| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/01285/и |
| Дугаар | 102/ШШ2019/01130 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2019/01130
2019 оны 4 сарын 22 өдөр Дугаар102/ШШ2019/01130 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, өнөр хороолол, 273 тоотод оршин суух, РД:/ЧТ64060864/, Боржигин овогтой Дугарын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг 12-р хороо, 6-р бичил хороолол, 20 дугаар байр 64 тоотод оршин суух, Урианхай Гомбо овогт Алтангадасын Жаргалсайхан,
хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Мандал овоо 12-5 тоотод оршин суух Урианхай Гомбо овогт Алтангадасын Батбаяр нарт холбогдох,
худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 79.920.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэн, хариуцагч А.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нэмэхбаяр, гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Содном-Иш нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2015 оны 02 сарын 03-нд дэлгүүрийн үнэ 140,000,000 төгрөг, барааны үнэ 10,000,000 төгрөг нийт 150,000,000 төгрөгийн дэлүүр худалдах худалдан авах гэрээ хийсэн. Урьдчилгаа 55,250,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 83,586,650 төгрөгийг сар бүр 2,560,000 төгрөгөөр төлөхөөр гэрээ хийсэн. Дэлгүүр нь 64 мкв 2 өрөө байр байсан. Урьдчилгаа мөнгийг төлөхдөө 10,000,000 төгрөгийг машин оролцуулаад 45,250,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 10,000,000 төгрөгийн машиныг Батбаяр ченж дуудаад унаж үзээд авсан. Гэрээ хийсэний дараа эхний 3 сарын төлөлтөө хийсэн. Батбаяр надад Хаан банкны зээлийн эргэн төлөлтийн график өгсөн. Би өгсөн графикыг нь бодож үзтэл 180,000,000 гаран төгрөг болоод байсан. Би Батбаяр луу утасдаад ийм их мөнгө төлнө гэж хэлээгүй. Энэ түлхүүрээ ав. Энэ эгчийнх нь тоголдог тоглоом биш байна гэж хэлсэн. Гэтэл та авна гэсэн биздээ гэж хэлсэн. 9 сар хүртэл би энэ мөнгийг төлөөд явж байсан. Үлдэгдэл төлбөрөөс хасагдах байх гэж бодоод төлөөд явж байсан. 11 сараас хойш төлөөгүй. Би тэр дэлгүүрийг онгойлгоогүй. Хаачихсан байгаа. Нэхэмжлэгч ХААН банк болон хариуцагч нартай гурвалсан гэрээ байгуулж хариуцагч нарын нэр дээр байгаа зээлийг төлнө гэсэн үүргийг хүлээгээгүй, энэ хүн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй учраас дэлгүүрээ хаагаад төлөлт хийхээ болсон. Энэ гэрээ илт хохиолтой, эрх нь зөрчигдсөн, гэрээний шударга байдал алдагдсан гэрээ болсон. Одоо худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 79,920,000 төгрөгийг хариуцагч Батбаяраас гаргуулах хүсэлтэй байна... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... надад 45,000,000 төгрөг бэлэн байна. Үлдсэнд нь та миний бенз машиныг авчих гэсэн. Машиныг нь унаж үзээд авсан. Тэгээд саппорогийн нотариат дээр очиж гэрээ хийхээр болсон. Хишигээ саппорогийн Голомт банкнаас ээжийнхээ данснаас мөнгө аваад өгнө. Саппорогийн нотариат оръё гэж хэлсэн. Ингээд Эрдэнэчимэг эгчтэй уулзаад гэрээгээ хийсэн. Гэрээг хийхдээ ХААН банкны төлөлтийн графикийг гаргаж өгч нотариатаар батлуулж өгч байсан. Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн эүэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэж 2015 оны 09 сар хүртэл графикийн дагуу төлбөрөө төлж байсан. Энэ дэлгүүр анх 8 нэрийн дэлгүүр байсан, нэхэмжлэгч бараа бүтээгдэхүүнээ нэмж чадахгүй байсаар байгаад эргэлтийн хөрөнгөгүй төлбөрийн чадваргүй болсон, гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан, үүнийгээ нэхэмжлэгч тал зөвшөөрч байна, нэхэмжлэгч төлбөрөө төлөөд явж байсан, гэрээнээс татгалзах эрх байхгүй... гэв.
Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...энэ эд хөрөнгө нь ХААН банкны зээлийн барьцаанд байгаа. Зээл авсан этгээд нь А.Батбаяр. Хэргийн явцыг харахад олон тайлбар хэлэх шаардлагагүй харагдаж байна... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч А.Батбаяр, А.Жаргалсайхан нарт холбогдуулан 2015 оны 02 сарын 03-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, худалдан авсан орон сууцны талбайн зөрүү 12.81м2-ны зөрүү 28.021.500 төгрөгийг байр худалдан авсан үндсэн үнэ 140.000.000 төгрөгнөөс гаргуулах шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан 2015 оны 02 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу бэлэн өгсөн 55.250.000 төгрөг, А.Батбаярын нэр дээрх Хаан банкны зээлийн төлөлтөд төлсөн 24.040.000 төгрөг нийт 79.920.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилсөн байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулан ...2015 оны 02 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 79.920.000 төгрөгөө хариуцагч нараас буцаан гаргуулахаар нэхэмжилнэ... гэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулан ...2015 оны 02 сарын 03-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 79.920.000 төгрөгөө хариуцагч нараас буцаан гаргуулахаар нэхэмжилнэ, нэхэмжлэгчид илт хохиролтой, эрх нь зөрчигдсөн, гэрээний шударга байдал алдагдсан гэрээ хийгдсэн, хариуцагч 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласныг
хариуцагч нар эс зөвшөөрч ...гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэж мөнгөө төлж явж байгаад өөрөөс нь болсон шалтгаанаар төлбөрөө төлж чадахгүй болсон, гэрээнээс татгалзах эрхгүй, 8 хувьтай холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу хуладан авагч Д.Эрдэнэчимэг нь хариуцагч А.Жаргалсайхан, А.Батбаяр нартай 2015 оны 02 сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч А.Жаргалсайханы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 хороо,15 хороолол, 46а байр 23 тоот хаягт байрлах 64м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 140.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хэргийн 9-11 дүгээр тал/
Мөн гэрээний зүйл болох орон сууц үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч А.Жаргалсайханы өмч бөгөөд хариуцагч А.Батбаярын ХААН банктай байгуулсан 2014 оны 06 сарын 04-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан талаарх нөхцлийг гэрээндээ тусгаж, төлбөрийн урьдчилгаа 55.250.000 төгрөгийг худалдагч хүлээн авч, үлдэгдэл төлбөр 83.586.650 төгрөгийг худалдан авагч Д.Эрдэнэчимэг худалдагч А.Батбаярын зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сард 2.560.000 төгрөгөөр 2019 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл төлж, зээлийн үүрэг дуусгавар болсны дараа худалдагч тал хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон нь худалдах худалдан авах гэрээ, зохигч талуудын тайлбараа тогтоогдож байна. /хэргийн 71-75 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэхь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч А.Жаргалсайхан, А.Батбаяр нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасны дагуу худалдагч нь худалдан авагч үнийг бүрэн төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөр 55.250.000 төгрөг хүлээн авч орон сууц хөрөнгийг Д.Эрдэнэчимэгийн эзэмшилд шилжүүлсэн, Д.Эрдэнэчимэг гэрээний зүйл буюу орон сууц хөрөнгийг хүлээн авч, үлдэгдэл төлбөр 83.586.650 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хураарийн дагуу 2.560.000 төгрөгөөр 2019 оны 06 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон байна. Гэрээгээр тохиролцсны дагуу худалдан авагч 2015 оны 03 сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл ХААН банкны зээлийн төлбөрт 24.040.000 төгрөг төлжээ. ХААН банк болон хариуцагч А.Батбаяр нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг өөр этгээдэд шилжээгүй, үүрэг гүйцэтгэгч солигдоогүй гэжээ. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.
Ингээд 2018 оны 03 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд нэхэмжлэл гаргаж худалдах худалдан авах гэрээний талаар маргажээ.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулах талаар шүүгчийн туслахаар дамжуулан мэдэгдсэн боловч энэ талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, харин шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж ... хариуцагч А.Батбаяр 8 хувийн зээлд хамруулж өгч чадаагүй учраас гэрээнээс татгалзаж, дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоосон. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 204.5-д зааснаар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 225, 209 дүгээр зүйлд зааснаар 79.920.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар нотлогдоогүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 209 дүгээр зүйлийн 209.1-д хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө хүлээсэн үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно, 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан байна.
Хуулийн агуулгаас харахад хоёр талын гэрээнд аль нэг тал үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөгөө тал гэрээнээс татгалзах болон хариу үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан байна.
2015 оны 02 сарын 03-ны өдрийн зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр худалдагч буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу худалдагч худалдсан хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, худалдсан эд хөрөнгө худалдан авагч буюу нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн эзэмшилд байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...худалдсан эд хөрөнгө миний эзэмшилд байгаа... гэх тайлбараар тогтоогдож байна.
Худалдагч худалдсан хөрөнгийн талаар үнэн зөв бүрэн мэдээлэл өгсөн болох нь гэрээ болох талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь ... худалдах худалдан авах гэрээ илт хохиролтой, эрх нь зөрчигдсөн, гэрээний шударга байдал алдагдсан хэлцэл хийгдсэн, хариуцагч А.Батбаяр 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоон, төлбөрөө төлөхөө зогсоосон... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар, үндэслэл бүхий баримтаар нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч яагаад илт хохиролтой гэж үзэж байгаа, ямар тооцоо тооцоолбор гарсан, худалдан авагчийн хууль болон гэрээнд заасан ямар эрх зөрчигдсөн, гэрээг худлаа хэлж, хууран мэхэлж хийсэн, ямар эрхийн хувьд төөрөгдсөн зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж төлбөрөө төлөхөө зогсоосон гэж тайлбарлаж байгаа боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шилжүүлэн авсан хөрөнгө худалдан авагчийн эзэмшилд байгаа нь түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх үйл баримтуудыг дүгнэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэхь хэсэгт заасан хуульд заасан шаардлагыг хангасан хэлцэл байна.
Хариуцагч буюу худалдагч хууль болон гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, түүнийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох хуульд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 225 дугаар зүйлийн 225.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч А.Жаргалсайхан, А.Батбаяр нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 79.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 209 дүгээр зүйлийн 209.1, 225 дугаар зүйлийн 225.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Жаргалсайхан, А.Батбаяр нарт холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 79.920.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ