Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2224000000106 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, хүүхэд хамтран амьдрагчийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн  8 айлын орон сууцад оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******регистрийн дугаартай *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Наран хорооллын 1-15 дугаар байранд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч болох ******* биед халдаж, мах хэрчиж байсан заазуураар тохойн үений гадна хэсэгт зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Наран хорооллын 1-15 дугаар байранд байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* биед халдаж, заазуураар тохойн үений гадна хэсэгт зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт Наран хороололд байрладаг 8 айлын цагаан өнгийн 2 давхар орон сууцны 2 давхарт байрлах байрандаа Суурь ахын хамт гэртээ орж ирсэн. Гэрт орж ирэхэд Нацагдорж, Амаржаргал нар манай гэрт пиво уугаад сууж байсан. Тухайн задалсан пивоноос Суурь ахад Нацагаа хийж өгснийг амсчхаад буцаагаад өгсөн. Түүний дараагаар Суурь ах манай гэрээс гараад явсан. Тэгээд би хоол идэх гээд угаалгын машины хажууд зогсож байтал хамтран амьдрагч ******* ногоон өнгийн модон орон дээр хэвтэж байснаа босож ирээд ногоон цагаан өнгийн гал тогооны модон тавиурын хажууд өлгөөтэй байсан ногоон өнгийн бариултай заазуурыг баруун гараараа аваад над руу далайхаар нь би хоолтой аягаа угаалгын машин дээр тавьсан. Тэгээд би зүүн гараараа толгой хэсгээ хамгаалах үед ******* нь шууд далайгаад заазуураар тохой хэсэг рүү нэг удаа цохисон юм. Тухайн үед ******* нь архи уусан байсан. Гэхдээ тухайн үйл явдлыг сайн мэдэж байгаа. Намайг ******* заазуурдсаны дараагаар би шууд гэрээсээ гарахад миний араас Нацагаа гарч ирсэн. Нацагаа цагдаа дуудаад яах вэ дээ ажил төрөл алдагдуулаад байдаг юм гэж хэлэхээр би тийм ч болов уу гэж бодоод Нацагааг би орж бай гэж хэлсэн. Тэгээд би *******ын дугаар руу өөрийн утаснаасаа залгаад чи миний зүүн гарыг заазуурдаад хаячихсан байна. Цус нь тогтохгүй байна гэж хэлэхэд ******* нь хохь нь, хэлдэг, ярьдаг газраар шалгуулахгүй юу гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би орцноосоо шууд цагдаагийн байгууллага дээр ирээд өөрийн биеэр дуудлага мэдээлэл өгсөн. Цагдаа намайг эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлээд дууссаны дараагаар цагдаагийн байгууллага дээр ирээд өмсөж явсан хувцсандаа үзлэг хийлгэсэн...Намайг хардаад ийм зүйл хийсэн. Зүүн гарын тохой хэсэг рүү ******* нь баруун гартаа ногоон өнгийн заазуурыг бариад далайгаад нэг удаа цохисон юм. Миний зүүн талын гарын тохой хэсэгт 10 гаран оёдол тавьсан. Уг гэмтлийг ******* заазуурдаж үүсгэсэн гэмтэл юм.Миний хамтран амьдрагч эхнэр болох ******* нь 50.000 төгрөгийн үрэвслийн эсрэг эм авч өгсөн. Мөн надаас уучлал гуйсан учир биед учирсан хохирлыг маань бүрэн барагдуулсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 21-22, 24/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16-17 цагийн хооронд ажлаа буугаад нөхөр Нацагдоржийн хамт байрны баруун талын нарийн гудамжаар хамт явж байхад нарийн гудамжны хэсэгт *******тай тааралдсан юм. Тухайн үед би Нацагаагийн хамт мэнд мэдээд явах гэтэл ******* нь манайхаар ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Нацгаагийн хамт гэртээ орж хувцсаа сольчхоод *******ын гэрт нь ороход цай чанаад уудлаад байж байсан. Тэгээд ширээний хажууд би суугаад миний өмнө Нацагаа орон дээр суухад ******* нь дээд талын орны дээд хэсгээр ногоон өнгийн савтай боргио гэх нэртэй пивыг гаргаж ирсэн. Тухайн пивыг ширээн дээр тавих үед Нацагаа задалсан. Тэр үед гаднаас Суурь ах, Билгүүний хамт орж ирсэн. Тэгээд Суурь ахад Нацагаа пивоноосоо аяганд хийж өгсөн. Түүнийг уучхаад Суурь ах гараад явсан. ******* тухайн үед галын хажууд мах хөшиглөөд сууж байсан. Суурь ахыг гараад явсны дараагаар Билгүүн нь хаалгаар гараад явсан. Билгүүнийг гараад явсны дараагаар Нацагаа  Билгүүний араас гарсан. Нацагаа орж ирээд Билгүүний гарыг ******* нь цохиод цус гарсан байна гэж надад хэллээ гэж *******ын гэрт орж ирсэн. Тэднийхээс би Нацагаа, ******* нарын хамт пивыг ууж дуусгасны дараагаар би Нацагаа, ******* нарын хамт гэрээс нь гарсан. Бааранд суугаад 1 цаг гаран сууж байгаад тэндээсээ гараад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16-17 цагийн хооронд ажлаас буугаад эхнэр Амаржаргалын хамт байр руу орох гээд явж байтал нарийн гудамжны хэсэгт *******тай тааралдсан юм. Тухайн үед би эхнэрийн хамт мэнд мэдээд явах гэтэл Давхараа нь манайхаар ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн хамт гэртээ орж хувцсаа сольчхоод Давхараагийн гэрт нь орсон. Давхараагийн гэртээ ороод сууж байтал Давхараа ногоон өнгийн савтай Боргио гэх нэртэй пивыг орныхоо дээрээс гаргаж ирсэн. Тухайн пивыг ширээн дээр тавихаар би задалсан. Задлаад байж байтал Суурь ах, Билгүүний хамт орж ирсэн. Тэгээд би Суурь ахад пивоноосоо аяганд хийж өгсөн. Түүнийг уучхаад Суурь ах гараад явсан. Тэгээд байж байтал галын хажуу талын хаалганы орчимд Давхараа нь Билгүүнтэй муудалцаад байхаар би очсон. Тухайн үед Билгүүн нь хаалгаар гарч явсан. Харин Давхараа заазуур барьчихсан зогсож байсан. Тэгээд би Давхараагийн гараас заазуурыг аваад угаалгын машин дээр тавьчхаад, Билгүүний араас гартал Билгүүн нь намайг Давхараа зүсээд хаячихлаа гэж хэлсэн. Тухайн үед Билгүүн нь Давхарааг цагдаад өгчих үү гэж хэлээд байхаар нь би нэг гэрийн хүмүүс байж тэгж болох юм уу гэж хэлсэн. Билгүүн нь нойлын цаас аваад ир гэхээр би буцаад Давхараагийн гэрт ороод нойлын цаас  аваад гараад иртэл Билгүүн үүдэнд зогсож байсан. Нойлын цаас аваад шат руу буугаад явсан. Тэгээд би буцаж ороод Давхараа, Амараа нарын хамт задалсан пивоо уугаад дуусгасны дараагаар GB гэх нэртэй бааранд ороод 1 цаг орчим болоод гарсан. Тэгээд гэртээ ирсэн.Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Намайг Давхараагийн хажууд очих үед баруун гартаа заазуур барьсан байхаар би аваад заазуурыг угаалгын машин дээр тавьсан юм...Надад ******* нь хэлэхдээ Давхараа нь зүсчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 554 дугаартай: “...******* биед гэмтэл учирсан байна. Тохойн үений гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж боломжтой гэмтэл байна. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. ******* биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой гэтэл байна. ******* биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй..” гэсэн /хх 36/ шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажилтай явж байгаад цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ орох гэж явахдаа гудамжинд Амаржаргал, Нацагдорж хоёртой тааралдаад тэр хоёрыг дагуулаад гэртээ ороод цай чанаж байгаад гэрт байсан пивыг гаргаж Амаржаргал, Нацагдорж нарт гаргаж өгөөд задлааж сууж байтал гаднаас Суурь, Билгүүн хоёр орж ирсэн. Билгүүн орж ирээд чи хаагуур яваад байгаа юм гээд бид хоёр маргалдсан. Харин Суурь буцаад гараад явсан. Би хоолоо хийх гээд галынхаа урд тал махаа хэрчих гээд заазуур аваад сууж байтал Билгүүн гэрээс гарахдаа миний бөгс хэсэг рүү өшиглөхөөр нь би заазуур барьсан гараараа Билгүүний гар луу цохчихсон чинь Билгүүн намайг чи  заазуураар цохчихлоо шүү дээ гээд намайг бариад автал том өрөөнөөс Нацагдорж гарч ирээд бид хоёрыг салгаад миний гараас барьж байсан заазуурыг булааж аваад Билгүүнийг гадагшаа аваад гарсан. Харин Нацагдорж, Амаржаргал бид гурав нөгөө пиво хувааж дуусгачхаад манайхаас гарсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ын заазуураар хохирогчийн тохойн тус газарт зүссэн үйлдэл нь хохирогч ******* тохойн үений гадна хэсэгт учирсан шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь “...Надад буюу эрүүл мэндэд учруулсан хохирлыг өвчин намдаах эм 50,000 төгрөг авч өгч хохирлыг барагдуулсан өөрийн биеэр уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай заазуурыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Шүүгдэгч *******т оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхгийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ӨЛЗИЙХИШИГ