| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/03661/и |
| Дугаар | 102/ШШ2019/01058 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2019/01058
2019 оны 4 сарын 15 өдөр Дугаар102/ШШ2019/01058 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, Москвагийн гудамж 40/1 тоот хаягт оршин байрлах, рд:2025191, Дашваанжил ХХК-ний нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 4 хороо, 2 хороолол, Голден парк 105-168 тоот хаягт оршин байрлах, рд:5530776, Алс-Оршихуй ХХК-д холбогдох,
худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 3.131.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч Ж.Ариунтуяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Манай компани 2016 оны 08 сарын 12-ны өдөр Алс-Оршихуй ХХК-тай 2016/250 тоот хийн түлш худалдах худалдан авах гэрээ байгуулж тус компани Рэд драгон ресторандаа хийн түлш захиалан авч хэрэглэж байсан. Тус гэрээгээр худалдан авагч нь хийн түлшийг захиалан манай компанийн борлуулагч хүргэн өгч төлбөрийг дансаар хийж хариуцсан нягтлан бодогч нь тооцоо нийлж акт үйлддэг байсан. Алс-Оршихуй ХХК нь өнөөдрийн байдлаар хийн түлшний 2,087,600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй. 2016/250 тоот гэрээний 5.3 дах хэсэгт Худалдан авагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги нэмж төлнө гэж заасан ч Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 1,043,800 төгрөгийн алданги нэмж тооцогдож байна. Иймд Алс-Оршихуй ХХК-иас хийн түлшний үлдэгдэл төлбөр болох 2,087,600 төгрөгийг 1,043,800 төгрөгийн алдангийн хамт нийт 3,131,400 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Алс-Оршихуй ХХК-ний захирал Ж.Ариунтуяа шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх 2016 онд Дашваанжил ХХК-аас газ худалдан авдаг байсан. Худалдан авах хугацаанд худалдан авалт нь орлогоосоо хэтэрсэн байсан учраас нэхэмжлэгч талд мэдэгдэж менежерт нь хэлж, удаа дараа уулзахыг хүссэн боловч ирээгүй 02 сар өнгөрсөн. Энэ 02 сарын хугацаанд манайх маш их худалдан авалт хийсэн. Худалдан авалт хийгээд ирсэн газ нь гарахгүй, газ нь дотроо байгаад байгаа мөртлөө гарахгүй байгаад байсан учраас буцаалт хийдэг байсан. Буцаалтаа нэхэмжлэгч тал бүртгэж аваагүй. Худалдан авалт гээд бичсэн байсан. Сүүлд 2016 оны 08 сард менежер нь гээд эмэгтэй ирж уулзсан. Уулзаад надад хэлэхдээ хийн түлшээ андуурч савласан байна гэж хэлсэн. Үүнийг үндэслэн бид нийт худалдан авалтаа төлж барагдуулсаар байгаад 2 сая гаран төгрөгний худалдан авалтыг төлөхгүйгээр үлдээсэн байгаа. Манайх 07, 08 сард хамгийн бага орлоготой, хүн багатай байдаг. Гэтэл хийн түлшний худалдан авалт өндөр гарсан байгаа. 2018 оны 06 сард гэрээгээ цуцлах талаар албан мэдэгдэл явуулсан. Энийг авсан аваагүйг мэдэхгүй байна. Гэрээгээ нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр гэж үзээд над руу 2018 оны 11 сард албан тоот явуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дашваанжил ХХК нь хариуцагч Алс-Оршихуй ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 3.131.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн хийн түлшний үнэ 2.087.600 төгрөгийг, гэрээний 5.3-т заасан алданги 1.043.800 төгрөгийн хамт нийт 3.131.400 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...нийлүүлсэн хийн түлш зах зээлийн үнээс өндөр, чанар стандарт хангахгүй байсан тул төлбөрийг төлөхгүй... гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Дашваанжил ХХК нь хариуцагч Алс оршихуй ХХК-тай 2016 оны 08 сарын 12-ны өдөр 2016/250 дугаар худалдах худалдан авах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, нэг кг хийн түлшийг 2200 төгрөгөөр гэрээнд заасан хугацааны туршид бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч хийн түлшийг хүлээн авч, төлбөрийг гурав хоногоос хэтрүүлэхгүйгээр шилжүүлж байхаар тохирсон болох нь худалдах худалдан авах гэрээ, зохигчдийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Дашваанжил ХХК, хариуцагч Алс оршихуй ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж хүлээн авах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 сарын 24-ны өдрийн байдлаар нийт 8.946.380 төгрөгийн үнэ бүхий хийн түлш нийлүүлснийг хариуцагч хүлээн авч, хийн түлшний үнэд 2016 оны 12 сарын 24-ны өдрийн байдлаар 6.358.780 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.587.600 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байснаас 2017 оны 01 сарын 10-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 05 сарын 08-ны өдөр 100.000 төгрөг төлсөн, хариуцагч 2.087.500 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоотой болох нь бараа материалын тооцоо бодсон баримт, нэхэмжлэх, талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар буюу нэхэмжлэгчийн бэлтгэн нийлүүлсэн хийн түлшний хэмжээ, үнэ, хариуцагчийн төлсөн төлбөр, үлдэгдэл төлбөрийн хэмжээ, мөн 2016 оны 12 сараас хойш талуудын хооронд хийн түлш нийлүүлэгдээгүй гэрээ цуцлагдсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. /хэргийн 8,9, 61-63 дугаар тал/
Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлтэй гэж үзлээ.
Тодруулбал бэлтгэн нийлүүлсэн хийн түлшний үлдэгдэл үнэ болох 2.087.600 төгрөгийг, гэрээгээр тохирсон алданги 1.043.800 төгрөгийн хамт нийт 3.131.400 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрх хууль болон гэрээний дагуу үүссэн байна.
Иргэний хуулийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэхь хэсэгт гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.
Хариуцагч Алс оршихуй ХХК-ны захирал Ж.Ариунтуяа өөрийн татгалзал тайлбараа ...нэхэмжлэгчийн бэлтгэн нийлүүлсэн хийш түлш зах зээлийн үнээс өндөр, түлшний чанар, агууламж, стандартын шаардлага хангахгүй байсан, иймд төлбөр төлөхгүй... гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзал, тайлбараа нотлоогүй, гомдлын шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.
Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу тохирсон үнээр хийн түлшийг худалдан авагч талд нийлүүлсэн тул хариуцагч хариу үүрэг болох хүлээн авсан түлшний үнийг бүрэн төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.
Хариуцагч гэрээний дагуу хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор бүрэн биелүүлээгүй болох нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний 5.3-т заасны дагуу хариуцлага алданги шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дугаар зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 232 дугаар зүйлийн 232.4, 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Алс оршихуй ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.087.600 төгрөг, алданги 1.04.3.800 төгрөг нийт 3.131.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.060 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 65.060 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Алс оршихуй ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 3.131.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65.060 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 65.060 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ