд драгер-7510 багажаар шалгахад амьсгалд 0.91 хувийн спирт илэрсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал)-ээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б нь хохиролд М.Өт 50.000 төгрөг төлсөн. Дараа боломжтой болохоор зүгээр орхихгүй гэж хэлээд хоорондоо тохиролцоод гомдол санал байхгүй гэх тодорхойлолт бичиж өгсөн. Хохирогч М.Ө хөдөө явсан тул дахиж холбогдож чадаагүй гэв.
Хохирогч М.Өын мөрдөн байцаалтын шатанд “Маамуу овогтой Ө миний биед З.Б гэх залуу 12 дугаар сарын 24-ны өдөр халдаж зүүн нүдний хөмсөг сэтэрч гэмтэл учруулсан. З.Б надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн учир надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 67 дахь тал), -ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнээд хохирогч М.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан 50.000 төгрөгрөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Л.Ггийн өгсөн: “З З.Б Улаанбаатар хотод том ачааны машин барьдаг, үндэсний бөхийн спортоор хичээллэдэг бөгөөд сумын заан цолтой, дуу дуулах, шүлэг унших, авьяастай Завхан аймгийн Завхан тэс суманд цэргийн алба хаасан, эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга, зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан, зантай бусадтай, зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), Гэрч С.Бийн өгсөн: “З.Б эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн суурь өвчингүй, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, баяр ёслол, нийтийг хамарсан арга хэмжээний үед архийг тохируулж хэрэглэдэг, архи уусан үедээ элдэв муу зан гаргадаггүй, тамхи татдаг, ажилсаг бусдад, тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг огцом, түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үг ээ шулуухан хэлчихдэг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Бд 290 /хоёр зуун ер/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Згийн З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Бд 290 /хоёр зуун ер/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч З.Б нь хохиролд 50.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч М.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ