Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01184

 

 

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/01184

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э  /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц О -д

 

Хариуцагч: “Т ” –д

 

972,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрч” СӨХ-ны зүгээс хамгийн анх хариуцагч Ц.О-д холбогдуулж 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацааны ашиглалтын төлбөрт 75,000 төгрөг, уг 5 сарын хугацааны алдангид 11,250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөр 180,000 төгрөг, 12 сарын хугацааны алданги 27,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны ашиглалтын төлбөр 150,000 төгрөг, уг 10 сарын хугацааны алданги 22,500 төгрөг, нийт 465,750 төгрөгийг шаардаж шүүхэд хандсан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний зүгээс “Т ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан ба бид өөрсдийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Учир нь нэхэмжлэгч “Эрч” СӨХ болон хариуцагч Ц.О-ын байгуулсан компани болох “Т ” ХХК-иуд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №70-03 тоот “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Эрч” СӨХ-ний хариуцан ажилладаг 70 дугаар байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэнээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засварын зардлыг хэрхэн гаргуулах, хэрхэн хариуцахыг харилцан тохирч, зохицуулсан. Уг гэрээний 1 дэх заалтад хариуцагч байгууллагын талбайн хэмжээг 34 гэж бичсэн байгаа ч үнэндээ 30 м2 талбайтай гэж тохирцгоосон, энэ талаар ч хариуцагч тал маргахгүй байгаа билээ. 

Хариуцагч Ц.О болон түүний “Т ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байр, 3 тоот нь өөрөө 30 м2 талбайтай. Харин тус байранд залгаж барьсан өргөтгөлтэйгөө нийлээд 89 м2 талбайтай болохыг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Энэ талбайгаас тодорхой хэсгийг хариуцагч Ц.О-ын эгч н.Д нь эзэмшдэг. Тодруулбал тэрээр өөрөө гуанз ажиллуулдаг бөгөөд манай “Эрч” СӨХ-тэй тусдаа гэрээ байгуулж төлбөрөө төлөөд явдаг, ямар нэг асуудал үүсгэдэггүй. Харин Ц.О болон түүний компани нь үлдэх 57 м2 талбайд аж ахуйн үйл ажиллагаа буюу хүнсний дэлгүүр, ломбард ажиллуулдаг.

 

Ингээд манай зүгээс хариуцагч нараас дараах зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд:

1/ 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацааны ашиглалтын төлбөрт 75,000 төгрөг, уг 5 сарын хугацааны алдангид 11,250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөр 180,000 төгрөг, 12 сарын хугацааны алданги 27,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны ашиглалтын төлбөр 150,000 төгрөг, уг 10 сарын хугацааны алданги 22,500 төгрөг, нийт 465,750 төгрөгийг хариуцагч нараас шаардана. Энэхүү тооцоог 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №70-03 тоот “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний дагуу 30 м2 талбайгаас нь тооцон гаргасан. Энэхүү шаардлагыг бид анх шүүхэд хандахдаа гаргасан бөгөөд уг шаардлагаа дэмжиж байгаа.

2/ Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн эзэмшдэг талбайн хэмжээ нь бодит байдал дээрээ 30м2 биш харин 57 м2 байсан. Үүнээс анх гэрээ байгуулсан 30м2 талбайг хасаад үлдэх 27 м2 талбайг гэрээ байгуулсны дагуу  1м2 талбайг 500 төгрөгөөр тооцсон. Ингээд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 20118 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд буюу нийт 27 сарын төлбөрт 364,500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ. Бид нэхэмжлэл дээрээ 365,500 төгрөг гэж буруу бичсэн байна. 

3/  2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан №70-03 тоот “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний дагуу 30 м2 талбайгаас ашиглалтын зардлыг 1м2 талбайг 500 төгрөгөөр тооцон 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл нийт 5 сарын төлбөр 75,000 төгрөг нэхэмжилнэ.

4/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр гарч ирсэн 27 м2 талбайг гэрээний дагуу 500 төгрөгөөр тооцоход нэг сарын төлбөр 13,500 төгрөг болно. Уг төлбөрийг 5 сараар тооцоход 67,500 төгрөг болно. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл 5 сарын хугацааны төлбөрт 67,500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ. Ийнхүү тооцоход 507,000 /364,500+75,000+67,500=507,000/ төгрөг болно. Бид нэхэмжлэл дээрээ 508,500 гэж буруу бичсэн байна. 

Ингээд нийтдээ 972,750 төгрөгийг хариуцагч нараас бид шаардах эрхтэй болж байна. Хариуцагч Ц.О нь манай СӨХ-тэй гэрээ байгуулснаас хойш төлбөрөө төлдөггүй атлаа бидний үзүүлж буй үйлчилгээг авдаг, өөрөөр хэлбэл бусдын үйлчилгээг үнэгүй авч завшдаг. Түүнээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаарддаг ч хариуцагч огт хүлээн авдаггүй эсэргүүцдэг. Тэрээр орон сууц өмчлөгчийн хувьд ч тэр, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн хувьд ч тэр СӨХ-д төлбөр төлдөггүй, энэ талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан байгаа. Хариуцагч Ц.О нь 2016 оны 5 дугаар сараас эхлээд нийт 120,000 төгрөгийг төлсөн нь баримтаар харагдаж байгаа. Уг төлбөрийг нэхэмжлэлээс хасч тооцоход татгалзахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц овогтой О нь “Эрч” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байна. Миний бие энэхүү хугацаанд өөрийн хөрөнгөөр зардал гарган гадаа тохижилт хийсэн болно. Нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд манайхаас гарсан зардлыг тооцож үзэн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна  гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг Б.Насантогтох гэж хүн гаргасан байна. Гэтэл энэ хүн өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. “Эрч” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга гэх Ш.Амарсанаа гэдэг хүний гаргасан Б.Насантогтох гэж хүнийг захирлаар томилсон тушаал нь үндэслэлгүй. Учир нь удирдах зөвлөл нь зөвлөлөөрөө хуралдаж байж шийдвэрлэх ёстой байхад удирдах зөвлөлийн дарга нь шууд захирлын тушаал гаргасан байна. Мөн хариуцагч Ц.О нь 100 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай буюу хараагүй хүн байгаа. Уг “Т ” ХХК нь уг байранд хамааралгүй бөгөөд байрны өмчлөгч нь Ц.О нарын 4 хүний нэр дээр байдаг. Тиймээс уг байрны төлбөртэй холбоотой асуудал нь уг “Т ” ХХК-д ямар ч хамааралгүй. Ц.О нь 2014 оны 5 дугаар сарын 25-нд гэрээ хийж, 30 м2 талбайг 500 төгрөгөөр тооцож 15,000 төгрөгөөр төлөхөөр сууц өмчлөгчдийн холбоотой тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээс үзэхэд уг  өргөтгөл нь бүртгэгдээгүй гэж тодорхойлсон байдаг. Тиймээс энэ нь дундын өмчлөлийн талбай биш гэж үзэх үндэслэлтэй. Мөн Төрийн банкны 2019 оны 01 дүрээр сарын 08-ны албан бичиг хэрэгт авагдсан байсан. Уг албан бичгээр Ц.О нь “өр төлбөргүй тухай” тодорхойлогдсон байдаг ба Ц.Оыг өр төлбөргүй болохыг тогтоож байна. Түүнчлэн хотын ерөнхий менежерийн 2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар “үйлчилгээний зориулалт өөрчилсөн тухай тушаалд тухайн байрны талбайг 49 м2 гэж тодорхойлсон. Уг байрыг хэмжихдээ хананаас хананы хооронд хэмжиж тогтоодог ба уг хэмжээг тусгай зөвшөөрөлтэй компани хэмждэг. Тиймээс сууц  өмчлөгчдийн холбоо нь гадна талаас нь хэмжсэн хэмжээгээр талбайн хэмжээг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн тухайн сууц өмчлөгчдийн холбооны тухайн байрны оршин суугч нь тодорхой хэмжээний талбай эзэмшиг өмчлөх талаар тогтоосон тогтоол, шийдвэр байхгүй байгаа. Ц.Оын эгч Дуламсүрэн нь өөрийн эзэмшлийн 30 м2 талбайн төлбөрийг хувиараа төлдөг байгаа. Ц.О нь харааны бэрхшээлтэй бөгөөд тухайн дэлгүүр нь тогтмол ажилладаггүй байгаа. Ц.О нь үйл ажиллагаа явуулж байсан хугацаандаа төлбөрөө төлөөд баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. “Эрч” СӨХ нь Ц.Дуламсүрэнгийн талаар дурдаагүй тул энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Мөн Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт буюу 2015 оны 5 дугаар сард гэрээ байгуулсанаас хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна. Тиймээс 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийн нэхэмжлэлийг хасч тооцох нь зүйтэй байх гэж үзэж байгаа. Өргөтгөлийн хэмжээ нь нийт 32 м2 талбай л байгаа ба уг байрны түрээсийг эгч Дуламсүрэн өөрийн мэдлийн талбайн төлбөрийг төлдөг байсан. Харин Ц.О бол сууц өмчлөгчдийн холбооны захиралтай амаар тохиролцож гадна тохижилт хийж төлбөрт тооцохоор тохиролцсон бөгөөд амаар тохиролцсон тул шүүхэд гаргаж өгөх баримтгүй болоод байна. Ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдал, тогтоол шийдвэргүйгээр нэхэмжилсэн нэхэмжлэл, Төрийн банкны өр төлбөрийн баримт байхгүй байдал зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Эрч” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагчаар Ц.Оыг тодорхойлж, хариуцагчаас талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №70-03 тоот “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний үүрэгт нийт 465,750 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Улмаар шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж “Т ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ /хх 63 хуудас/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг972,750 төгрөг болгон ихэсгэсэн. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан №70-03 тоот гэрээнд хариуцагчийн нийтийн орон сууцны 70 дугаар байранд ашиглаж буй талбайн хэмжээг 30м2 гэж, ашиглалтын төлбөрийн хэмжээг 1м2 талбайг 500 төгрөг тохирсон. Гэвч бодит байдал дээр хариуцагч нь 30 м2 бус 57 м2 талбайтай байранд үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон тул уг зөрүү 27м2 талбайн ашиглалтын зардлыг давхар нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.  

 

Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” авагджээ.

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд “Эрч” СӨХ-ны харьяа 70 дугаар байранд аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг хэрхэн хуваарилан гаргах асуудлыг уг гэрээгээр зохицуулсан байна.  

 

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” нь нэхэмжлэгч “Эрч” СӨХ болон “Т ” ХХК-иудын хооронд байгуулагдсан болон гэрээний 1 дүгээр заалтын 34м2 гэснийг бодит байдал дээр 30м2 гэж тохирсон үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/263 тоот албан бичиг, түүний хавсралтаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205029715 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ц.О нарын 4 иргэн бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай байна.

 

Нэгэнт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй тул нэхэмжлэгчид мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр шаардах эрх үүсэхгүй. 

 

Харин нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь сууц өмчлөгчийн нэгэн адил СӨХ-ны гишүүн заавал байх, зардлыг төлөх талаар хуулиар үүрэг хүлээгээгүй боловч өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой бол тодорхой хэмжээний зардлыг төлөх үүрэг үүсч болно.

 

Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр ашиглаж, хөрөнгөжихийг хуулиар хориглосон байдаг тул нийтийн зориулалттай орон сууц дахь орон сууцны бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь сууц өмчлөгчийн нэгэн адил хуулиар үүрэг хүлээгээгүй хэдий ч дундын өмчлөлийн зүйлийг ашиглаж, эзэмшиж байгаа хэмжээгээр дундын эд хөрөнгийн үйлчилгээ, засвартай холбоотой зардлыг хариуцан төлөх үүрэгтэй.

 

Дээрх үүргийнхээ хүрээнд хариуцагч “Т ” ХХК нь нэхэмжлэгч “Эрч” СӨХ-той 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй байна.    

 

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 3 тоот байршилд “Т ” ХХК нь тодорхой үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар зохигчид маргаагүй ба нэхэмжлэгч “Эрч” СӨХ нь дээр дурдсан гэрээний дагуу “Т ” ХХК-иас дундын эд хөрөнгийн үйлчилгээ, засвартай холбоотой, гэрээгээр тохирсон зардлыг шаардах эрхтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч гэрээн дээрээ ашиглах талбайг 30м2 гэсэн ч бодит байдал дээрээ үүнээс их талбай дээр үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбарыг гаргасан боловч 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-нд “Т ” ХХК-ийн ашиглаж буй талбайн хэмжээг 30 м2 гэж, 1м2 талбайд оногдох зардлыг 500 төгрөгөөр тооцон төлөхөөр тохирсон учир талбайн хэмжээг 30м2 гэж үзнэ.

 

Иймд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрт 675,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Харин уг төлбөрөөс хариуцагч Ц.Оын зүгээс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 15,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 15,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард төлсөн 45,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард төлсөн 15,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард төлсөн 15,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард төлсөн 15,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг хасч тооцов.       

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын хугацааны ашиглалтын төлбөр болох 75,000 төгрөгийн алдангид 11,250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөр 180,000 төгрөгийн алданги 27,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарыг хүртэл хугацааны ашиглалтын төлбөр 150,000 төгрөгийн алдангид 22,500 төгрөг, нийт 60,750 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заасан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан хугацааны төлбөрийг төлөөгүй талаараа маргаагүй.

 

Иймд уг алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, талуудын байгуулсан гэрээний 5-д “засвар, үйлчилгээний хөлс төлөх хугацаа хожимдсон хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө” гэж тус тус заасантай нийцнэ. 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Т ” ХХК-иас нийт 615,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 357,000 төгрөгт болон хариуцагч Ц.О-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” нь “Т ” ХХК болон  “Эрч” СӨХ-ны хооронд байгуулагдсан учир гэрээний үүргийг иргэн Ц.О-ад бус “Т ” ХХК-д хариуцуулах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Т ” ХХК-иас 615,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эрч” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 357,000 төгрөгт болон Ц.Оад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-иас 19,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Эрч” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ