| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/00875/и |
| Дугаар | 102/ШШ2019/01202 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2019/01202
2019 оны 4 сарын 29 өдөр Дугаар102/ШШ2019/01202 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, 27 хороо, дунд дарь эх 36 гудамж, 1866 тоотод оршин суух, рд:ца76012376, Боржигин овогтой Сандагсүрэнгийн Тамирын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, үйлдвэрийн төвийн бүс, дундгол гудамж, 30в байр, 3 тоотод оршин суух, рд:дю87122661, Тугчин овогтой Сэрсэндэмидийн Туяад холбогдох,
зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Тамир, хариуцагч С.Туяа, гэрч С.Ариунбаатар нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 сарын 16, 17-ны өдрийн үеэр Туяа надруу залгаад 10-р хороололд байдаг Титэм нэртэй Паб түрээслэх гэж байгаа. 02 сарын түрээсээ урьдчилж авна гээд байна. Сарын түрээс нь 400,000 төгрөг гэсэн. 800,000 төгрөгийг түрээсэнд өгөөд үлдэгдэл мөнгөөр нь наадам болох гэж байгаа учраас гал тогоондоо юм авна. Та надад мөнгө зээлээч гэсэн. Хэрэг болог гэж бодоод 2015 оны 06 сарын 19-ны өдөр 1000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн. Гэтэл 2015 оны 12 сарын 20-ноос хойш сураггүй алга болсон. Бид Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан, иргэд хоорондын маргаан байна. Иргэний шүүхээр шийдүүл гэж хэлсэн. Тухайн үед гэрээ байгуулаагүй нь алдаа болсон. Одоо өгсөн 1.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна... гэв.
Хариуцагч С.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Тамир гэдэг хүнээс 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл өгөхдөө заавал батлан даагчтай байх ёстой гэдэг. Тухайн үедээ Пабын гал тогоо түрээслэдэг, өдрийн мөнгө рүү хувааж өгдөг байсан. Өөрөө ирж, хааяа дансруу нь, гэрт нь хүртэл аваачиж өгдөг байсан. Би энэ хүнд 270,000 төгрөгийн өртэй байгаа. 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч С.Туяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2015 оны 06 сарын 19-ны өдөр 1000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч 1000.000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө ирж, данс руу шилжүүлж, гэрт нь хүртэл аваачиж өгөн цувуулж төлсөн... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч С.Тамир нь хариуцагч буюу зээлдэгч С.Туяатай 2015 оны 06 сарын 19-ны өдөр аман хэлцэл хийн, түүнийг үйлчилгээний газар түрээслэн ажиллуулахад нь зориулж, 1000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэн, мөнгийг С.Туяад бэлнээр хүлээлгэн өгсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч С.Ариунаа, Ц.Гэрлээ, С.Ариунбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 21-22 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-тзаасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч амаар тохиролцсон, 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч С.Тамир, хариуцагч С.Туяа нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн эсэх талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Гэрээний дагуу зээлдүүлэгч С.Тамир 1000.000 төгрөгийг зээлдэгч С.Туяагийн өмчлөлд шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээлсэн мөнгөө буцаан шилжүүлэх үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрх үүссэн байна.
Гэхдээ нэхэмжлэгчийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, энэ хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэжээ.
Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ амаар 2015 оны 06 сарын 19-ны өдөр нэг сарын хугацаатай байгуулагдсан, нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 07 сарын 19-ны өдрөөс эхлэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 сарын 19-ны өдөр дууссан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч С.Туяад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 1000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч С.Туяад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 1000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ