Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/01118

 

2019 оны 4 сарын 19 өдөр Дугаар102/ШШ2019/01118 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимпын гудамж-10 Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /цаашид ТӨҮГ гэх/ нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 4-р хороо, 2-р хороолол Жасрайн 27а гудамж, 12 давхар байр Наранбулаг зочид буудалд оршин байрлах, Наранбулаг трейд ХХК-д холбогдох,

 

91.147.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Наранбулаг трейд ХХК-ийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 02 тоот хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Дипломат төлөөлөгчийн газрын зүгээс тус компанид нэг бүр нь 2,162,500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын стандарт өрөөний 13 иж бүрдэл буюу нийт 28,112,500 төгрөгийн тавилга, 2,237,500 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын люкс өрөөний 22 иж бүрдэл буюу 49,225,00 төгрөгийн тавилга, 6,762,000 төгрөгийн үнэ бүхий зочид буудлын ерөнхийлөгчийн өрөөний 5 иж бүрдэл буюу 33,810,000 төгрөгийн тавилга нийт 111,147,500 төгрөгийн тавилгыг гэрээний дагуу 2016 оны 05 сарын 07-ны өдөр, 2016 оны 07 сарын 02-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн. Тус компани тавилгыг хүлээн авахдаа урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн ба 2017 оны 03 сарын 09-ний өдрийн байдлаар 91,147,500 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хоёр тал тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан болно. Наранбулаг трейд ХХК-иас тавилгын үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа албан бичгээр болон хариуцсан ажилтнуудыг явуулж шаардаж, уулзуулсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Наранбулаг трейд ХХК-иас гэрээний үүрэгт дипломат төлөөлөгчийн газарт төлөх ёстой зочид буудлын тавилгын үлдэгдэл төлбөр болох 91,147,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2016 оны 05 сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээ нь АСЕМ-ын дээд түвшиний уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын засгийн газраас техникийн буцалтгүй тусламжийн хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлж буй тавилга, тоног төхөөрөмжийг АСЕМ-ын түнш зочид буудлуудад хувиарлах харилцааг зохицуулсан ерөнхий гэрээ бөгөөд төлбөр тооцоо, үнийн талаар нарийн тодорхой заасан зүйл байхгүй билээ. 2016 оны 03 сарын 30-ны өдрийн АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 20-р хурлаас БНХАУ-аас ирэх зочид буудлын тоног төхөөрөмжийг буудлуудад үнийн дүнгээс 50 хувь бууруулж олгохоор шийдвэрлэсэн байдаг. АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулахаар сонгогдсон зочид буудлуудад дээрх буцалтгүй тусламжаар ирсэн тавилга, тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж 150,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Засгийн газраас 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 226 тоот тогтоолоор баталсан байдаг. 6 хүртэл жилийн хугацаатай жилийн 9,0%-иас илүүгүй хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 1 жил, төгрөгөөр олгогдох энэхүү зээлд хамрагдахаар Наранбулаг зочид буудал нь шалгарсан бөгөөд энэ нь АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягийн 2015 оны 08 сарын 31-ний өдрийн 02/4698 тоотоор нотлогдоно. Гэвч Засгийн газрын дээрх тогтоол хэрэгжээгүйгээс манай байгууллага арилжааны банкнаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл авхад хүрсэн. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нэрээр өндөр үнэтэй тавилга нийлүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан зочид буудлыг их хэмжээний өрийн дарамтанд оруулж, бизнесийн үйл ажиллагааг доголдуулсан хэмээн үзэж байна. Зөвхөн АСЕМ-ын дээд түвшний уулзалтанд оролцох хүмүүсийг хүлээн авхад зориулж Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 06/047/22 тоот зөвлөмжийн дагуу 23 төрлийн ажил үүргийг буудал өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн энэ үйл ажиллагаанд зориулж Худалдаа хөгжлийн банкнаас 300,000,000 төгрөгийн зээлийг өндөр хүүтэй авч одоо хүртэл төлж дуусаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 05 сарын 23-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газар нь уг гэрээнд Наранбулаг трейд ХХК-д нийлүүлж буй тоног төхөөрөмжийн үнэ, тоо ширхэг, гэрээний хугацаа, чанар байдлыг оруулж өгөөгүй буюу гэрээний гол нөхцөл болсон гэрээний үнэ, тоо хэмжээ, гэрээний хугацаа тусгагдаагүй. Наранбулаг трейд ХХК нь уг гэрээнд ноцтой төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Наранбулаг трейд ХХК нь гэрээ зурагдахаас өмнө тухайн тоног төхөөрөмжийн үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тооцож буй тухай мэдээллийг авсан байсан бөгөөд уг гэрээнд тэр итгэл үнэмшилээр хандаж гарын үсэг зурсан юм. Гэвч гэрээний гол нөхцөл болсон үнийг оруулаагүй. ...2016 оны 05 сарын 03-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээний 4-т гэрээний хавсралтад заасны дагуу хэмээн дурдсан байх боловч уг хавсралт дээр нийлүүлэгч талын гарын үсэг тамга байхгүй байгаа нь тухайн хавсралт уг гэрээний хавсралт гэдэг нь эргэлзээтэй. Мөн захиалагч талыг гэрээнээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, зөвхөн нийлүүлэгч талд давуу эрх олгосон байна. Нийлүүлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлчилгээний газрын дарга О.Заяамандахад төрийн өмчийг бусдад худалдан борлуулах эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл хэлцэл хийх эрхгүй этгээд хэлцэл хийсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн гэрээний хавсралтад заасан дүнтэй зөрүүтэй байна. Гэрээний хавсралтад нийт үнийг 99,910,500 төгрөг хэмээн заасан байх ба үүнээс урьдчилгаа төлбөрийг хасвал 79,910,500 төгрөг болохоор байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад 91,147,500 төгрөг гэсэн байна. ...Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газар нь холбогдох хуулийн дээрх заалтыг зөрчиж, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр төрийн өмчийг бусдад шууд худалдах борлуулах хэлцэл хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээнд захиалагч талыг төлөөлж гарын үсэг зурсан Ц.Ёндонжамц нь хэдийгээр Наранбулаг трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал албан тушаал эрхэлж байгаа боловч тус компаний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр түүнийг томилсон тушаал бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч талыг төлөөлөх эрхгүй этгээдтэй худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэх үндэслэлтэй. Нийлүүлэгч тал нь захиалагч талын төлөөлөгчийн эрхийг шалгах ёстой боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасныг үндэслэн Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлчилгээний газар, Наранбулаг трейд ХХК-ний хооронд байгуулсан 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 02 тоот хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Энэ гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн. Уг гэрээнд төлбөр төлөх хувиар, төлбөрийн хэмжээ, тавилга нэг бүрийн үнийг нийт үнэтэй бүгдийг нь тодорхой заагаад хариуцагч компани маргах зүйлгүйгээр гарын үсэг зураад хүлээгээд авсан байдаг . Зочид буудлын тавилгыг биет байдлын доголдолгүй гэж хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд гарын үсэн зураад авсан. Мөн зочид буудлын тавилгын үнийг тухайн үеийн зах зээлийн үнийн 50 хувиар тооцож авсан. Төлбөр төлөх хувиарыг бэлнээр 66,688,500 төгрөг, үлдэгдэл 44,459,000 төгрөгийг зээлээр төлөх тохиролцоотой боловч хариуцагч тал 111,147,500 төгрөгнөөс 20,000,000 төгрөгийг л урьдчилгаа төлбөрт өгсөн. Яагаад энийг 222,295,000 төгрөгийн 50 хувь гэж үзэж байгаа гэхээр төлөх графикт нь 222,295,000 төгрөгийн 30 хувь нь 66,668,500, 20 хувь 44,4569,000 төгрөг, нийт 111,147,500 төгрөг болж байгаа. Тухайн үндсэний зөвлөлийн хуралдааны шийдвэр дээр БНХАУ-аас тусламжаар ирэх тавилга, тоног төхөөрөмжийг зочид буудлуудад үнийн дүнгээс 50 хувиар багасгаж, 30 хувийг бэлнээр 20 хувийг зээлээр 2016 онд багтаан төлөх зарчимаар ажиллахыг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал гадаад бодлогын зөвлөх А.Батболд үүрэг болгов гэсэн хурлаас гарсан шийдвэрийн 5 дахь заалтад заасан байгаа. Наранбулаг трейд нь анх тавилга авахдаа гэрээний хавсралтад заасан үнэлгээтэй танилцаад гарын зурж авсан мөртлөө одоо шүүхэд ноцтой төөрөлдсөн гэж тайлбарлах ямар ч үндэслэлгүй. Хариуцагч ноцтой төөрөгдүүлсэн нөхцөл байхгүй байгаа нь гарын үсэг зураад хүлээгээд авснаар харагдаж байгаа. Тэрнээс хойш манайд нэг ч удаа тавилга ийм байна, тийм байна гэсэн зүйл хэлж байгаагүй. Манайх 2 удаа албан бичгээр хариуцагч талд хүсэлт гаргаж, тайлбар хүргүүлж байсан. Албан бичиг дээр төлбөрийн үнийн дүнг бичээд гэрээг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна гэсэн албан бичгийг явуулхад хариу ирүүлж байгаагүй. Тооцоо нийлсэн акт дээрээ гарын үсэг зураад явсан. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тайлбарлахдаа Ёндонжамц гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд гээд байгаа. Ёндонжамц нь энэ компаний 40 хувийн хувьцааг эзэмшдэг. Компаний үйл ажиллагаандаа оролцоод явдаг. Уг тавилгыг манай компани өгөхөд хүлээн авч, бодит үйлдлээр ашиглаж байгаа. 3 жилийн хугацаанд шаардлага гаргаагүй. Манай байгууллагаас нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Наранбулаг трейд ХХК нь шинэ тавилга хүлээж авсаны эцэст төлбөрийг төлөхгүйгээр хуучин тавилга хүлээлгэж өгөх зэрэг элдэв янзын арга хэрэглэж байна гэж үзэж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь хариуцагч Наранбулаг трейд ХХК-д холбогдуулан хамтын ажиллагааны гэрээний үүрэг 91.147.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Наранбулаг трейд ХХК эс зөвшөөрч, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...хамтын ажиллагааны гэрээний дагуу 111.147.500 төгрөгийн эд хөрөнгийг худалдснаас урьдчилгаа төлбөрт төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж, талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтын дагуу худалдах худалдан авах гэрээний үүрэг тавилгын үнийн үлдэгдэл нийт 91.147.500 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ... хүлээн авсан тавилга эвдрэл гэмтэлтэй чанарын шаардлага хангахгүй байсан, ...үндэсний зөвлөлийн хуралдаанаар хандиваар ирж байгаа зочид буудлуудын тавилга эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс 50 хувиар бууруулж тогтоохоор шийдвэрлэсэн, ...Наранбулаг трейд ХХК-ний захирал С.Цэрэндорж бөгөөд нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй Ц.Ёндонжамцтай хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2016 оны 07 сард Ази, Европын дээд тшвшний 11-р уулзалтыг Монгол улсад зохион байгуулахтай холбогдуулан АСЕМ-ийн түнш зочид буудлуудад худалдан авсан болон хандиваар ирж буй тавилга, тоног төхөөрөмж, эд материалыг хүлээн авах, захиалагчид хүлээлгэн өгөх, үнэ төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх, зохион байгуулах ажлыг Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт хариуцуулахаар Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны хурлаас шийдвэрлэсэн байна. /хэргийн 13-21 дүгээр тал/

Энэхүү шийдвэрийн дагуу нэхэмжлэгч буюу худалдагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ нь хариуцагч буюу худалдан авагч Наранбулаг ХХК-тай 2016 оны 05 сарын 23-ны өдөр 02 дугаар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, стандарт зэрэглэлийн 13 өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 2.162.500 төгрөг нийт 28.112.500 төгрөг, люкс зэрэглэлийн 20 өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 2.237.500 төгрөг нийт 44.750.000 төгрөг, ерөнхийлөгчийн зэрэглэлийн 4 өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 6.762.000 төгрөг нийт 27.048.000 төгрөг, бүгд 99.910.500 төгрөний үнэ бүхий 37 өрөөний иж бүрдэл тавилгыг нийлүүлэх, худалдан авагч нийт үнээс 59.946.300 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөн, төлбөрийн үлдэгдэл 39.964.200 төгрөгийг 2016 оны 12 сарын 29-ний өдрийн дотор төлөх, тавилга эд хөрөнгийг хүлээн авахаар харилцан тохирсон болох нь хамтын ажиллагааны гэрээ, зохигчдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 22-24 дүгээр тал/

 

 Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хамтын ажиллагааны гэрээ гэж нэрэлсэн боловч гэрээний агуулга, талуудын хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцсон байдлыг судлан үзээд худалдагч зочид буудлын зориулалттай тавилга хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх нийлүүлэх, худалдан авагч тодорхой хугацаанд мөнгийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн, мөн худалдах худалдан авах эд хөрөнгө, тоо хэмжээ, үнэ, үүрэг гүйцэтгэх хугацаа зэрэг гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохирсон нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ, хариуцагч Наранбулаг ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

        

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.

 

Гэрээний хугацаанд худалдан авагч тал худалдан авах тавилга эд хөрөнгийн тоо хэмжээг нэмж, стандарт зэрэглэлийн 13 өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 2.162.500 төгрөг нийт 28.112.500 төгрөг, люкс зэрэглэлийн 22 /20 байсан/ өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 2.237.500 төгрөг нийт 49.225.000 төгрөг, ерөнхийлөгчийн зэрэглэлийн 5 /4 байсан/ өрөөний тавилгын иж бүрдэл нэгжийн үнэ 6.762.000 төгрөг нийт 33.810.000 төгрөг бүгд 40 /37 байсан/ өрөөний иж бүрдэл тавилгыг бүгд 111.147.500 төгрөгөөр худалдан авч, 20.000.000 төгрөгийг бэлнээр төлж, тавилга эд хөрөнгөө 2016 оны 05 сарын 07-ны өдөр, 2016 оны 07 сарын 02-ны өдөр тус тус хүлээн авсан, хариуцагч тал худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу тавилгын үнийн үлдэгдэл 91.147.500 төгрөгийг төлөөгүй байгаа нь 2017 оны 03 сарын 10-ны өдрийн талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 317 тоот Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хөрөнгийн төлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, түүний хавсралт, шинжээчийн дүгнэлтийн үнэлгээний товчоо хүснэгт 9 зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 33, 59-62, 85 дугаар тал/

 

Дээрхи тоо хэмжээний эд хөрөнгийг худалдагч худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, худалдан авагч урьдчилан 20.000.000 төгрөгийг төлж, эд хөрөнгөө хүлээн авсан, талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар хариуцагч 91.147.500 төгрөгийг төлбөртэй гарсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу тохирсон үнэ, тоо хэмжээний тавилга эд хөрөнгийг худалдан авагч талд нийлүүлсэн тул хариуцагч хариу үүрэг болох хүлээн авсан тавилга эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д заасны дагуу үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгөө хүлээж авах үедээ уг хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэжээ.

 

Хуульд заасан дээрхи үндэслэлүүдээр хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаархи хариу тайлбар, татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл:

 

2016 оны 05 сарын 23-ны өдрийн 02 тоот зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-т хавсаралтад заасны дагуу захиалагч нь тавилга, тоног төхөөрөмжийн төлбөр тооцоог хийж барагдуулна, хавсралтад өрөөний зэрэглэл тоо хэмжээ, нэгжийн үнэ нийт үнэ, бэлнээр төлөх төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа зэргийг заасан, энэ хавсралтад заасан нэгжийн үнээр талууд хоорондын тооцоо хийж, худалдан авагч тал 91.147.500 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй болохыг 2 тал харилцан баталсан нь дээр дурьдсан талуудын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ түүний хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Наранбулаг трейд ХХК нь 2016 оны 05 сарын 07, 2016 оны 07 сарын 02-ны өдрүүдэд тавилга эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор буюу 2016 оны 12 сарын 02-ны өдрийн дотор худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой ямар нэг гомдол гаргаагүй, мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гарах үед болон шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар ямар нэг гомдол шаардлага гаргаагүй байна.

 

2016 оны 05 сарын 23-ны өдрийн зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдан авагч Наранбулаг трейд ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ц.Ёндонжамц байгуулсан, Наранбулаг трейд ХХК-ний дүрэмд зааснаар компанийг үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Самбуугийн Цэрэндорж 60 хувийн хувьцаа эзэмшигч, Цэрэндоржийн Ёндонжамц 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компаний гүйцэтгэх захирал болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраад 2017 оны 10 сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал Ц.Ёндонжамцаас олгосон итгэмжлэл, ...Ц.Ёндонжамц нь Наранбулаг ХХК-ний гүйцэтгэх захирал албан тулшаал эрхэлж байгаа... гэх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурьдснаар Ц.Ёндонжамц компаний гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байгаа бөгөөд компаний дүрмийн 8.1, 8.3-т зааснаар гүйцэтгэх захирал компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхтэй байна. /хэргийн 44, 49, 52-55 дугаар тал/

 

Эдгээр баримтаар хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа бөгөөд үндэслэлгүй, гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

Мөн хариуцагч талын хүсэлтээр худалдан авсан тавилга эд хөрөнгийн үнэлгээнд шинжээч томилж дүгнэлт гаргасан хэдий ч тухайн шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийн биет байдлын доголдол цаг хугацааны хувьд хэдийд үүссэн болохыг тогтоохгүй бөгөөд хариуцагчийн шинжээчийн дүгнэлтэд заасан үнэлгээ үнийн дүнгээр тооцож гэрээний үүргийг гүйцэтгэнэ гэх тайлбар нь хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэжээ. Тэгэхээр худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээс хойш 6 сарын хугацаанд эд хөрөнгийн длголдлын талаар гомдлын шаардлага гаргаагүй, эрсдэл худалдан авагчид шилжсэн байна.

 

Хариуцагч гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хөрөнгийн төлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол түүний хавсралт баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1, 251 дугаар зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Наранбулаг трейд ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 91.147.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨААТҮГ-т олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.690 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 99.997 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжид 613.690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2016 оны 07 сард Ази, европын дээд тшвшний 11-р уулзалтыг Монгол улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яам, АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны 26-р хуралдааны шийдвэрээр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар нь хариуцагч Наранбулаг трейд ХХК-тай байгуулсан 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 02 тоот гэрээний үүрэг шаардсан бөгөөд төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой ямар нэг шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1,  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:   

                                                

          1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаархариуцагч Наранбулаг трейд ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг 91.147.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит ААТҮГ-т олгосугай.

 

          2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Наранбулаг трейд ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.690 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 613.690 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 99.997 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжид 613.690 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                      

                             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ