Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0721

 

 

 

 

 

“Э Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

 

Нэхэмжлэгч: “Э Б” ХХК

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: “Т м” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерт Т м” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/425 дугаар гэрээ байгуулах тухай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/20240101133 дугаар “Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендерийн дахин үнэлэхийг хариуцагчид даалгах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0806 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.П, Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0421/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э Б” ХХК-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерт Т м” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/425 дугаар гэрээ байгуулах тухай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/20240101133 дугаар “Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендерийн дахин үнэлэхийг хариуцагчид даалгах”ы-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0806 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 50 дугаар зүйлийн 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1.10-д заасныг баримтлан “Э Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугам /БЗД, 8-р хороо/-ын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендрийг зарласан. Энэхүү тендрийн баримт бичиг болон түүний Өгөгдлийн хүснэгтэнд заасан шаардлагын дагуу "Э Б” ХХК болон “Т м" ХХК-ууд оролцож 2024 оны 02 сарын 19-ний өдөр “Т м" ХХК-ийг шалгаруулсан. "Э Б" ХХК-ийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргасаны дагуу тендерийг дахин 2024 оны 03 сарын 25-ны өдөр үнэлж “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогч хэмээн “Т м” ХХК-ийг шалгаруулж Үнэлгээний хорооноос 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 05 дугаар "Т м" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гарч энэхүү зөвлөмжийн загуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагаан газрын 2024 оны 03 сарын 25-ны өдрийн 03/425 дугаар эрх олгосон шийдвэрийг гаргасан. Энэхүү зөвлөмж, шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2024 оны 04 сарын 11-ний өдөр ΜΗΧΑΑΓ/20240101133 /төслийн код:ОН:1512000003/ дугаар Эрдэнэтолгой, УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугам /БЗД, 8-р хороо/-ын ажил гүйцэтгэх гэрээг “Т м” ХХК нь байгуулсан.

3.2. Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 сарын 06-ны өдрийн гомдол хянасан тухай албан бичигт “70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажлын гэрээ, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт, ажлын явцыг баталгаажуулсан фото зургуудыг ирүүлэх шаардлагатай” гэж заасныг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна, “Т м” ХХК-ийн Голомт банкинд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй байна, банк, санхүүгийн байгууллагаас лавлагаа ирүүлэхийг шаардахгүй гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэн 2024 оны 02 сарын 19-ны өдрийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендерийг дахин үнэлэхийг даалгасан. Үнэлгээний хороо нь тендерийг дахин үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх үүргээ биелүүлээгүйгээс дахин "Т м" ХХК-ийг шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Тендерийн бичиг баримт боловсруулагдана. Тендерийн бичиг баримтын Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага болон хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг шаардах” бөгөөд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ΟΗӨΑΑΤΥΓ-ын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 2/511 дугаар албан бичигт /бар кодгүй, гарын үсэг, тамга тэмдэггүй / 6 ажлын 5 нь 85 хувьтай, 1 ажил буюу ижил төстэй “Сервис центрийн" ажил нь 40 хувьтай гэж тодорхойлсон. Түүнчлэн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т "Дуусаагүй ажлын явц нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ажлыг ижил төстэй ажилд тооцон үзэж болно” гэжээ. “Т м "ХХК-нийн зүгээс Увс аймгийн Арсайн услалтын системийн ажлыг 2023 онд хүлээлгэн өгөх байтал энэ тухай мэдээллээ Тендерийг илгээхдээ мэдээлэл өгөлгүй шүүх хуралдаан дээр энэхүү Увс аймгийн услалтын системийн ажлыг орхигдуулан бичсэнээ илэрхийлсэн. Өгөгдлийн хүснэгтийн 19.2-н 8-д заасан “Өгөгдлийн хүснэгтэд шаардсан материалуудыг дутуу болон аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд тухайн тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн шаардлагыг биелүүлээгүй.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн гол үндэслэл болгож буй Голомт банкны тодорхойлолтыг Сангийн яамнаас тодруулга байдлаар нягтлан шалгах үүргийг өгсөн бөгөөд Сангийн яамны даалгасан шаардлагыг хэрэгжүүлсэн нь хуульд нийцсэн гэж үзсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан. Уг баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтэнд “Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “Т м” ХХК-ийн харилцагч банк гэж үзэж болно. Гэвч Голомт банкны тодорхойлолтыг ирүүлээгүй нь тус хуулийн 5 дугаар зүйлд заасан “Худалдан авах ажиллагааны өрсөлдөх тэгш боломж, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг баримтлаагүй байтал Сангийн яамнаас тодруулах үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн уг тодорхойлолтыг тендерийн бичиг баримт илгээх хугацаа дууссан үед Голомт банкны тодорхойлолтыг ирүүлсэнд нь “Т м” ХХК-ийг зөвтгөх боломжгүй.

3.4. Туршлагын шаардлага хангаагүй үндэслэл болон өгөгдлийн хүснэгтэд заасан туршлагын шаардлагыг "Т м"ХХК нь хангасан байна. Гэвч нэхэмжлэгчээс "Т м" ХХК-ны туршлагын шаардлагын талаар маргаагүй болно.

Дуусаагүй ажлын явц, 70 дээш хувийн гүйцэтгэлтэй ажлын явц, фото зургийг дутуу ирүүлсэн үндэслэлээр хариуцагчийг хууль зөрчсөн, тавьсан шаардлагыг нь хангаагүй байхад “Т м” ХХК-ийг шалгаруулсан гэж үзэхгүй гэжээ. Дээр дурдсан худалдан авах ажиллагааны зарчим, тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх байтал “Т м” ХХК нь хангаагүй. Өөрөөр хэлбэл өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т “Тухайн 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд хийсэн ажил ба түүнээс дээших ажлын гэрээ, ажлын явцын талаарх захиалагчийн тодорхойлолт, ажлын явцыг баталгаажуулсан фото зургуудыг ирүүлэх шаардлагатай” гэж заасан тул фото зургийг ирүүлэх шаардлагатай гэж үзнэ.

3.5. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 6 гэрээг тодорхойлсон албан бичиг баримт хуурамч нь нотлох баримтаар нотлогдохгүй тул үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй юм гэжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан бичгээр тухайн 6 төрлийн ажлын гүйцэтгэлийн мэдээллийн тухай баримт бичгийг үйлдэхдээ  Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 34 дүгээр зүйлийн 34.2, Цахим гарын үсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг хангаагүйг зөвтгөж, нотлох баримтаар нотлогдохгүй гэж үзэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Э БХХК-иас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдуулан Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерт “Т м” ХХК-ийг шалгаруулсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/425 дугаар гэрээ байгуулах тухай мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан НХААГ/20240101133 дугаар “Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендерийн дахин үнэлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “... “Т м” ХХК нь харилцагч Голомт банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй тодорхойлолтыг тендер илгээх хугацаанд ирүүлээгүй; Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Т м” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан буюу 2024 онд хүлээлгэн өгөх 6 ажлын талаар тодорхойлолт ирүүлснээр ТШЗ-ны 19.2 дахь шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэх зэргээр тайлбарлан маргажээ.

3 Анхан шатны шүүх “... өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1, 19.2.3-т заасан шаардлагыг хангаагүй “Э Б” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-д заасантай нийцсэн; Сангийн яамны даалгасан шаардлагын дагуу Голомт банкинд хандан тодруулга авсан нь хуульд нийцэхээс гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд,

4.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Эрдэнэтолгой УС-15 орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах шинэ шугамын ажлыг гүйцэтгүүлэх НХААГ/20240101133 дугаартай тендерт “Э Б” ХХК, “Т м” ХХК нарын 3 компани тендер ирүүлсэн.

4.2. Сангийн яамны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1354 дүгээр албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо нь дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2-т заасан техникийн болон туршлагын шаардлагыг хангахгүй гэж дүгнэн “Э Б” ХХК-ийн тендерээс татгалзаж, захиалагчаас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 03/426 дугаар албан бичгийг уг хуулийн этгээдэд хүргүүлсэн бол “Т м” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн хэмээн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлжээ.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.6-д “Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; 28.1.3.шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал,

5.1. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “... Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “шаардана”, Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт,  шаардлага: сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ажил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх”, 19.2-т “... Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримт бичиг: оролцогчийн туршлагыг харуулах заасан хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний талаар V бүлгийн маягт 4, 6-ын дагуу бэлтгэсэн мэдээлэл ирүүлнэ. Мэдээллийг нотлох баримт бичиг ирүүлнэ. Үүнд: ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, комисс хүлээн авсан актын хуулбар, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж тодорхойлсон.

“Т м” ХХК-ийн хувьд, 2019-2022 онд нийслэл болон орон нутагт гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг жагсаалтаар тодорхойлж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 2022 онд гүйцэтгэж дууссан Нарангийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн II ээлж 11.8 км /СХД, 1, 2, 3, 20 дугаар хороо/, /Е-2 сувгийн пк2+50-пк8+73/ ажил гүйцэтгэх гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ШС-006/2022 дугаар дүгнэлт, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2/3307 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсаргаснаараа дээр дурдсан “сүүлийн 3 жилийн хугацаанд, усны барилга байгууламжийн ижил төстэй ажлыг төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнгээр, багадаа 1 удаа гүйцэтгэсэн байх” тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер зэргээр тогтоогдож байна.

5.2. Харин өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “... Одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл байгаа бол Маягт 5-аар гаргаж, тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. Дуусаагүй ажлын явц нь 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ажлын ижил төстэй ажилд тооцон үзэж болно” гэж заасан хэдий ч дээрх байдлаар ажлын туршлагыг үнэлсэн нөхцөлд, энэ нэмэлт шалгуурыг нэгэн зэрэг шаардах нь худалдан авах ажиллагаанд баримтлах “өрсөлдөх тэгш боломжтой байх” зарчимд үл нийцэх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ижил төстэй ажлын шаардлагыг хангахгүй бол одоо хийж байгаа 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй ажлын холбогдох баримтыг ирүүлэх агуулгатай шаардлага, ажлын туршлагыг үнэлэхдээ ижил төстэй нэг л ажлыг үнэлсэн” гэх тайлбар үндэслэл бүхий гэж үзээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

5.3. Сангийн яамны 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1354 дүгээр албан бичигт “... тус банкинд зээлийн хугацаа хэтэрсэн  өр, төлбөртэй эсэхийг Голомт банкнаас тодруулж, тендер шалгаруулалтын баримт бичигт заасан дээрх шаардлагад нийцсэн эсэхийг нягтлах үзэх нь зүйтэй” гэж дурдсантай холбогдуулан тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкнаас тодруулах авахаар шийдвэрлэсэн.

Улмаар тус банкнаас  “... 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй” гэх тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “тодруулга авахыг хориглох” зохицуулалтад хамаарахгүй тул тендерийг дахин үнэлэхдээ түүнийг харгалзан үзэж гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгахгүй үндэслэлгүй юм.

6. Тендерийн үнэлгээний хороо нь “Э Б” ХХК-ийг “барилга угсралтын ажилтны ажилласан жилийн туршлагыг тодорхойлох нотлох тодорхойлолт ирүүлээгүй, ажлын даалгаврын тоо хэмжээ дутуу тооцож ирүүлсэн” буюу техникийн болон туршлагын шаардлагыг хангахгүй хэмээн тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж, мэдэгдэл хүргүүлсэн асуудлаар нэхэмжлэгч маргаагүй, гагцхүү ...“Т м” ХХК-ийн тендер шаардлагад нийцэхгүй байхад “хамгийн сайн” тендер гэж шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Гэхдээ маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн хувьд хамгаалагдаж сэргэнэ гэж тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хууль зүйн үндэслэл бүхий биш тул нэхэмжлэлийг хангах боломжгүй. 

7. Түүнчлэн тендер шалгаруулалт нь тендер зарлахаас эхлээд гэрээ байгуулах хүртэл үргэлжлэх харилцан хамааралтай, цогц үйл ажиллагаа учраас Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу эрх олгосноор байгуулсан гэрээгээр тодорхойлсон ажил  нь цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжиж дуусахаар гэрээнд тусгасан нөхцөлийг харгалзан үзсэн ч “... хуульд заасан шаардлага хангаагүй этгээдийг шалгаруулсан Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.МӨНХТУЛГА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ