Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Хохирогч С.Должинсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2224000000074 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа амьдардаг, оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  регистрийн дугаартай У овогт Л.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Чулуут гол гэх газарт байрлах Баттөмөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ******* хэвлийн тус газар нь өшиглөх, толгойн тус газарт цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Чулуут гол гэх газарт байрлах Баттөмөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* хэвлийн тус газар нь өшиглөж, толгойн тус газарт цохиж зодсоны улмаас түүнд тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай Хуягт багийн Чулуут гол гэх газарт нүүж ирчхээд Баттөмөр гэх айлд цай уугаад сууж байтал Батжаргал нь ээж Бадамхандын хамт гаднаас орж ирсэн юм. Тэр үед би ээжтэй нь мэнд ус мэдэлцээд яриад сууж байтал гэнэт л намайг өшиглөхөөр нь босох гэтэл нүүр рүү цохисон. Тэгтэл миний бага хүү Батзоригийн эхнэр Раднаадагий дундуур орж салгасан. Батжаргалын ээж нь ч хөгшин хүн зодлоо гэх зэргээр зуурч салгаад би бэрийнхээ хамт гэртээ хариад эмнэлэг дуудаад эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эхлээд намайг сууж байхад хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд намайг арагшаа унах үед гараараа нүүр рүү хэд хэд цохиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 62-63/,

Гэрч ******* “... 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хониндоо явчхаад гэртээ ирээд байж байтал манай эхнэр Раднаадагий болон манай аав Должинсүрэн нар гаднаас ******* гэгчид зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-70/

 Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед хадам аав Должинсүрэнгийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг дэвсгэр Чулуут гэх газарт Баттөмөр гэх айлд байх үед манай нутгийн Батжаргал нь гаднаас орж ирээд манай хадам аавыг учир зүггүй зодоод эхэлсэн юм. Тэр үед би та яагаад хөгшин хүн зодоод байгаа юм бэ гэтэл чамайг ч бас алчихна шүү гээд намайг хальт цохиж авсан. Тэр үед нь би салгаад хадам аавыгаа гэрээс аваад гарсан. Тэгээд тэндээсээ өөрийн гэр рүү явж очоод эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 72-73/,

Гэрч ******* “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг дэвсгэр Чулуутын гол гэх газарт манай нутгийн иргэн болох Должинсүрэн гэх хүнийг манай хүү Батжаргал цохиж зодсон юм. ...Манай хүү Батжаргал архи уусан үедээ Должинсүрэн гэх хүний малгайг цохиж унагаагаад, хацар, нүүр рүү нь алгадаад ингэх үед нь би чи хөгшин хүн нүдлээ, чи боль гэж зүүгдээд Раднаадагийг хадам аавыгаа аваад гараарай гэж хэлээд гэрээсээ гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 75-76/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000442 дугаартай: “...Иргэн ******* биед гэмтэл учирсан байна. ******* биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь зодуулсан гэх 2022 оны 08 дугаар сарын 14-нд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ын: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би хүмүүсээр хотоо ховхлуулчхаад айлын хүүхэд хүргэж өгчхөөд харих гээд явж байтал өргөн сайрын голд хоёр жижиг машин суучхаад татаад өгөөч гэхээр нь татаж өгсөн чинь баярлалаа гээд нэг шил архи, нэг тамхи өгсөн. Би тэндээс хөдлөөд гэртээ харьсан. Намайг очиход манай ээж байж байхаар нь юун айл нүүж ирэв гэтэл ******* ******* нүүж ирлээ гэсэн. Тэгээд би морио аргамжихаар явахдаа нөгөө архиныхаа талыг нь уучхаад буцаж ирээд ээжийг гол гаргаж Баттөмөр ахынд хүргэж өгөхөд тэднийд Должинсүрэн, Батзориг, Раднаадагий нар зурагт үзээд сууж байсан. Тэгэхээр нь би та нар хүүхдүүд элэг барилаа, шилжиж явсан нутагтаа байхгүй яасан юм гээд хэлтэл Должинсүрэн гуай танай ах буу гэсэн гэхээр нь тэр ямар хамаатай юм гэж хэлээд бид хоёр маргалдаад би түүнтэй барьцалдаж аваад би хацар руу нь гараараа алгадсан чинь ээж намайг хөгшин хүн зодохоос ич гэж хэлж хөөж гаргаад би шууд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг нь хохирогч С.Должинсүрэн зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч ******* эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл болох өшиглөх, цохих зэргээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч *******ын хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000000442 дугаартай: “...Иргэн ******* биед гэмтэл учирсан байна. ******* биед тархи доргилт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Должинсүрэн нь шүүх хуралдаанд “...Батжаргалын амьдрал ахуйг мэдэж байгаа учраас хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн мөнгийг төлбөл хохиролгүй, шүүхэд гаргаж өгсөн баримтынхаа хэмжээнд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэж хохирол төлбөр нэхэмжилсэн байна.

Хохирогч С.Должинсүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд: 1,077,568 төгрөгийн 39 ширхэг баримт гаргаж өгснөөс 5 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11,500 төгрөг, 6 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 5,800 төгрөг, 9 дугаартай 160,250 төгрөг, 10 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13,400 төгрөг, 16 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14,000 төгрөг, 18 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4,600 төгрөг, 22 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2,600 төгрөг, 30 дугаартай АИ-80 шатахуун 10,000 төгрөг, 34 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 41,000 төгрөг, 37 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн АИ-92 шатахуун 20,000 төгрөг нийт 283,150 төгрөгийн 10 ширхэг баримтууд нь нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, хохирол төлбөрт хамаарахааргүй байх тул нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгох, харин 29 ширхэг баримтын 794,418 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Шүүхийн шатанд гаргаж өгсөн: 466,562 төгрөгийн 15 ширхэг баримт гаргаж өгснөөс 9 дугаартай 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 16,650 төгрөг, 11 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10,000 төгрөг, 12 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20,900 төгрөг, нийт 47,550 төгрөгийн 3 ширхэг баримтууд нь нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, хохирол төлбөрт хамаарахааргүй байх тул нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгох, харин 12 ширхэг баримтын 419,012 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг,

Шүүх хуралдаанд гаргаж өгсөн: 287,650 төгрөгийн 8 ширхэг баримт гаргаж өгснөөс 1 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 68,000 төгрөг, 02 дугаартай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 76,000 төгрөг, 06 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2,000 төгрөг, 07 дугаартай 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16,500 төгрөг, 08 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 35,900 төгрөг, нийт 198,400 төгрөгийн 5 ширхэг баримтууд нь нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй, хохирол төлбөрт хамаарахааргүй байх тул нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгох, харин 3 ширхэг баримтын 89,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах нь зүйтэй байна.

Хохирогч ******* хавтаст хэрэгт хохирол төлбөр гаргуулахаар нотлох баримтаар гаргаж өгсөн нийт 1,831,780 төгрөгийн 62 ширхэг баримтаас 529,100 төгрөгийн 18 ширхэг баримт нь нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй буюу юунд зарцуулсан баримт болох нь тодорхойгүй, мөн хохирол төлбөрт хамаарахааргүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож, 1,302,680 төгрөгийн 44 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул хохирол төлбөрийн баримтаар тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Гэвч шүүгдэгч ******* нь хохирогч С.Должинсүрэнд хохирол төлбөрт 1,641,000 төгрөгийг төлсөн болох нь Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...Батзоригийн ХААН банк 5890634821 дансанд Батжаргалаас 41,000 төгрөг...” гэсэн төлбөрийн баримт, Должинсүрэнгийн Батзоригийн 5890634821 дугаарын ХААН банкны депозит дансны “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5502129133 данснаас орлого 300,000 Батжаргалаас, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5502112674 данснаас орлого 200,000, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5502209643 данснаас орлого 100,000, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5907061366 данснаас орлого 1,000,000,...” гэсэн хуулга болон шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрт 1,641,000 төгрөг төлсөн байх тул түүнээс гаргуулах 1,302,680 төгрөгийг хасч, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчид 1,641,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг нь харгалзан оногдуулсан торгох ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон, түүнээс  гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 5 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,640,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч ******* нэхэмжлэлийн шаардлагаас 529,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ӨЛЗИЙХИШИГ