Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/01338

 

 

 

М.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалтай, 

М.Солонгын нэхэмжлэлтэй,

Л.Энхнаран, Л.Ууганцэцэг нарт холбогдох  

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, учирсан хохирол, алданги нийт 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Ууганцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ажил дээрээ байтал 2019.09.27-ны өдөр Л.Ууганцэцэг нь нөхөртэйгөө хамт ирсэн. Хэрчсэн гурилын цех ажиллуулж байгаа 400 гаруй мянган төгрөгтэй гараад хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлдээд, та бараагаа зээлээр өгч байгаач, би 10 хоноод тооцоо хийгээд байна гэж хэлсэн. 2019.09.01-нд бараагаа буулгаж өгсөн, 30-нд тооцоо хийнэ гээд хийгээгүй. Утсаа авдаггүй, санаатайгаар залилан хийж санхүүгийн хямралд оруулж байна. Мөнгөө шүүхдээд аваарай, би төлж чадахгүй гэж хэлсэн. Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нар барааны 1,313,000 төгрөг, алданги 10 хувь 280,000 төгрөг, таксины мөнгө 27,000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Тогтсон хугацаа өнгөрч, өөрсдөө зөвшөөрсөн учраас 1,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Ууганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн төрсөн дүү Л.Энхнаран бид хоёр 2019 оны 08 дугаар сараас "ЭКО" нэртэй цехийг ажиллуулж төрөл бүрийн ногооны зууш, хэрчсэн гурил зэргүүдийг хийж эхэлсэн. Энэ хугацаанд гурилын бөөний цэгүүдээс гурил зээлээр аваад тохирсон хугацаандаа төлбөрөө төлдөг байсан. Дүү Л.Энхнаран 2019.09.06-ны өдөр Улаанбаатар нэртэй 5 тонн гурилыг М.Солонгоос авсан. М.Солонгоос авсан гурил хөхрөөд байсан учир хагасыг нь буцааж өгөөд 1,613,000 төгрөгийн тооцоо үлдсэн бөгөөд би 2019.10 сард 300,000 төгрөгийг өгөөд 1,313,000 төгрөгийн тооцоо үлдсэн. Энэ тооцоог Л.Энхнаран хийхээр болсон юм. М.Солонгоос авсан гурилаа буцааж өгсөн учир "Алтан тариа" ХХК-ийн гэрээт борлуулагчаас 2019.09.11-нд 3 тонн гурил авсан. Энэ 3 тонн гурилын нийт үнэ 2,880,000 төгрөг болсон бөгөөд энэ тооцоог би ганцаараа өгч тооцоогоо дуусгасан учир М.Солонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Солонго 2019.10.06-ны өдөр Л.Энхнарантай тооцоог хийж дуусгахаар тохиролцсон тохироо байгаа юм. Тэр тохироогоороо мөнгөө нэхэж авна биз дээ. Би жирэмсэн, одоо ажил хийж чадахгүй биеийн эрүүл мэндийн байдлыг маань дүү Л.Энхнаран маш сайн мэдэж байгаа шүү дээ. Иймд М.Солонгийн Л.Ууганцэцэг надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг надаас биш Л.Энхнарангаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт М.Солонго, Л.Энхнаран 2-ын хооронд хийгдсэн тооцоог үндэслэнэ үү гэжээ. 

Хариуцагч Л.Энхнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сайн мэдэхгүй учир энэ нэхэмжлэлээс нэрээ хасуулж хариуцлага хүлээхгүй гэжээ. 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нараас тус бүр 656,500 төгрөг гаргуулан М.Солонгод олгож, нэхэмжлэлээс 287,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17,979 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Л.Ууганцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар Л.Ууганцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 20,479 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Л.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2019.12.18-ны өдрийн хурлаараа М.Солонгын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 656,500 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй шийдвэрлэсэн. Л.Энхнаран бид хоёр хамтарч ажиллаж байгаад 2019.10.06-ны өдөр салцгаасан. Л.Энхнаран тухайн үед надаас салаад явахдаа хэрчсэн гурилын машин 2 ширхэг, гурил хайрагч 1 ширхэг, гурилын ууран жигнүүр 1 ширхэг, гурил зуурагч 1 ширхэг нийт 5 тооны тоног төхөөрөмжийг аваад М.Солонгод өгөх учиртай байсан 1,013,000 төгрөгийг төлөхөөр болсон юм. Би М.Солонгод 2019.09.09-ний өдөр 300,000 төгрөг ажил дээр нь очиж өгсөн юм. Тухайн үед машин дотор миний нөхөр О.Октябрь, хүүхдүүд, найз н.Мөнхзул нар хамт явсан юм. Гэтэл надаас авсан 300,000 төгрөгөө хасаж тооцсонгүйд би гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалуудад М.Солонгын нэхэмжлэлийн шаардлагаас Л.Ууганцэцэг надаас авсан 300,000 төгрөгийг нь хасаж, үлдэх 356,500 төгрөгийг Л.Энхнарангаас гаргуулахаар тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

М.Солонго нь Л.Энхнаран, Л.Ууганцэцэг нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, учирсан хохирол, алданги нийт 1,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нараас тус бүр 656,500 төгрөг гаргуулан М.Солонгод олгож, нэхэмжлэлээс 287,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагч Л.Ууганцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нар М.Солонгоос 2019 оны 09 дүгээр сард гурил, ургамлын тос худалдан авч улмаар барааны үлдэгдэл үнэ 1,313,000 төгрөгийг төлөөгүй болох нь зарлагын падаан, бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдсон байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зохицуулжээ. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлж, Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нараас тус бүр 656,500 төгрөг гаргуулан М.Солонгод олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн гэж үзнэ. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

а/ Л.Ууганцэцэг М.Солонгод 300,000 төгрөгийг өгсөн болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул ...300,000 төгрөг хасаж тооцсонгүй... гэх утгатай гомдол хангагдахгүй. 

б/ Мөн Л.Энхнаран нь М.Солонгод 1,013,000 төгрөгийг төлөхөөр Л.Ууганцэцэгтэй тохиролцсон нь тогтоогдоогүй байна. Иймд төлбөрийг Л.Энхнарангаас гаргуулж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.  

3. Анхан шатны шүүх М.Солонгын нэхэмжлэлийн шаардлагаас таксины мөнгө 27,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байна.  

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Л.Ууганцэцэг, Л.Энхнаран нараас тус бүр 656,500 төгрөг гаргуулан М.Солонгод олгож, 287,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17,979 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Л.Ууганцэцэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                                          Г.БАНЗРАГЧ            

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              Х.ЭРДЭНЭСУВД