Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/072

 

А.Хид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Ялтан А.Х түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 255, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулахыг хүссэн прокурор С.Болорзулын дүгнэлтээр А.Хид холбогдох эрүүгийн 1814004070265, 1814002660141 дугаар хэргүүдийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Х, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 12 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 12 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, мөн 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж ял эдэлж байгаа,

Прокурор С.Болорзул 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар дүгнэлтэндээ: Яллагдагч А.Хийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ялыг нэмж нэгтгэн 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

А.Х нь эрүүгийн 1814004070265 дугаартай хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4. 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд ялтан нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Аын ялтан Хийн эрүүгийн 1814002660141 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг,

Мөн эрүүгийн 1814006890030 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..” байх тул Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлтээ дэмжиж оролцоно гэв.

Өмгөөлөгч Ц.Мөнхтуул гаргасан саналдаа: Прокурорын саналыг дэмжин оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1814004070265, 1814006890030 дугаар хэргүүдэд авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

 А.Х нь Б.Нтай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор сумын ...... хашаанаас М.Энхчулууны эзэмшлийн 59-20 БНЗ улсын дугаартай UB-175 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 850 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Н, Т.С, Б.А, Н.Ш нартай бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжин шөнийн 01 цагийн үед Баянхонгор сумын ......... хашаанаас Т.Пийн эзэмшлийн 8 тооны бог мал хулгайлж 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Атай бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор сумын ...... тоот хашаанд Ц.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүддээ Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус, тус шийтгэгдэж уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 239 дүгээр тал/

Гэтэл А.Х нь дээрх шийтгэх тогтоол гарсаны дараа Т.Гтэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 15-20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт байх Т.Жанцандоржийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч машин механизм ашиглан эд зүйл хулгайлан 470 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт байх Т.Жанцандоржийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар монетон ээмэг, бөгж зэргийг хулгайлж 190 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүддээ дахин Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 108 дугаар тал/

А.Хид дээр дурдагдсан хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолууд гарахаас өмнө түүний үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Шинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу унины модоор иргэн О.Очирхуягийн баруун нүдэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3 дугаар халуун усны гадаа байсан Т.Содномпилийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан бусдад 1800 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг шүүхээр хянан шийдвэрлэж уг хэрэгт нь шүүхээс гэм буруутай гэж үзсэн тохиолдолд өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг хэрхэн нэмж нэгтгэх талаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй болно.

Түүнчлэн Эрүүгийн 1814004070265, 1814006890030 дугаар хэргүүдэд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд А.Хид холбогдох хэргүүдийг мөрдөх байгууллага тус тусад шалгаж байгааг мэдсээр байж дээрх хэргүүдийг нэгтгэн шалгалгүйгээр тус тусад нь яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн нь буруу буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг зөв хэрэглэх үүднээс прокурорын бичсэн дүгнэлтэд үндэслэн эрүүгийн 1814002660141 дугаар хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын ялтан А.Хид холбогдох хэсэг, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын А.Хид холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу тус тус хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын Б.Н, Т.С, Б.А, Н.Ш нарт холбогдох хэсгийг болон 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын Т.Гд холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255, 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолуудын ялтан А.Хид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 1814004070265, 1814002660141 дугаар хэргүүдийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолын Б.Н, Т.С, Б.А, Н.Ш нарт, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолын Т.Гд холбогдох хэсгүүдийг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар хэргийг Прокурорт очтол А.Хид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ